Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0558

 

Д.Отгоннямаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Нийслэлийн өмч харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оддамба нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Отгоннямаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Отгонямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нөхөн олговор олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, нэхэмжлэгчид нөхөн олговор олгохыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баруун баян уулын 1 дүгээр гудамжны 1г тоотод Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 396 дугаар захирамжаар 105 мкв газар эзэмших эрх үүсч 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг сунган олгосон бөгөөд газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 000331156 дугаартай 94 мкв үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, үйлчилгээ эрхэлж ирсэн бөгөөд Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 4,6 км авто замын трасст буюу нийслэлийн Авто замын газраас авто замын улаан шугамыг файл хэлбэрээр газар дээр баталгаажуулж нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлсэн бөгөөд дээрхи авто замын трасст өртөөгүй нь иргэний газар эзэмших эрхийн кадастрын зургаар баталгаажиж байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, авто замын ажлын дараагийн нөхцөл байдалд тулгуурласан мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу.

Нийслэлийн Авто замын газраас гаргасан улаан шугамын дагуу авто замын ажил хийгдсэн эсэхэд, эс хийгдсэн талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд иргэн Д.Отгоннямаагийн эзэмшил газарт нэг давхар худалдааны зориулалттай тоосгон барилгыг замыг өргөтгөж шинэчлэх ажлын дараа эзэмшил газрын өмнөх гадаргуун түвшин нь доошилсноос болж ашиглах боломжгүй болсноос эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал буюу нэхэмжлэлийн гол шаардлага болох эс үйлдэхүй тогтоогдоогүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гэдэгт ямар нэгэн дүгнэлт огт өгөөгүй мөртлөө нөхөн олговор олгохгүй байгааг тогтоож даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийдвэр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан “Нөхөн олговор олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговор олгохыг даалгуулах” тухай шаардлагаар иргэн Д.Отгоннямаа нэхэмжлэл гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 396 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-р гудамж, 1г тоотод байрлах 94 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Д.Отгоннямаад эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг нэмэгдүүлж 105 м.кв газар болгон олгосон байна.

Улмаар иргэн Д.Отгоннямаа нь эзэмшүүлэхээр олгосон 105 м.кв газартаа худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 94 м.кв талбайтай 1 давхар байшин барьж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037770 дугаарт бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000331156 дугаар гэрчилгээг авч, уг үл хөдлөх хөрөнгөө худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1098 дугаар “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах” тухай захирамжаар “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт” баталсны дагуу “Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлыг 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2014/783 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Баянгол, Сонгинохайран дүүргийн Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км автозамын өргөтгөлийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор уг автозамын трасст өртсөн нийт 98 иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг даргын 8 удаагийн захирамжаар нөхөн олговор олгосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Отгоннямаагийн эзэмшлийн 105 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийн газар нь дээрх 4.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн замын трасст ороогүй хэдий ч бодит байдал дээр Д.Отгоннямаагийн эзэмшил газрын болон үл хөдлөх хөрөнгийн орц гарцыг хаасан, нэхэмжлэгч уг газраа болон үл хөдлөх хөрөнгөө худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй болсон зэргээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь хязгаарлаж, түүний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн болох нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн үзлэгийн тэмдэглэл” болон бодит байдлыг харуулсан фото зураг, анхны болон өөрчлөлт оруулсан Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн зураг, гэрч А.Оюунчимэг, А.Энхбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

 Дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “... Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-р гудамжны 1г тоотод байх дэлгүүрийн барилга нь Хувьсгалчдын гудамжны Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны тойруугийн уулзвар хүртлэх 4.6 км автозамын өртгөл шинэчлэлтийн ажлын явган замын трасст өртөөгүй тул таны хүссэн нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг шийдвэрлэх боломжгүй” гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 8/7130 дугаар албан бичгээр хариу өгсөн зэргээр иргэн Д.Отгонямаад газрын нөхөн төлбөр олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эс үйлдэл нь хууль бус болох нь нотлогдож байна.

Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 43 дугаар зүйлийн 43.4-д “Энэ хуулийн 42.3-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн шатны Засаг дарга уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор нөхөх олговрыг уг газрыг эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасны дагуу иргэн Д.Отгоннямаад нөхөх олговор олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, нэгэнт Д.Отгоннямаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-р гудамж, 1г тоотод байрлах 105 м.кв газар, худалдаа, үйлчилгээний зориулалтын барилга нь Хувьсгалчдын гудамжны Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явган замын трасст өртсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.1.3-д “газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх” гэсэн газар эзэмшигчийн эрхээ нэхэмжлэгч Д.Отгоннямаа нь эдлэх эрхтэй юм.

Тиймээс эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

               ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

               ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

               ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР