| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/03643/И |
| Дугаар | 102/ШШ2017/03167 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/03167
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэндэнсүрэн овогтой Б миний бие 1996 оны 07 сарын 01-ний өдрөөс ЦЕГ-ын авто баазад автын цахилгаанчинаар ажиллаж байгаад тус баазад цагдаа жолоочоор 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. 2016 оны 12 сарын 30-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэрт суусан. Тэтгэвэр тогтоолгоход 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны жижүүрийн нэмэгдэл тооцохгүй ажилласан жилээр нь тогтоосон. Тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт цагдаа жолооч тушаал байгаа боловч жижүүрийн гэсэн тушаал бичигдээгүй тул ажилласан жилээр нь тогтоосон. Иймд намайг 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх ЦЕГ-ын авто баазад жижүүрийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазад жижүүрийн цагдаа жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Г.Б нь 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазад жижүүрийн цагдаа жолоочоор ажиллаж байсан болох нь Г.Бийн хөдөлмөрийн дэвтэр, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28/1282 дугаар албан бичиг, Б.П, Д.Д нарын мэдүүлсэн мэдүүлгүүд тэдний хөдөлмөрийн дэвтэр, Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тэрээр 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазад цагдаа жолоочоор ажиллаж үүрэг гүйцэтгэхдээ жижүүрийн үүрэг давхар гүйцэтгэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28/1282 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.Бийг 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазад жижүүрийн цагдаа жолоочийн ажил хийж байсан болохыг тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б нь 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазад жижүүрийн цагдаа жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР