Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914000000031 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, хүүгийн хамт суудаг,******* овогт*******гийн******* 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах*******ын эзэмшлийн 172 тооны бог мал буюу ямааг хулгайлж бусдад 7.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгаас Баянговь суманд очоод Ц.Энхтөр гэх айлд очиж хоноод, маргааш нь Баянлиг сумруу явах гээд унаа олдоогүй хоноод, 2018 оны 12 дугаар сарын 24-нд унаа олдохгүй болохоор нь Баянговь сумаас гарч алхаад замдаа Бэхбат гэх айлаар очиход гэрт нь хүн байгаагүй, айлаас цаашаа уул дамжаад явж байхад уулын өвөр хэсэгт 100 гаран тооны дан ямаа хэвтэж байсан, ойр хавиар ямар нэг айл харагдаагүй, ямааг шууд очиж туугаад ээжийн дүү Н.Гантогтохынд очиж хоносон эхнэр Хонгорзул нь гэртээ байсан, өглөө малаа туугаад Н.Ганбат ахынд очоод хашаанд нь хашиж хонуулаад 61 тооны мал зараад, маргааш өглөө үлдсэн малаа туугаад Н.Энхтөрийнд очиж үлдсэн малаа үлдээгээд Баянговь сум ороод унаанд суугаад Баянхонгор аймагт гэртээ ирээд эхнэр Б.Уянга мал авсан мөнгөө яасан гэж хэлэхээр нь би чиний мөнгөнд 100-д мал авсан, чи очиж аваарай гэж хэлсэн. Б.Уянга 400-д тооны мал авах ёстой байсан мөнгөөр 100-д мал авлаа гээд аашлаад байхаар нь би гэрээсээ гараад гадуур хэд хоноод зах дээр явж байтал Б.Уянга таараад чиний авсан малыг очиж авъя, чи явж унаа ол, би зардал мөнгийг нь олье гэхээр нь би захын хажууд нүүрс зарж байгаа машин дээр очоод нэг хөгшин хүнтэй уулзахад 800.000 төгрөгөөр явна гэж хэлэхээр нь би Б.Уянгад утасны дугаарыг нь өгөөд Б.Уянга өөрөө утсаар яриад үнэ хөлсөө тохиролцоод Б.Уянга, жолооч бид 3 өдөр Н.Энхтөрийнд очоод машинд нийт 60 тооны ямаа ачаад буцаад Баянхонгор аймагруу явж байгаад цагдаад баригдаад Баянлиг сумын төв ирсэн... Нийт 172 тооны дан ямаа байсан, Н.Ганбат ахынд 61 тооны мал зараад, үлдсэн малаа цааш нь Н.Энхтөрийн очоод тоолоход 111 тооны ямаа байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 79-81/

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Манай гэр Баянхонгор аймаг, Баянлиг сум Бор толгой гэх газар нутагладаг, би 2018 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймаг руу биеэ үзүүлэхээр болоод малаа төрсөн ах С.Цэдэвдоржид үлдээгээд явсан. Өвөрхангай аймгаас 2018 оын 12 дугаар сарын 27-нд ирэхэд мал дутуу байна гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 28- нд очиж малаа тоолоход манай малаас дутуу байсан, алдсан малаа тухайн үед ойр хавын бүх газруудаар хайж, ирээд олдоогүй, сумынхаа цагдаад мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын үеэр алдагдсан малын сураг гарахад манай сумын иргэн ******* малыг авсан байсныг мэдсэн. Манайх малаа 2018 оны 12 дугаар сарын 25-аас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө алдсан, 12 дугаар сарын 25-ны орой манай ах багийн шинэ жилд орох гээд малаа хотлуулчихаад явсан, нийт 172 тооны мал алдсан үүнээс эр ямаа 101ш, эр ямаа 35ш, борлон 36ш алдсан, голдуу цагаан өнгийн зүстэй, эвэр дээрээ цэнхэр будагтай, баруун, зүүн чихэндээ шоргоолж эмтэй, тухайн алдсан малууд нь миний өөрийн өмчлөлийн мал байгаа, би өөрөө 600 гаран тооны малтай, үүнээс 50 гаран хоньтой бусад нь ямаа байгаа. ******* тууж яваад Н.Ганбатынд 61 тооны малыг зарсан, үлдсэн малыг цааш тууж яваад Н.Энхтөрийнд нийт 111 тооны малыг аваачиж тавьсан байсан. Н.Энхтөрийнд аваачиж тавьсан 111 тооны малыг бүгдийг нь тоогоор нь зүсээр нь хүлээж авсан, Н.Ганбатынд зарсан 61 тооны малаас Н.Ганбатынх 25-н тооны ямааг нь нядалж зарсан байсан, нядалж зарсан 25-н ямааг ******* зүсэлж ондоо ямаа өгсөн, үлдсэн 36-н ямааг Н.Ганбатынхаас тоо, зүсээр нь эргүүлж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /,

Гэрч С.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би дүүгийнхээ малыг маллаж байгаа, манай дүү 2018 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймаг руу эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Би 2018 оны 12 дугаар сарын 25-нд малаа усалчихаад гэрийнхээ хажуу тал руу малаа дарчихаад багийн шинэ жилд орох гээд яваад шөнө гэртээ хоноод өглөө нь малаа тоолтол манай мал дутуу байсан маргааш******* ирээд малаа тоолоход 172 тооны мал дутуу байсан, бид нар тухайн мал малладаг бэлчээрээ 5-6 хоног хайгаад олдоогүй үргэлжлүүлээд 4-5 хоног Өмнөговийн Гурван тэс, Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгаар хайгаад олдоогүй. Нийт 172 тооны цагаан голдуу зүстэй ямаа алдсан, ямааг 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө алдсан ... гэх мэдүүлэг /ххийн 22-23 /,

Гэрч Д.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед ******* ганцаараа ирсэн Баянцагаан сумаас мал тууж явна намар эхнэрийн машиныг зараад оронд нь мал авсан одоо малаа тууж явна гэж хэлсэн. Би тухайн үед ганцаараа байсан шөнө ирээд өглөө хончихоод явсан. Яг хэдэн тооны мал байсныг мэдэхгүй байна. Барагцаалбал 100 гаран тооны цагаан голдуу өрөөсөн эвэр дээр цэнхэр будагтай харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /, Гэрч Т.Болдмаагийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 26-нд Баянговь сум ороод гэртээ ирэхэд манайд ******* ирсэн байсан. Манайд байж байгаад явсаны дараа манай нөхөр Н.Энхбаяр, ******* 111 тооны мал тавьсан 15 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн байсан. Манайд тавьсан малаа 2019 оны 01 дүгээр сарын 09-нд ирж авсан, ирэхдээ эхнэр гээд хүүхэн, машины жолооч гээд нэг хүн байсан. Манайхаас тухайн өдөр 60 тооны мал ачаад үлдсэн малыг нь дараа ирж авна гээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,

Гэрч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 28-нд ******* мотоциклиор ирсэн, араас нь 100 гаран тооны мал Б.Батсайхан туусаар ирсэн, малыг ирэхээр нь тоолж үзэхэд 111 тооны цагаан голдуу эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн баруун чихэндээ ихэнх нь шоргоолж эмтэй байсан нэг бүрчлэн хараагүй ... ******* намар эхнэрийн автомашиныг Баянхонгор аймгийн Баацагаан сум руу хүнд зараад үнэнд нь мал авсан, малаа одоо тууж ирж байна. Н.Ганбатынд заримыг нь зарсан гэж хэлсэн. ... ******* танайд энэ малыг 15 хоног тавьчихаад авъя гэж хэлээд аймаг явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/ Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 27-ны 14 цагийн орчим ******* 100 гаран тооны ямаа туусан манайд ирээд Ганбат ахынд 61 тооны ямаа зараад манай ахынд 1 ямаа өгсөн. Ямаа тууж ирэхдээ эхнэрийнхээ машиныг намар зараад оронд нь мал авсан одоо малаа тууж ирж байна гэж ярьж байсан. Малыг Баянцагаан сумын Цэцээ гэх газраас тууж ирсэн гэсэн мал тууж явахдаа хөл холгосон гээд намайг туулцаад Энхтөрийнд аваачаад өг гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 28-нд аваачиж өгсөн ... Цагаан голдуу зүстэй нэг эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн тал нь янз бүрийн имтэй харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,

Гэрч Х.Наран-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* 100 гаран тооны ямаа туугаад ирээд манайд орж ирээд намар эхнэрийнхээ машиныг Баянцагаан суманд хүнд зараад оронд нь мал аваад, одоо малаа тууж явна малыг туулцаад Банди ахынд хүргээд өг гэхээр нь манай нөхөр туулцаад явсан. Манайд орж ирэхээсээ өмнө Ганбатынд мал зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 /, Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* 100 гаран тооны ямаа тууж ирээд эхнэрийн машиныг намар зараад одоо малыг нь Баянцагаан сумын Цэцээ гэх газраа тууж ирлээ энэ малнаас зарж машин авна танайх мал аваач гэж хэлэхээр нь 61 тооны мал худалдаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 /,

Гэрч Б.Уянгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 30-нд ******* хөдөөнөөс гэртээ ирээд хүнээс мал авах байсан авчихлаа, одоо тууж ирж чадахгүй машинаар авчрах боломжтой гэж хэлчихээд гараад явсан, хэдэн хоног гэртээ ирээгүй алга болсон, 2019 оны 01 дүгээр сард зах дээр явж байтал ******* тааралдахаар нь хаагуур яваад байгаа юм нөгөө мал чинь байгаа юм уу гэхэд мал байгаа одоо явж ав гэж хэлэхээр нь би одоо явж малыг чинь үзнэ гэж хэлээд *******ыг машин тэргээ чи олчих би зардал мөнгийг би гаргана гэж хэлэхэд ******* өөрөө машин олж ирээд бид хоёр жолоочийн хамт Баянговь сум руу яваад ээжийнхэн дүү Энхтөр гэх залуугийнд шөнө очоод хотноос нь 60 тооны ямаар ачаад айлаасаа хөдлөөд явж байтал цагдаа нар хүрч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

Гэрч А.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 10-нд зах дээр портероороо нүүрс зарах гээд зогсож байхад нэг залуу ирээд Баянхонгор аймгийн Баянговь сумаас ямаа ачих уу гээд миний утасны дугаарыг аваад явсан, удалгүй залгаад таныг аваад явчихмаар байна Баянговь сумаас 100 гаран тооны ямаа ачтна, таны машинд хэд орох вэ гэж хэлэхээр нь миний машинд 60-70 орно гэж хэлээд, тээврийн хөлсөө 700.000 төгрөгөөр тохироод, би нүүрстэй машинаа аваачиж тавиад том машинаа унаад, *******, эхнэрийн хамт суугаад явсан Баяговь суманд хөдөө айлд очсон хотноос 60 ширхэг ямаа ачаад айлаасаа хөдлөөд 10 гаран км явж байтал цагдаа нар замд зогсоогоод бичиг баримтаа үзүүлэхэд танай ачиж яваа мал хулгайн мал байгаа юм гэж хэлээд Баянлиг суманд авчирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

Гэрч Б.Үнэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн ... Би яг тоолоогүй барагцаагаар харахад 200-аад тооны мал тууж явсан, цагаан голдуу зүстэй ямаа харагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн … хулгайд алдсан гэх 172 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 7,920,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 65-66 /, - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 73-74/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 82-85/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргын 2019.02.14-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 94/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/, депозит дансны хуулгууд /хх-ийн 101-104/, шүүгдэгч *******ын өвчний талаарх баримтууд /хх-ийн 105-111/, шүүгдэгч *******ын 2011.03.31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-134/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах*******ын эзэмшлийн 172 тооны бог мал буюу ямааг хулгайлж бусдад 7.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын ... уулын өвөр хэсэгт 100 гаран тооны дан ямаа хэвтэж байсан, ойр хавиар харахад ямар нэг айл харагдаагүй, ямааг шууд очиж туусан, ... нийт 172 тооны дан ямаа байсан, Н.Ганбат ахынд 61 тооны мал зараад, үлдсэн малаа Н.Энхтөрийн очоод тоолоход 111 тооны ямаа байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 79-81/ хохирогч*******ын ... 2018 оны 12 дугаар сарын 28-нд очиж малаа тоолоход манай малаас дутуу байсан, нийт 172 тооны мал алдсан,...манай малыг ******* тууж Н.Ганбатынд 61 тооны малыг зарсан байсан, үлдсэн малыг Н.Энхтөрийнд нийт 111 тооны малыг аваачиж тавьсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /, гэрч С.Цэдэвсүрэнгийн ... малаа усалчихаад гэрийнхээ хажуу тал руу малаа дарчихаад багийн шинэ жилд орсон,..өглөө нь малаа тоолтол манай мал дутуу байсан,... дүү******* ирээд малаа тоолоход 172 тооны мал дутуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /,

гэрч Д.Хонгорзулын .... яг хэдэн тооны мал байсныг мэдэхгүй, барагцаалбал 100 гаран тооны цагаан голдуу өрөөсөн эвэр дээр цэнхэр будагтай харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /, гэрч Т.Болдмаагийн ... ******* 111 тооны мал тавьсан 15 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн байсан,..манайхаас тухайн өдөр 60 тооны мал ачаад үлдсэн малыг нь дараа ирж авна гээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,

гэрч Д.Энхтөрийн ... ******* мотоциклиор ирсэн, араас нь 100 гаран тооны мал Б.Батсайхан туусаар ирсэн, малыг ирэхээр нь тоолж үзэхэд 111 тооны цагаан голдуу эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн баруун чихэндээ ихэнх нь шоргоолж эмтэй байсан нэг бүрчлэн хараагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /, гэрч Б.Батсайханы ... .Анхбаяр 100 гаран тооны ямаа туусан манайд ирэхдээ Ганбат ахынд 61 тооны ямаа зараад манай ахынд 1 ямаа өгсөн,... намайг туулцаад Энхтөрийнд аваачиж өгсөн ... цагаан голдуу зүстэй нэг эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн тал нь янз бүрийн имтэй харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /, гэрч Х.Наран-Амгалангийн ... 2018 оны 12 дугаар сарын 27-нд 100 гаран тооны ямаа туугаад ирсэн ... манайд ирэхээсээ өмнө Ганбатынд мал зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 /, гэрч Н.Ганбатын ... ******* 100 гаран тооны ямаа тууж ирээд энэ малнаас зарж машин авна танайх мал аваач гэж хэлэхээр нь 61 тооны мал худалдаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/, гэрч Б.Уянгын ...******* өөрөө машин олж ирээд бид хоёр жолоочийн хамт Баянговь сум руу яваад ээжийнхэн дүү Энхтөр гэх залуугийнд очоод хотноос нь 60 тооны ямаар ачаад айлаасаа хөдлөөд явж байтал цагдаа нар хүрч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

гэрч А.Мягмарын ... хотноос 60-н ширхэг ямаа ачаад айлаасаа хөдлөөд 10 гаран км явж байтал цагдаа нар замд зогсоогоод бичиг баримтаа үзүүлэхэд танай ачиж яваа мал хулгайн мал байгаа юм гэж хэлээд Баянлиг суманд авчирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /, гэрч Б.Үнэнбаярын ... яг тоолоогүй барагцаагаар харахад 200-аад тооны мал тууж явсан, цагаан голдуу зүстэй ямаа харагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /, Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн … хулгайд алдсан гэх 172 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 7,920,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 65-66 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах*******ын эзэмшлийн 172 тооны бог мал хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Л.Уранчимэг 172 тооны ямааг 7,920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******ын үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч*******д 172 тооны ямааг буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан түүний хувийн байдал болон холбогдсон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******т хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 32 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр /2 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр / 2 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******ыг цагдан хоригдсон 32 хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА