Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/176

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн 1925002980217 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь ..................тоотод 2019 оны 04 сарын 26-ны орой И.Б чих рүү хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Их гэмшиж байна. Өөртөө их дүгнэлт хийж байгаа. Би тэр үед 1 шил архи уусан байсан, болсон асуудлаа мэдэж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 04 сарын 26-ны өдөр 14 цагийн орчим манай найз Б над руу залгасан, би зурагтыг нь засаж өгөхөөр ............. тоотод очиход Бгийн ах М гэх хүн ганцаараа 0.75 граммын архи уугаад сууж байсан. Б, М бид 3 архи уугаад би тэднийд хонохоор болсон. Бид нар унтахаар орондоо ороод удаагүй байхад М хажуугийнхаа тавиур дээр байсан хутгыг аваад миний чихэн тус газар хатгасан. Чихэндээ 1 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,

 

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М ах тавиур дээр байдаг хутганы комноос хамгийн том хутгыг нь сугалж аваад Б хацрыг зүссэн юм шиг байна лээ. Б миний хацрыг зүсчихлээ гэж хэлэхээр нь босоод хартал гарынх нь салаагаар цус урсаж байсан гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 324 дугаартай дүгнэлтэнд:

1. И.Ббиед зүүн чихний урд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 77 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/

 

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 22 ху/

            -Эд мөрийн баримтаар хураан авч тооцох тухай /хх 6 ху/\

            -Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

            -Булган аймгийн шүүхийн 1990 оны 01 сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 31-36 ху/

            -Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 47 ху/

-Д.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-59, 62-64 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.М нь ..................тоотод 2019 оны 04 сарын 26-ны орой И.Бчих рүү хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч И.Б“ Б, М бид 3 архи уугаад би тэднийд хонохоор болсон. Бид нар унтахаар орондоо ороод удаагүй байхад М хажуугийнхаа тавиур дээр байсан хутгыг аваад миний чихэн тус газар хатгасан. Чихэндээ 1 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/, гэрч Д.Бямбасүрэнгийн /хх 11-12 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн чихний урд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 324 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг саарал өнгийн металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг саарал өнгийн металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА