| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00046/Э |
| Дугаар | 154/2020/00051 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 154/2020/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Э.Алтанцэцэг
Шүүгдэгч Ц.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт*******гийн*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:ПБ81021672, ******* овогт*******гийн*******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Мөнхтулга нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Мөнхбаяртай маргалдсаны улмаас цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би буруу хэрэг хийснээ ойлгож байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 04-ний орой би Б.Мөнхбаярын гэрт очсон чинь Б.Мөнхбаяр эхнэр Г.Уранзаяаг цохиод авсан тэгэхээр нь чи болиочээ гээд бариад авсан. Бид хоёр гэр дотор хэсэг ноцолдож байгаад би Б.Мөнхбаярыг түлхээд унгасан чинь Б.Мөнхбаяр тогоон дээр унасан. Тэгээд бид 2 Б.Мөнхбаярын гэрээс гараад Б.Мөнхбаярын аав болох Бүүвэйн гэрлүү ороход чамайг ална гээд Бүүвэй гэдэг хүнрүү Мөнхбаяр дайрахаар нь би барьж аваад газарлуу хоёроос гурван удаа унагаагаад гарын хүлэх гээд оролдоод хүч хүрээгзүй босгосон юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К.Жанхаа бид хоёр нэг шил архи задлаад уугаад сууж байхад манай хүргэн ах Ц.Мөнхтулга орж ирээд бид 3 уугаад сууж байгаад нилээн орой болцсон байсан тул К.Жанхаа гэрлүүгээ явсан. Тэгээд би ороо засаад хэвтэж байтал нэг мэдэхэд Ц.Мөнхтулга миний дээр гарсан намайг багалзуурдаж байхаар нь намайг тавиачээ гэсэн чинь чамайг ална шүү гэсэн тэгж байтал миний хажууд хэвтэж байсан миний хүү сэрээд уйлахаар нь тавиачээ гэсэн чинь тавьсан. Тэгээд нэг мэдэхэд би аавын гэрт ороод бид 2 үүдний өрөөнд маргалдаж байгаад би гэртээ ороод хэвтсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр манай нөхөр Б.Мөнхбаяр өглөө Булган сум ороод банкны зээл хийгээд ирнэ гээд гараад орой 21 цагийн үед халамцуу гэртээ нэг найзтайгаа нэг шил хараа нэртэй архи авч ирсэн тэгээд найз нь би архи уухгүй гээд гараад явсан Б.Мөнхбаяр авч ирсэн архиа гэрт уугаад сууж байгаад чи хүүхдээр юм хийлгэсэнгүй гээд намайг зодохоор нь би гараад малын хашааруу зугатаад явсан. Тэгээд 02 цагийн үөд цагдаа нар ирээд Б.Мөнхбаярыг аваад явсан. ...Би хүүхэд авахаар гэрт ороход Ц.Мөнхтулга Б.Мөнхбаярыг тогоон дээр дараад унагаацсан дээр нь сууж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бүүвэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Б.Мөнхбаяр Ц.Мөнхтулга нар өглөө Булган сум яваад оройхон ирсэн. Тэгээд орой Б.Мөнхбаярын гэрт Ц.Мөнхтулга Б.Мөнхбаяр нар хоорондоо муудалцаад, манай гэрт ирээд дахиж муудалцаад тэгээд гараад явсан. Тэгээд гадаа гараад тэр 2 хоорондоо муудалцаж байсан. Би гараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Мөнхбаярын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Энэбишийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд:
“1. Б.Мөнхбаярын биед зүүн нүдний алимны дотор салстад цус хуралт, зүүн шанаанд 0,2x0,1 см, 0,1x0,1 зулгаралтууд, баруун сүвээний хэсэгт 2,5x1,0 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинэ/
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б.Мөнхбаярын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Мөнхтулга нь Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 04 -ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Мөнхбаяртай маргалдсаны улмаас цохиж, түүний биед “...зүүн нүдний алимны дотор салстад цус хуралт, зүүн шанаанд 0,2x0,1 см, 0,1x0,1 зулгаралтууд, баруун сүвээний хэсэгт 2,5x1,0 см зулгаралт” гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Х.Бүүвэй, Г.Уранзаяа, хохирогч Б.Мөнхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 489 тоот дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Мөнхтулга нь хохирогч Б.Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхбаяр нь ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Мөнхтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Мөнхтулга нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 38 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Ц.Мөнхтулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мөнхтулгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт*******гийн Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхтулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхтулгад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхтулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Мөнхтулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Мөнхтулгын******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.