Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ Улсын яллагч: В.Дэлгэрмаа Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, Нүдэн овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 19 тоотоод *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөрийн 19 цагийн үед хөдөөнөөс хамт ирсэн н.Энхпүрэвтэй хамт 1,5 литрийн шар айраг хувааж уугаад 21 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр *******, манай 4 хүүхэд, эхнэрийн эгч ******* нар байсан. Би хөдөөнөөс адууны махтай ирсэн бөгөөд эхнэрийг мах янзлаагүй байна гэж хэлтэл эхнэр өмнөөс хэрэлдсэн. Тухайн үед эхнэр хөх өнгийн иштэй хайч барьчихсан сууж байгаад шаачихна шүү гээд босоод ирсэн. Би хайчийг нь булаах гээд гараас нь бариад газар луу хайчтай гараар нь цохисон. Хайчийг манай охин булааж авсан. Миний араас охин татахаар нь би гараараа эхнэрийг цохих гээд савахад баруун нүд орчимд нь нэг удаа цохисон. Би *******г хайчаар зүсээгүй. Харин хайчийг нь булааж авах гэж байгаад 2 баруун гар орчимд нь зүсэгдсэн байж магадгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Айлруу охин хамт яваад дээл оёж байгаад гэртээ ирэхэд манай нөхөр Б.******* нь халамцуу байсан. Намайг хардаад айлруу явж юм оёлоо гэж байсан. Би өмнөөс нь чамд хамаагүй гээд түүнтэй хэрэлдсэн. Би уурлаад босоод иртэл манай нөхөр босч ирээд миний баруун нүдний доод хэсэг рүү цохисон. Миний барьсан байсан хайчийг охин хүрч ирээд булааж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-18/

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын штанд өгсөн ... гэртээ орж ирэхэд аав ирчихсэн байсан. Ээж гэртээ ороод дээлнийхэээ дотрыг эсгэж байхад аав, ээж хоёр маргалдаад байсан. Аав намайг цүнх аваад өг гэхэд ээж битгий хүүхэд загнаад бай гэж хэлсэн. Аав, ээж хоёр ядаргаатай юм, чи ингэж байхаар намайг цохичихооч гэж хэлэхэд аав босоод ирсэн. Тухайн үед ээж гартаа хөх өнгийн хайч барьчихсан байсан. Ээж хайчны бариул хэсгийг нь аав үзүүр хэсгийг нь барьчихсан хоорондоо ноцолдоод байсан. Хайчийг нь булааж аваад хартал ээжийн баруун нүдний орчмоос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...эхлээд Б.******* орж ирсэн. Араас удалгүй ******* охиныхоо хамт орж ирээд дээл эсгээд сууж байсан. Би хажуу өрөөнд ороод хэвтэж байгаад унтчихсан байсан. Гэнэт хүмүүс маргалдах шиг болохоор нь ороод хартал *******, Б.******* нар нь ноцолдож байсан. Би гадагш гараад утсаар Энхпүрэв рүү ярьчихаад ороод ирэхэд *******гийн баруун нүдний орчмоос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн №550 дугаартай шинжээчийн 1.*******гийн биед нүдний алимны доргилт, баруун доод зовхи, баруун гарт шарх, баруун дээд доод зовхи, зүүн дээд зовхинд цус хуралдт баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 3.Дээрх баруун гарын шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-11/,эд мөрийн баримтаар түр хураан авах тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийын 12-13/, шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.10.26-ны өдрийн 175 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, шүүгдэгч Б.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 19 тоотоод *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ 3 хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 45-47/,

хохирогч *******гийн /хх-ийн 16-18/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №550 дугаартай дүгнэлт / хх-ийн 34-35/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно. Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хайчийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв. Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн ....өнгөт зурагт...ыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөлгдөөгүй тохиолдолд худалдан борлууулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.*******д буцаан олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Нүдэн овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Лхагвсүрэнг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч Б.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөлгдөөгүй тохиолдолд худалдан борлууулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.*******д буцаан олгож шийдвэрлэлээ.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хууулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хайчийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА