Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/03206

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “М”ХХК /РД:5940028/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Л-д  холбогдох, 466,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж  оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н ХХК-ийн захирал А.Л нь “М”ХХК-тай 2016 оны 10 сарын 01-ний өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж нийт 2,900,075 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдан авч борлуулсан. 2017 оны 03-р сарын 17-ны өдөр Нью даймонд ХХК-тай тооцоо нийлэхэд 750,000 төгрөгийн өртэй байсныг харилцан баталсан байдаг ба түүнээс хойш үлдэгдэл төлбөрөөс 403,250 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 460,855 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхөөс зайлсхийж тодорхой бус шалтгаан хэлж бидний итгэлийг эвдэн манай компанийг хохироож байгаа болно. Иймд Нью даймонд ХХК-иас хүнсний барааны үлдэгдэл болох 460,855 төгрөг, нотариатчийн зардал 2,500 төгрөг, орчуулгын зардал 3,000 төгрөг нийт 466,355 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү”” гэжээ.

 

Нэхэмжлэгч “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хандан “М”ХХК нь иргэн А.Лэд холбогдуулан 466,355 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А.Л нь тооцоо нийлж дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир цаашид нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 15.30 цагт болох шүүх хурлыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М”ХХК нь А.Л д холбогдуулан 466,355 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч “М”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ  ирүүлсэн байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М”ХХК нь А.Лээс 466,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “М”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,325 төгрөгийг хариуцагч А.Лээс гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР