| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0027/Э |
| Дугаар | 08/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 08/ШЦТ/2017
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Гарамсэд,
-улсын яллагч Г.Энхбат,
-шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Эрт холбогдох Эрүүгийн 201619000316 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1986 оны 02 сарын 01-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдхийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Улаанхудаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Ц.Эр /РД:НБ86020113/,
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.Э нь 2016 оны 05 дугаар сар 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Улаан худаг гэх газарт гэртээ эхнэр С.Уранчимэгийг хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эхнэрээ хардаж зодсон нь миний буруу хийсэн хэрэгтээ харамсаж байна....” гэв.
Хохирогч С.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.....Би Ц.Э гэх хүнтэй гэрлээд 8 жил болж байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орой болоод би гэртээ унтаж байсан юм. Тэгтэл гаднаас Ц.Э согтуу орж ирээд миний хажуугаар хэвтсэн ба миний хажуугаар хэвтчихээд гараа миний толгойн дээр чанга чанга хаяад байхаар нь би орноосоо босоод чи дандаа архи уудаг гээд үглэсэн чинь хэрүүл хийж байгаад чи юу хийсэн гэж амардаг юм гээд алгадчихаар нь би чи яасан гэж намайг алгаддаг юм гэтэл Эрдэнэбаяр гэрэл унтраагаад учир зүггүй зодсон. Тэгээд намайг зодоод байт байтал манайхаас сургуульд явдаг айлын хүүхэд гэрээс гарч гүйгээд эгч Урангоог дуудаж ирсэн юм. Ц.Э намайг хардаад зодсон байх. Өмнө нь зодож цохьдог байгаагүй. Сүүлийн үед бид хоёрын харилцаа их таарамжгүй байгаа юм.....” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Шинжээчийн 220 тоот дүгнэлтэнд:
1. С.Уранчимэгийн биед хамрын таславч мурийлт, дух, баруун хацар, баруун мөр, баруун шилбэ, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
-шүүгдэгч Ц.Э нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-21/,
-шүүгдэгч Н.Эрдэнбаярыг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-16/, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-20/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Эрдэнбаяр нь 2016 оны 05 дугаар сар 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Улаан худаг гэх газарт гэртээ эхнэр С.Уранчимэгийг хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Уранчимэгийн: “..Би Ц.Э гэх хүнтэй гэрлээд 8 жил болж байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орой болоод би гэртээ унтаж байсан юм. Тэгтэл гаднаас Ц.Э согтуу орж ирээд миний хажуугаар хэвтсэн ба миний хажуугаар хэвтчихээд гараа миний толгойн дээр чанга чанга хаяад байхаар нь би орноосоо босоод чи дандаа архи уудаг гээд үглэсэн чинь хэрүүл хийж байгаад чи юу хийсэн гэж амардаг юм гээд алгадчихаар нь би чи яасан гэж намайг алгаддаг юм гэтэл Эрдэнэбаяр гэрэл унтраагаад учир зүггүй зодсон. Тэгээд намайг зодоод байт байтал манайхаас сургуульд явдаг айлын хүүхэд гэрээс гарч гүйгээд эгч Урангоог дуудаж ирсэн юм. Ц.Э намайг хардаад зодсон байх. Өмнө нь зодож цохьдог байгаагүй. Сүүлийн үед бид хоёрын харилцаа их таарамжгүй байгаа юм..” гэх мэдүүлэг, шинжээчийн 220 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Эын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Этай, хохирогч С.Уранчимэг нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Эрыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь хохирогч С.Уранчимэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Ц.Эт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА