Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/26

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр                             Дугаар 26                                     Баян-Өндөр сум

 

  Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

хэрэглэх тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

            Нарийн бичгийн дарга Б.Номин

            Иргэдийн төлөөлөгч Ч.Ж

            Улсын яллагч Ц.Идэрмөнх

            Хохирогч Б.Э

            Шинжээч эмч Ж.Д

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Т

           Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Далайн Д.Мд холбогдох 201614000*** дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            1.1. Д.М,

            2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

            2.1. Шүүгдэгч Д.М нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Эийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 3-16-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 1. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай “Б.Э-ы биед хүйсний зүүн доод талаар хэвлийн хөндийд нэвттэрч сэмж, цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шуунд шалбархай, баруун нүдний дээд, доод зовхи, толгойн орой, баруун даланд зөөлөн эдэд цус хуралт, баруун мөр, даланд зулгаралт, хуйханд дагз хэсэгт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цоорсон цөсний хүүдий болон хоёрдогчоор үүссэн мухар олгойг авсан ба хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, гэдэсний саажилт, ерөнхий гүн хордлого, хурц цус багадалт үүсчээ. 2. Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Хэвлийн хөндийд нэвтэрч сэмж цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний дээд доод хэсэгт цус хуралт, дагзны язарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 6. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /х/х-н 65-66-р хуудас/

 

3. Хохирогчийн хувцаст шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /х/х-н 70-73-р хуудас/,

 

4. Хохирогч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр усанд явах гээд хүү М-ын хамт гэрээс гараад худаг дээр очиход зүс таньдаг Э ахтай таараад тэндээ 0.75 литрийн “Стандарт” нэртэй архийг ар талын гудамжинд сууж байгаад уусан. Архи уухаасаа өмнө хажуу талын айлын хүүхдэд 1000 төгрөг өгөөд савтай усыг манай гэрт хүргээд өгөөч гэж хэлээд өөрийнхөө хүүхдийг хамт явуулсан. Э ахын хамт 2 шил архийг ууж дуусгахад манай дүүгийн гэрт очоод мөнгө авна гэж хэлээд хамт яваад нөгөө айлд очиход цоожтой байхаар нь би Эрдэнэбаяр ахаас салаад А ахын гэрт очсон. Цаг хэд болж байсныг мэдэхгүй ямар ч байсан гадаа харанхуй болсон байсан. Намайг А гэрт ороход гэртээ харьж унт согтсон байна гэхээр нь гэрээс гараас урд талын айлд нь орсон. Яах гэж урд талын айлд орсныг мэдэхгүй, согтуудаа орчихсон байсан. Тэр айлд ороход хүүхэдтэй эмэгтэй, ээж нь болох эмэгтэй, намайг хутгалсан залуу хамт байсан. Гэрээс гараад гудамжаар явж байхад араас Д.М гүйж ирээд миний хэвлий рүү 2 удаа хутгалсан. Хутгалсаны дараа намайг зодсон. Би эрүүл мэндээрээ хохирсон. Ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон. Урд нь эрүүл саруул байсан. Би эмнэлэгт 1 400 000 гаруй төгрөгөөр эмчлүүлсэн. Авсан хохирол байхгүй. Хохирлоо барагдуулмаар байна, гаргасан зардалаа нэхэмжилнэ” гэв.

 

5. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ  “ Миний хүүхэд төрөлхийн сэтгэцийн өвчтэй. Урд нь ийм асуудал гаргаж байгаагүй. Хүүгээ гаргаж авахыг л бодож байна. Мөрөөрөө усаа аваад л явж байдаг хүүхэд. Өвөө нь 80 гарсан хүн байгаа хүүтэйгээ цуг байна гэдэг. Д.М 10 наснаас хэлд орсон, бичиг үсэг мэдэхгүй. Д.М сэтгэхүйн хувьд жаахан хүүхэд шиг мод бариад нохойгоор тоглоод явдаг. Миний хүү группт байдаг. Должмаа эмчийн хяналтанд байдаг ямар нэг эмчилгээ хийлгэж байгаагүй” гэсэн мэдүүлэг.

 

6. Гэрч А.А-ны “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гэрээсээ гараагүй. Аав Аын хамт байсан. Орой 20 цагийн орчим аав Ал эгч О-ийнд орж хоол идэх гээд явсан хойгуур Э согтуу орж ирээд үүдэн талын орон дээр хэвтсэн. Түүнийг хаана архи уучихсан юм бэ? зүгээр үү? гэхэд дуугарахгүй байсан. Босч ирээд утсаараа нэг хүн рүү залгаад байхаар нь хэн рүү залгаж байгаа юм бэ? гэхэд эхнэр лүүгээ залгаж байна. Энэ балай авгай утсаа авахгүй байна гээд утсаа газар руу шидсэн. Аав орж ирээд Эыг чи согтуу байгаа юм уу? гэртээ харьж амар гэхэд намайг хамт явах уу? гэхэд аав намайг битгий яваарай гэсэн. Би Эыг гэрээс гаргаад хашааны хаалга дээр хүргэж өгөөд гэртээ хариарай гэж хэлсэн. Би хашааны хаалгаа цоожлоод гэртээ орж ирээд зурагт үзэж байгаад орой унтах гээд орондоо хэвтэж байтал 00 цаг 15 минутын орчим гэрийн хаалга өшиглөөд би үхлээ, танай хаалганы харалдаа үхлээ шүү гээд байхаар нь би хаалга онгойлготол Э толгой нь хагарчихсан, хутгалуулчихлаа гээд гэдсээ үзүүлсэн. Чамайг хэн хутгалсан юм бэ? хэнтэй хамт архи уусан юм бэ? гэхэд дуугарахгүй байсан. Би цагдаа дуудах уу? эмнэлэг дуудах уу? гэхэд Э хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь түүнийг орон дээр хэвтүүлээд шаргал өнгийн хөнжлөөр хучсан. Гэрт нь очоод аав, ээжид нь хэлж эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед Эыг эмнэлгийн машинд суулгаж байхад миний өмсөж байсан цагаан өнгийн цамц цус болчихсон байхаар нь угаасан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 55-р хуудас/

 

7. Гэрч Т.Янжиндуламын “ Би Бандиаг өмөөрсөн эсэхийг сайн санахгүй байна. Тухайн үед би нилээн согтуу байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний зүүн нүд жаахан хавдчихсан байсан. Бодвол цохиулсан байх гэж бодож байна. Хэнд цохиулсанаа санахгүй байна. Манай гэрт уг нь 100 төгрөгийн уяагаар ишийг нь ороочихсон хутга байдаг, хэрэг болсон өдрийн дараагаас уг хутга харагдаагүй” гэсэн мэдүүлэг. /х/х-н 46-р хуудас/

 

8. Д.Мын сэтгэцийн байдалд шинжилгээ хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Магадлуулагч Д.М нь урьд болон одоо төрөлхийн хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой. 2. Төрөлхийн хүндэвтэр оюуны хомсдол зан төрхийн өөрчлөлттэй. 3. Одоо дээрх өвчтэй. 4. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн дүгнэлт /х/х-н 77-р хуудас/ болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээч эмч Ж.Должмаагийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Э-ы хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, болон шинжээч   Ж.Д-ийн мэдүүлэг, гэрч Д.Т-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэстэй байна. 

 

Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан түүнд авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгахаар тогтоох нь зүйтэй.

 

Хохирогч Б.Э нь 1 400 000 гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн хохирлоо гаргуулна гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт хохирогч нь 530 170  төгрөгийн хохирлын баримтыг ирүүлжээ.

Иймд шүүх шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-аас 530 170  /таван зуун гучин мянга нэг зуун дал/  төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д олгох үндэстэй байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хивсний хайчилсан хэсэг, дэрний цагаан даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон цамц, Сэрүүн гэсэн бичигтэй пивоны ногоон өнгөтэй хуванцар сав, бор өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй пивоны хуванцар сав, цус мэт зүйлээр бохирлогдсон мод, хохирогч Б.Э-ийн өмсөж байсан гэх урдаа бичигтэй цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн хагас ханцуйтай футболк, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн ноосон оймс 1 хос зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.М нь 107 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 378 дугаар зүйлийн 378.1, 384 дүгээр зүйлийн 384.1, 385 дугаар зүйлийн 385 дугаар зүйлийн 385.4-т заасныг  удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1,  24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Мд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар шүүгдэгч Д.Мыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-аас 530 170  /таван зуун гучин мянга нэг зуун дал/  төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хивсний хайчилсан хэсэг, дэрний цагаан даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон цамц, Сэрүүн гэсэн бичигтэй пивоны ногоон өнгөтэй хуванцар сав, бор өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй пивоны хуванцар сав, цус мэт зүйлээр бохирлогдсон мод, хохирогч Б.Э-ийн өмсөж байсан гэх урдаа бичигтэй цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн хагас ханцуйтай футболк, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн ноосон оймс 1 хос зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Д.М нь 107 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

7.  Шүүгдэгч Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Д.Мыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт нэн даруй хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгасугай.

 

8. Шүүхийн тогтоолыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                          Ж.БАЙГАЛМАА

 

                                                                               Ц.АЛТАНГАДАС