| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2017/01310/и |
| Дугаар | 2300 |
| Огноо | 2017-11-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2300
Л.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Э” ХХК-д холбогдох
Дутуу олгосон цалин 4 950 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 2 328 264 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 843 209 төгрөг, гишүүний хураамж 240 000 төгрөг, батламж авахад төлсөн төлбөр 180 000 төгрөг, сургалтын төлбөр 1 470 000 төгрөг, баяраар ажиллуулсны 179 097 төгрөг, илүү цаг, амралтын өдрөөр буюу 40 цаг ажиллуулсны 5 372 917 төгрөг нийт 16 563 487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Э" ХХК-д ахлах аудитороор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орон тооны цомхотголоор халагдсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэрээгүйгээр үргэлжлүүлэн 2 cap 17 хоног ажилласан ба энэ хугацаандаа өмнөх гэрээний жишгээр цалинжсан. Ажиллах хугацаандаа буюу 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр амаар ажлаас гарах талаар хэлсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Аудит менежерийн зөвлөсний дагуу е-мэйлээр ажлаас гарах тухай бичээд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлын байраа орхисон. Намайг ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажлын 5 хоног 40 цаг ажиллуулахаар гэрээнд заасан боловч ажлын өдрүүдэд байнга илүү цаг ажиллуулж, мөн Бямба гаригт ажиллахын шаарддаг байсан ч энэ хугацаанд ажилласан үеийн илүү цагийн хөлс өгдөггүй, цалин хөлсөө дутуу, хугацаа хэтрүүлнэ. Цалин шаардахаар өгнө гэдэг боловч өгөөгүй. Манай байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээр хариуг өгсөн.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хугацааны дутуу олгогдсон цалин 4 950 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 2 328 264 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 843 209 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 8.5-д заасан мэргэшсэн нягтлан бодогчийн жилийн хураамж 240 000 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 10-д заасан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалт, аудиторын сургалт, АССА Р6 татварын сургалтын төлбөр 1 470 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9-д заасан баяраар Оюутолгойд ажиллуулсан 179 097 төгрөг, мөн хуулийн 74.1, 77.1 дэх хэсэгт заасан өдөр ажилласан 40 хоногийн 5 372 917 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 180 000 төгрөг нийт 16 563 487 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.С 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар ажилд орсон. Ажил олгогчоос түүнийг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчийн институтын аудитын хорооноос зохион байгуулсан Аудиторын сургалтанд 2016 оны 5 дугаар cap хүртэл хамруулан мэргэжил дээшлүүлснээр аудиторын эрхийг 2016 оны 6 дугаар сард, хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2016 оны 7 дугаар сард тус тус авсан, 2016 оны 12 дугаар сард Сангийн яамны Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан болно. Нэхэмжлэгч Л.С 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажлаас халагдсан бөгөөд ажлаа хүлээлгэн өгөх байсан боловч 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ямар нэгэн ажил хүлээлцэхгүйгээр орхин явсан. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрхгүй байна. Үүнд:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дутуу олгогдсон гэх 2016 оны 7,8 дугаар сарын цалин хөлсний асуудлаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй. Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд ажил олгогчоос 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй. Түүнийг ажлаа хүлээлцэнэ гэж итгэж байсан учир ажил олгогчоос өмнөх цалингийн үлдэгдэл, ээлжийн амралтын мөнгийг олгосон байна.
2. Ажлаас халагдсанаар нэхэмжлэгчид холбогдох санхүүгийн тооцоог компани хийсэн. Үүнд 2016 оны ээлжийн амралтын 2 328 264 төгрөгийн тооцоо мөн адил тооцогдсон.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэж заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж 1 843 209 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
4. Ажиллаагүй хугацааны /2017 оны/ Мэргэшсэн нягтлан бодогчдын гишүүнийн хураамж 240 000 төгрөгийг ажил олгогч хариуцахгүй.
5. Хөдөлмөрийн гэрээний 10-д заасан сургалтын төлбөрийг Хөдөлмөрийн гэрээний 10.1-т "Э" ХХК нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг гадаад, дотоодод мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад бүтэн төлбөрийг төлөн сургана" гэж зааснаар манай компанийн санаачилгаар нэхэмжилж буй сургалтад хамрагдаагүй тул төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй. 2016 оны 5 дугаар сард сургалтад хамрагдаж дууссанаас хойш 1 жил хүрээгүй байхад дахин сургалтад хамруулах нэн тэргүүний шаардлага ажил олгогчид байгаагүй.
6. Манай компани "Максом И Эксплозивс" ХХК-ийн гэрээт ажлыг "Оюу толгой" ХХК-д хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч алдаа гаргасан нь одоо ч яригдаж байгаа. Тэнд ажиллаад буцах үед манай компаниас шалтгаалахгүй онгоцны хуваариас шалтгаалан тухайн үед тэндээ нэг хоног саатсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9-д заасан баяраар Оюу толгойд ажиллуулсан 179 097 төгрөг төлөх үндэслэлгүй. Ажил олгогч буруугүй юм.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан өдөр ажилласан 40 хоног 5 372 917 төгрөгийг төлөхгүй. Илүү цагаар, амралтын өдрөөр ажиллахыг шаардаж байгаагүй тул энэ шаардлага үндэслэлгүй байна. Иймд хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийнтухайхуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан "Э" ХХК-д холбогдох 16 563 487 төгрөг гаргуулах тухай Л.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 918 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч 2017.03.30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ" гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллага дээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ҮХ/06 тоот тогтоолоор байгуулагдсан Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хандсан бөгөөд эндээс гарсан шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-т заасны дагуу болон Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны дүрмийн 5.1.а "Ажил олгогч үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзвэл мэдсэн буюу уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор өргөдлөө харьяалах аймаг, сум, дүүргийн салбар хороонд гаргах" гэж зааснаар уг зөвлөмжийг хүлээж авсны дараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болно.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна" гэж зааснаас үзэхэд дээрх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тооцохоор хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаар байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэх үндэслэл заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй тул нэхэмжлэгч нь Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргаж, тус хорооноос шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу нэхэмжлэл гаргасан болно.
2. Шүүхээс “...2017.03.17-ны өдрийг хүртэл ажилласан, ажлаас гарах өргөдлөө 02 дугаар сарын 20-ны өдөр и-мэйлээр мэдэгдсэн" гэж тайлбарласан тайлбар зэргээс үзэхэд 2017.02.20-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлтэй" гэсэн нь үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу орон тооны цомхотголоор халсан тушаал шийдвэрийг 2017 оны 01 дүгаар сарын 06-ны өдөр гаргаад, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа хариуцагч нэхэмжлэгчийг гуйгаад хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлсэнээрээ мөн хуулийн 24 дүгээр зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажиллаж байсан гэдгийг хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд цалин хөлс олгож байсан болон 2016 оны дутуу олгогдсон цалинг гүйцээж олгож байсан зэргээр тус тус нотлогдох болно. Энэ хугацаанд нэхэмжлэгч хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай шаардахаар байгуулдаггүй, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх гэхээр төлөхгүй байсан тул нийгмийн даатгалаа нэхэмжлэгч тасрахаас сэргийлээд сайн дураараа төлсөн.
Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээрээ мөн хуулийн 46 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.С хариуцагч “Э” ХХК-иас дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, гишүүний хураамж, батламж авахад төлсөн төлбөр, сургалтын төлбөр, илүү цаг, амралт, баярын өдрөөр ажиллуулсны нэмэгдэл хөлс нийт 16 563 487 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “Э” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар Л.С нь тус байгууллагад аудиторын туслахаар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/2 дугаар тушаалаар орон тооны цомхотголоор үүрэг ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.
Харин ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 3 сарын 17-ныг хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж, энэ хугацааны цалин дутуу олгосон гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчоос 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 410049193 дугаартай дансны хуулга, ХХБ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт зэрэг баримтаар /хх 28-29, 109, 111-114/ нэхэмжлэгч Л.С-д 2017 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин, 2 дугаар сарын цалин, 3 дугаар сарын урьдчилгаа цалин олгосныг хариуцагч “Э” ХХК баримтаар үгүйсгээгүй тул ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргаснаас хойшхи хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэл ажиллуулсан гэж үзнэ. Харин дээрх баримт нь хариуцагчийг дутуу цалин олгосныг шууд нотлохгүй юм.
Үүнээс гадна нэхэмжлэгч цалин дутуу олгосон гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул дээрх хугацаанд цалин олговор дутуу олгосон гэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулагджээ. Нэхэмжлэгч дээрх хугацаанд гомдлоо гаргаагүй байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох агуулга бүхий гомдол гаргасныг хангах боломжгүй.
Хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолох тул 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын цалингийн зөрүү, ээлжийн амралтын олговор, илүү цаг, амралт, баярын өдрөөр ажиллуулсны нэмэгдэл хөлс, 2016 оны 4 дүгээр сарын 06-нд гишүүний хураамжид төлсөн 240 000 төгрөг /хх-166/, 2016 оны 6 дугаар сарын 23-нд батламж авахад төлсөн 180 000 төгрөг /хх-167/, 2016 оны 3, 4, 8 дугаар сард сургалтын төлбөрт нийт төлсөн 1 470 000 төгрөг /хх 14-16/ нэхэмжилсэн шаардлагын тухайд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсны тэтгэмж, гишүүний хураамж, сургалтын төлбөр, амралтын болон баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хүлээн авч хянаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах гурван талт дэд болон салбар хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.а-д заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн /хх-4/ агуулга бүхий баримт үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалах учиртай боловч энэхүү үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Дээрхээс үзвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагч давж заалдах гомдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээрээ мөн хуулийн 46 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй гэж дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА