Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга О.Баясгалан,                                         

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүгдэгч Ч.Чагнаадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Ууул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Чойживийн Чагнаадоржид холбогдох эрүүгийн 201626030767 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 10-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН-ийн байр, 02 тоотод оршин суух, Хан-Уул  дүүргийн Засаг Даргын Тамгын газрын хөдөлмөрийн хэлтэст жолооч ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИЙ83041016 / Жаргалант овогт Чойживийн Чагнаадорж нь:

- 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 306 тоот өрөөнд найз Г.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун ухархайн доод ар хананы хамар ясны зөрүүгүй хугарал, баруун, зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Батхишиг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...Урьд өмнө хамт ажиллаж байсан Ч.Чагнаадорж гэх залуу 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Цорс” нэртэй зочид буудлын 3 давхарт 306 тоот өрөөнд намайг ухаанаа алдсан согтуу байхад зодсон. Ямар шалтгаанаар яагаад намайг зодсоныг би мэдэхгүй байна. Миний хамар,баруун нүдний доод талын ухархай, 2 хавирга хугарсан. Мөн бие тэр чигтээ хөхөрсөн байсан. Гараараа цохиж хөлөөрөө өшиглөж, дэвсэж байсан. 15 хоног гэмтлийн эмнэлгийн урд талын “Хоточ манал” нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр архинаас би ууж сууж байгаад ухаанаа алдталаа согтсон байсан. Нэг мэдсэн чинь Ч.Чагнаадорж намайг хана түшүүлж зогсоогоод зогсоо зайгүй цохиж, зодож байсан. Тэгээд би шалан дээр дээш харж хэвтсэн. Хамар амнаас цус гарсан. Би шууд тэр буудлаас гараад гэртээ харьсан. Буудалд Ч.Чагнаадорж үлдсэн. Пүрэвээ байсан үгүйг би анзаарч хараагүй.  Томограф, нүдний рентгэн зураг авахуулсан. Гэмтлийг миний биед Ч.Чагнаадорж учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. / хх 17-18  /,

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22 шилжих шөнө нөхөр Баагий залгаж  “Би хүнд зодуулчихлаа, хаалгаа онгойлго” гэсэн. “Хашааны хаалга онгорхой байгаа ш дээ, өөрөө ороод ирээч” гэхэд “Би хашааны хаалга онгойлгож чадахгүй байна” гэхээр нь гарч хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл нөхөр маань хаалга онгойнгуут миний урдаас түшээд уначихсан. Би арай гэж гэртээ оруулж хэвтүүлсэн. Тэгэхэд өөрөө хэвтэж чадахгүй, юм ярьж чадахгүй байсан.... Манай нөхөр гэртээ 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд орж ирсэн. 02 цаг хүртэл би биеийн байдлыг нь харж байгаад зүгээр болохгүй, эмзэглэлтэй байгаад байхаар нь том эгчид нь хэлж мэдэгдсэн. Манай нөхөрийн нүүр нь тэр чигтээ гэмтсэн, хавдсан, 2 нүд нь тагларсан, уруул нь язарсан байсан...” гэжээ  /хх 21/,

Гэрч Б.Одонзул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Нөгөө залуугийн унтаж байсан орны цаад талаар шалан дээр дэвссэн байсан дрож цус болсон байсан. Мөн дэрний уут цус болсон байсныг цэвэрлэсэн...” гэжээ. / хх 22-23 /,

Гэрч Л.Пүрэвхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Г.Батхишиг Ч.Чагнаа-доржийг “ Чи одоо болтол эхнэр авдаггүй, гомо юм уу ” гээд өдрөөс хойш өдөөд элдвээр нь хэлээд байсан. Ч.Чагнаадорж юу ч хэлэхгүй байснаа сүүлдээ тэсээ больж Г.Батхишигтэй хэрэлдэж эхэлсэн. Хэрүүл маргаан сүүлдээ зодоон болсон. Хэрүүл маргааныг Г.Батхишиг эхлүүлсэн. Зодооныг мөн Г.Батхишиг эхлүүлсэн. Ч.Чагнаадоржийг ширээний хажууд сандал дээр сууж байхад Г.Батхишиг хувцасаа тайлаад зодолдох гээд өөдөөс нь очсон. Тэр үед нь Ч.Чагнаадорж нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Г.Батхишиг зөрүүлээд Ч.Чагнаадоржийн нүүр рүү нь гараараа цохьсон ...” гэжээ. / хх 29 /,

Гэрч Р.Гантөмөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “… Г.Батхишиг өдөр уулзсанаасаа хойш Ч.Чагнаадоржийг өдөөд хэл амаар доромжлоод байсан. “ Гомо, эхнэр авдаггүй, чам шиг хүүхдийг өнөөдөр өвөртөлж унтана ”   гээд байсан. Тийм болохоор би тэр асуудлаас болж зодолдож дээ гэж бодсон… гэжээ. / хх 31-33 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7123 дугаартай дүгнэлтэнд:

1. “...Г.Батхишигийн биед баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун ухархайн доод ар хананы хамар ясны зөрүүгүй хугарал, баруун, зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэжээ. / хх 37 /,

Шүүгдэгч Ч.Чагнаадоржийг 2016.06.15-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 46-47, 48 /, 2016.06.24-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 50-51 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 55 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чагнаадорж мэдүүлэхдээ: Г.Батхишиг ажил дээр байхад үг хэлээр дайрч доромжлоод байсан юм. Урьд өмнө нь өс хонзон байхгүй. Би хөл нүцгэн байсан ба 2 хавирга хугарахаар цохиж зодоогүй. Намайг заамдаж аваад боогоод байхаар нь  би цохьсон. Би Г.Батхишигийн нүүр, нүдэнд нь цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Орны араар Г.Батхишиг бид хоёр унаад байсан болохоор унахдаа хавиргаа хугалсан байх боломжтой.  Өрөөнд бид хоёроос өөр хэн ч байгаагүй. Түүнээс би Г.Батхишигийг зодож хавиргыг нь хугалаагүй. Хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.  Хохиролд 800.000 төгрөг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Чагнаадорж нь  2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 306 тоот өрөөнд найз Г.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун ухархайн доод ар хананы хамар ясны зөрүүгүй хугарал, баруун, зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...Ч.Чагнаадорж гэх залуу 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Цорс” нэртэй зочид буудлын 3 давхарт 306 тоот өрөөнд намайг ухаанаа алдсан согтуу байхад зодсон. Миний хамар,баруун нүдний доод талын ухархай, 2 хавирга хугарсан. Мөн бие тэр чигтээ хөхөрсөн байсан. Гараараа цохиж хөлөөрөө өшиглөж, дэвсэж байсан. Тэр архинаас би ууж сууж байгаад ухаанаа алдталаа согтсон байсан. Нэг мэдсэн чинь Ч.Чагнаадорж намайг хана түшүүлж зогсоогоод зогсоо зайгүй цохиж, зодож байсан. Гэмтлийг миний биед Ч.Чагнаадорж учруулсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Батхишигийн мэдүүлэг....” / хх 17-18  /,

- “.. 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22 шилжих шөнө нөхөр Баагий залгаж  “Би хүнд зодуулчихлаа хаалгаа онгойлго”  гэхээр нь гарч хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл нөхөр маань хаалга онгойнгуут миний урдаас түшээд уначихсан. Манай нөхрийн нүүр нь тэр чигтээ гэмтсэн, хавдсан, 2 нүд нь тагларсан, уруул нь язарсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг ...” /хх 21/,

- “...Нөгөө залуугийн унтаж байсан орны цаад талаар шалан дээр дэвссэн байсан дрож цус болсон байсан. Мөн дэрний уут цус болсон байсныг цэвэрлэсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Одонзулын мэдүүлэг...” / хх 22-23 /,

- “...Г.Батхишиг Ч.Чагнаадоржийг “ Чи одоо болтол эхнэр авдаггүй, гомо юм уу ” гээд өдрөөс хойш өдөөд, элдвээр хэлээд байсан. Ч.Чагнаадорж юу ч хэлэхгүй байснаа сүүлдээ тэсхээ больж Г.Батхишигтэй хэрэлдэж эхэлсэн. Хэрүүл маргааныг Г.Батхишиг эхлүүлсэн. Зодооныг мөн Г.Батхишиг эхлүүлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Л.Пүрэвхүүгийн мэдүүлэг ... ” / хх 29 /,

- “…Г.Батхишиг өдөр уулзсанаасаа хойш Ч.Чагнаадоржийг өдөөд хэл амаар доромжлоод байсан. “ Гомо, эхнэр авдаггүй, чам шиг хүүхдийг өнөөдөр өвөртөлж унтана ”   гээд байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Р.Гантөмөрийн мэдүүлэг…”  / хх 31-33 /

-  “…хохирогч Г.Батхишигийн биед баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун ухархайн доод ар хананы хамар ясны зөрүүгүй хугарал, баруун, зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7123 дугаартай шинжээчийн дүгнэлт...” / хх 37 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Чагнаадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн,  хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Чагнаадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурьдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:    

1. Жаргалант овогт Чойживийн Чагнаадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чойживийн Чагнаадоржийг 1 / нэг / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чагнаадоржид  оногдуулсан 1 / нэг / жил  1 / нэг / сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Чагнаадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт   зааснаар Ч.Чагнаадоржид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Чагнаадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                        С.ОЛЗОД