Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:127/2020/0024/З

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г-д холбогдох

             Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Г-, хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г-, гэрч Ө.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь иргэн Ө.Б-тай харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ХЭ17/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба “Хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийг тохирно” гэсний дагуу Хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалингийн хэмжээ 395500 төгрөг байхаар харилцан тохиролцсон байхад акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байна”, 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно”, 231  дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно”, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 231, 232 дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно” гэж тус тус заасан. Мөн Хөдөлмөрийн гэрээнд “тус үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 4 дүгээр сарын А/45 дугаар тушаалаар баталсан цалингийн сүлжээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажилтны үндсэн цалинд өөрчлөлт орж болно” гэж заасан нь зайлшгүй цалингийн шатлалаар цалинжуулна гэсэн үг биш юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэж заасны дагуу тухайн иргэний харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс нь /547400 төгрөг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошоо ороогүй болно.

Иймд иргэн Бадарчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай 5946000 төгрөгийн акт тавьсан нь үндэслэлгүй байх тул Мэргэжлийн хяналтын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-06-019/05 дугаар цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сараас Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргаар томилогдон ажиллаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г- нь 2020 оны 3 дугаар сард манай байгууллагад шалгалт хийгээд Ө.Б-тай холбоотой акт тавина гэхээр нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

Намайг анх ажилд ороход Техникийн хяналтын үзлэг хийдэг байрны сахиулаар Ө.Б-  ажилладаг нэртэй, аав Өлзийбаяр нь уг ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Өмнөх дарга Санжаа дарга хэлж захисан учраас ийм байдлаар ажиллуулж ирсэн. Ингээд хүн бодож яваад өөрөө буруутаж байгаадаа харамсаж байна. Өлзийбаяр нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүн учраас  ажиллуулж болохгүй байсан.

             Байгууллагын даргын тушаалаар томилогдсон Ө.Б-ийг манай байгууллагын ажилтан гэж үзэж, 2017 онд ажлын шаардлагаар дуудахад ирээгүй ба “ажиллахгүй” гэж хэлж байсан. Ө.Б- нь байгууллагын үйл ажиллагаанд оролцдоггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байгаагүй, энэ тухай нь манай ажилтнууд ч гэрчилнэ.  Бадарч нь үндсэн ажилтан болж, цалин хөлсөө нэмүүлэх тухай хүсэлтийг бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгч байсан боловч, өөрийн биеэр надтай уулзаж байгаагүй. Ө.Б-, Өлзийбаяр нар нь цалин хөлсний асуудлаар Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байгаагүй гэдэг. Цалингийн зөрүүг нөхөн олгуулах тухай улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Өмгөөлөгч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Авто тээврийн газарт Мэргэжлийн хяналтын газраас яагаад гэнэт шалгалт хийх болов? Даргыг нь буруутгах ашиг сонирхол байна гэж бодож байна. Ө.Б- нь ажлын цагийг баримталдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авдаггүй байсан байна. Эдгээр зөрчлийн улмаас цалинг нь туршилтын ажилтнаар өгч байсан болов уу. Улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Хариуцагч У.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Авто тээврийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус байгууллагын сахиул Ө.Б-ийн цалинг туршилтын хугацааныхаар 2017 оны 5 дугаар сараас эхлэн олгосон зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн, цалингийн зөрүүг нөхөн олгуулах тухай актыг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тавьсан.

             “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны Б/587 дугаар тушаалаар Ө.Б-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сахиулаар 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар томилсон байсан. Уг 6 сарын хугацаанаас хойшх хугацааны цалингийн зөрүүг тооцож гаргасан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж заасан. Уг заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн. Хуулийн заалт ийм байхад Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга нь сахиул Ө.Б-ийг  2017 оны 5 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын хугацаанд туршилтын ажилтнаар цалинжуулж, хохироосон байна.

            “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны А/50, 2019 оны А/13, 2019 оны А/144 тоот тушаалуудаар “аймгийн Авто тээврийн төв, ...салбарын ажилтны албан тушаалын үндсэн цалингийн сүлжээ”-г тус тус шинэчлэн тогтоосон. Ө.Б-ид олгох нөхөн төлбөрийг дээрх цалингийн сүлжээний дагуу тооцож гаргасан.

            Хариуцагч Авто тээврийн төвийн дарга нь Ө.Б-ийг байгууллагын үйл ажиллагаанд оролцдоггүй, цагаа бүртгүүлдэггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байгаагүй гэж тайлбарлаж байгаа ч Ө.Б- нь сахиулаар томилогдон, цалин авч байсан тул түүнийг тус байгууллагад ажиллаж байсан гэж үзнэ. Иймээс өөрийн тавьсан актыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

            Гэрч Ө.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сард аймгийн Авто тээврийн төвд сахиулын ажилд орсон. Техникийн хяналтын үзлэг, оношилгооны байранд сахиулаар ажилладаг байсан. Туршилтын хугацааны цалинг авч байсан бөгөөд үндсэн ажилтан болж, цалингаа нэмүүлэх талаар даргад 2017, 2018 онуудад өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаагүй. Улсын байцаагчийн актын дагуу надад цалингийн зөрүү олгогдох үндэслэлтэй гэж бодож байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Г- нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г-гийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай” 22-01-001/05 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г- нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 дугаар тушаалаар тус төвийн сахиулаар томилогдсон Ө.Б-ид 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын хугацаанд туршилтын хугацааны цалин олгож байсан нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, дутуу олгосон үндсэн цалингийн зөрүү болох 5946000 /таван сая есөн зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг нөхөн олгуулах тухай актыг 2020 оны 3 дугаар 17-ны өдөр тавьжээ. Улсын байцаагчийн уг актыг шүүх дор дурдсан үндэслэлээр хуульд нийцсэн акт гэж үзэв.

“Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 дугаар тушаалаар Ө.Б-ийг Хэнтий аймгийн Авто тээврийн  төвийн сахиулаар 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар томилсон ба 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Энэ нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.3 дахь хэсэгт заасан, “Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:”, “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэх заалтын дагуу гарсан тушаал шийдвэр, гэрээ байна[1].

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Г- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, “сахиул Ө.Б- нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байгаагүй, үндсэн ажилтан болох хүсэлт гаргахдаа өөрийн биеэр ирж уулзаагүй” гэх зэргээр тайлбарласан нь хариуцагч улсын байцаагчийн 22-01-001/05 актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

“Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны А/277, 2018 оны А/25 дугаар тушаалуудаар тус тус батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д, ажилтныг томилохдоо туршилтын хугацаа заасан бол дараа нь хэрхэн шийдвэрлэхийг тодорхой заасан байна. Тухайлбал, 2018 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2-д “Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргасан /.../ нь тухайн ажилтныг уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болно” гэж, 3.8-д “ Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтан, албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн, зөрчил дутагдал гаргаагүй, ажлын үр дүн, мэдлэг чадвар, идэвх санаачлага үр бүтээлтэй ажилласан зэргийг харгалзан үндсэн ажилтнаар томилно...” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Г- нь сахиулаар түр томилогдсон Ө.Б-ийг дээр дурдсан журмын дагуу үндсэн ажилтнаар томилох эсэх асуудлыг шийдвэрлэлгүй 2 жил 8 сарын хугацаанд ажиллуулж, энэ хугацаанд Ө.Б-ид туршилтын хугацааны цалин олгогдож ирсэн нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 231 дугаар зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтууд зөрчигдсөн байна.

Хуулийн эдгээр үндэслэлээр хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г- нь, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/50, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/13, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр тушаалуудаар тус тус батлагдсан “...албан тушаалын үндсэн цалингийн сүлжээ”-ний дагуу Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн сахиул Ө.Б-ийн дутуу олгогдсон цалингийн зөрүүг тооцож, 5946000 /таван сая есөн зуун дөчин зургаан мянган/ төгрөг нөхөн төлүүлэх тухай акт тавьсныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.12, 10.12.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 231 дүгээр зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА

           

 


[1] 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хөдөлмөрийн тухай хуульд 231 дүгээр зүйлийг нэмж, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтаас “Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэх хэсгийг хассан.