Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              08             15                                               2017/ШЦТ/228                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Над холбогдох эрүүгийн 201719000414 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Од Орд” ХХК-д засалч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 919 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 3 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 3 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б овгийн Э.Н

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Э.Н нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах “Од Орд” ХХК-ийн эзэмшлийн ажилчдын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж цахилгаан гар багаж 1 ширхэг, кастангийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 маркийн цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг, 220 киловаттын цахилгааны кабелын гал хамгаалагчтай хар өнгийн бүрээстэй утас 30 мерт зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Нын: Миний бие нь 2017 оны 05 дугаар сард Од орд ХХК-д ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн бие өвдөөд ажлаасаа чөлөө авсан. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 01-ний өглөө хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд эмч эм тариа бичиж өгсөн. Ингээд надад мөнгө хэрэгтэй болж ажлын гэрт байрладаг ах, эгчээс мөнгө зээлэх санаатай очсон боловч гэрт нь хэн ч байгаагүй. Гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод дотроос нь барилгын материал аваад хот оруулж 100-ын барилгын материал авдаг дэлгүүрт зарсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Хоёр. Хавтаст хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцүүлж, судлуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Дэлгэрхишигийн:

“...Би Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Од орд” ХХК-ний барилгын инженерээр ажилладаг бөгөөд манай компани нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байх Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлыг хийж байгаа юм. Манайх Төв аймгаас хөдөлмөрийн хэлтсээс ажилчид авч ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр оройн 18 цагийн үед нөхөр Гэндэнсүрэн бид хоёр ажилчдын гэрийг цагаан өнгийн ногоон будаг болчихсон никел цоожоор цоожлоод цоож цуургаа шалгахад зүгээр байсан. Ингээд маргааш нь бүх нийтийн амралтын өдөр байсан болохоор амраад нөгөөдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилчдын гэрт ирсэн чинь гэр онгорхой нөгөө цоожлоод явсан цоож маань гэр дотор байсан. Гэрийн дотор байсан ногоон өнгийн шавар зуурагч цахилгаан гар багаж 1 ширхэг, кантингийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг, 220 кв-н цахилгааны кабелийн гал хамгаалагчтай 30 метрийн урттай хар өнгийн утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийгээд бидний алдагдсан эд зүйлсийг манай Төв аймгаас ирж ажиллаж байсан Ныг хулгайлсан болохыг тогтоосон. Алдагдсан ногоон өнгийн шавар зуурагч цахилгаан гар багажаа 100.000 төгрөгөөр, кантингийн тасдагчийн ир 6 ширхэг нь нийт 18.000 төгрөгөөр, 107 цавуу 2 ширхэгийг 4.000 төгрөгөөр, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэгийг 25.000 төгрөгөөр, 220 кв-н цахилгааны кабелийн гал хамгаалагчтай 20 метрийн урттай хар өнгийн утсаа 150.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл үгүй байна. Э.Наас хулгайд алдагдсан шавар зуурагч, кабелын утас, кантингийн 6 ширхэг ир 2 ширхэг 107 цавуу зэрэг эд зүйлсээ олж авсан...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн:

“...Намайг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Улаан загалмайн байрны цайны газарт үдээс хойш 17 цагийн үед байж байсан чинь гаднаас Э.Н гэх залуу хар өнгийн кабельтай цахилгааны утас барьж орж ирээд үүнийг зарах гэж байна хэдэн цаас хэрэгтэй байна гэхээр нь манай нөхөр Даваахүү хажуунаас наадах чинь чиний юм биш, хулгайн юм биш биз дээ гэсэн чинь үгүй, үгүй энэ чинь миний юм байгаа юм хулгайн юм биш гэсээр байгаад надад 19.000 төгрөгөөд зараад гараад явсан. Тэгсэн чинь маргааш нь цагдаагаас хүн ирж Э.Н гэх залуугийн зарсан утсыг хулгайн утас байна гээд хураан авсан. Надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 23 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Дэлэгпунцагийн:

“...Би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр хороо Нефтийн задгайн 9-1 тоотод “Эх нутаг” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байгаа. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн  үед намайг дэлгүүртээ ганцаараа байж байсан чинь танил Э.Н гэдэг залуу шавар зуурагч ногоон өнгийн цахилгаан гар багаж үзүүлээд Дэлэгпунцаг ах аа дүүдээ 35.000  төгрөг  өгчих  дүү нь барьцаанд нь энэ шавар зуурагч гар багажийг түр орхиод явъя аа гэхээр нь хүүхдийн баяр болж байсан тул мөнгө  хэрэгтэй байгаа байх гэж бодоод түүнд 35.000 төгрөг өгөөд багажийг нь аваад үлдсэн юм. Тэгсэн чинь маргааш нь цагдаа нар Нтай ирээд тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж хэлсэн...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Гэндэнсүрэнгийн:

“...Би өөрийн эхнэр Дэлгэрхишигийн хамт “Од орд” ХХК-ний барилгын мужаанаар ажилладаг. Манай компани Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байх Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлыг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж хийж байгаа. Төв аймгаас хөдөлмөрийн хэлтсээс ажилчид авч ажиллуулж байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр оройн 18 цагийн үед би эхнэр Д.Дэлгэрхишигийн хамт тус стадионы зүүн хойд талд байрлах 6 ханатай ажилчдын гэрийг цагаан өнгийн ногоон будаг болчихсон никел цоожоор цоожлоод цоож цуургаа шалгахад зүгээр дотор нь байсан энд зүйлс бүрэн бүтэн байсан. Маргааш нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдрөөр амраад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилчдын гэрт ирсэн чинь гэр онгорхой нөгөө цоожлоод явсан цоож маань гэр дотор байсан болохоор нь хулгай орж гээд цагдаа дуудсан.  Тэгсэн чинь дотор нь байсан ногоон өнгийн шавар зуурагч цахилгаан гар багаж 1 ширхэг, кантингийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг 220 кв-н цахилгааны кабелийн гал хамгаалагчтай 30 метрийн урттай хар өнгийн утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийгээд бидний алдагдсан эд зүйлсийг манай Төв аймгаас ирж ажиллаж байсан Ныг хулгайлсан байсныг нь тогтоосон...” /хх-ийн 26 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Даваахүүгийн:

“...Би эхнэр Дуламсүрэнгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Улаан загалмайн байранд цайны газар ажиллуулдаг юм. Тэгсэн чинь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай цайны газарт Э.Н ажлын ногоон өнгийн хувцастайгаа хар өнгийн кабелийн утас барьчихсан орж ирээд энийг зарах гэж байгаа юм гээд эхнэртэй ярихаар нь би хажуунаас нь энэ чинь хулгайн юм байлгүй дээ битгий ав, наадхаа аваад гар гээд Э.Над хэлсэн чинь гэрээсээ аваад ирлээ хулгайн эд зүйл биш гээд байхаар нь эхнэр маань утсыг нь харж байгаад 19.000 төгрөгөөр худалдаад авчихсан юм. Маргааш нь цагдаа нар Э.Нтай ирээд тус утсыг хурааж аваад явсан...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад бичгийн нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5 дугаар хуудас/,

3.3. Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “эд зүйл хураан авах тухай” тогтоол /хх-ийн 9, 12 дугаар хуудас/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10, 13 дугаар хуудас/,

хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11, 14 дүгээр хуудас/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16, 17 дугаар хуудас/,

3.4. Мөрдөн байцаагийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цагаан никель өнгийн ногоон өнгийн будгаар бохирлогдсон 3 см урттай, түгжигч нь 3 см урттай, эвдэрхий цоожийг “Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай” тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

3.5. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 30 дугаар хуудас/,

3.6. Шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 45, 49 дүгээр хуудас/,

3.7. Шүүгдэгч Э.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, /хх-ийн 50, 51, 52-53, 54, 55-57, 58, 59 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.          

 

Шүүгдэгч Э.Н нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах “Од Орд” ХХК-ийн эзэмшлийн ажилчдын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж цахилгаан гар багаж 1 ширхэг, кастангийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 маркийн цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг, 220 киловаттын цахилгааны кабелын гал хамгаалагчтай хар өнгийн бүрээстэй утас 30 мерт зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Д.Дэлгэрхишигийн ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилчдын гэрт ирсэн чинь гэр онгорхой нөгөө цоожлоод явсан цоож маань гэр дотор байсан. Гэрийн дотор байсан ногоон өнгийн шавар зуурагч цахилгаан гар багаж 1 ширхэг, кантингийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг, 220 кв-н цахилгааны кабелийн гал хамгаалагчтай 30 метрийн урттай хар өнгийн утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...,

иргэний нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн ...Намайг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр... ...17 цагийн үед байж байсан чинь гаднаас Э.Н гэх залуу хар өнгийн кабельтай цахилгааны утас барьж орж ирээд үүнийг зарах гэж байна хэдэн цаас хэрэгтэй байна гэхээр нь манай нөхөр Даваахүү хажуунаас наадах чинь чиний юм биш, хулгайн юм биш биз дээ гэсэн чинь үгүй, үгүй энэ чинь миний юм байгаа юм хулгайн юм биш гэсээр байгаад надад 19.000 төгрөгөөд зараад гараад явсан...,

иргэний нэхэмжлэгч Д.Дэлэгпунцагийн ...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед намайг дэлгүүртээ ганцаараа байж байсан чинь танил Э.Н гэдэг залуу шавар зуурагч ногоон өнгийн цахилгаан гар багаж үзүүлээд Дэлэгпунцаг ах аа дүүдээ 35.000  төгрөг өгчих дүү нь барьцаанд нь энэ шавар зуурагч гар багажийг түр орхиод явъя аа гэхээр нь хүүхдийн баяр болж байсан тул мөнгө хэрэгтэй байгаа байх гэж бодоод түүнд 35.000 төгрөг өгөөд багажийг нь аваад үлдсэн юм...,

гэрч Ч.Гэндэнсүрэнгийн ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилчдын гэрт ирсэн чинь гэр онгорхой нөгөө цоожлоод явсан цоож маань гэр дотор байсан болохоор нь хулгай орж гээд цагдаа дуудсан..., ...ногоон өнгийн шавар зуурагч цахилгаан гар багаж 1 ширхэг, кантингийн тасдагчийн ир 6 ширхэг, 107 цавуу 2 ширхэг, 25 килограммын шуудайтай гурил 1 ширхэг 220 кв-н цахилгааны кабелийн гал хамгаалагчтай 30 метрийн урттай хар өнгийн утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...,

гэрч Б.Даваахүүгийн ...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай цайны газарт Э.Н ажлын ногоон өнгийн хувцастайгаа хар өнгийн кабелийн утас барьчихсан орж ирээд энийг зарах гэж байгаа юм гээд эхнэртэй ярихаар нь би хажуунаас нь энэ чинь хулгайн юм байлгүй дээ битгий ав, наадхаа аваад гар гээд Э.Над хэлсэн чинь гэрээсээ аваад ирлээ хулгайн эд зүйл биш гээд байхаар нь эхнэр маань утсыг нь харж байгаад 19.000 төгрөгөөр худалдаад авчихсан юм... гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаагчийн эд зүйл хураан авах тухай тогтоол, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагаан никель өнгийн ногоон өнгийн будгаар бохирлогдсон 3 см урттай, түгжигч нь 3 см урттай, эвдэрхий цоожийг Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдэд хийсэн Эд зүйлийн үнэлгээ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Нын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч түүнд оногдуулах ял нь хүндэрч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр нь шүүгдэгч Э.Ныг бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Б.Энхтуяа ...миний үйлчлүүлэгч Э.Нын үйлдсэн гэмт хэрэг нь орон байранд нэвтэрч хулгай хийгээгүй, түр ашиглахаар барьсан гэрээс хулгай хийсэн тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд хохирлын хэмжээ нь бага хэмжээний хохирол буюу 300.000 төгрөгөнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Ныг “орон байранд нэвтэрч хулгайлсан” гэж дүгнэсэн үндэслэл нь “Од Орд” ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацаанд түр зориулалтаар баригдсан ажилчдын ажлын бус цагаар хооллох, амрах, мөн тус компанийн эд хөрөнгийг түр хадгалах гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч тус компанийн эд зүйлсийг хулгайлсан гэж үзлээ.

 

Гэхдээ шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Э.Н цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан никель өнгийн ногоон өнгийн будгаар бохирлогдсон 3 см урттай, түгжигч нь 3 см урттай, эвдэрхий цоожийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э.Ныг бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Э.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Над 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн Э.Н цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан никель өнгийн ногоон өнгийн будгаар бохирлогдсон 3 см урттай, түгжигч нь 3 см урттай, эвдэрхий цоожийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.

 

            5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б овгийн Э.Над 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э.Над авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН