| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03549/И |
| Дугаар | 181/ШШ2017/03138 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/03138
| 2017 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2017/03138 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М
Нэхэмжлэгч: Х.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: " Г" ХХК-д холбогдох,
Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого тус бүр 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.С, хариуцагчийн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Мөнх-Оргил нь Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төвийн Бүрд имэйж салонд үсчний суудлыг 2008 оноос 2016 он хүртэл түрээслэж байсан.
Улмаар 2016 оны 6 сарын 01-ний өдрөөс дахин нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулдаг байсан.
Тухайн үед түрээсийн төлбөрийг өдрийн 18,500 төгрөгөөр төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээнд тусгасан байдаг. Гэтэл 2017 оны 6 сарын 01-ний өдөр Н.Мөнх-Оргилын түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч түрээслүүлэгч тал гэрээ цуцлах асуудлаар санал гаргаагүй бөгөөд 8 жил тасралтгүй түрээсэлсэн учраас гэрээ цаашаа үргэлжлэн сунгагдсан гэж ойлгоод ажиллаж ирсэн.
Харин Х.Мөнхзул нь тус салонд үсчний суудлыг 2017 оны 02 сарын 09-ний өдрөөс нэг жилийн хугацаатайгаар өдрийн 18,500 төгрөг төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан.
Улмаар 2017 оны 10 сарын 18-ны өдөр Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нартай түрээслүүлэгч компанийн удирдлагууд ирж уулзаад бидэнд нэг санал байна гэсэн. Бид одоо түрээсээ нэмж өдрийн 30,000 төгрөг болгоно та нар бодож үз гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2017 оны 10 сарын 20-ны өдөр ирж уулзахад нь бид ийм өндөр түрээс төлж чадахгүй, түрээсээ нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэтэл, тэгвэл та нараас асуух шаардлага байхгүй гэж хэлээд салоноо хаагаад түгжчихсэн.
Бидний энэ мэргэжил нь дан ганц хүний үс засаад зогсохгүй өдөр тутам хэрэглэгддэг материалаа байнга авах шаардлагатай байдаг. Гэтэл түрээслүүлэгч тал биднийг дараачийн түрээслэх ажлын байрыг олох, мөн шаардагдах материал, багаж хэрэгслийнхээ мөнгийг бэлдэж цуглуулах боломж олголгүйгээр шууд өөрийн тавьсан саналыг тулгаж, хүлээн зөвшөөрөхгүй бол бид өөр хүн ажиллуулна гэж хэлээд бидний түрээсийн гэрээгээр ажиллаж байсан ажлын байрыг шууд хаагаад лацдаж түгжээд биднийг шууд гаргасан.
Гэтэл бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1.5-д Аль нэг тал гэрээг цуцлах саналтай бол 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн заалт байсаар байтал бидэнд бичгээр мэдэгдээгүй төдийгүй энэ заалт дахь хугацааг огт олголгүйгээр 2 хоногийн дотор шууд гэрээгээ цуцалж салоноо хааж түгжсэн нь бидний олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөл байдалд хүргэж бидэнд хохирол учруулаад байна.
Иймд түрээслэгч Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул бид 30 хоногт олох ёстой байсан орлогоо дунджаар нэг өдрийн 100,000 төгрөгөөр тус бүртээ тооцож нэг сарын буюу 30 хоногийн 3,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг Говь түшээ ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй бидэнд учраад байгаа хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Худалдааны төвийн захиргаа үсчинг нөхцлийг нь сайжруулах тохижуулах зорилгоор 2 сарын хугацаанд засвар хийж талбайг томсгон 6 суудалтай болгон бүх зүйлийг шинээр хийн салоны хэмжээнд тохижуулан 2016 оны 6 сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулсан. Салоны гадна дотор иж бүрэн тохижилтонд нийтдээ 65,000,000 төгрөг зарцуулж тохилог орчинг бүрдүүлсэн.
Н.Мөнх-Оргилтой 2016.06.01-ний өдрийн 16/02 тоот гэрээг 2017.06.01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссан. Мэргэжилдээ сайн боловч харьцаа муутай, зөвхөн өөрөө орлоготой байхыг эрмэлздэг, шинэ хүмүүсийг хэл амаар доромжлон хавчин гадуурхаж хажуудаа тогтоодоггүй байсан. Одоо болтол өдөр болгон энүүгээр эргэж элдэв цуу үг тарааж яваад байгаа хүн.
Х.Мөнхзултай 2017.02.09-ний өдрийн 17/01 тоот гэрээг 2018.02.09-ний өдөр хүртэлх хугацаатай байгуулсан. Түрээсээ цаг тухайд нь хийдэггүй одоо ч түрээсийн өртэй байгаа.
Худалдааны төвийн зүгээс өнгөрсөн хугацаанд тогтмол зар өгөн, шинээр үсчидтэй гэрээ хийсэн боловч маш олон хүн орж гарсан. Олон шалтгаан байж болох боловч орлогоо хуваахгүй гэсэн байдлаар гаргасан хүмүүсийн авир ааш их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
Бүрд худалдааны төвийн менежер Э.Эрдэнэцэцэг, нягтлан бодогч М.Чимгээ, тухайн үед ажиллаж байсан үсчид болох Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул, Н.Амараа нартай 2017 оны 10 сарын 18-ны өдөр уулзаж, цаашид хэрхэн орлого нэмэгдүүлэх, яаж хамтран ажиллах тухай санал бодлоо солилцон 2 хоногийн дараа тодорхой шийдэлд хүрэхээр болж тарсан.
Уг уулзалтан дээр яригдсан асуудлыг товч дурдвал:
- 2016 оны 6 сараас хойш өнөөдрийг хүртэл салон ашиггүй байна. Оруулсан хөрөнгө оруулалт их мөртлөө алдагдалтай ажилладаг учир өөрчлөлт хийх шаардлагатай байна. Манай үсчин 6 суудалтай өдөрт 18,500 төгрөгөөр түрээслээд 111,000 төгрөг олох тооцоотой. Бодит байдалд 2-3 суудал буюу 37,000 - 55,500 төгрөгний орлого хийдэг байсан.
- Хажуудаа хүн тогтоохгүй юм. Та нар салоноо бүтэн хариуцаад өдөрт 90,000 төгрөгний орлого тушаагаад байвал болж байна. 1 суудлын өдрийн түрээс 30,000 төгрөг болгоод зөвхөн 3 үсчинтэй гэрээ байгуулая. Та 3 үлдсэн 3 суудлаа өөрсдөө ашигла. Бас дээр нь маникюр гоо сайхныг бүхэлд нь хариуц.
- Үсчин гоо сайхантай холбоотой бүтээгдэхүүн материалыг үсчин дотроо зарж болно гэсэн саналуудыг менежер Ж.Эрдэнэцэцэг тавьсан.
2017 оны 10 сарын 20-ны өдөр Н.Мөнх-Оргил орж ирээд тухайн өдрийн түрээсээ төлөөд гарахдаа Ийм түрээсээр ажиллахгүй. Танай байгууллагын санхүү ямар байх нь надад хамаагүй. Та нар эрсдлээ өөрсдөө үүрэх ёстой гэж хэлээд манай тавьсан саналыг хүлээж аваагүй гарсан.
Ингээд өөрсдийнхөө юмыг хамж аваад л хаяад явсан. Ямар байдалтай орхиод гарсныг нь бүгдээрээ харсан. Гэрээгээр хүлээсэн үүрэгт хариуцуулж хэрэглүүлж байгаа тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч шууд хаяад л гарсан. Одоо болтол хүлээлгэж өгөөгүй байна.
Манайх санал тавиад хүлээж аваагүй өөрсдөө гарна гээд гарсан хүмүүс байгаа юм. Манай санал нээлттэй ажлын байр 1 орон тоо одоо хэр сул байгаа. Эргээд ороход ажлын байр бэлэн байна. Худалдааны төвийн зүгээс цэвэрлэгээ сайн байх, ариун цэвэр соёлтой үйлчилгээг шаардах эрхтэй.
Дээрх уулзалтын үеэр гэрээ цуцлах асуудал ерөөсөө яриагүй орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гээд манай тал дээрх саналуудыг тавьсан. Өөрсдөөс нь санаа оноо юу байна 2 хоногийн дараа ярилцая гэсэн асуудал байгаа юм.
Энэ саналыг хүлээж аваагүй хамтран ажиллах боломжгүй гээд өөрсдөө хаяад гарсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нар нь хариуцагч Говь түшээ ХХК-д холбогдуулан, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого тус бүр 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Говь түшээ ХХК нь өөрийн Бүрд имэйж салонд үсчний үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар суудал түрээслүүлэх, Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нар гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр 18,500 төгрөгийг хоног тутам тус тус төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байх ба мөн зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
Говь түшээ ХХК нь Н.Мөнх-Оргилтой 2016 оны 06 сарын 01-ний өдөр, Х.Мөнхзултай 2017 оны 02 сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ тус тус нэг жилийн хугацаатайгаар байгуулжээ.
Н.Мөнх-Оргилтой байгуулсан Түрээсийн гэрээ-ний хугацаа 2017 оны 06 сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу Түрээсийн гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзнэ.
2017 оны 10 сарын 18-ны өдөр Говь түшээ ХХК-ийн зүгээс нэг өдрийн түрээсийн төлбөр 18,500 төгрөгийг 30,000 төгрөг болгох санал тавьсан, Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нарын зүгээс түрээсийн төлбөр нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Түрээсийн төлбөр нэмэх саналыг зөвшөөрөхгүй гэхэд Говь түшээ ХХК нь салоноо хаан түгжээд үйл ажиллагаа явуулах, мөн дараагийн ажлын байраа олох боломжийг олгоогүй, Түрээсийн гэрээ-нд гэрээ цуцлах саналыг нөгөө талдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдэхээр заасан байтал ийнхүү мэдэгдээгүй учир нэг өдрийн орлогыг тус бүр 100,000 төгрөгөөр тооцон, нэг сарын олох ёстой байсан орлого тус бүр 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нар өөрсдийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг.
Бүрд имэйж салоныг засч тохижуулахад 65,0 сая төгрөгийн зардал гарсан, гаргасан зардлаа нөхөх боломжгүй, ашиггүй ажиллаж байсан учир нэг үсчний суудлын нэг өдрийн түрээсийн төлбөрийг 30,000 болгох санал тавьсныг нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй ажлын байрыг хаяж яваад дахин ирээгүй, салоны дотор компанийн эд зүйлс байсан тул хамгаалахын тулд түгжсэн, гэрээ цуцлах талаар огт ярилцаагүй, нэхэмжлэгч нар нэг өдрийн 100,000 төгрөгийн орлого олдог болох нь баримтаар нотлогдохгүй байна хэмээн Говь түшээ ХХК нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т түрээслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс түрээслэгч татгалзсан тохиолдолд талууд гэрээг цуцалж болохоор зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээр дурдсан зохицуулалт нь түрээслүүлэгч зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөх талаар санал гаргах эрхтэй бөгөөд энэхүү саналыг түрээслэгч эс зөвшөөрсөн тохиолдолд талууд нөгөө талдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээсийн гэрээг дуусгавар болгож болохоор агуулгатай байна.
Говь түшээ ХХК-ийн зүгээс Бүрд имэйж салоныг 2016 онд засч, тохижуулсан үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргадаггүй бөгөөд энэхүү зардлаа нөхөх боломжгүй бага ашигтай ажилладаг шалтгаанаар Говь түшээ ХХК нь түрээсийн төлбөр болох 18,500 төгрөгийг /нэг өдрийн/ 30,000 төгрөг /нэг өдрийн/ болгох саналыг тавьсан боловч нэхэмжлэгч нар хүлээн аваагүй учир Түрээсийн гэрээ-ний харилцаа дуусгавар болсон байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нар нэг өдрийн 100,000 төгрөгийн орлоготой хэмээн тайлбарлаж 30 хоногт олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч ийнхүү өдөр бүр 100,000 төгрөгийн орлоготой ажилладаг болохоо баримтаар нотолж чадаагүйг дурдах нь зүйтэй.
Говь түшээ ХХК болон Х.Мөнхзул нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний нэмэлт нөхцөл гэх хэсэгт 2017 оны 02 сарын 09-нд барьцаа 55,500 төгрөг төлөв дурдсан байгаа боловч нэхэмжлэгч Х.Мөнхзулын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,000,000 төгрөгт 55,500 төгрөг ороогүй байна гэж үзэв.
Талууд 2017 оны 02 сарын 09-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Х.Мөнхзулын эзэмшил, ашиглалтад 8,909,000 төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь Түрээслэгч нар хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл гэх баримтаар нотлогдож байна.
Иймд дээр дурдсан эд хөрөнгийг түрээслүүлэгчид жагсаалтын дагуу хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэгч Х.Мөнхзул нь барьцаа төлбөр болох 55,500 төгрөгөө буцаан авах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.1-д зааснаар хариуцагч Говь түшээ ХХК-д холбогдох, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого тус бүр 3,000,000 төгрөг гаргуулах тухай, Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 15,050 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнх-Оргил, Х.Мөнхзул нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР