Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ө.Б, Б.Т нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ч.Алтансүх,

          шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.Б, Б.Т нарт холбогдох 1806 0463 21295 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Ө.Б, 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн 2 дугаар ангид суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр баг, тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:МЮ/;

 

2. Онход овгийн Бийн Т, 1997 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн тоотод оршин сууж байсан, /РД:МЮ/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Ө.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжны 243 тоотод байрлах нийтийн байранд оршин суух иргэн Д.Үгийн өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Б, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, Ө.Бат-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ө.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Тийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Тт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Тийн цагдан хоригдсон 92 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ө.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичнэ” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан хангалттай үндэслэл бүхий хохирогч Д.Үгийн мэдүүлэг /хх 25/, гэрч М.Гантөмөрийн мэдүүлэг /хх 29/, Д.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /хх 30/, эд зүйлийн үнэлгээ /хх 43/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Прокурор шүүгдэгч Ө.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс миний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтооно гэснээр миний урд шийтгэх тогтоолоор 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь миний өмнөх ял шийтгэл болно.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 жилийн тэнсэн харгалзах ялаас үлдсэн нь 5 сар байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын үлдсэн ял болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж шийдэж өгнө үү.

2. Миний бие гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзнэ үү.

3. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний бие эх, охин дүүгийн хамт амьдардаг. Эх минь урьд нь авто осолд орсноос хойш баруун гар, зүүн хөл муу болсон. Өрөөсөн гар нь хөдлөхөө больсон. Дүү маань “Мандах” их сургуульд эрх зүйч, эдийн засагч мэргэжлээр суралцдаг, нэгдүгээр дамжааны оюутан. Дахин бусдын эсрэг хор уршигтай үйлдэл хийхгүй, цаашид зөв бодож, сэтгэж, өөрийн хүч хөдөлмөрөөр ухаантай амьдрах болно.

Иймд ар гэрийн байдал, залуу насыг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж, боломж олгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, 256.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэсэн. Мөн өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаар магадлалаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн.

Гэтэл энэ шийтгэх тогтоолоор Б.Тийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар, ялтан ялаа эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ял дээр сүүлд оногдуулсан 1 жилийн ялыг нэмж нэгтгээд биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон. Тэгэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг шинж нь догшин авирлаж гэж заасан. Энэ үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлаагүй, гэмт хэрэгт тооцохооргүй болсон. Тэгэхээр тогтоол, магадлал хүчин төгөлдөр үйлчилсэн энэ хугацаанд Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохооргүй болсон учраас энэ үйлдэлд оногдуулсан ялаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй болсон. Учир нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.” гэж тодорхой заасан байгаа учраас нэмж нэгтгэх зохицуулалт нь үйлчлэхгүй гэж үзэж байна. Танхайрах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэж заасан хэдий боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан шинж нь үгүйсгэгдсэн учраас өмнөх буюу 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэх боломжгүй болсон гэж үзэж байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Б.Тийн болон Ө.Бат-Эрдэний хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Б.Т нь гэм буруу дээрээ маргахгүй. Түүний гомдолд дурдсан хувийн байдал нь бодит үнэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ...” гэв.

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос анх Ө.Б, Б.Т нарыг бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл бүлэглэж хулгайлсан гэх зүйлээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Шүүхээс зүйлчлэлийг өөрчилж, Б.Тийг хулгайн үйлдлээр, Ө.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг мэдсээр байж ашигласан гэж үзэж зүйлчилсэн байдаг. Эсэргүүцлийн гол утга нь шүүгдэгч нар нь хамтран бусдын орон байранд нэвтэрч хулгайн үйлдэл хийсэн гэж үзсэн. Эсэргүүцлээ дэмжиж байгаа. Мөн нэмж нэгтгэсэн асуудал нь хууль зүйн үндэслэл муутай болсон гэж үзэж байгаа. Учир нь, тухайн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш болсон байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Т нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжны 243 тоотод байрлах нийтийн байранд оршин суух иргэн Д.Үгийн өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Үгийн “...эмэгтэй дүү Үүрийнцолмон “гэрт хулгай ороод зурагт хулгайд алдагдсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд гэртээ ороход ...32 инчийн загвар тодорхойгүй зурагт хулгайд алдагдсан байсан.” /хх 23-26/, “би хулгайд алдагдсан зурагтаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан учраас ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” /хх 27/, “тухайн үед гэрээ цоожлоод гарч байхад хөрш Бат-Эрдэнэ гэх залуу том пиво авчихсан гэрлүүгээ орж байсан, өөр хүн харагдаагүй, өрөөнд нь хүн дуугарч байсан. ...Манай аав, ээж Зайсанд ажилладаг ба хааяа нэг ирдэг юм. Тэгээд байхгүй хойгуур ирж магадгүй гэж бодоод хаалганы гадна хивсэн доогуур түлхүүрээ хийдэг юм.” /хх 100-101/,

 

гэрч М.Гаттөмөрийн “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим ажил дээрээ байж байхад Өлзийбат овогтой Бат-Эрдэнэ гэх залуу хар өнгийн 32 инчийн “Haisinsi” загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр тавьсан.” /хх 28-29/, “2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагаас хүн ирээд уг зурагтыг хурааж авсан. ...Бат-Эрдэнийн аав, ээж барьцааны мөнгө болох 100.000 төгрөгийг надад өгч намайг хохиролгүй болгосон.” /хх 102/,

 

гэрч Ө.Үүрийнцолмонгийн “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа яваад өдрийн 17 цаг 10 минутын үед ирээд түлхүүрээрээ гэрээ онгойлгон орсон чинь гэрийн зүүн талд байрлах хар өнгөтэй 32 инчийн “Haisinsi” маркийн LCD зурагт байхгүй байхаар нь эгч Д.Үгаас асууж хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн.” /хх 30/,

 

гэрч Э.Золжаргалын “...Төгөлдөр “эднийх рүү орох уу” гээд нөгөө охины өрөөг заасан. Төгөлдөр цонхоор нь хараад “зурагт байна, зурагтыг нь авчихъя” гээд байсан. ...Төгөлдөр, Бат-Эрдэнэ хоёр гарч ирсэн, Төгөлдөр зурагтыг барьчихсан нэг юманд ороочихсон байсан.” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10/, “Хангайн үндэс” барьцаат зээлийн үйлчилгээний мөнгө зээлдүүлсэн баримт /хх 15/, эд мөрийн баримтаар түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Тт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзээд 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Б.Тийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор “нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн буюу шүүгдэгч Б.Т нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тухайн үед ял шийтгүүлжээ. /хх 56-62/

 

Шүүгдэгч Б.Тийн дээрх ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлтэй дүйцүүлэн дүгнэж үзвэл одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” байхыг хуулиар шаардсан байна.

 

Мөн дээрх ял шийтгүүлсэн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлтэй дүйцүүлэн дүгнэж үзэхэд “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хорих ял шийтгэл оногдуулахаар заасан зүйлийг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахаар заасан зүйлтэй дүйцүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байдлыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн дүгнэж үзэхэд ял дүйцүүлэх нөхцөл байдал үүсэхгүй, нөгөөтээгүүр нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийж шинээр ял шийтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан өмнөх шийтгэх тогтоолыг хөндөлгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нь шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй нь нотлох  баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнээд прокуророос шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн үйлдэл нь шүүгдэгч Б.Ттэй үйлдлээрээ хэрхэн нэгдэж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаарх нотлох баримт авагдаагүй. Харин шүүгдэгч Б.Тийн хулгайлсан 32 инчийн зурагтыг “хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Ө.Б нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч М.Гантөмөр /хх 28-29, 102/, Э.Золжаргал /хх 38-39/ нарын болон шүүгдэгч Б.Тийн мэдүүлгүүд, “Хангайн үндэс” барьцаат зээлийн үйлчилгээний мөнгө зээлдүүлсэн баримт /хх 15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт прокуророос шүүгдэгч Ө.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн заалт оруулалгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иймд прокурор И.Ариунсанаагийн шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: