Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:127/2020/0016/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус сумын Засаг дарга нарт холбогдох

            Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хэрлэнбаян Улааны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээ хэлцэл, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Э-, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А-, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б-, гуравдагч этгээд М.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга М.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг үндэслэсэн, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Цэнхэр мандал, Жаргалтхаан сумдын нутаг дэвсгэрт 192.8 мянган га газрыг Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг баталсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.2 дахь хэсгүүд болон Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд улсын хэмжээнд хариуцан ажиллаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тодорхойлолтоос үзэхэд захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх ба тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг.

Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын дагуу гүйцэтгэж байна.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Хэнтий аймаг дахь “Хэрлэнбаян-Улааны” аймгийн аймаг дундын отрын бэлчээрийг хамгаалах, ашиглах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг болно.

Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан журмын 3, 5 дахь хэсэгт “Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах, ашиглуулах түр зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.

Гэтэл Хэнтий аймаг дахь “Хэрлэнбаян-Улааны” отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нэр бүхий иргэд болон хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон байна.

Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.

Иймд Газрын тухайн хуулийн 5.2, 6.2, 18.1.2, 18.1.7, 19.1.6, 20.1.2, 23.2.3, 23.2.4, 33.4 дэх хэсгүүд болон 31 дүгээр зүйл, 31.3, 33.4 хэсгүүд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1, 29.1.3-д дэх хэсэгт тус тус заасныг болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2007 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ыг зөрчиж нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/2114 тоот, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/2888 тоот, тус захиргааны даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн болно. Хэнтий аймгийн Засаг дарга нь хуулийн хугацаанд дээрх албан бичигт дурдсан Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэрүүдэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь захирамж, тогтоол гаргаж, тус сумын нутаг дэвсгэрт байдаг Хэрлэнбаян Улааны аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт иргэн, хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалттай нийцэхгүй ба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсгийг зөрчсөн. Уг заалтын дагуу улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрхтэй. Хариуцагч нар нь Хэрлэнбаян Улааны улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна. Отрын бүс нутаг нь малын бэлчээр, малд зориулагдсан газар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газрууд нь газрын мэргэжлийн байгууллагын хийсэн  тариалангийн газрын хянан баталгаагаар атаршсан газраар бүртгэгдсэн, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, холбогдох журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон газрууд.

            2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дүгээр захирамжийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг иргэнээс нөгөөд шилжүүлсэн, шинээр газар эзэмшүүлсэн зүйлгүй.

            Манай сумын Хэрлэнбаян Улаанд тариалангийн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газар нь 1982 оноос эхлэн тариалангийн зориулалтаар ашиглаж ирсэн газар юм. 100 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг газар. Хэрлэнбаян Улааны отрын бүс нутгаас 40 мянган га талбайг чөлөөлүүлэх хүсэлт тавьсны үндсэнд Засгийн газраас ажлын хэсэг томилогдож ажиллах болсон. 2016 оны А/84 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус сумын газар нутгийн тавь орчим хувь нь улсын тусгай хэрэгцээний газарт харьяалагдаж байгаа ба атаршсан тариалангийн талбайд аж ахуй нэгж, ХБУ-н багийн иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “з”-д заасны дагуу тогтоол гаргаж газар тариалангийн зориулалтаар газар олгосон байна. Хэрлэнбаян-улаан багийн атаршсан тариалангийн талбайд Отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь үйл ажиллагаа явуулдаггүй болно.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан багийн Тариа бригад болон Шар нохойтын талд 4052 га атаршсан талбайг тариалангийн бүс нутгаар тогтоож баталсан.

            Иймд Улсын тусгай хэрэгцээний газарт, газар тариалангийн зориулалттай атаршсан газрыг олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолуудыг хүчинтэй хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

            Гуравдагч этгээд М.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэрлэнбаян Улаанд газар эзэмшиж байсан Х.Жамьяндорж гэдэг хүнээс газрын гэрчилгээг нь сумын Засаг даргын 2016 оны А/84 дүгээр захирамжийн дагуу шилжүүлэн авсан. Х.Жамьяндорж нь уг газарт тариалан эрхэлж байсан, гавьяат агрономч, эрдэмтэн хүн юм. Энэ газарт 1980-аад оны үед, тэр үеийн Хөдөө аж ахуйн яамны санаачилгаар Эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулж, отрын бэлчээр ашиглалтыг сайжруулах, малын тэжээлийн ургамал тарималжуулах зорилгоор ашиглаж эхэлсэн. Миний эзэмшиж байгаа 10 га газар нь бэлчээрийн газар биш, баруун талаараа зарим хэсэгтээ өндөр эрэгтэй, газрыг тэлэх болох отрын зориулалтаар ашиглах боломжгүй, харин бага зэргийн хэмжээний усжуулсан тариалалтад нийцсэн газар. Бид сарьслаг хунчир, чацаргана зэргийг тариалж, манай оронд ургадаг ховор, нэн ховордсон 80 гаруй ургамлын “Цэцэрлэгт хүрээлэн”-г үргэлжлүүлэн, шинэ шинэ ховордсон ургамлаар баяжуулан ашиглаж байна. Энэ ажилд олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал их гардаг. “Антишемин” эмийн найрлагад ордог 2 гол ургамал болох сарьслаг хунчир, байгалийн гүн хөх ургамлыг Монголд анх удаа шинжлэх ухаанч аргаар тарималжуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн Хэрлэнбаян Улааны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан 2016 оны А84 дүгээр захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрхтэй байхад хариуцагч нар нь Хэрлэнбаян Улааны улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт” гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна:

            1. Маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны А/84 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн ба шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар, сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрхтэй байна.

            2. Нөгөө талаар, хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасныг “газар зохион байгуулалт”-ыг эрхэлсэн гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар “газар зохион байгуулалт нь ... цогцолбор арга хэмжээ бөгөөд уг арга хэмжээг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар  гүйцэтгүүлэх”-ээр зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А84 дүгээр захирамжаар, иргэн Х.Жамьяндоржид олгосон газар эзэмших эрхийн 0090653 тоот гэрчилгээг иргэн М.А-д шилжүүлэхээр шийдвэрлэж, сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаар захирамжийн Х.Жамьяндоржид холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон ба нэхэмжлэгч нь энэхүү 100 дугаар захирамжийн талаар болон Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар нэгэн шийдвэрийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, “хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хэрлэнбаян Улааны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА