Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2298

 

С.Г-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШГА-д холбогдох

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаар шийдвэрээр Д.Б-д 23 475 000 төгрөг олгохоор болсон. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-201013330 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48-650 тоотод байрлах хашаа байшин, газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилон 40 013 091 төгрөгөөр үнэлж анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 28 009 164 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдаанд санал болгон доод үнийг тогтоож оруулсан.

Миний бие нь дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул өөрийн хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр өгсөн боловч анхны дуудлага худалдаа болсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-нд гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирcэн. Миний байшин 127 м.кв, 7 өрөө бүхий нам даралтын зуухаар болон тогоор халдаг давхар халаалттай, 2013 онд ашиглалтанд орсон, хажуудаа 49 м.кв том болон жижиг машин ордог 2 машины грааштай, 0.7 га 3 тал газартай блокоор хашааг барьсан, 380 к.вт-д холбогдох зөвшөөрөл авсан, хашааныхаа үүдэнд төвийн цэвэр усны шугамтай холбох зөвшөөрлөө авсан байгаа. Түүнчлэн дахин төлөвлөлтөнд орсон, бүх үйлчилгээтэйгээ буюу автобусны буудалдаа ойрхон байшин юм.

Ийм хашаа байшингаа 20 000 000 төгрөгөөр өгөхөд гомдолтой байгаа тул үнийг зах зээлийн үнэнд тулгуурлаж бодитоор шийдвэрлүүлэх гэсэн юм. Би шийдвэр гүйцэтгэгчид үнийн саналаа 70 000 000 төгрөгөөр үнэлж бичгээр илэрхийлж байсан. Тус үнэлгээчин нь хашаа байшинг үнэлэхдээ хаягаар очоод хүн байхгүй болохоор гаднаас нь хараад дотор нь орж үзэлгүйгээр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Д.Б-тэй цуг явж үнэ тогтоолгосон нь бодит болж чадаагүй гэж бодож байна. Мөн 0,7 га газар нь н.Гантөмөрийнх, 0,24 м.кв газар нь н.Гантөмөрийн нэр дээр байдаг. Гэтэл бүхэлд нь уг үнэлгээнд үнэлсэн. Би өөрийн 2 байраа, мөн эд хогшлоо ч өрөнд өмнө шийдвэр гүйцэтгэлээр өгч байсан. Одоо надад ганц энэ хашаа байшин л үлдсэн. Иймд шинжээч манай байшинг зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дуудлага худалдаа болон битүүмжилсэн хураасан ажиллагаанд гомдол гаргаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаар шийдвэрээр С.Г-аас 23 475 000 төгрөг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Тус алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013330 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж 650 тоотод байрлах 129 м.кв талбайтай хувийн сууц гарааш, улсын бүртгэлийн Г-2201000538 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/4 дүгээр тогтоолоор хураан авсан.

Хураасан хөрөнгийн анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ ХХК”-ийг томилоход 40 013 091 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг 40 013 091 төгрөгийн 70 хувь буюу 28 009 164 төгрөгөөр тогтоож, энэ талаар талуудад мэдэгдэж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт болсон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгэгт зааснаар НШГА-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48-650 тоотод байрлах газар, өвлийн байшин, гараашийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч 40 013 091 төгрөгөөр үнэлж анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 28 009 164 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд зарагдаагүй тул 2 дахь дуудлага худалдаанд анхны үнийн дүнгийн 50 хувь болох 20 000 000 төгрөгөөр доод үнийг тогтоон худалдах гэж байна.

Дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул би хүсэлтээ дахин хянуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

       Нэхэмжлэгч С.Г Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамжны 650 тоотод байрлах хашаа байшин, гарааш, газрыг зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсоныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

       Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02418 дугаар шийдвэрийн дагуу төлбөр авагч Д.Б-д 23 475 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэн хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлсэн үйл баримтын талаархи шүүхийн дүгнэлт зөв байна. 

        Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнэлгээг төлбөр төлөгч 70 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Д.Б эс зөвшөөрч, хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр  тогтоолоор мэргэжлийн байгууллага буюу “БЭСГЭ” ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ. /хх-43 /

         Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн бодит үнэ болох 40 013 091 төгрөгөөр тогтоосныг, НШГА 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч С.Г-д танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг гардуулан тэмдэглэл үйлдсэн болох нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-55-56/

      Хариуцагч НШГА-ны ирүүлсэн дээрхи баримтуудыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн  үнэлгээ тогтоох ажиллагааг хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх  хэсэгт заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

         Төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  хүлээн авснаас хойш 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх дүгнээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх  нэмж дүгнэх боломжтой.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тогтоох зохицуулалт нь тухайн хөрөнгийг энэ үнээр шууд худалдах бус, энэ үнээс дээш санал гаргах агуулгатай болохыг дурдах нь зүйтэй.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА