Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/324

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0302/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ц-,

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.И-, А.И- нарт холбогдох эрүүгийн 1818004700359 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.И-, 2000 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эх, ах нарын хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол Улсын иргэн, А.И-, 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,*******-р курс, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б.Б-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний өмчлөлийн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy Grand  Prime” загварын гар утсыг нууцаар авч, тухайн гар утсанд суулгасан мобайл банкны үйлчилгээг ашиглан “Хас банк” дахь Б.Б.Б-ын нэр дээрх ******** дугаартай харилцах данснаас 1 073 000 төгрөгийг гаргуулан авч нийт 1 223 000 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б.Б-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний өмчлөлийн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy Grand  Prime” загварын гар утсыг нууцаар авч, тухайн гар утсанд суулгасан мобайл банкны үйлчилгээг ашиглан “Хас банк” дахь Б.Б.Б-ын нэр дээрх *********дугаартай харилцах данснаас 1 073 000 төгрөгийг гаргуулан авч нийт 1 223 000 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.Ц.И-н өгсөн: Өнгөрсөн 7 хоногийн дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Сургуулийнхаа гадаа ангийн найз А.И-ын хамт сууж байтал шаргал, бор өнгийн Prius-20 маркийн машинтай нэг ах ирээд миний 2 дүү завтай байна уу. Машин барьж чадах уу, жолооны үнэмлэхтэй юу гэж асуухаар нь бид хоёр жолооны үнэмлэх байхгүй, зав байна гэж хэлсэн. Тэгээд тэр дэлгүүр ороё гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь бариад Дархан сумын ойролцоо байх -20 маркийн машинтай нэг ах ирээд миний 2 дүү завтай байна уу. Машин барьж чадах уу, жолооны үнэмлэхтэй юу гэж асуухаар нь бид хоёр жолооны үнэмлэх байхгүй, зав байна гэж хэлсэн. Тэгээд тэр дэлгүүр ороё гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь бариад Дархан сумын ойролцоо байх “S” маркет дэлгүүр рүү очоод тэр Б.Б- гэж өөрийгөө танилцуулсан ах бид хоёр орсон. Машинд А.И- үлдсэн. Дэлгүүр ороод 3 ширхэг кимбаб, 1 шил 0.75 гр-ын “Хараа” архи, 2 punch, нэг чавгны ундаа аваад тооцоог тэр ах өөрөө хийсэн. Тэндээс гараад захын арын толгой ороод нөгөө ах чинь машиндаа архиа уусан. Архиа ууж байхдаа эхнэр нь өөр хүнтэй болсон талаар болон хүүхдүүдээ танилцуулаад утсан дээрээс зургийг нь үзүүлж байсан. Тэгээд утсаа оролдож байгаад тэр ах сим картаа түгжээд кодоо мэдэхгүй байсан. Сим картныхан үүр эхнэрт нь байгаа болохоор уулзахгүй гээд бид нар 380 айлын Юнителийн салбар ороод И-, Б.Б- ахтай ороод сим картыг нь сэргээсэн. Тэндээсээ гараад Мандухай нэртэй хоолны газар ороод Б.Б- ах шөлтэй хоол, гахайн шарсан мах авсан. Тэр үед би гадаа машинд сууж байсан. Тэгсэн чинь И- гарч ирээд нөгөө ах чинь агсан тавиад байна гэж хэлэхээр нь би цуг яваад ортол нөгөө ах чинь ширээн дээрээ тасарчихсан байсан. Тэгээд хөөе ахаа гээд дуудсан чинь сэрээд над руу агсам тавьсан. Тэгэхээр нь би гараад буцаад машиндаа суусан. Тэр хооронд И- Б.Б- ах тэр хоёр  тооцоогоо хийгээд гарч ирсэн. Хэдэн төгрөгний тооцоо хийснийг би мэдэхгүй байна. Тэндээсээ хөдлөөд эрүүлжүүлэхийн дээд талын Нарантолгойн уул руу гарч Б.Б- ах архиа үргэлжлүүлээд уусан. Тэнд бид нар сууж байхад Б.Б- ах Сэлэнгэ аймаг руу явъя, бас нэг айлд очиж боодог хийж идье гээд байсан. Тэгж байснаа И-д агсам тавиад, шил бариад дайраад байсан. Тэгэхээр нь би болио ахаа гээд салгасан. Тэгээд машиндаа суугаад захын ар тал руу очсон. Тэгэхэд Б.Б- ах дрэвэн ороё гэхээр нь явахгүй ээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад явсан. Энэ үед Б.Б- ах машинаа өөрөө бариад явсан. Хаашаа явсаныг сайн мэдэхгүй байна. И- бид хоёр буухдаа тэр ахын утаснаас сим картыг нь аваад буусан. Дансандаа мөнгөтэй байсан болохоор мөнгийг нь авъя гэж бодоод л авсан. А.И- гар утаснаас нь сим картыг нь авсан. Тэр сим картыг А.И-ын Nokia маркийн гар утсанд хийж байгаад Ихэр могой төвийн ******** гэх худалдагчтай лангуунаас би 480 000 төгрөгөөр Iphone-6s, И- Samsung Galaxy S-7 edge нэртэй утсыг 450 000 төгрөгөөр авсан. Нийт бид 2 930 000 төгрөгөөр гар утас худалдаж авсан. Мөн би 8000 төгрөгөөр, И- 5000 төгрөгөөр гар утасны кэйс худалдаж авсан. Тэгээд л сим картыг нь Ихэр могой төвөөс гараад 16 дугаар сургуулийн хажуугаар уруудаж байхдаа хаясан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.А.И-ын өгсөн: Бид найз А.И-ын хамт Шинэ Дарханд байдаг Мандуухай цайны газарт хоол идэж гарч ирээд би машин бариад хуучин Дарханд эрүүлжүүлэхийн хойд талын толгой дээр гараад архи уусан. Тухайн үед А.И-ад архи Б.Б- ах хийж өгөөд А.И- бага зэрэг уусан. Тэгээд дахин хийж өгөхөөр нь А.И- жүжиглээд ханиалгаад архи асгасан. Тэгэхэд архи асгалаа хүнийг хүндэлсэнгүй гээд уурлаад байсан. Тэгж байгаад би машин бариад модны захын тийшээ уруудаад явж байсан. Би машин барьж яваад Б.Б- ахаас гар утсаа өгч бай гэхэд миний машины дунд хайрцагнаас гар утас гаргаад өгсөн. Би Б.Б- ахыг нилээд согтуу байсан болохоор гар утасны мобайл банканд мөнгө байгаа юм чинь гэж бодоод гар утсыг нь өөртөө авсан. Тэгж байгаад модны захын орчим очоод миний хойно сууж явсан А.И-ад гар утсаа нууцаар Б.Б- ахад харагдуулахгүй дамжуулсан. Бид хоёр модны захын хойд зүгт жаахан өнгөрөөд ногоон зоорьны гүнзгий жалганы төгсгөл орчим гудамжны үзүүрт зогсоод Б.Б- ах бид 2 энд буулаа гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б- ах бид хоёрт древэнд ах нар дээрээ очмоор байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 завгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б- ах машинаасаа гарч ирээд миний гар утас хаана байна гэхээр нь наад машин дотор чинь үлдээсэн гэж хэлээд зам дагаад Биржийн замын эсрэг талын Хаан банк орох гээд явсан. Бид хоёр Хаан банк руу ороод үүдэнд нь зогсож байгаад нэг хүүхэд дагуулсан эгч орж ирээд Хаан банкны картнаасаа бэлэн мөнгө аваад эргэхээр нь очоод эгчээ би сургалтынхаа төлбөрийг хийх гэсэн юм. Би картаа гэртээ орхисон байна. Таны данс руу 300 000 төгрөг хийгээд авчих уу  гэж гуйж байгаад шилжүүлээд 300 000 төгрөг авсан. Тэгээд нөгөө эгчийг гараад явахад А.И- хөдөний царайтай ах эгч хоёроос данс руу чинь 300 000 төгрөг хийгээд авмаар байна. Би өөрийн картыг гэртээ орхисон гэж гуйж байгаад шилжүүлээд 300 000 төгрөг авсан. Тэгээд бид “Ихэр могой” төв ороод ээжийн танил********эгч дээр очоод Iphone-6s, Samsung Galaxy S-7 edge маркийн 2 гар утас худалдаж авсан. Бид хоёр бэлэн 600 000 төгрөгийг өгөөд дээр нь гар утаснаасаа данс руу нь 330 000 төгрөг шилжүүлээд нийт 930 000 төгрөгөнд гар утас авсан. Бид хоёр ******** эгчээс бэлнээр 130 000 төгрөг буцааж аваад Ихэр могой дотороос цэнэглэгчийг нэг ахаас 8000 төгрөгөөр, гар утасны гэрийг нэг эгчээс 5000 төгрөгөөр гар утаснаас шилжүүлж наймаа хийгээд Ихэр могой төвөөс гараад явсан. Бид хоёр Хаанбанкны урдуур гараад 16 дугаар сургуулийн чиглэлд уруудаж яваад гар утсыг нь хашаа давуулаад шидсэн гэх мэдүүлэг

    Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

    Хохирогч Б.Б.Б-ын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг өнгөрч байхад сэрэхэд ганцаараа машин дотороо гэр хорооллын гудамжинд жалгын хажууд сэрсэн. Тэгэхэд машинд байсан гар утас, Хаан банкны ногоон өнгийн карт зэрэг алга болсон байсан. Би тэндээсээ машинаа бариад шинэ Дарханд үйл ажиллагаа явуулдаг “Наран” буудалд орж хонохоор болсон. Би буудлын ресепшнд 1 сая төгрөг миний дансанд байгаа би гар утас, картаа хаясан байна гэж хэлсэн. Тэгээд “Наран” буудлын зохион байгуулагчид миний дансанд мөнгө байгаа гээд гар утсаар нь “Хас” банкны лавлах утас руу яриад дансаа шалгуулахад 2714 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Би буудлын хүнээс гуйж байгаад тэнд хонсон. Маргааш өглөө нь босоод “Хас” банканд очоод дансны хуулгаа аваад үзэхэд 300 000 төгрөгөөр 2 удаа, 330 000 төгрөгөөр 1 удаа, 8000 төгрөгөөр 1 удаа, 5000 төгрөгөөр 1 удаа, 130 000 төгрөгөөр 1 удаа аваад дуусгасан байсан. Миний дансанаас нийт 1 073 000 төгрөг алга болсон байсан. Надтай хамт явсан 2 хүүхэдтэй гар утас хаана байна гээд маргалдаж байснаа санаад байгаа. Би тэр 2 залуугийн нэгэнд нь гар утсаа өгсөн. Миний утсыг тэр 2 хүүхэд аваад явсан. Би гар утасны үнэлгээг зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /хх 23-24/

   Гэрч Г.Ө- өгсөн: Би Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа Ихэр могой төвийн гар утасны лангуун дээр 6 жил ажиллаж байна. Намайг 2018.6.06-ны өдөр лангуун дээрээ ажлаа хийгээд байж байхад манайхаар байнга үйлчлүүлдэг О- эгчийн хүү Ц.И- нэг эрэгтэй хүүхдийн хамт лангуунуудаар гар утас үзэж яваад манай ээж энэ лангуун дээрээс байнга гар утас авдаг юм. Энэ лангууны гар утаснууд найдвартай гээд надаас Iphone 6S, Samsung S7 маркийн 2 ширхэг гар утас худалдаж авсан. Надад Ц.И- бид хоёр ажил хийгээд эхний цалингаа авсан юм гэж хэлээд бэлэн 600 000 төгрөг гаргаж ирсэн. Харин дансаар 330 000 төгрөг шилжүүлсэн. Мөн миний данс руу 130 000 төгрөг шилжүүлж байгаад 130 000 төгрөг бэлнээр аваад явсан. Би 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд амарсан юм. Тэгээд 2018.6.10-ны өдөр гэртээ байж байхад Цагдаагийн газраас утсаар яриад таны дансанд 130 000 төгрөг, 330 000 төгрөгний гүйлгээ орсон байна. Энэ ямар учиртай юм гэж асуусан. Тэгээд та ээжийг нь таньдаг юм уу гэсэн. Тэрний хүү өндөр хүүхэдтэй хамт явж байсан уу гэхэд нь тийм гэж хариулсан. Би Ц.И-г хулгайн мөнгөөр наймаа хийж байсан талаар ерөөсөө мэдээгүй гэх мэдүүлэг /хх 36/,

 

Гэрч Б.А- өгсөн: Хаан банкны ********* гэсэн данс миний данс мөн. Энэ дансанд 2018.6.06-ны орой 18 цагийн орчим 5000 төгрөгний бараа гэсэн орлого орсон байна. Миний зардаг бараан дотор хар өнгийн Samsung S-7 Edge маркийн гар утасны гэрийг 5000 төгрөгөөр зардаг. Ер нь миний зардаг бараан дотор 5000 төгрөгөөр зардаг гар утасны гэрүүд л зарагддаг байсан гэх мэдүүлэг /хх 37/,

 

Гэрч Б.С- өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 06-ны орой 1 8цагийн үед эхнэр ********хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ихэр могой төвийн хажуугийн төв Хаан банк орж данснаасаа 40 000 төгрөг аваад гарах гэж байсан. Тэгэхэд Хаан банкны үүдэн дээр махлаг биетэй, цэвэрхэн царайтай 17 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд ахаа цалингаа авсан юм. Би картаа гэртээ орхисон байна. Та өөрийн дансруугаа 300 000 төгрөг шилжүүлж аваад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд хоёр хүүхдийн өндөр биетэй залуу нь мэдрэгчтэй гар утас халааснаасаа гаргаж ирээд намайг дансаа хэлэхэд миний данс руу 300 000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлсэн. Би өөрөө картаа бэлэн мөнгөний машинд уншуулаад картанд орсон 300 000 төгрөгийг аваад өгсөн. Тэгэхэд нөгөө хоёр хүүхэд 300 000 төгрөгөө тоолж аваад баярлалаа ахаа гэж хэлээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 38/

 

Гэрч Б.Ц- өгсөн: Хаан банкны харилцах ********гэсэн данс миний данс мөн. Энэ дансанд 2018.6.06-ны өдрийн 18:17 цагт 8000 төгрөгний бараа гэсэн орлого орсон байна. Миний зардаг бараан дотор цагаан өнгийн “ви чат” гэсэн цэнэглэгчийг би 8000 төгрөгөөр зардаг юм гэх мэдүүлэг /хх-39/

 

Гэрч Д.И- /хх 40/, “Капитал Зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх 43-44/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх 16/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 19/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1 074 000 төгрөг, Samsung Galaxy Grand  Prime гар утас зэргийг төлж хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн хүсэлт /хх 28/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төбөргүй гэж үзлээ.    

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 71, 95/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх, шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iPhone 6s, Samsung S7 маркийн хоёр ширхэг гар утас, чихэвч 2 ширхэг, цэнэглэгч 2 ширхэг тус бүрийг хурааж улсын орлого болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.И-, А.И- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.И-, А.А.И- нарт ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.А.И-, Ц.Ц.И- нарын тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.А.И-, Ц.Ц.И- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

   

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iPhone 6s, Samsung S7 маркийн хоёр ширхэг гар утас, чихэвч 2 ширхэг, цэнэглэгч 2 ширхэг тус бүрийг хурааж улсын орлого болгосугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Ц.И-, А.А.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ