| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0199/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/218 |
| Огноо | 2017-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт иргэн ******* баруун гар тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бутны хад” гэдэг газар хонь хариулж байсан. Тухайн үед бутнаас 2 шилбүүрийн мод авах гээд биедээ хутгатай явж байсан. Тэгээд хонио хариулаад явж байсан чинь ******* хонио хариулаад туугаад ирсэн. Хонь нь манай хоньтой нийлэх гээд байхаар нь би *******ийн хонийг сигналдаж хөөчихөөд бутнаас шилбүүрийн мод авах гэж байтал, ******* мотоцикльтой бууж ирээд намайг “яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ” гээд заамдаад авсан. Би тавиулсан дахиад намайг заамдаад цохиод авах гэхээр нь карма дотор байсан хутгыг гаргаж ирээд хаах гэтэл ******* хутгатай гар луу орж ирээд гарыг зүссэн чинь гарнаас цус гарсан, тэгсэн чинь ******* зугтаасан, би араас нь явган хөөсөн боловч гүйцээгүй буцаж мотоциклио унаад хөөсөн боловч гүйцээгүй юм. Би хөөсөн учир бол гарыг нь цусыг тогтоож боох санаатай байсан боловч гүйцээгүй юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 43-45 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хониноос болж Ц.*******той маргалдаж хутгалсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь манай ээж Нансалын төрсөн дүү байгаа юм ... 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт хонио хариулаад явж байтал манай хамаатны ******* мотоцикльтой ирээд манай хонийг сигналдаад хойшоо хөөхөөр нь би ******* ахыг “та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ” гээд мотоциклио унаад ******* ахын хонийг буцаагаад хойш нь хөөчихөөд мал руугаа явсан чинь ******* ах хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “та яагаад манай малыг хөөгөөд байгаа юм бэ” гэтэл ******* ах намайг “гай болов доо” гээд мотоциклиос бууж ирээд модоор нүүр лүү хатгах гээд байхаар нь би ******* ахын баруун мөрнөөс нь бариад автал гарт байсан модоор миний нүүрэн дундуур цохьсон. Энэ үед би дээлээ тайлж байтал ******* ах хутга гаргаж ирээд “ гай болов, чамд би хэлсэн биз дээ” гээд миний баруун гар луу хутгаар хутгалсан. Би зугатаасан чинь мотоциклиор хөөсөн. Тэгээд буцаад явсан. Миний гарнаас цус гараад би сумын төв рүү очиж эмнэлэгт үзүүлж цагдаа дуудсан ... Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээ эм тарианы зардлыг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 16-20 /,
... Уг хэргээс болж эмчилгээний зардал болон сум аймаг хооронд явсаны эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг төлөөд өгөх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 21-22/ 4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ний 487 дугаартай
“1. ******* баруун шуунд шарх, хамар, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-38 /, хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол тэмдэглэл, хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан бор иштэй хутга 1 ширхэг, гэрийн хананы хугархай 2 ширхэг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэлгүй болон багийн даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлоно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж торгох ялыг оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсэн нь заавал прокурорын саналаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах гэсэн зарчим биш бөгөөд Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан байгааг үндэслэл болголоо. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “халиун зүсмийн морь”-ийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “халиун зүсмийн морь”-ийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, монгол гэрийн хананы хугархай мод 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга 1 ширхэг, монгол гэрийн хананы хугархай мод 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “халиун зүсмийн морь”-ийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “халиун зүсмийн морь”-ийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ