Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 550

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Л.Уранбилэгийн нэхэмжлэлтэй Д.Энхмаад холбогдох “49.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Л.Уранбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... Миний бие Оргил дэлгүүрийн Энхмаатай 14 ширхэг хайлмаг заруулахаар тохиролцон дэлгүүрт нь орхисон. 500 граммын савлагаатай 1 бүрийн үнэ 3500 төгрөгний үнэтэй, 49000 төгрөгний хайлмаг орхисон боловч өнөөдрийг хүртэл 1 төгрөг ч аваагүй. Иймд өөрийн хохирол болох 49000 төгрөг мөн тэмдэгтийн хураамж 4550 төгрөгөө Оргил дэлгүүрийн Энхмаагаар төлүүлэн авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байна! гэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Уранбилэг, хариуцагч Д.Энхмаа нар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

            ... Л.Уранбилэгийн нэхэмжлэлтэй Д.Энхмаад холбогдох 49.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 25.000 төгрөгөнд эвлэрч үлдэгдэл 24.000 төгрөгөөс багасгаж хоорондоо эвлэрч байна. Уг эвлэрсэн үнийн дүн болох 25.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгнө. Улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

            ... Миний бие Л.Уранбилэг нь Д.Энхмаад холбогдуулан гаргасан 49.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч 24.000 төгрөгөөс татгалзаж, 25.000 төгрөгийг авч хоорондоо эвлэрэв гэжээ.

 

Зөвшөөрсөн:

       

         Нэхэмжлэгч: Л.Уранбилэг                                        Хариуцагч Д.Энхмаа гэжээ.

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Л.Уранбилэг нь хариуцагч Д.Энхмаагаас 49.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох 49.000 төгрөгнөөс нэхэмжлэгч 24.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 25.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 25.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Уранбилэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Л.Уранбилэг болон хариуцагч Д.Энхмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 25.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 25.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг хариуцагч Д.Энхмаагаас, үлдэх 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Уранбилэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

 

 

       ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ