| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2020/0013/з |
| Дугаар | 00023 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
“О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийн үйл ажиллагааг хасахыг Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Ө” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус компанийн захирал М.О, өмгөөлөгч Т.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би 1997 онд мал эмнэлэг хувьчлагдахад Рашаант сумын мал эмнэлгийг хувьчилж авсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Рашаант суманд “О” ХХК, “Ө” ХХК, “И” ББХ гэсэн мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг 3 хувийн аж ахуйн нэгж байдаг. Бид Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага шинээр байгуулах болон шинэчлэн зохион байгуулагдаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэхдээ тухайн тухайн сумын байнгын оршин суугч, тухайн нэгжид ажиллах итгэмжлэлтэй малын их эмчтэй болохыг нотолсон Засаг даргын тодорхойлолт, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, холбогдох стандартыг хангасан талаар харьяалах Мал эмнэлгийн тасгийн дүгнэлт гаргуулсан байх шаардлага тавигддаг, бид ч гэсэн энэхүү шаардлагыг хангаж байж бүртгүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Ингэснээр сумын Засаг дарга, аймгийн Мал эмнэлгийн тасаг, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгэдэг юм.
Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь санхүүжилтийг 1 дүгээрт: хяналтын цэгийн үйл ажиллагааны зардал, халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардал, вакцин, оношлуур, халдваргүйтгэлийн бэлдмэл, хамгаалах хувцас хэрэгслийн үнэ, тандалт судалгаа, лабораторын шинжилгээ, дархлаажуулалт хийх, мэдээллийн сан бүрдүүлж ажиллуулах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг, тарилга, халдваргүйтгэл хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах болон мал эмнэлгийн бусад үйлчилгээний хөлс, зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр зэрэг зардлыг улсын төсвөөс, 2 дугаарт: дэд төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний зардал, халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний дараах зардал, зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр, хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон гоц халдварт өвчнөөс бусад халдварт өвчин гарсан үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээний зардал, мал, амьтныг эрүүжлүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн зардлуудыг орон нутгийн төсвөөс авдаг юм.
Гэтэл Рашаант сумын "Ө” ХХК нь мэргэжлийн малын их эмчгүйгээр мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, зах зээлд өрсөлдөн, адилхан үйл ажиллагаа явуулж байгаа бусад мал эмнэлгийн нэгжүүдэд ногдох эм тариа, вакцин, оношлуур гэх мэтийн зардал, хөрөнгө төсвөөс хуваарилуулан авч, малын эмийн сан ажиллуулж, эм барих үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.
Зах зээлийн өрсөлдөөний үед адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд хууль адилхан л үйлчлэх ёстой, гэтэл аймгийн Мал эмнэлгийн газар, сумын Засаг дарга нар нь тус “Ө” ХХК-ийн малын эмч гэх Ч.Н нь малын их эмчийн мэргэжилгүй, итгэмжлэлгүйгээр тусгай зөвшөөрөл авахын тулд хуурамч диплом ашиглан хууль бусаар мал эмчлэх үйл ажиллагаа явуулж мэдсээр байж түүнийг таслан зогсоохын оронд өөгшүүлэн дэмжиж, төсөв хөрөнгө хуваарилан гурвалсан гэрээ хийн ажиллаж байгаа нь ч хууль бус байна.
“Ө” ХХК-ийн эзэн Ч.Н-ийн хүү Идэрээ нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч эмчээр ажиллаж байгаа төрийн албан хаагч бөгөөд сумынхаа мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд адил тэгш үйлчлэх ёстой байтал малын их эмчгүй, мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй өөрийн төрсөн эхийн “Ө” мал эмнэлгийн угаалга тарилгын ажлыг хамтран гүйцэтгэж байгаа нь хууль бус байна.
Энэ асуудлын талаар холбогдох бусад байгууллагад хандан гомдол гаргаж шалгуулснаар Ч.Н-ийн диплом хуурамч болохыг тогтоолгосон, улмаар хяналтын байгууллагууд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан боловч, Б.Г нь тэдний үйл ажиллагааг хамгаалж дэмжин үргэлжлүүлсээр өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17-д энэ хуулийн 30.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг давтан гаргасныг мал эмнэлгийн тасаг тогтоосон, хоёроос дээш жил мал эмнэлгийн үйлчилгээ эрхлээгүй тохиолдолд Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэлээс хасаж, энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан байхад хуульд заасан шаардлага хангаагүй “Ө” ХХК-д төсөв хөрөнгө хуваарилан ажиллуулсаар байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэснээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс заавал урьдчилан шийдвэрлүүл гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж ирүүлсэн.
Тиймээс би Мал эмнэлгийн ерөнхий газарт энэ талаарх гомдлоо 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шууданд хийсэн. Ингээд энэ хугацаанаас хойш 30 хоног өнгөрөөгөөд 2020 оны 03 дугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар руу холбогдсон боловч таны гомдол ирээгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс би шууданд хийсэн баримтаа хүргүүлсэн боловч Мал эмнэлгийн ерөнхий газраас “бид судалж байна, хариу өгөх болоогүй байна, хүлээж бай” гэх мэт хариулсаар өдийг хүрлээ.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлыг шууданд хийсэн баримтаа явуулснаас хойш 30 хоног, мөн дээр нь хугацаа сунгасан байж болох 30 хоногийг өнгөрүүлсэн боловч хариу өгөхгүйгээр аргацаан хугацаа хожсоор байна.
Иймд Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Ө” ХХК нь малын их эмчгүйгээр мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус “Ө” ХХК-ийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүртгэлээс хасахыг аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: “... “Ө” ХХК нь анхнаасаа л итгэмжлэл бүхий малын эмчгүйгээр мал эмнэлгийн үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүнийг сумын үе үеийн Засаг дарга, аймгийн Мал эмнэлгийн дарга нар хууль биелүүлэхгүйгээр тэгш шаардлага тавихгүйгээр “Ө” ХХК-ийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл дэмжин ажиллаж байна. Энэ нь аж ахуй эрхлэгчдэд тэгш биш хандаж Ө ХХК-д давуу байдал бий болгож байна.
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-ыг зөрчиж малын эмчийн мэргэжилгүй Ч.Н-т мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, мал, амьтны гарал үүсэл бичих эрх олгосон нь албаны үүргээ шударгаар биелүүлэхгүй, “Ө” ХХК-д давуу эрх олгож байна. Ингэснээр тус “О” ХХК-ийн хариуцсан 1, 2 дугаар багийн мал бүхий иргэдийн мал, мах, түүхий эдэд гарал үүслийн гэрчилгээ олгож түүнээс олох орлогыг МУ-ын хэмжээнд мөрдөгдөж байгаа мал эмнэлгийн нэгдсэн цахим системээр “Ө” ХХК-д орж байгаагаар нотлогдож байна.
“Ө” ХХК нь 2020 онд малын эмчийн итгэмжлэлгүй тухайн суманд оршин суудаггүй этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан мал эмнэлгийн үйлчилгээ гүйцэтгүүлэн ажиллаж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6.2-ыг зөрчиж байна.
Их-Уул сумын иргэн Ш.Д нь малын эмчийн итгэмжлэлгүй, Рашаант сумын иргэн Ч.Н нь малын эмчийн мэргэжилгүйгээр “Ө” ХХК-д мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж, зах зээлд өрсөлдөн, адилхан үйл ажиллагаа явуулж байгаа нь бусад мал эмнэлгийн нэгжүүдэд ногдох вакцин, оношлуур гэх мэтийн зардал хөрөнгө төсвөөс гаргуулан авч, малын эмийн сан ажиллуулж, эм барих үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.
... “Ө” ХХК-ийн эзэн Ч.Н-ийн хүү Идэрээ нь тус сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч эмчээр ажиллаж байгаа, төрийн албан хаагч бөгөөд сумынхаа мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд адил тэгш үйлчилэх ёстой байтал малын их эмчгүй, мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй өөрийн төрсөн эхийн “Ө” ХХК-д хууль ёсны шаардлага тавьж, дэмжин тусалж ажиллан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг хамтран гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байна.
... Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17-д энэ хуулийн 30.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг давтан гаргасныг мал эмнэлгийн тасаг тогтоосон, хоёроос дээш жил мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлээгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэлээс хасаж, энэ тухай бичгээр мэдэгдэнэ гэж заасан байхад хуульд заасан энэхүү шаардлагыг биелүүлэхгүйгээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17-г зөрчөөгүй гэж зүтгэсээр “Ө” ХХК-д төсөв хөрөнгө хуваарилан ажиллуулсаар байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэснээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс заавал урьдчилан шийдвэрлүүл гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж ирүүлсэн.
... Иймд Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь хууль зөрчин Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн зөвхөн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийн үйл ажиллагааг хасахыг Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа “... Мал эмнэлгийн газар нь Рашаант сумын “Ө” ХХК-тай 2020 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг үндэслэн мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрхлэх хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан бөгөөд тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдолтой талаар малчид, иргэдээс санал, гомдол ирээгүй байна. Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17 дахь хэсгийн заалтуудыг зөрчөөгүй тул үйл ажиллагааг зогсоох боломжгүй болно” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “ “Ө” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан ба малчдын санал, хүсэлт өөрийн ажиллаж байсан туршлага зэрэг дээрээ тулгуурлан аж ахуйн үйл ажиллагааныхаа нэг чиглэлийг мал эмнэлгийн үйлчилгээ болгон тухайн үед тавигдаж байсан шаардлагыг хангаж мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч ажиллаж эхэлсэн ба тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл жил бүр гэрээ байгуулж, гэрээний биелэлтээ дүгнүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулсан 15 жилийн хугацаанд бид нэг ч удаа мал эмнэлгийн үйлчилгээний талаар алдаа гаргаж байгаагүй, гэрээний үүргээ амжилттай биелүүлж харьяа багийнхаа малчдад мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ тайлбарлахын тулд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэрхэн үүсч, явагдаж ирсэн талаар хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Х.Б миний бие 1983 оноос хувьчлал явагдах үе хүртэл буюу 1992 он хүртэл Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 1, 2 дугаар бригадад малын эмчээр тасралтгүй ажиллаж байсан билээ. Энэ нь тухайн үеийн тушаалуудаар нотлогддог. Миний бие болон манай гэр бүлийн хүн хуучнаар Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгссөн мал аж ахуйн мэргэжилтнүүд юм. Социализмын үед малын эмч, зоотехникч нарыг мал аж ахуйн мэргэжилтэн гэж нэрлэдэг байсан ба тухайн үед эрчимтэй хийгддэг байсан мал эмнэлгийн болон зоотехникийн хавар, намрын арга хэмжээнүүдийг хамтран гүйцэтгэж бие биенийхээ ажлыг орлон хийх чадварыг бүрэн эзэмшсэн байдаг байсан юм.
Намайг 10 жил шахам “Улаан-Од” нэгдэлд малын эмчээр ажиллаж байсныг мэддэг, малаа эмчлүүлж байсан учраас нутгийн малчид иргэд удаа дараа малын эмчээр ажиллаач гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсны дагуу зохих журмын шаардлагад нийцүүлэн мал эмнэлгийн чиглэлээр 2005 онд аж ахуйн нэгж үүсгэсэн билээ. Боловсон хүчний чадвараа сайжруулах үүднээс 2005 оноос өөрийн хүүгээ ХААИСургуулийн мал эмнэлгийн ангид элсүүлэн суралцуулж малын их эмчийн мэргэжлийг эзэмшүүлж, 2010 оноос зохих журмын дагуу өөрийн аж ахуйн нэгждээ 2019 оныг хүртэл малын эмчээр авч ажиллуулсан. 2019 оноос эхлэн хүү маань төрийн албанд ажиллаж эхэлсэн учраас малын их эмч Даваадоржтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах болсон юм. Одоо манай гэр бүлийн хүн Ч.Н нь ХААИСургуулийн мал эмнэлгийн сургуульд малын их эмч мэргэжлээр суралцаж байгаа ба энэ жил сургуулиа төгсөх байсан боловч цар тахлын улмаас төгсөлт нь хойшлоод байна. Тэрээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж ирсэн цагаас хойш мал эмнэлгийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа мал эмнэлгийн болон эмийн сангийн сургалт бүхэнд тогтмол хамрагдаж өөрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлж ирсэн.
Манай аж ахуйн нэгж нь мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан хугацаандаа малын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаагүй, шаардлагатай тохиолдолд малын их, бага эмч нарыг гэрээгээр ажиллуулж ирсэн болно. Одоо ч малын их эмч гэрээгээр ажиллаж байна.
“О” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлдээ бичсэн гүтгэлэгийн шинж чанартай зүйлийг үндэслэн бидний үйл ажиллагааг тасалдуулах, хөдөлмөрлөх эрхэд халдах, манай компанийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүртгэлээс хасах хууль зүйн үндэслэлгүй гэж миний зүгээс үзэж байна.
Орон нутагтаа эв зүйгээ олоод эвтэй найртай амьдрахын оронд “О” ХХК-ийн зүгээс олон жилийн турш эцэс төгсгөлгүй маргаан дэгдээн зохисгүй байдал гаргаж төрийн байгууллагууд болон мөрөөрөө амьдрах гэж байгаа бидэнд удаа дараа хүндрэл учруулаад байгаагийн учрыг огт ойлгохгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Иймд дээрх нөхцөл байдлаас харахад “О” ХХК-ийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...
1. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн зохицуулалтын дагуу зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөө авахын тулд эхний ээлжинд тухайн багийн малчин өрхийн олонхын саналыг авч гарын үсэг зуруулдаг ба үүний дараа багийн иргэд нийтийн хурлаар саналаа оруулж дэмжигдсэн тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжин шийдвэрлүүлсний эцэст мал эмнэлгийн аж ахуйн нэгжийг ажиллуулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гардаг байсан.
Үүний дараа орон нутгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь ажлын байранд мал эмнэлгийн нэгжид стандартын үнэлгээ хийж, дүгнэлт гаргадаг ба эцэст нь сумын Засаг даргын зүгээс зөвшөөрсөн захирамж гаргаснаар ХХААГазрын мал эмнэлгийн алба бүртгэн авч аж ахуйн нэгж нь мал аж ахуйн үйлчилгээ явуулах эрхтэй болдог байсан юм. “О”, “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд ч гэсэн дээрх зарчмын дагуу үүсч бий болон өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж байна. “Ө” ХХК-тай холбоотой хэрэгт цугларсан баримтууд ч үүнийг нотолж байгаа ба 2018 оны 06 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж байгаа хуулийн дагуу зөвхөн шинээр байгуулагдаж байгаа болон шинэчлэн зохион байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
2018 оны 06 дугаар сарын 01-нээс шинээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд Мал эмнэлгийн Ерөнхий газар шинээр бий болсонтой холбоотойгоор аймагт 2019 оны 01 дүгээр сарын 01-нд аймгийн мал эмнэлгийн газар байгуулагдсан. Ингэхдээ 2018 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийг улсын хэмжээнд мал эмнэлгийн ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний нэгжээр бүртгэн авч, 2019 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдэд шинэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтын шаардлагыг хангасан байх талаар тусгайлан шаардлага тавигдаагүй байгаа болно.
2. Нэхэмжлэгч нь “”Ө” ХХК нь 2020 онд малын эмчийн итгэмжлэлгүй, тухайн суманд оршин суудаггүй этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан мал эмнэлгийн үйлчилгээ гүйцэтгүүлэн ажиллаж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтыг зөрчиж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тусгасан байна. Хөдөө орон нутагт боловсон хүчин дутагдалтай байгаагаас шалтгаалан аймгийн мал эмнэлгийн газраас “Ө” ХХК-ийн малын эмч Б.И-ийг тухайн суманд тархвар зүйчээр ажиллах санал тавьсны дагуу зохих журмын дагуу төрийн албаны шалгалт өгч тэнцэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс сумын мал эмнэлгийн тасагт ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор “Ө” ХХК-ийн зүгээс аж ахуйн нэгждээ Их-Уул сумын иргэн боловч Рашаант сумын нутагт хадмынхтайгаа цуг амьдардаг малын их эмч мэргэжилтэй Ш.Д-ийг ажиллуулах гэж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд бид тухайн үед нөхцөл байдлыг үнэлэн зохих хуульд заасан шаардлагыг ханган ажиллуулж болох талаар зөвлөсөн бөгөөд Ш.Д-ийн итгэмжлэлийг сунгах асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн. Тус компанийн зүгээс түүнийг итгэмжлэлийн сургалтанд хамруулах хүсэлтийг ирүүлсэн боловч дэлхий нийтэд тархсан халдварт өвчний улмаас сургалтын үйл ажиллагаа хойшлогдоод байна. Аймгийн мал эмнэлгийн газрын зүгээс “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтын шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна.
Рашаант сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч эмч Б.И нь мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан “Сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтыг зөрчиж малын эмчийн мэргэжилгүй Ч.Н-т мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, мал, амьтны гарал үүсэл бичих эрх олгосон нь албан үүргээ биелүүлэхгүй, “Ө” ХХК-д давуу эрх олгож байна” гэжээ. Нэхэмжлэлд дурдсан мал эмнэлгийн үйлчилгээ олгох асуудал нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтад огт хамааралгүй бөгөөд тухайн асуудал нь мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/51 дугаар тушаалаар батлагдсан “Мал, эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ын дагуу зохицуулагддаг асуудал юм. Мал эмнэлгийн гэрчилгээг бичих эрхийг аймгийн мал эмнэлгийн нэгдсэн системийн сургалтанд хамруулж, цахим гэрчилгээ бичих эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Түүний дагуу “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн нэгж мал эмнэлгийн гэрчилгээ бичих эрх авсан юм. Мал эмнэлгийн гэрчилгээг бичихдээ дээрх журамд заасны дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн илгээсэн мэдээллийг /тодорхойлолтыг/ үндэслэн тухайн шатны мал эмнэлгийн улсын байцаагч баталгаажуулсны дараа хэвлэх эрх бүхий этгээд хэвлэн иргэн, хуулийн этгээдэд олгодог. Мал эмнэлгийн гэрчилгээ олгох асуудал нь хэн нэгний дур зоргоор хийдэг асуудал биш юм. Түүнчлэн мал эмнэлгийн ерөнхий газраас нэг суманд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг заавал тухайн гэрээтэй юм уу харьяалах багийн малчдад мал эмнэлгийн гэрчилгээ олгож байх талаар хязгаарлалт хийгээгүй ба харин малчдад чирэгдэл учруулахгүй байх үүднээс аж ахуйн нэгжүүд бие биенээ орлон хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах талаар зөвлөж байгаа болно. Энэ талаар гэрчилгээг олгох, хяналт тавихдаа үйлчлүүлэгчид аль болох хүндрэл учруулахгүй, шуурхай байх талаар дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт журамлаж өгсөн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд аж ахуйн нэгжүүд бие биенээ орлон ажиллаж болохоор байгаа нь харагдаж байна. Харин гэрээ байгуулж ажиллаагүй, хоорондоо ойлголцохгүй байгаа нь аймгийн мал эмнэлгийн газрыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17-д энэ хуулийн 30.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг давтан гаргасныг мал эмнэлгийн тасаг тогтоосон, хоёроос дээш жил мал эмнэлгийн үйлчилгээ эрхлээгүй тохиолдолд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэлээс хасаж, энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан байхад хуульд заасан энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байна” гэж мал эмнэлгийн газрыг буруутгасан байна.
“Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтын шаардлагыг бүрэн хангахгүй болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл орон нутгаас ирээгүй, орон нутагтаа байнга оршин сууж үйл ажиллагаагаа гэрээний дагуу биелүүлэн ажиллаж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, бүртгэлээс хасах эрх мал эмнэлгийн газарт хуулиар олгогдоогүй болно. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс аймгийн мал эмнэлгийн газрыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Яагаад “О” ХХК-ийн зүгээс аймгийн мал эмнэлгийн газраар хууль бус үйлдэл хийлгэхийг шаардаад байгаа нь ойлгомжгүй байна.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мал эмнэлгийн газраас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарт эрх зүйн дүгнэлтийг үнэн зөв хийнэ гэдэгт итгэж байна.
Иймд “О” ХХК-ийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд аймгийн мал эмнэлгийн газрыг хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Малчид аль мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр үйлчлүүлэхээ өөрөө сонгодог учраас “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээ явуулах эрхийг хаслаа гэхэд тэднийд хуваарилагдсан эм тариа, вакцин, оношлуурыг шууд “О” ХХК-д шилжүүлж өгнө гэсэн юм байхгүй” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...
1. Ө ХХК нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2005 онд мал эмнэлгийн чиглэлээр аж ахуйн нэгжийг хуулийн дагуу үүсгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж ойлгож байна. Аливаа компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээдэг. “О” ХХК-ийн зүгээс Ө ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эрхэлж байгаа мэт ойлголтыг бусдад төрүүлэх, төөрөлдүүлсэн агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.
2. Мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа ямарваа нэгэн аж ахуйн нэгж нь мал эмнэлгийн нэгжийн стандартын шаардлагыг хангасны үндсэн дээр аймгийн мал эмнэлгийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг. Ө ХХК нь байгуулагдсан цагаас хойш 15 жил дээрх үйл ажиллагааг эрхэлж энэ хугацаанд улсын хэмжээнд 4 жил тутам албан ёсоор зохион байгуулагддаг стандартын үзлэгт 2009, 2013, 2017 онд орж шаардлага хангасан дүн үзүүлсэн нь хууль бусаар үйл ажиллагаа эрхлээгүй болохыг нотолж байгаа болно. Энэ талаар нотлох баримтыг аймгийн мал эмнэлгийн газраас гаргуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.
3. Нэхэмжлэгчийн зүгээс Ө ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Энэ заалт нь зөвхөн шинээр байгуулах болон үйлчилгээний хүрээгээ өөрчилж шинэчлэн зохион байгуулагдаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэхэд аймгийн мал эмнэлгийн газраас баримталдаг заалт юм. Ө ХХК-ийн мал эмнэлгийн нэгж нь шинээр байгуулагдаагүй, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөгүй, 15 жилийн турш хийж ирсэн ажлаа л хийж байгаа нь баримтуудаас харагдаж байна.
2018 оны 06 дугаар сарын 01-нээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө нь эрх аван үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд хуучнаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн нэгжид шинээр мөрдөгдөж байгаа хуулийн заалтын дагуу бүртгэлээс хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.
4. Ө ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь стандартын шаардлага хангасан хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд шаардлагатай тохиолдолд өөрийн хөрөнгөөр боловсон хүчний асуудлаа шийдвэрлэх, эрх бүхий малын их эмчийг гэрээгээр ажиллуулах, өөрсдөө мал эмнэлгийн болон малын эмийн сангийн сургалтуудад хамрагдаж мэдлэг боловсрол олж авах, мэргэжлээ дээшлүүлэх зэргээр боломж бололцооны хэрээр малын эмчийн асуудлыг шийдвэрлэж ирсэн байхад малын эмчгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа нь буруу юм. Компанийн захирал Х.Б нь Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 10 орчим жил малын эмчээр ажиллаж байсан ба өөрийн хүүгээ 2005 оноос эхлэн малын эмч мэргэжил эзэмшүүлэхээр суралцуулж, 2010 онд төгсгөсөн ба өнөөдөр түүний гэр бүлийн хүн Ч.Н нь ХААИС-ийн мал эмнэлгийн сургуульд малын их эмч мэргэжлээр суралцан сургуулиа төгсөж байна. Б.И нь тус аж ахуйн нэгжид 2010 оноос эхлэх малын их эмчээр ажиллаж байгаад 2019 онд төрийн албанд шилжиж ажиллах болжээ. Үүнтэй холбоотойгоор Ө ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь 2019 оноос эхлэн малын их эмч Ш.Д-той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Аж ахуйн нэгж нь хуулийн дагуу өөрсдийг нь сонгосон багийн малчид, мал бүхий иргэдэд аймгийн мал эмнэлгийн газар, сумын Засаг дарга, сумын мал эмнэлгийн тасагтай байгуулсан гэрээ, мал эмнэлгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн үйлчилгээ болох тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын ажлыг хийдэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна.
5. Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн газрын зүгээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэлээс хасах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн байхад аймгийн мал эмнэлгийн газар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17-д заасны дагуу арга хэмжээ авахгүй байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн нь ойлгомжгүй байгаа ба Ө ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон буюу мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг давтан гаргасныг мал эмнэлгийн тасаг тогтоосон, хоёроос дээш жил мал эмнэлгийн үйлчилгээ эрхлээгүй эрхлээгүй гэсэн нөхцөл байдлуудыг нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад илт үндэслэлгүй нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан байна гэж үзэхээр байна.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Ө” ХХК-ийн хувьд төрөөс мал эмнэлгийн талаар баримталж буй бодлогын хүрээнд тавигдаж байгаа стандартын шаардлагыг хангаж, мал эмнэлгийн үйлчилгээг өөрийн аж ахуйн нэгжийн хамрах хүрээнд байгуулсан гэрээний дагуу тогтоосон хугацаанд үйлчилгээг үзүүлж байгаа гэж үзэж болохоор байна.
7. Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд 30.10-т “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч тухайн нутаг дэвсгэрт байнга болон түр хугацаагаар үйлчилгээ үзүүлж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг өөрөө сонгон үйлчлүүлэх эрхтэй” гэж заасан байна. Энэ нь “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг малчин, мал бүхий этгээд хуульд заасан эрхийн дагуу өөрөө сонгон үйлчлүүлж байгаа болохоос би аймгийн мал эмнэлгийн газрын зүгээс тухайн компанид ямарваа нэгэн давуу эрх эдлүүлж байгаа хэрэг огт биш юм.
8. Нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна.
9. “Ө” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жил тасралтгүй мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулжээ. Нэхэмжлэгч нь “Ө” ХХК-ийн аж ахуйн нэгжийг 2005 оноос малын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзжээ. Энэ нь 15 жилийн өмнө үйл ажиллагааг зогсоох боломжтой байсан гэж харагдаж байна. Ажиллах хугацаанд тэдний үйл ажиллагааг түдгэлзүүлсэн, цуцалсан баримт байхгүй байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс тэдний үйл ажиллагааны талаар маргаан гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэг талаас үзэж болохоор байна.
10. “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн болон аймгийн мал эмнэлгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалан “О” компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь ойлгомжгүй, ямарваа нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна.
11. Мөн “О” ХХК захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн асуудлаа хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж үзэж болохоор байна. Яагаад гэвэл мал эмнэлгийн салбар шинэ хуулийн дагуу 2018 оноос эхлэн босоо тогтолцоонд шилжин аймгийн мал эмнэлгийн газар нь улсын мал эмнэлгийн ерөнхий газарт харьяалагдах болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс улсын мал эмнэлгийн ерөнхий газарт хандсан гэж байгаа боловч энэ үйл явдлыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.
12. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “бид Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 30.5-д заасан шаардлагыг хангаж байгаа гэж мэдүүлсэн боловч тухайн заалтад заасан баримтыг бүрдүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдалд үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч “О” ХХК Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийн үйл ажиллагааг хасахыг Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т даалгах” шаардлага гаргасан ба 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Мал эмнэлгийн ерөнхий газарт ханджээ.
Нэхэмжлэгч тайлбартаа “Мал эмнэлгийн ерөнхий газар хариу өгөхгүй байсан тул тус газарт 2020 оны 3 дугаар сард шууданд хийсэн баримтаа хүргүүлсэн боловч Мал эмнэлгийн ерөнхий газраас “бид судалж байна, хариу өгөх болоогүй байна, хүлээж бай” гэх мэт хариулсаар өдийг хүрлээ” гэсэн ба 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ханджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө”, 94.4-т “Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан тул 2020 оны 03 дугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газарт шууданд гомдлоо хийсэн баримт хүргүүлснээс хойш 60 хоног хүлээсэн нь хууль зөрчөөгүй, Мал эмнэлгийн ерөнхий газраас “бид судалж байна, хариу өгөх болоогүй байна, хүлээж бай” гэж хариулсаар байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн зүгээс “Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг нь Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийн үйл ажиллагааг хасахыг Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т даалгах” шаардлага гаргасан боловч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн ямар субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болох, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар тодорхой зааж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нийтийн эрх зүйн субьектив эрх гэдэг нь хүн, хуулийн этгээдэд өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх болон хангахын тулд бусдаас буюу захиргаанаас тодорхой үйлдэл хийх, татгалзах, тэвчихийг, түүнчлэн ямар нэг үйлдлийг зогсоохыг шаардах эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн боломж юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах …” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан.
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1. ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэжээ.
Дээрх хэм хэмжээнүүд захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндэслэх ёстойг болон шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх, хамгаалах зарчимтайг харуулж байна.
“О” ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох” гэснийг хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргаан хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан гэжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 15.1.7.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэж зааснаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.
“О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн хууль бусаар мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж бусад мал эмнэлгийн нэгжүүдэд ногдох эм тариа, вакцин, оношлуур зэргийг төсвөөс хуваарилуулан авч байгаа байдал эрх ашгийг нь хөндөж буй талаар дурдсан.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-т “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч тухайн нутаг дэвсгэрт байнга болон түр хугацаагаар үйлчилгээ үзүүлж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг өөрөө сонгон үйлчлүүлэх эрхтэй” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн “Малчид аль мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр үйлчлүүлэхээ өөрөө сонгодог учраас ”Ө” ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээ явуулах эрхийг хаслаа гэхэд тэднийд хуваарилагдсан эм тариа, вакцин, оношлуурыг шууд “Оч” ХХК-д шилжүүлж өгнө гэсэн юм байхгүй” гэх тайлбар, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-т зааснаас үзэхэд хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр “Ө” ХХК нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Итгэмжлэлтэй малын эмч дангаараа, эсхүл итгэмжлэлтэй малын эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулж, харьяалах аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлснээр мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй болно” гэснийг зөрчиж итгэмжлэлгүй малын эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч шүүх дээд шатны захиргааны нэгэн адил хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхгүй, гагцхүү нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх, хамгаалах чиг үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэж үзвэл зохих байгууллагад өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийн оролцогчдын маргаж буй бусад асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7, 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Г нь Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийг бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Рашаант сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх чиглэлийн үйл ажиллагааг хасахыг Мал эмнэлгийн газрын дарга Б.Г-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ