Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагч Д.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй, А.Б-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга Д.Э-н 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Улиастай сумын Байгаль хамгаалагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалдаа дурдахдаа төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг хангаагүй, удаа дараа зарласан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй гэсэн юм. Намайг анх ажилд авахдаа байгаль хамгаалагчаар ажиллахад ийм шаардлага тавигдана гэж танилцуулсан зүйл байхгүй. Мөн амаар болон ямар нэг байдлаар дээрх шаардлагыг тавиагүй ажилд авсан. Миний хувьд ч байгаль хамгаалагчаар ажиллахад ямар шалгуур байдаг гэдгийг судлаад өөрийгөө шаардлага хангасан гэж үзэж материалаа өгч хүсэлт гарган ажилдаа томилогдож байсан юм. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг манай нарийн бичиг Ц 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг дуудаж өгсөн. Ингээд би 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажиллаад 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т  “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, ... болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь ямар ч үндэслэлгүй юм. Дээрх заалтууд нь төрийн албан хаагчид нэр дэвшигчийг төрийн албанд анх ороход хамаарах заалт болохоос төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлж, халахад үндэслэх заалт биш гэж үзэж байна. /ажлаас чөлөөлөх тушаалын 1 дэх заалтаас харахд зөвхөн ерөнхий шаардлага хангаагүй гэх үндэслэлээр ажлаас халсан/. Хэрэв төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд дурдсан аль үндэслэлээр халж байгааг тушаалдаа тусгах ёстой байсан гэж бодож байна. Би албан үүргээ сайн биелүүлж ажиллаж байсан ба албан үүрэгтэй холбогдуулж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрийн албаны шалгалт өгөхөд байгаль хамгаалагчийн ажлын байран дээр надтай хамт өрсөлдөж надаас илүү оноо аван тэнцсэн хүн байгаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчийг ажлаас халах нь ямар ч үндэслэлгүй байна. Үнэхээр байгаль хамгаалагчаар ажиллахад төрийн албаны мэргэшсэн шалгалтанд тэнцсэн байх шаардлага тавигддаг бол намайг ажилд анх ороход энэ шаардлагаа тавин ажилд авахгүй байж болох байсан, харин ажлаа хийгээд жил гаран болох хугацааны дараа ийм зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлж байгаад  гомдолтой байна. Ер нь манай байгууллагад намыг харьяалал харгалзаж шахаж хавчих, гадуурхах, ажлаа хийх урам зориг мохоох үйлдлүүд илт ажиглагддаг. Энэ мэт зүйлүүд намайг ажлаас халахад нөлөөлсөн байх. Завхан аймгийн Байгаль орчны газарт надаас өөр шалгалтандаа 3 удаа тэнцээгүй хэрнээ одоо байгаль хамгаалагчаа хийж байгаа албан хаагч ч бий. Ингээд би ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Гэвч салбар зөвлөл хуульд заасан 30 хоногийн хугацааг дахин 30 хоногоор сунган 60 хоногийн дотор хариу өгөх байтал 3 хоногийн хугацаа хэтрүүлж надад 09 дүгээр сарын 22-ны өдөр 55 тоот шийдвэрийг хэвээр үлдээх тухай тогтоолын хувийг өгсөн. Ингээд би тогтоолтой танилцаад надад огт ойлгомжгүй байсан тул салбар зөвлөлийн дүгнэлтийг авахыг хүсэхэд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэсэн огноотой буюу салбар зөвлөлийн дүгнэлтийг авахыг хүсэхэд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэсэн огноотой буюу салбар зөвлөлийн хуралдаанаас хойш дүгнэлт гаргасан мэт ойлгомжгүй огноотой байсан. Уг нь маргаан хянан шийдвэрлэх журмаараа бол маргаан хянан шийдвэрлэх комисс дүгнэлтээ хурлаас өмнө гаргаж хуралдаа оруулах журамтай байдаг юм билээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг Байгаль орчны газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/01 тоот тушаалаар байгаль хамгаалагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд би анх энэ ажилд томилогдсон 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот ажилд томилох тухай тушаалаас өөр ажилд томилохтой холбоотой тушаал гарсныг мэдэхгүй юм байна. Миний анх орсон тушаал л ажлаас чөлөөлөгдөх хүртэл хүчинтэй хэвээр байсан, надад тийм тушаал танилцуулж байгаагүй. Надад сахилгын шийтгэл оногдуулахад шалгалтанд тэнцээгүй гэдэг үндэслэлээр цалингаас хаслаа л гэж мэдсэн болохоос дахин зарлагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орохыг даалгаж, тэнцээгүй болон шалгалт өгөөгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг мэдэгдсэн зүйл байгаагүй. Надад сахилгын арга хэмжээ авсан тушаалын үндэслэл болон тушаалын хувийг  танилцуулаагүй. Би тэр тушаалыг огт харж, уншиж, танилцаж байгаагүй. Төрийн албан хаагчийн ямар зөрчилд ямар үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэх вэ гэдгийг ч уг нь хуульд тодорхой заасан байдаг. Намайг мөн төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй төрийн жинхэнэ албан хаагч биш учир төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэх боломжгүй гэж  дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Би төрийн жинхэнэ албан хаагчийн ажилд хууль ёсны буюу Байгаль орчны газрын даргын ажилд томилох тухай тушаалаар ажилд орж төрийн ажил үүргийг хариуцлагатай гүйцэтгэж, төрөөс түүнийхээ төлөө цалин хөлс аван ажиллаж байсан. Ийм учир ажлаас чөлөөлөгдөхдөө хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэгт Байгаль хамгаалах тухай хуулийн заалтыг барьж төрийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагаар тайлбарласан байх боловч намайг ажлаас халсан үндэслэл нь зөвхөн төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзсэн байгаагаар няцаагдах байх. Иймд, намайг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар тодруулж тайлбарлан, зарим шаардлагыг нэмэгдүүлж байна. Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга Д.Э-н 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлүүлэх хүсэлтэй байна. Миний бие сард 433 535 төгрөгийн дундаж цалинтай ажиллаж байсан ба 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 4 сар 10 хоногийн хугацаанд дундаж цалин болох 1 858 004 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байна. Цаашид хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх үе хүртэл тооцож хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна.

Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй гэдэг шаардлага нь зөвхөн намайг ажлаас халж А.У-г ажилд авахын төлөө үйлчилсэн. Тухайлбал төрийн албаны шалгалтанд тэнцээгүй гурван хүн одоо хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Алдархаан сумын байгаль хамгаалагч байсан. Тэр хүнийг саяхан ажлаас нь чөлөөлсөн юм шиг байна. Тэгээд Идэр сумын Э байгаа. Э.З өөрөө хэлэхдээ “Дарга яг одоо чамайг гаргах гээд байна, уулзуулах хүн байвал уулзуулаач. Э-н тэнцсэн гэдэг хуудас дээрээс ирэх юм гэсэн” гэж хэлж байсан. Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй Э бол ажлаа хийж байгаа. Бусад хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Дарга хэлэхдээ төрийн албаны шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг цувуулаад гаргана. Чиний ажлын байран дээр өрсөлдөж байгаад төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүн ирчихсэн байгаа. Тийм учраас чамайг хамгийн түрүүнд гаргаж байна гэж хэлж байсан. А.У нь 2008 онд төрийн албаны шалгалт өгч байсан. Харин миний ажлын байран дээр өрсөлдөөд тэнцсэн хүн биш гэж үзэж байгаа. Ажлын байран дээр намын байдал болон хамаатан садны хамаарал байдаг. Төрийн албаны шалгалт ч гэсэн бодлогоор явагдаж байдаг. Үүнийг удаа дараа төрийн албаны шалгалтанд орохдоо мэдсэн. Сонгон шалгаруулалтанд орох гэхээр ажилласан жил хүрэхгүй байна гэхэд Э.З надад тусалсан нь үнэн. Харин төрийн албаны шалгалтанд тэнцүүлэхийн тулд гүйсэн гэдгийг мэдэхгүй байна. Гуравдагч этгээдийг Төрийн албаны салбар зөвлөлийн н.П даргын хүргэн нь гэж сонссон. Тиймээс төрөл садангаа ажилд авлаа гэж үзэж байгаа” гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Б-г 2013 оны 03 дугаар сарын 20-ны Б/18 тоот тушаалаар Улиастай сумын байгаль хамгаалагчаар томилоход ажлын байрны шаардлага хангасан гэсэн өргөдөл хүсэлт гаргасан байсныг үндэслэн томилсон боловч Хууль зүйн хэлтсийн шалгалтаар хангаагүй байна гэсэн дүгнэлтийг надад өгснөөр А.Б-н төрийн албан хаагчийн тангаргийн хуудас материалд байгаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан гарсан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр гуйж томилогдсон. Шалгалтанд тэнцэнэ гэж амласан боловч 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3 удаа шалгалт авагдсан боловч 2 удаа ороод тэнцээгүй ажлын байрны шаардлагыг хангаагүй, цаашид хангах хугацааны боломжгүй хууль зөрчиж байсан талаар надад Аудитын шалгалтаар удаа дараа шаардлага тавьж, Төрийн албаны зөвлөлөөс шийтгэл ноогдуулсан тул А.Б-г ажлаас нь хуулийн дагуу чөлөөлсөн болно. Ер нь шалгалтанд тэнцэх ажлын байрны шаардлага хангаагүй бүх хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Гарсан тушаал бүрийг А.Б-д болон бусад хүмүүст тухай бүр танилцуулж байсан. Жишээ нь, сахилгын шийтгэл ногдуулж цалингийн 20 хувиар хасагдаж байсныг мэдээгүй ажиллаж байсан гэж маргах ёс зүйгүй хүн төрийн албаны шаардлагыг хангахгүй, шалгалтыг давж чадахгүй нь тодорхой байна. Сая  3 дахь удаагаа төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцээгүй билээ. Иймд хууль зөрчиж А.Б-г ажилд нь томилох ямар ч бололцоогүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй мөн эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. А.Б-г 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгаль хамгаалагчаар томилсон байгаа. Тухайн үед манай Байгаль орчны газар “Байгаль орчин, аялал жуулчлал”-ын газар гэдэг нэртэй байсан. Мөн А.Б нь аялал жуулчлал-англи хэлний мэргэжилтэй болохоор ажиллуулж болно гэж үзэж байсан. Тэгээд А.Б нь төрийн албаны шалгалтанд ороогүй байсан болохоор төрийн албаны шалгалтанд орох шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж байсан. Гэтэл А.Б нь төрийн албаны шалгалтанд 2-3 удаа ороод тэнцээгүй. Манай Байгаль орчны газарт 20 байгаль хамгаалагч төрийн албаны шалгалтанд тэнцээгүй байсан. Эдгээр хүмүүст Байгаль орчны газрын даргын тушаал гарч сануулах арга хэмжээ авсан. Энэ тушаалд “төрийн албаны шалгалтанд ороогүй буюу тэнцээгүй бол төрийн албанаас чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ тушаал нь ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байна. Байгаль орчны газрын хүрээлэнгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургалт эрхлэх зөвшөөрөл олгогдсон байгууллагаас мэргэжлийн үнэмлэх авсан хүнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна гээд заачихсан байдаг. Мөн Байгаль орчны газрын нэр өөрчлөгдөөд хоёр салсан учраас А.Б-г мэргэжлийн бус хүн гэж үзсэн. Тэгээд А.Б нь төрийн албаны шалгалтанд 2-3 удаа ороод тэнцээгүй. Тиймээс эдгээр үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл манай байгууллагад аудитын шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтын дүн 11 дүгээр сард гарсан. Манай байгууллагын даргыг “төрийн албаны шалгалтанд тэнцээгүй хүн ажиллуулж байсан байна“ гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Тиймээс Байгаль орчны газрын даргын тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. А.Б-н хувьд өөр хэлэх тайлбар байхгүй. А.Бг анх томилох үед өөрөө төрийн албаны шалгалт өгөөгүй мөртлөө манай хүний нөөцөд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд А.Б-г ажилд авах үед төрийн албаны шалгалт зарлагдаагүй байсан. Тухайн үед манай байгууллага “Байгаль орчин, аялал жуулчлал”-ын газар нэртэй байсан болохоор А.Б-н мэргэжил болох юм байна гэдэг утгаар нь ажилд авсан. А.Б-г ажилд авсны дараа манай дарга томилогдоод удаагүй байсан болохоор Төрийн албаны тухай хуулийг төдийлөн сайн мэддэггүй байсан юм шиг байна лээ. Тэгээд А.Б болон бусад хүмүүсийг төрийн албаны шалгалт өгөх ёстой гэж шаарддаг байсан. Үүнийг А.Б өөрөө хүртэл мэдэж байгаа шүү дээ. А.Бг төрийн албан шалгалтанд тэнцүүлэхийн тулд бид нар хүнээс гуйгаад гүйдэг байсан. Бид нар А.Б-г хичнээн дэмжиж байсан ч өөрөө төрийн албаны шалгалтанд тэнцээгүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс аудитын шалгалт ирэх гэж байхад байгууллагын дарга “төрийн албаны шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажлаас чөлөөлнө шүү” гэж амаар шаардлага тавьж байсан. Тэгээд шууд ажлаас нь чөлөөлөх боломжгүй гэдэг утгаар цалингийн 20 хувиар хассан арга хэмжээ авсан байгаа. Зарим байгаль хамгаалагч нар төрийн албаны шалгалтанд ордоггүй байсан учраас энэ арга хэмжээг авсан. Тэгээд төрийн албаны шалгалтанд заавал тэнцэх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавьдаг байсан. Манай байгууллага 20 байгаль хамгаалагчтай, үүнээс 13 нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн. Тэгээд 7 байгаль хамгаалагч төрийн албаны шалгалтанд тэнцээгүй. Үүнээс 6 байгаль хамгаалагчийг ажлаас нь халчихсан байж байгаа. Харин нэг хүнийг авч үлдсэн. Учир нь тэр хүн байгаль хамгаалах-экологич мэргэжилтэй. Тухайн хүнийг ажлаас нь халлаа гээд эргээд Идэр суманд ажиллах боловсон хүчин байхгүй. Тиймээс мэргэжлийн хүн байсан учраас дараагийн шалгалтанд харж үзнэ гээд авч үлдсэн. Тэгээд өнгөрсөн оны 11 дүгээр сарын төрийн албаны шалгалтанд ороод тэнцчихсэн байгаа. Тэр долоон хүнээс ганцхан мэргэжлийн хүн байсан болохоор авч үлдсэн юм. Тэгэхээр төрийн албан хаагч ямар байх ёстойг, А.Б өөрөө мэдэж байгаа байх. Манай байгууллага А.Бг ажилд авахдаа ямар нэгэн намын байдал хараагүй, хээл хахууль хараагүй. Манай байгууллагад өргөдлөө өгөөд нөөцөд бүртгэлтэй байсан болохоор ажилд авсан байгаа. Бид нар А.Бгээс зөвхөн “төрийн албаны шалгалтанд тэнцсэн байна” гэсэн шаардлагыг тавьсан. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Хөдөө орон нутагт байгаль хамгаалагчаар ажиллах залуу хүмүүс ховор байдаг. Тиймээс бид нар нарийн шалгуур тавьдаггүй. Байгаль хамгаалагчийн ажлыг хийх чадвартай, тэгээд байгаль орчны мэргэжилтэй дүйцэхүйц мэргэжилтэй хүмүүсийг ажилд авдаг байсан. Байгаль хамгаалагч нь төрийн захиргааны ажилтан учраас заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагатай байдаг. Манай байгууллага эхлээд төрийн албаны шалгалтанд тэнцсэн байхыг шаарддаггүй байсан. Харин сүүлийн үед манай байгууллагад залуу хүмүүс байгаль хамгаалагчаар орох хүсэлтэй болсон болохоор төрийн албаны шалгалтанд тэнцсэн байхыг шаарддаг болсон. Үүнийг Төрийн албаны салбар зөвлөлөөс хүртэл шахаад байгаа.” гэжээ.

Гуравдагч этгээд А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. 2008, 2009 онд Завхан аймагт төрийн албаны шалгалт өгөөд хоёуланд нь тэнцээд нөөцөд бүртгэлтэй байсан. Тийм учраас Өмнөговь аймагт очиж байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Тэгээд Байгаль орчны газрын нөөцөд бүртгэлтэй байсан болохоор сул орон тоо гарахаар нь ажилд орсон. Би төрийн албаны тангараг өргөсөн. Хуулийн дагуу ажилд томилогдсон гэж бодож байна. Өөр нарийн асуудлын талаар би мэдэхгүй. Би төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгэлтэй учраас Өмнөговь аймагт очиж ажилласан. Тэгэхээр төрийн албаны нөөцөд бүртгэлтэй болохоор Монгол Улсын хаана ч төрийн албанд ажиллах эрхтэй гэж үзэж байгаа. Байгаль хамгаалагч нар ТЗ-2 оор цалинждаг бөгөөд 300 гаруй мянган төгрөг авдаг юм. Намайг Өмнөговь аймагт очиж ажиллахад тухайн цалинг хүмүүс голдог юм байна лээ. Тэгээд яамны ажил бодлогын ажил дээр яваад байдаг. Харин байгаль маань өөрөө байнгын эзэнтэй байхгүй бол болдоггүй. Гэтэл шаардлага хангасан мэргэжилтэн хөдөө орон нутагт тэр болгон байдаггүй. Тэгэхээр нь байгалийг эзэнгүй байлгаж болохгүй гэдэг үүднээс мэргэжлийн бус хүн аваад ажиллуулдаг. Дараа нь мэргэжлийн хүн гараад ирэхээр өмнө нь ажиллаж байсан хүнийг халж солих асуудал хүндрэлтэй болдог юм байна лээ. Намайг ажиллаж байхад ийм зүйл ажиглагдаж байсан” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгэр шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.6 дахь хэсгүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-д заасныг тус тус баримтлан “Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Б-г Улиастай сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Улиастай сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан А.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлагыг хангахгүй нэг ажлын байран дээр 3 удаа төрийн албаны шалгалтанд ороод тэнцээгүй учраас бичиг хэрэг Б.Ц нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудсыг өөрийн гарт нь дуудаж өгсөн байна.

А.Б-н Улиастай сумын байгаль хамгаалагч А.У, Идэр сумын байгаль хамгаалагч И.Э нартай барьцах шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.У-ыг ажилд томилсон нь А.Б-г ажлаас чөлөөлөхтэй огт хамаагүй юм. А.У-ыг ажилд томилох үндэслэл нь өмнө нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан, ажлын дадлага туршлагатай, төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцэж тангаргаа өргөсөн, хүний нөөцөд бүртгэлтэй байсан учир томилсон. И.Э нь ажлын байрны шаардлагыг хангаж байгаа мэргэжлийн боловсон хүчин ба 2014 оны 10 дугаар сарын 30-нд зарлагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороод тэнцэж тангаргаа өргөн үүрэгт ажлаа хийж байгаа. Тус шалгалтанд А.Б нь орсон боловч бас л тэнцээгүй. Ингээд нийт 4 удаа төрийн албаны шалгалтанд ороод тэнцээгүй байна.

Мөн А.Уыг ажилд томилогдсонтой холбоотой Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь заалтад заасан шаардлагыг харгалзан үзэж А.У-ыг төрийн албаны шалгалтыг хугацаанд нь багтааж өгөхийг шаардаж байгаа болно. Нэхэмжлэгч А.Б-д А.У-аас өмнө боломжийг олгож байсан ч Монгол Улсын төрийн аудит, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн удаа дараагийн шаардлагыг хангаагүй учир сахилгын арга хэмжээ авагдаж байсан.

Мөн аймгийн аудитын газраас даргын 2013-2014 онуудад гаргасан тушаалд хяналт шалгалтыг явуулж төрийн албаны шалгалтанд ороод тэнцээгүй иргэнийг ажиллуулж байгаа үндэслэлээр Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/401 дүгээр захирамжийн дагуу “сануулах” арга хэмжээ авагдсан.

Иймд нэхэмжлэгч А.Б-н байгаль хамгаалагчийн орон тоон дээр дахин төрийн албаны шалгалт өгөх хуулийн хугацаа өнгөрсөн, мэргэжлийн болон ажлын байрны шаардлага хангахгүй байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд,

            Нэхэмжлэгч А.Б нь Завхан аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар А.Б-г “төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг хангаагүй, удаа дараа зарлагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй” гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг даргатомилж, чөлөөлөхөөр тусгайлан заасан бөгөөд хариуцагч Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга нь Завхан аймгийн Улиастай сумын байгаль хамгаалагч А.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх хэмжээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Байгаль орчны газрын дарга нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байх тул уг актыг илт хууль бус гэж үзнэ.

            Хариуцагч “...нийт 4 удаа төрийн албаны шалгалтад ороод тэнцээгүй. ... нэхэмжлэгч А.Б-н байгаль хамгаалагчийн орон тоон дээр дахин төрийн албаны шалгалт өгөх хуулийн хугацаа өнгөрсөн, мэргэжлийн болон ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хэдий ч нэгэнт А.Б-г ажилд томилж, чөлөөлөх эрхгүй  этгээдийн гаргасан илт хууль бус актын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж заасантай нийцээгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.           

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

            1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, А.Б-г Улиастай сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Завхан аймгийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Байгаль орчны газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ