| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0047/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/37 |
| Огноо | 2017-02-25 |
| Зүйл хэсэг | 099.1., 182.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Ц.Идэрмөнх, хохирогч О.Ё, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн 201614000*** дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Үйлдсэн гэмт хэргийн талаар:
Насанд хүрээгүй яллагдагч Б.Б нь 2016 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин О.Ёг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, Р.Гыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Насанд хүрээгүй яллагдагч Б.Б нь 2016 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин О.Ёг зодож хамрын ясны хугарал,таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, Р.Гыг зодож тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 дүгээр микрт байрлах 6 дугаар сургуулийн зааланд найзуудтайгаа тоглож байгаад 23 цаг 40 минутын үед заалнаас гараад М, Э, Эр, Эннарын хамт 2 дугаар микр орж хүүхдээс мөнгө авч ундаа авч уухаар 5-уулаа явсан. Мөнгө аваад буцаад хойшоо яваад Үйлчилгээний төвийн хойд талын төв засмал замын явган хүний гарцаар гараад баруун тийшээ явган хүний замаар алхаж явахад өөдөөс 4 банди ирж байсан. Ойртоод ирэхэд нэг банди нь Э-ай гар бариад мэндэлж байсан.Тэгсэн нэг банди нь зөрөхдөө миний хөл дээр гишгээд намайг түлхээд авсан. Би тэр бандийг яагаад түлхээд байгаа юм бэ гээд мөргөсөн. Нөгөө банди хамар гээд дараад уйлаад байсан. Би тэр бандиас уучлалт гуйгаад цаашаагаа явсан. Бид 5-уулаа 4-5 дугаар байр орох гээд алхаж явахад нэг хөөе зогсож бай гэхээр нь харсан чинь харанхуйд сайн харагдаагүй. Тэгсэн Ээ гүйгээд явахаар нь бид 4 араас нь зугтаасан. Бид нарын араас нэг ах хөөгөөд би 4-8 дугаар байрны урд талын зам дээр хальтираад унасан. Намайг хөөж байсан ах ирээд намайг барьж авах гэж байгаад унахдаа миний куртикний ханцуйнаас татаад ураад унасан. Тэгэхэд нь би дээрээс нь 2-3 удаа нүүр нь тус газар нь цохиж авсан. Тэгсэн би цагдаа байна, үнэмлэхээ үзүүлье гэсэн. Намайг заамдсан хэвээрээ үнэмлэхээ гаргаж ирэх гэж байгаад намайг унагаах гэсэн боловч өөрөө хальтираад нуруугаараа унасан.Тэр ахын амнаас архи үнэртэж байсан.Тэгээд бид нар зугтаасан. Би тэр ахыг энгийн хувцастай байсан учир цагдаа байна гэж итгээгүй. Хохирогч Р.Гад 629 100 төгрөг, О.Ёд 217 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү гэв.
2. Хохирогч О.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо миний хамар битүүрдэг болоод байна. Цаашид хамраа эмчлүүлмээр байна. Бас толгой өвдөж байгаа эмнэлэгт үзүүлэхээр хамрын 2 тал нь ясандаа цууралттай байна гэсэн. Гомдолтой байна гэв.
3. Хохирогч Р.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 00 цаг өнгөрч байхад үйлчилгээний төвийн замын хойд талд хүүхэд хамраа хугалуулсан байна гэсэн дуудлага өгөхөд нь би шууд машинтай явж очоод үйлчилгээний төвийн урд талд ирээд дуудлага өгсөн хүүхэдтэй ярихад Худалдаа хөгжлийн банкны зүүн талаар дээшээ яваад өгсөн гэхээр нь цагдаа хувцастай очвол зугтаах байх гэж бодоод машинд байсан энгийн куртикийг авч өмссөн. ...Би зодуулсан хүүхэдтэй уулзаад хойноос нь яваад 4-6 дугаар байрны “БТБ” дэлгүүрийн урдуур 5 банди алхаж явахаар нь хойноос нь дөхөж очоод хөөе гэсэн чинь бүгдээрээ эргэж харахаар нь цагдаа байна зогсож бай гэж хэлэхэд нэг хэсэг зог тусаад зогсож байгаад бүгдээрээ 4-8, 4-10 дугаар байрны зүг зугтаасан. Би араас нь хөөгөөд нэг бандийг нь араас нь дагаж гүйгээд хальтирч унахаар нь би дээрээс нь бариад авахад нөгөө банди босч ирээд эргэж хараад үгийн зөрүү байхгүй шууд хоёр гараараа нүүр рүү цохиод эхэлсэн. ...Намайг утсаар яриад дууссан чинь миний барьж байсан банди тавиулах гээд гартай эууралдаад эхлэхээр нь би гар утсаа халаасандаа хийгээд хоёр гараараа бариад нэг бандийг доороо хийгээд бүрэлдэхүүн иртэл байж байя гэж бодоод дэгээдээд унагаах гэсэн чинь дэгээндээ орооцолдоод өөрөө буцаад дэгээнд ороод шидүүлээд толгойгоороо савж унасан. Миний биеийн байдал гайгүй толгой жаахан өвдөөд эм уугаад явж байгаа. Миний чих өмнө нь хагалгаанд ороод хэнгэрэгээ нөхүүлсэн жил болгон эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-37 талд/
4. Насанд хүрээгүй гэрч Н.Ө-ын… Өөдөөс 5 банди алхаж ирээд зөрөхдөө намайг өндөр банди нь мөрлөөд би О.Ёг түлхсэн чинь О.Ё нэг бандийг нь шүргэсэн. Тэгсэн чинь нөгөө шүргэсэн банди нь яагаад байгаа юм бэ? гээд О.Ёд хэлсэн чинь сая намайг манай найз түлхээд шүргэчихлээ гэсэн чинь энэ намайг хэлээд байна гээд шууд мөргөсөн. Бид нар араас нь гүйгээд явж байхад нөгөө банди хальтирч унаад цагдаа ах барих гэж байгаад өөрөө хальтирч унаад нөгөө бандийг зуураад тавихгүй байсан чинь дээрээс нь цохиод байсан. О.Ёг мөргөсөн банди цагдааг цохиод байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 талд/
5. Насанд хүрээгүй гэрч Г.А-ын: ...Гендрекцийн урдуур алхаж явахад үйлчилгээний төвийн талаас 5 хүүхэд зам хөндлөн гараад бид нарын өөдөөс алхаад явсан. Бид нарыг зөрөхөд өөдөөс ирж байсан 5 бандийн өндөр банди нь Өнөболдыг мөрлөөд Өнөболд О.Ёг түлхсэн чинь нөгөө 5 бандийн нэгийг нь мөрлөөд авсан. О.Ёгийн мөрлөсөн банди чи яагаад намайг мөрлөөд байгаа юм бэ? гэхэд О.Ё Ө-ыг чи яагаад намайг түлхэж байгаа юм гэсэн чинь О.Ёд мөрлүүлсэн хүүхэд нь чи намайг хэлээд байгаа юм уу? гээд шууд мөргөсөн. Цагдаа ахын хөөж байсан банди 4-8 дугаар байрны урд талын зам дээр хальтираад унасан чинь нөгөө бандийг цагдаа барьж аваад өөрөө хальтираад унах шиг болсон. Нөгөө банди цагдаа ахыг цохиод байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 талд/
6. Насанд хүрээгүй гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Үйлчилгээний төв талаас 5 банди гарч ирээд өөдөөс алхаж явж байгаад зөрөхдөө Өнөболдыг өндөр банди мөрлөөд Өнөболд О.Ёг мөргөсөн чинь О.Ё нэг бандийг мөрлөөд авсан. Гэтэл нөгөө банди чи яагаад мөрлөөд байгаа юм бэ гэсэн чинь О.Ё сая намайг түлхээд мөргөчихлөө гэж хэлтэл энэ юу гээд байгаа юм бэ? гээд О.Ёг мөргөөд авсан. Бид нар араас нь гүйгээд явж байтал цагдаа ахын хөөж байсан банди зам дээр хальтирч унаад цагдаа ах очоод бариад авсан. Цагдаа ах бас хальтираад унасан. Цагдаа ахыг унасан чинь нөгөө хальтирч унасан банди нь босч ирээд цагдаа ахыг цохиод авсан. Цагдаа ахын хамраас цус гоожиж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 талд /
7. Насанд хүрээгүй гэрч Ө.Э-ийн . . . Б.Бын хөл дээр нэг банди нь гишгээд мөрлөөд авсан. Тэгсэн Б.Б чи яагаад хөл дээр гишгээд байгаа юм бэ? гэхэд нөгөө банди нь албаар гишгэсэн юм уу гэхэд Б.Б өөдөөс нь алхаад нөгөө банди нь ухраад байсан. Бид нараас холдсон. Тэгсэн Б.Б тэр бандийг мөргөсөн. ...Бид нар 4-5-дугаар байр орж Б.Быг хүргэж өгөх гээд явж байхад хойноос нэг ах дуудаад зогсож бай гэхээр нь бид нар зугтаагаад гүйсэн. Гүйгээд явж байхад 4-8 дугаар байрны урд талын зам дээр Б.Б хальтирч унаад нөгөө ах хойноос нь гүйж ирээд цохиод авахад Б.Б өөдөөс нь 2-3 удаа цохиж аваад цагдаа гээд байсан ахыг хавсарч унагаагаад Б.Б зугтаах гэсэн чинь ханцуйнаас нь зуураад татсан чинь куртик нь урагдсан гэсэн мэдүүлэг. /хх- ийн 45 талд/
8. Насанд хүрээгүй гэрч Л.Э-ийн . . . Өөдөөс 4 банди ирж байсан. Бид нар зөрөх гэж байхад Б.Бын хөл дээр нэг банди нь гишгээд түлхсэн. Б.Б чи яагаад хөл дээр гишгээд байгаа юм гэсэн чинь нөгөө банди нь уучлаарай санамсаргүй гишгэлээ гэж хэлсэн чинь Б.Б уурлаад тэр хүүхдийг шууд мөргөсөн. Нөгөө хүүхэд нь хамраа дараад хугарчихлаа гээд орилоод байхад нь Б.Б очиж хамрыг нь хараад гайгүй байна уучлаарай гэж хэлчихээд бид нар Б.Быг хүргэж өгөх гээд 4-6 дугаар байр руу Гендрекцийн хойгуур алхаад явж байхад нөгөө хүүхдүүд энгийн хувцастай ах хөөе хүрээд ир гээд дуудахаар нь бид нар ахыгаа дагуулж ирж байна гэж бодоод зугтаасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47 талд/
9. Насанд хүрээгүй гэрч А.Э-ны . . . Өөдөөс ирж байсан банди нарын нэг нь миний таних Агэж банди байсан. Би уулзаад мэндлээд байж байхад нэг банди нь Б.Бын хөл дээр гишгээд хажуугаар нь гарсан. Б.Б нөгөө хөл дээр гишгэсэн бандитай маргалдаж эхэлсэн. Б.Б нөгөө бандийг мөргөөд авахаар нь би очоод салгасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48 талд/
10. Гэрч Ж.М-ы . . . Бид нар зөрөх үед Энхсайхан нэг бандитай нь гар бариад юм яриад зогссон. Энэ үед Б.Б нэг бандитай нь чи яагаад хөл дээр гишгээд байгаа юм гэж маргалдаад мөргөөд авсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50 талд/
11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 793 тоот: 1. О.Ёгийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэгэн зэрэг үүссэн гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6 Шинэ гэмтэл байна шинжээч эмч Ж.Г гэсэн дүгнэлт /хх-ийн 56-р талд /
12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 795 тоот: 1.Р.Гын биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдэд цус хуралт нь тархи доргилттой шалтгаант холбоо бүхий гэмтэл болно. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6 Шинэ гэмтэл байна шинжээч эмч Ж.Ггэсэн дүгнэлт / хх-ийн 59-р талд /
13. Найдвар-Од аудит ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаартай куртик 70 000 төгрөг, Хар өнгийн юүдэнтэй цамц, хуучин 3 000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 талд/
14. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бад аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэн үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283,284,285,286,290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Быг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 /хоёр/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1/нэг/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Б.Бын эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.Ё нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Бад 3 /гурав/ жил 1/нэг/ хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар ялтан Б.Бын засрал хүмүүжилд хяналт тавьж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эмэг эх Д.Цид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ