Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/36

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

            Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

            Улсын яллагч Ч.Сэлэнгэ

            Хохирогч М.М, Л.З

            Хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн

            Шүүгдэгч Б.Б Хнарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баттуяагийн Б.Бд холбогдох 201614000*** дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            Монгол Улсын иргэн, Б.Б //

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

            Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Захиргааны 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын авто машины зогсоол дээр замын цагдаагийн зохицуулагч М.М, Л.З нарыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь хүч хэрэглэн эсэргүүцэж М.Мийн биед хөнгөн гэмтэл, Л.Зын гадуур хүрэмний малгайг урсан, нэг мөрдөсийг татаж ханзалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дээдэс буудалд Амархүүгийн тоглолтыг үзэхээр А, А-ын эхнэр Х, Л, М, Э нарын хамт очоод тоглолт үзэнгээ 0,75 литрын архи 2 шилийг хувааж уусан. Гэтэл надтай хамт явсан ах хүнтэй муудалцаад байхаар нь жолооч дуудаад А ахыг хүргэж өгөхөөр явж байгаад цагдаад баригдсан. Би Цагдаагийн албан хаагч болох М.М-ийн тавьсан шаардлагыг биелүүлсэн, архи уусан гэдгээ хэлсэн, үлээ гэхэд нь үлээсэн, бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд буудлын гадаа үлдсэн хүмүүс рүүгээ очиж чадахгүй боллоо гэдгээ хэлэх гээд утсаар ярьтал М.М араас татахаар нь би зөрүүлээд алгадсан нь үнэн. Унагааж өвдөглөж зодоогүй. Шүдийг нь хуглаагүй гэж бодож байна, Л.З нь намайг барьчихаад тавихгүй байсан, Үүрийнгээ нэг мэдсэн ирчихсэн л байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

2. Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр замын цагдаагийн  24 цагийн үүргийг тасгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Л.Зын хамт гүйцэтгэсэн. Шөнийн 00 цаг 30 минутын үед бид хоёр эмнэлгээс 1-15-р байрны зүүн талын төв замаар уруудаж явтал Дээдэс буудлын зогсоол дээрээс нэг суудлын авто машин хөдлөөд явахаар нь араас нь дохиж захиргааны 3-р байрны арын зогсоол дээр зогсоосон. Б.Б худлаа мэдүүлж байна. Б.Б шаардлага биелүүлж драгер үлээгээгүй, бичиг баримтаа шалгуулаагүй. Эрүүлжүүлэх дээр ирсэн хойноо драгер үлээсэн. Машиныг зогсоогоод тойрох үед жолооч нь машинаас буунгуут шууд утсаар хэн нэгэнтэй яриад цаашаа яваад байхаар нь араас нь очоод та шалгуулаач гээд тохойноос нь таттал эргэж хараад чи ер нь яах гээд байгаа юм бэ? утсаар яриулахгүй, хэн болоод миний хувцаснаас татдаг, миний биед хүрдэг гөлөг вэ гээд зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн, нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Дахиж цохих гэхээр нь би зогсоол дээр байсан машинуудыг тойрч гүйгээд машинаасаа станцаа аваад захиргааны 3-р байрны үүд рүү дөхөж явтал араас гүйж ирсэнээ хавсарч унаган дээрээс өвдөглөсөн. Нүүрээ хаагаад тонгойх үед Л.З хүрч ирж салгасан, би станцаар 102 руу ярьж нэмэлт хүч дуудсан. Тэгээд бүрэлдэхүүн ирээд Б.Быг авч явсан. Б.Б уруул руу цохих үед амнаас цус гараад би шүлсээ хаяж байсан. Шүдээ хугарсаныг тухайн үедээ мэдээгүй. Эмчид үзүүлэхэд шүд хугарсан байна гэсэн ба хугарсан шүдийг авч шүд  суулгаж хийлгэхэд 1 400 000 төгрөгөөр хийлгэ гэсэн гомдолтой байна. Одоо 22 дугаар шүд хөндүүр өвддөг, шүдний хугарал гэмтэлтэй. Би байнга гадаа ажилладаг учир хүйтэнд салхи авахаар шүд маань янгинаж өвддөг боллоо. Б.Б их согтуу байсан учир болсон үйл явдлаа санахгүй худал мэдүүлээд байна. Би эмчилгээний зардал 1 000 000 төгрөг авч 700 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан, тархи толгойны зураг, эм тарианд бусдыг нь зарцуулсан. Мөн тархи доргисон байна гэсэн учир 10 хоног баричаар бариулсан.Цаашид гаргах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ, гомдолтой байна гэв.

3. Хохирогч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Мтэй 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул би эхэлж очоод танадагч үлээлгэсэн ба М.М драгер үлээлгэх гэтэл утсаар яриад яваад байсан. М.М та бичиг баримтаа шалгуулаарай гэсэн чинь Б.Б эргэж харсанаа М.Мийн хөл рүү 4-5 удаа өшиглөөд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь М.Мийн малгай нь газар унасан. Тэгээд М.М рүү дайраад та нарт шалгуулахгүй, ална шүү пизда нар минь гэхээр нь М.М зугтаагаад явсан чинь түүнийг захиргааны 3-р байрны ард барьж аваад хавсарч унагаад нуруу руу нь өвдөглөөд цохиод байхаар нь салгах гэтэл Гэгээнээ намайг барьж аваад Б.Б нь баруун хөлөөрөө миний гуя руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд нэмэлт хүч дуудсан. Б.Б худлаа яриад байгаад нь гайхаж байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

4. Гэрч Д.А-ны “А-ын хамт дуудлага өгсөн газарт очиход замын цагдаагийн зохицуулагч цагдаа М.Мийн жагсаал хувцас нилэнхүйдээ цус болчихсон, М.Мийн уруул нь язарч амнаас нь цус гарсан байдалтай байсан. М.Мөөс юу болсон талаар асууж замын цагдаа нартай зууралдаж байсан хүмүүсийг салгаж, М.Мийг зодсон гэх Б.Б гэгчийг машинд суулган эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Б.Быг машинд суулгах гэж байхад М.Мийн нүүр рүү Б.Б гэгч утсаараа цохисон, бөгсөн бие рүү нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 74-75-р хуудас/

5. Гэрч Д.А-ын “Захиргааны 3 дугаар байрны хойд талын зогсоол руу эргэх үед араас зогсоорой гэж чанга яригчаар хэлэхээр нь Б.Б машинаа зогсоож өөрөө машинаас бууж ард ирж зогссон замын цагдаатай уулзсан. Замын цагдаа Б.Быг үлээ гэхэд нь багаж руу нь үлээсэн, гэтэл машиныг нь авч явна гэдгээс болж цагдаатай Б.Б маргасан, сүүлдээ бүр хоорондоо зууралдаж нэг, нэгийгээ цохиод авах шиг болсон. Тэр намхан биетэй цагдаа нь Б.Б дээр очоод хэрүүл маргаан хийгээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-82-р хуудас/

6. Гэрч Ш.М-ын “00 цаг 50 минутын орчим харихаар 1-12 дугаар байрны зүүн талаар уруудаад явж байтал захиргааны 3 дугаар байрны арын зогсоол дээр бөөн хүмүүс маргалдаж байхаар юу болж байгаа юм бол гээд дөхөөд очтол нэг замын цагдаатай Б.Б маргалдаад зогсож байсан. Удалгүй цагдаагийн машин ирээд Б.Быг эрүүлжүүлэх байр руу аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7** дугаартай шинжээчийн М.Мийн биед тархи доргилт, 22 дугаар шүдний хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн шилбэний урд талд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт 22 дугаар шүдний хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт болон ял шийтгэлтэй эсэхийг лавласан лавлагаа /х/х-н 127-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно..

 

         Иймд шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Захиргааны 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талын авто машины зогсоол дээр замын цагдаагийн зохицуулагч М.М, Л.З нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж М.Мийн бие махбодид тархи доргилт, 22-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн шилбэний урд талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Л.Зын гадуур хүрэмний малгайг урсан, нэг мөрдөсийг татаж ханзалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.А Д.А, Ш.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай  дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.М, Л.З нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

 Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэхийн зэрэгцээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлаггүй гэж дүгнэсэн болно.

 

Хохирогч Л.З нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд хохирогч М.М нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн **** улсын дугаартай Тоёото Альфард маркийн суудлын авто машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

 

           

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Быг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар шүүгдэгч Б.Быг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бы эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн **** улсын дугаартай Тоёото Альфард маркийн суудлын авто машиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хохирогч М.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Б.Бд  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

9 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.