| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01117/и |
| Дугаар | 01234 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 01234
| 2017 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2017/01234 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Хт холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 155/2017/01117/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Т.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь Т.Хтай 2011 онд танилцаж, үерхэж байгаад 2012 оны .... дугаар сарын 21-ний өдөр охин Х.Быг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ төрснөөс хойш Т.Х бид 2 дээр ирэх нь багасаж одоо бүр миний хүүхэд биш гэх болсон. Охин маань одоо 5 настай, шатар, бүжгийн дугуйлан гээд хүүхдэд хэрэглээ их гардаг тэр болгонд би өөрөө ажил хийдэггүй бага хүүхдээ хараад гэртээ байдаг, сард олгодог хүүхдийн мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна гэж байгаа боловч охин маань төрсөн цагаасаа хойш миний асрамжинд байгаа, хүүхдээ гэж тоодоггүй ийм хүнд би хүүхдээ өгөхгүй. Иймд Т.Хыг миний охин Х.Бын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2011 онд танилцаж бидний дундаас 2012 оны ... сарын 21-ний өдөр охин Б төрсөн нь үнэн. Миний хувьд хүүхэд минь биш гэж зугтах зүйл надад байхгүй. Миний аав, ээж ч мөн ялгаагүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ миний хувьд сар бүхэн мөнгө өгөөд байж чадахгүй, би хэрэгцээ шаардлага гарсан үед нь хувцас авч өгөх, мөнгө өгөх байдлаар тэжээж тэтгэж явмаар байна. Учир нь аав, ээжийнхээ хамт амьдардаг, тодорхой ажил эрхэлдэггүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т.Хт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Т.Х нарын дундаас 2012 оны .... дугаар сарын 21-ний өдөр охин Х.Б төрсөн болох нь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2012 оны ... дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Бын төрсөн эцгээр Т.Хыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Х нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Х.Б нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны .... дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Б нь 5 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Т.Х төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Х.Бд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны .... дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Бын төрсөн эцэг Шарнууд овогт Төмөр-Очирын Хасар /РЙ92091213/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны .... дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хаас 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН