| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0069/э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Д.М, Б.М, Д.Б
Шүүгдэгч Э.Д
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Батсүх /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Дд холбогдох 1816001790111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1994 оны 01 дүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамжаар хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ДЮ регистрийн дугаартай Г овогт Эын Д.
Шүүгдэгч Эын Д нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат гэх газраас хохирогч Б.Мийн халтар зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон тамгатай морь, халиун зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь, хүрэн зүсмийн 4 настай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь нийт 4 тооны адуу, хохирогч Д.Бны бор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй “да дөш” тамгатай 1 тооны адууг хулгайлан хохирогч Б.Мд 3.500.000 төгрөгийн хохирол, Д.Бнд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.Мийн 14 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан хохирогч Д.Мд 12.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1 Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Эын Д нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат гэх газраас хохирогч Б.Мийн халтар зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон тамгатай морь, халиун зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь, хүрэн зүсмийн 4 настай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь нийт 4 тооны адуу, хохирогч Д.Бны бор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй “да дөш” тамгатай 1 тооны адууг хулгайлан хохирогч Б.Мд 3.500.000 төгрөгийн хохирол, Д.Бнд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Дийн шүүх хуралдаанд өгсөн “...Л.Бт ачуулсан... Бор хээр морь, 2 тооны халиун адуу, 1 хүрэн адуу, нэг бор морь ачуулсан. Тэгээд би Х.Т руу залгаад Баянаа ах адуугаа аваад ирлээ гэхэд миний дүү хашаандаа байлгаж байгаад унаа байвал явуул гэсэн. Л.Бт ачуулаад явуулсан... Г.Б, Н Б гэдэг... Б.Гыг танихгүй. Р.М-Өг танина. Морь уяад хамт наадамд явж байсан... Ямар машин байсныг мэдэхгүй. Р.Мөнх-Өлзий машиныг барьсан байсан... Банзай буюу Гааяа ах 5 адуу авч ирсэн. Намайг хот руу ачуулчих. Онгоод өгчих. Онгоо борлуулах юм гэж хэлсэн чинь Онгоо нь Өмнөговь аймагт явж байсан. Би Л.Бт ачуулсан. Р.Мийн эхнэр түлшний мөнгийг нь өгсөн. Банзай буюу Гааяа нь өөрөө гарал үүслийн бичигтэй 250.000 төгрөгтэй ирсэн. Түүнийг нь би Л.Бт хүлээлгэж өгөөд ачуулсан...Баянаа ах 99629416 гэсэн дугаараас 2018 оны 07 дугаар сарын 01, 02-ны үед залгасан байгаа. Тэгээд адуугаа авч ирж өгсөн. 2-3 хонуулж байгаад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Л.Батбаярт ачуулсан нь үнэн. Онгоо буюу Х.Т нь Өмнөговь аймагт байсан. Энэ адууны мөнгө Цагааны Ариунаа гээд Төгсбаярын эхнэрийн дансаар орсон байгаа. Ороод Алагийн Ирээдүйн дансаар тал мөнгө нь орсон. Тал нь өртэй байж байгаад үлдсэн. Л.Б нь цагаан “Bongo” дээр ачсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Мийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын эхээр харзатын голын урд манай морьд байсан. Энэ адуун дотроос шар халиун морь, мөн халиун үрээ, халтар морь, хондон үрээ гэсэн 4 тооны адуу алдсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан тамга яг таарч байна. Халиун морь, хондон үрээ 2 нь манай нагац ах Б.Дын унаган адуунууд. Үнэлгээний асуудал дээр би санал нийлэхгүй байгаа. Энэ талаараа урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч хэлж байсан. 2 адууг маань зөвхөн идэшний адууны үнээр үнэлсэн байна. Тэр адуунуудыг би уралдуулах гэж өвөлжин тэжээгээд бэлдэж байсан. Тухайн үед Халиун суманд Г гуайн нэрэмжит наадам болох гэж байсан. Тэр наадамд бэлдэж байсан 2 морийг маань хулгайлаад мал нядалгааны газар нядлуулсанд би сэтгэл эмзэглэж байгаа. Хулгай хар мөртэй гэдэг. Түүнээс хойш адуу өсөхгүй байх, үхэж үрэгдэх асуудлууд гарч байсан. Би 4 адуугаа Д.Б хохирогчтой адил улсын баяр өнгөрөөгөөд амралтаа аваад хайсан. Сүүлд нь манай нагац ахын 14 тооны адуу Улаанбаатар хотод очсон байна гэдгийг сонсоод ер нь миний адуу бас буруу замаар явсан байж магадгүй юм байна гээд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагчтай холбогдоход улсын баярын өмнө тийм адуунууд ирээд нядалгаанд орсон. Эзэн нь тодрохгүй байсан юм гэсэн. Тэгээд би Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд дарга Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй очиж уулзаад холбогдох мөрдөн байцаагч нартай нь уулзаад холбогдох мэдүүлгээ өгөөд өнөөдрийг хүртэл явж байна... Ер нь хаана, хэдэн тооны адууг хэн авч очоод, хэд хэдээр нь нядалгаанд оруулсан бэ гэдгийг би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас өмнө өөрөө олж мэдсэн. Манай ээж тодруулаад Р.М-Ө ярьсан байдаг. Тэгэхэд Р.М-Ө тоо, тамгыг нь яг хэлсэн байдаг. 7 дугаар сарын эхээр ирсэн гэж хэлсэн байдаг. Эхлээд хоёрыг нядалгаанд оруулаад дараа нь баярын дараа үлдсэн адуунуудыг нядалгаанд оруулсан. Манай хашаанд байж байгаад нядалгаанд орсон гэж манай ээжийг асуухад хэлсэн...Түүнийг нь Р.М-Ө энэ цагдаагийн асуудлаар шийдэгдэнэ. Танд нэрийг нь хэлэхгүй. Цагаан машинтай ачигдсан гэж хэлсэн...Манай ээж Р.М-Ө-тэй утсаар ярихад Х.Т гэдэг хүн өөрөө Өмнөговь аймагт ажилтай явж байгаа. 5 адуу ирсэн яах юм гэхэд би эмээлтийн хүмүүстэй ярьсан. Наад адуунуудыг чинь авах хүмүүс нь өөрсдөө ирээд авна гэж хэлсэн байсан...Одоогийн байдлаар нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 02-03-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байрлах хүмүүсийн хэлж сурснаар ханын материалын үйлдвэрийн зүүн урд талд байхад нь би очиж харсан. Миний хулгайд алдсан 4 тооны адуу нь Улаанбаатар хотод 61 гарам гэдэг газар М-Ө гэх хүний хашаанд байсан гэсэн...” гэх мэдүүлэг/2ХХ 81-82/,
Хохирогч Д.Бны шүүх хуралдаанд өгсөн “...Би тэр бор морийг 2018 онд өвсний фондны хавьд хариулж байгаад 07 дугаар сарын эхээр алдсан. Хамт азарган үрээ ижилсүүлээд өвөл зунд унаж эдлээд тэр зун авч ирээд хариулж байсан. Тэгээд алдсан. Зөндөө их хайсан. Хүн аваад явсан гэж бодоогүй. Адуу мал дагаад явсан байх гээд их хайгаад таньдаг хүмүүсээс бүгдээс нь асууж сурсан. Тийм боловч хавь ойр байх газаргүй болсон. Бор морь чөдөртэй байсан. Би 2018 оны 09 дүгээр сарын эх хүртэл хайсан. Тэгээд энэ бол хулгайд алдагдсан байна гэсэн бодол төрөөд цагдаад хандсан. Олж өгнө үү? гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд Улаанбаатар хот руу ачигдсан байна гэсэн сураг гарсан. Р.М-Өтэй очиж уулзсан. Манай хамаатан байгаа юм. Тэгээд бор морио алдсан талаар хэлэхэд 61-ийн гарам буюу манай хашааны хавиар байж байгаад явсан гэсэн зүйл надад хэлсэн. Б.Мийн адуутай хамт ачигдсан байж болзошгүй юм байна гэсэн бодол орж ирсэн. Тэгээд өмнө нь өгсөн байцаалтын дагуу мэдүүлгээ өглөө... Хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Харин үнэлгээ тогтоох гэж байна гээд надаас мөнгө шилжүүлж авсан... 30.000 мянган төгрөг...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Д.Бны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07 дугаар сарын эхний хэд хоногт буюу 3, 4-ний орчим бор морь алга болчихсон. Миний алдсан бор морь нь уртавтар дэлтэй, дэл сүүл нь хөхдүү өнгөтэй, 8 настай, их номхон, бүдэгхэн саран дэвсгэртэй да дөш тамгатай байсан...” гэх мэдүүлэг/2ХХ 89-90/,
Гэрч Л.Бын өгсөн “...2018 оны 07-р сарын 02, 03-ны үеэр “Улаанбаатар хотруу ачаа ачина” гэж таньдаг хүн амьтнаас асууж тодруулаад явж байхад Шинэ-Алтай захын доод талын машины зогсоол дээр зогсож байхад миний таньдаг Д гэх залуу над дээр ирсэн...Улаанбаатар хотруу 5 тооны адуу ачих юмуу гэхээр нь за гэж хэлээд адуу чинь хаана байгаа юм бэ гэхэд ойрхон бэлэн байгаа гэж байсан...2018 оны 07-р сарын 05-ны өдөр 16-17 цагийн хооронд Д надруу 98916666 дугаараас залгаад би адуугаа бэлдсэн байна. Та Харзат багт байдаг манай гэрт хүрээд ирээч гэхээр очиж 5 тооны адууг нь ачсан. Надад нэг дугаар хэлж өгөөд би залгаад тасалсан...61-ийн гарам дээр очоод наад дугаарлуу залгахад буулгах газрыг нь зааж өгөх байх гэж хэлээд би оройдоо гараад явсан...бор зүсмийн 1 адуу, 2 халиун, 2 бараан адуу байсан...гарал үүслийн бичгийг нь Дагвадорж надад өгсөн...гарал үүслийн бичиг нь надад байгаа...1 адууг 60.000 төгрөгөөр ачсан...” гэх мэдүүлэг/2ХХ 109-110/,
Гэрч Д.Бийн өгсөн “...2018 оны 07-р сарын 05-ны өдөр манай нөхөр бид 2 хотруу адуу ачих байсан юм...5 тооны адуу ачисан...өдөртөө багтаж Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг/2ХХ-128/,
Гэрч З.Ёийн өгсөн “...Цэргийн булаг ХХК-ний малын эмч Н 5 ширхэг мал, амьтны гарал үүслийн бичиг дээр тамга даруулж, гарын үсэг зуруулаад аваад явсан тэр бичгүүдийн нэг нь Дагвадорж гэх хүнд олгосон 5 адууны гарал үүслийн бичиг нь мөн байна...4 хувийн мал эмнэлгийн малын эмч тус бүрд нь 5ш гарал үүслийн бичиг дээр гарын үсгээ зурж тамга дарж өгсөн...” гэх мэдүүлэг/2ХХ-124/,
Гэрч Г.Нын өгсөн “...Миний бөглөсөн маягт №01А мөн байна. Би өөрийнхөө бичгийг хараад таньж байна. Мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн 0042767 дугаартай хуудастай маягт №01А манай Цэргийн булаг ХХК-ний маягт мөн байна...Д, Б нарыг зүс танина...” гэх мэдүүлэг /2ХХ 116-117, 3ХХ 137-138/,
Гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны өвөл 1 сарын үед 40-23 УНМ “Хондо пит” машинаар цэргийн хотхоны орчим хоёр залуу гар өргөн суугаад Орбит хүргэж өгөх замдаа миний гар утас дуугараад Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас 100 тооны хонь авах тухай ярьсан тэгсэн чинь нөгөө хоёр залуу ахаа та малын наймаа хийдэг юм уу гэхээр би хүнээс мөнгө төгрөгийг нь урьдчилж өгөөд өгөөд мал авдаг юм тэгээд та аль нутаг юм бэ гэсэн чинь бид хоёр бас Говь-Алтай аймгийн хүмүүс гэж манай найз малын наймаа хийдэг юм Дагва гэдэг юм гээд 9864 дугаар өгөхөөр нь утсан дээрээ бичиж аваад тухайн үед тэр хоёр залууг Орбитийн тойрог дээр буулгаж өгөөд явсан тэгээд хоёр хоногийн дараа би нөгөө Дагва гэх хүн лүү залгаад зарах адуу байна уу гэсэн тэгсэн чинь зарах адуу байхгүй гэж тухайн үед ярьж байсан. тэгээд хэсэг холбоо бариагүй байж байгаад 2018 оны 2 дугаар сар, 3 дугаар саруудад жи мобайлын дугаараар Дагва залгаад адууны мах ямар ханштай гэж надаас асуухаар нь би тухайн үед 1кг мах 7500 төгрөгөөр лангуун дээр зарагдаж байна гэж хэлж байсан. Мөн 2018 оны 5 дугаар сард над руу нөгөө Дагва гэх залуу жи мобайлын дугаараар залгаад 5 /тав/ адуу байна та авах уу гэхээр би хэд үү гэсэн чинь 500.000 төгрөг зарна гэхээр нь 500.000 төгрөгөөр авахгүй 450.000 төгрөгөөр авна гэсэн чинь за тэгүүл би тань руу эргээд холбогдоно гээд утсаа салгасан тэгээд хоёр хоногийн дараа 2018 оны 5 дугаар сарын 10-ны үед Дагва жи мобайлын утсаар надтай холбогдоод би танд 5 тооны адуу өгье сайн тарган адуу байгаа гэж хэлсэн тэгээд би 450.000 төгрөгөөр авна гээд үнэ ханш тохироод нийт 2.250.000 төгрөг өгөхөөр болж чи дансаа өгчих гэсэн чинь данс байхгүй гэхээр нь мөнгөө яаж авах юм гэсэн чинь манай найз очиж авна би таны гар утсыг өгөөд явуулъя гэж надад хэлж байсан харин би адуугаа яаж наашаа Улаанбаатар хот руу хүргэж өгөх юм гэсэн чинь зүүн аймгаас морь авах гэж байгаа машин байгаа тэр машинаар өгөөд явуулна гэж надтай утсаар ярьсан мөн хөлс мөнгийг асуусан чинь манай таньдаг ах байгаа та 100.000 төгрөг өгчих гээд бид хоёр наймаа тохироод утсаа салгасан. Тэгээд над руу 2018 оны 6 дугаар сарын эхээр 98916666 гэсэн дугаараар Дагва залгаад ах би адуугаа ачуулахаар боллоо гэхээр нь чи яагаад хэд хоног алга болчив гэсэн чинь адуугаа хайгаад хэд хонолоо тэгээд оллоо гэж байсан тэгээд та мөнгөө өгчих гэсэн чинь данс байхгүй би найзаа явуулаад танаас авхуулъя та тэр хүнд өгөөд явуулчих гэсэн тэгээд 2018 оны 6 дугаар сарын 8-ны үед Мобикомын дугаараас эрэгтэй хүн залгаад Дагва танаас адууны мөнгө авчих гэсэн юм гэхээр нь 98916666 гэсэн Дагваагийн дугаар луу залгаад танай найз гээд хүн залгаж байна адууны мөнгийг өгөх юм уу гэсэн чинь та өгчих гэж хэлэхээр нь би нөгөө залуу руу утсаар яриад Орбитын тойрог дээр уулзахаар болж тохироод 40-23 “Хондо пит” маркийн машин байгаа гэж хэлээд Орбитын тойрог ороод хүлээж байсан чинь дунд зэргийн нуруутай шар царайтай залуу ирээд миний утсаар Дагва найзтайгаа яриад би 2.250.000 төгрөг өгөөд явуулсан тэгээд адуугаа Дагваагаас утсаар хэзээ ирэх талаар асуухад маргааш, нөгөөдөр гэхэд хот орчих байх гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоног Дагваагийн гар утас холбогдохгүй байж байгаад над руу Дагва 98916666 гэсэн дугаараар 2018 оны 7 дугаар сарын эхээр залгаад нөгөө адуу ачсан хүн “Эмээлт” захын тэнд байна гэнэ одоо тань руу өөрөө залгана гэж утсаар хэлсэн тэгээд удалгүй байж байтал 99-тэй мобикомын дугаараас нэг залуу залгаад би 5 тооны ачаад ирлээ хаана буулгах юм гэхээр нь би чи түр хүлээд байгаа 361-р гарам орчим буулгана би нэг хүнтэй утсаар яриад үзье би Өмнөговь аймагт явна гэж хэлээд утсаа салгаад 88004451 гэсэн дугаар луу залгаад манай хуурай дүү М-Өтэй ах нь Говь-Алтай аймгаас 5 тооны адуу авсан юм чи түр хашаанд харж байгаач би ченж дуудаад өгөх гэсэн юм аа гэж хэлсэн би өөр газар явж байна манай эхнэр 99627302 гэсэн дугаар луу залгаад буулгачих гэхээр нь би нөгөө Говь-Алтай аймгаас адуу ачиж ирсэн 99-тэй дугаартай залуу луу залгаад 361-р гармын бензин колонкийн ард дугуй засварын ард жижиг хүнсний дэлгүүр байгаа тэнд очоод тэр дэлгүүрийн хүүхэн байгаа тэнд хэлээд буулгачих гэж хэлээд явуулсан. Тэгээд би М- Өийн эхнэр лүү 99627302 гэсэн дугаараар залгаад 100.000 төгрөг өгчих би чамд 100.000 сүүлд нь өгөхөөр болж тэр 5 адууны ачих ирсэн ачааны хөлсийг М-Өийн эхнэр өгч явуулсан. Тэр адууг би Булганы Могодын Э залуутай утсаар яриад тэр таван адууг зараад мөнгийг нийт 3.700.000 төгрөг болоод надад 1.100.000 төгрөгийг Э өгөөд үлдэгдэл мөнгийг нь Э-д 8 дугаар сарын 1 өгнө гээд хүүтэй надаас зээлж авсан. Дараа 2018 оны 7 дугаар сарын 8-ний үед Дагва 98916666 гэсэн дугаараар залгаад та сая явуулсан 3 адууны мөнгөө дүүдээ эргүүлээд өгчих би танд намар 3 тарган адуу өгнө надад та мөнгө өгөөч гэхээр би 1.100.000 төгрөг өгөхөөр болж яаж авах юм гэсэн чинь манай найз танаас очоод авна гэсэн тэгээд авч өгөлцөхөөр болсон 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой 16-17 цагийн үед Мобикомын дугаараас нэг эрэгтэй хүн залгаад Дагва таниас мөнгө авчих гэсэн юм гэхээр би Орбитын тойрог дээр уулзахаар болж 25,-26 орчим насны 1.100.000 төгрөг аваад явсан мөнгө өгч байх үедээ Дагва миний утсаар тэр найзтайгаа ярьсан...” гэх мэдүүлэг /1ХХ91-97/,
Гэрч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Утсаар ярьж танилцсан. Би нүүр тулан танилцаж байгаагүй...2018 оны 07 дугаар сарын эхээр 5 адуу, 07 дугаар сарын сүүлээр 9 адууны наймаа хийсэн. 13 тооны адуу ачуулсан байсан. Тэгээд тэр адуу нь Эмээлт дээр буугаад баригдсан...ГАА-аас Д гэх залуу 5 тооны адуу ачиж явуулсан байсан бөгөөд тухайн адуу ачсан гэх жолооч нь адуу ачиж ирсэн талаар ярихад нь Д адуу ачуулсан гэдгийг нь мэдсэн...нэг адууг нь 450.000 төгрөгөөр бодож 2.250.000 төг урьдчилж өгсөн. Адууны мөнгийг дансаар өгч байгаагүй...” гэх мэдүүлэг/2ХХ165-166/,
Гэрч Р.М-Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 07-р сарын 08-09-ний үед манай хуурай ах Т манай эхнэр Атай утсаар яриад манай хашаанд им тамгагүй дэлтэй хөх бор морь, саран дотор А үсгэн тамгатай 2 халиун морь, халтар үрээ, хүрэн үрээ үэрэг нийт 5 адууг хашаанд үлдээчхээд явсан байсан...би тэр адуунуудыг маллаж байхад 2018 оны 07 сарын 10-нд Түмэнтогтох ах надруу 99198452 дугаараас залгаад надаас мөнгө зээлж байгаа нэг залуу очино тэр залууд 5 адууг өгөөд явуулчхаарай гэж хэлсэн...Аагий гэх хүн эхнэр бас нэг хүүхдийн хамт 3 уулаа ногоон өнгийн портер машинтай ирсэн...” гэх мэдүүлэг/1ХХ 80/,
Ашид билгүүн ХХК-ний 111/112 дугаартай “...нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 900.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн эд зүйлийн үнэлгээ /3ХХ 94-96/,
Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай “...хохирогч Б.Мийн өмчлөлийн нийт 4 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 3.500.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...” гэсэн эд зүйлийн үнэлгээ/3ХХ 153-162/,
шүүгдэгч Э.Дийн 2019 оны 10-р сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг/2ХХ225-227/, алдагдсан адуунуудыг хууль ёсны өмчлөгч нар эрж хайж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Б/2ХХ-96/, Ч.Дн,/2ХХ-133/ Б.К/2ХХ-132/ нарын мэдүүлгүүд, мал, амьтны эрүүл мэндийн гарал үүслийн 00042767 дугаартай гэрчилгээ, үйлчилгээний төлбөр төлсөн 012135, 004546 дугаартай баримтууд тэдгээрийн хураан авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн тэмдэглэл/2ХХ 71-72/, гэрч Л.Бр 5 тооны адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл, гэрэл зургууд/2ХХ 74-75/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.Мийн 14 тооны адууг хулгайлан хохирогч Д.Мд 12.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Дийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Р.М-Өг, Г хоёр гурван тооны буюу хоёр байдас нэг саарал морь ачаад Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд давааны аманд буулгасан. Буулгаад миний мотоциклийг Р.М-Ө, И хоёр унаад явсан. Тэгээд орой нь энэ асуудал болсон... Энэ хэрэгт мэдүүлэг өгөөгүй байгаа. Өвөөгийн төрсөн дүү... Саарал морины өртгөнд 13 адууны талыг нь явуулсан хүн... Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт оршин суудаг. Алагийн Өвөө гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй... Банзай буюу Гааяа гээд байгаа Баянаагийн морь. Зүүн талаас Халиун сумын ойд уралдуулах гэж авч ирсэн морь... Олонбулагаас Өвөө саарал азаргатай адууг хөөж ирсэн. Р.М, И хонгор азаргатай адууг аймгаас тууж ирсэн... Оролцоогүй. Ачихад нь очсон... Алагийн Ирээдүй, Р.М-Ө, Г, Ө тэгээд би байсан... Танай Халиунд уралдах морь өгнө гэж Баянаа ах Ирээдүй, Өвөө хоёрт хэлээд саарал морь ирсэн. Саарал морины өртгөнд буцаагаад адуу өгч явуулах ёстой байсан. Тэгээд явуулсан... Өмнө нь холбоо барьцгаасан. Б.Д даргын адууг тухайн үед хариулж, морийг нь уяж байсан. Чамд гайгүй болохоор чи ярь гэдэг байдлаар над руу чихсэн. Ирээдүй, Өвөө 2 болохоор бид хоёрыг оролцуулаад хэрэггүй шүү гэж хэлсэн... Мэдэж байсан. Хулгайн адуу гэдгийг ч мэдэж байсан. Бүгд оролцсон... Намайг хойно хоригдож байхад хүртэл эргэж ирээд ахын дүү байж байгаарай. Тийм юм ярьж болохгүй шүү гээд захиад байсан...миний мотоциклоор явсан... Х.Түмэнтогтох манай ээжийг дагуулж яваад уулзсан юм байна лээ. Б.Д гуай бол чамд гайгүй хандана. Чи уулзаад аргалаад өг. Чи тэгээд байж бай гэдгийг надад хэлж байсан. Би чадахгүй, хэлнэ гэдэг байдлыг хэлж байсан. Х.Т би чамаас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Мөнгө нэхэмжлэх гээд байвал И, Ө, Б гурваа ав гэсэн чинь тэнд очоод адуунаасаа болоод хагаралдаад Баянаа нь Б.Д гуайд хэлсэн... Баянхонгор аймгийн хэрэг дээр Ан И нь хам байсан... Адуу авч ирж өгөхөд нь таньдаг болсон... Гэтэл малын эмч Г.Н нь би Э.Дд өгөөгүй би, сайн байна уу? гэдэг газраар ягаан машинтай гаргаж өгсөн. Би өөрөө харж байгаад бичсэн гэж мэдүүлсэн байгаа. Г.Н өөрөө гарал үүслийн бичгээ бичээгүй. Гарын үсгийг нь шинжлэн судалсан байгаа. Яагаад өдий болтол хэлэхгүй байсан гэхээр Төгсбаярыг ажлаас нь чөлөөлөх гээд байсан. Тийм болохоор ахын дүү чимээгүй байж байгаарай гээд намайг аргадаад байсан. Манай ээжийг ч гэсэн ханын материалын тэнд авч очоод Э.Дагвадоржийн мэдүүлгийг өөрчлөх хэрэгтэй байна. Өмгөөлөгчийн мөнгийг нь даая гэж байсан. Мөн хохирогч Б.М ахын аав болох Б гуайгаас ч очиж гуйж байсан. Хэн явуулсан гэхээр Х.Т, Р.М-Ө нар явуулсан. Дараа нь 13 тооны адууны гарал үүслийн бичгийг нөхрөөс нь А И бид 2 очиж авсан. Бичгийн хэв нь адилхан байгаа. Тр бичүүлсэн юм. 7 бүдүүн адууг өгөхгүй гэж муудалцаад Баянаа ах сайн хүн болж Б.Д гуайд мэдэгдсэн. Ийм асуудал болсон. Одоо саран дээр чандмань тамгатай саарал морь Өвөөд байгаа. Би тэгээд чадахгүй үнэнээ хэлнэ гэсэн. Х.Тын нэр дээр байсан том машин байгаа. Р.М-Өд шилжүүлсэн байгаа. Р.М-Ө ахынх нь нэр байгаа машин хураагдах гээд байна. Мэдэхгүй гээд байж бай гэж надаас гуйсан. Бид 2 нэг нэгнийгээ сайн танина. Удалгүй 12 дугаар сард Дэлгэр сумын Н гэдэг хүний адууг хулгайлж явж байгаад баригдсан байгаа. Р.М-Ө, Г, Х.Т нар баригдсан. Одоо ч машин нь журмын хашаанд байж байгаа. Үнэн байдлыг Ц А гэдэг хүн бүгдийг нь хэлнэ. 99629416 гэсэн дугаараас Баянаа холбоо барьсан байгаа. Энэ байдлыг үнэн зөвөөр шалгаж өгнө үү? Би буруугүй биш буруутай. Гэхдээ ганцаараа буруутай биш. Тэр хүмүүс нэг нь ажилгүй болох гээд байсан. Нэгнийх нь машин улсын орлого болох гээд байсан юм. Ийм шалтгаан байсан учраас эрт хэлж чадаагүй юм” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Д.Мийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 07 дугаар сард Завхан аймагт ажилтай явж байсан. Шөнө нь аав над руу залгаад эмээлт дээр манай адуунууд очсон байна гэсэн. Тэгээд манай дүү нар очоод зургийг нь аваад явуулсан байдаг. Яг ямар хүмүүс байсан гэдгийг нь сая сонслоо. Өөрийн мэдэж байгаа зүйлүүдээ мэдүүлсэн... Хүлээж авсан... Олоогүй... Манай адууг хариулаад морь уядаг байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дэлгэр сумын баяр наадамд оролцохоор 15 цагийн үед Говь-Алтай аймгийн төвөөс уядаг морьдоо аваад явсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой Есөнбулаг сумын Харзатын голын Дэрсэнд байсан хоёр азарга адуугаараа орж даага, үрээ хоёрыг ижилд нь тавьсан юм. Тэр үед хоёр азаргатай адуу бүрэн байсан ба Дэлгэр сумын баяр наадмаас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед ирээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарны 29-ны 11 цагийн үед Есөнбулаг сумын Харзатын голын Дэрсэнд байсан хоёр азарга адуугаараа ороход Хонгор зүстэй азаргатай адуунаас 8 тооны адуу байхгүй байхаар нь нөгөө саарал азаргатай адуугаараа орох гэхэд Харзатын голын дэрсэнд байгаагүй юм. Тэгээд би Харзатын голын дэрсэнд байсан. Хонгор зүстэй азарганы адуунаас байхгүй байсан 8 тооны адууг хайгаад олоогүй юм. Тэгээд би алга болсон 8 тооны адуу нь тарган уядаг морьдууд байхаар нь буруу гарын замаар орсон байж магадгүй гээд Улаанбаатар хотод байдаг хүүхэд охин Б, хүр дүү Н хоёр луу залгаад Улаанбаатар хотын Эмээлт захын адуу нядалгааны газраар яваад алга болсон гэх 8 тооны адууг үзээд хайгаадах гэхэд за гээд хайж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 13 цагийн үед миний 5 тоо тамгатай Харзатын голыг дэрсэнд бэлчиж байсан хоёр азаргатай адуунаас 13 тооны адуу эмээлт захын нядалгааны хэсэгт нядлуулахаар оочир авсан байхад Б, Н нь очиж харан таньсан. Тэгээд миний 5 тоо тамгатай 13 тооны адууг нядлуулахаас түдгэлзүүлэн зураг болон бичлэг хийж над руу явуулсан ба би тухайн бичлэг дүрсийг үзэхэд манай хонгор азаргатай адуунаас байхгүй байсан 8 тооны адуу зүсээрээ байсан. Би саарал зүстэй азаргатай адуугаа би хайгаад олоогүй байсан тэгэхэд саарал азаргатай адуунаас 5 тооны адуу очсон байсан... Хонгор азаргатай адуунаас зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай, Халтар морь, зөв ташаан дээрээ онги тамгатай ба давхар 5 тоо тамгатай Халтар морь, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай Шарга морь, /урт шанхтай/, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай, сартай хонгор морь, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай,жижиг сартай азарган соёолон үрээ хонгор морь, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай сартай хонгор үрээ хязаалан, саарал азаргатай адуунаас зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай, хоёр хүрэн халзан морь, бүдүүн морь, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай хондон халзан морь, бүдүүн морь, зөв талын гуя нь дээрээ 5 тоо тамгатай, хөх тойгтой цагаан бор морь, бас бүдүүн морь зөв талын гуя нь дээрээ Ш үсгэн тамганы дээр 5 тоо тамгатай хүрэн буурал морь зэрэг 13 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлсан байсан. Миний Харзатын голын дэрсэнд байсан хоёр азарга адуунаас хэдийг нь хулгайлж авсныг би мэдэхгүй байна. Одоо мэдэж байгаагаар бол саарал азаргатай адуунаас 5 тооны адуу Улаанбаатар хотын эмээлт зах дээр байна гэсэн...” гэх мэдүүлэг /1ХХ68-70/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай аав Д нь 2018 оны 07 сарын 30-ны шөнө 01-02 цаг хооронд над руу залгаад манай адуу эмээлтэд мал нядалгааны газар байгаа дуулдаж байна. Очиж үзэж таних шаардлагатай байна гэж хэлсэн. Очиж үзээд манай адуу байвал цагдаад мэдэгдээрэй адуу маань 5 тоо дүрстэй тамгатай байгаа шүү хэлсэн. Тэгээд би өглөө 07 цагийн үед эмээлтэд мал нядалгааны газарт очиж 13 т адуу байхад нь очиж үзтэл манай тамгатай адуунууд байсан юм, Тэгээд цаг мэдэгдсэн. Мал нядалгааны газрын технологич эгч цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ78/,
Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед ажил дээр ирэхэд 13 тооны адуу буусан байсан. Манай манай үйлдвэрийн манаач 14 гэсэн бичигтэй 13 тооны намайг байхгүй байхгүй байхад буусан гэж хэлсэн. Тэгээд би гарал үүслийн бичиг баримтыг нь үзэхэд гарал үүслийн бичиг баримт нь засвартай гарал үүсэл дээр 14 гэсэн боловч 13 адуу буулгасан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор адууны эзэд ирэхээр асууя гэж бодоод нээх тоогоогүй. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манаачаас гарал үүслийн авч бүртгэлтэй тулгаж үзэхэд загвар хийсэн гэдгийг мэдээд би нядалгаа хийгээгүй юм. Манайд байнга мал авч ирдэг А гэх залуу надаас 13 тооны адуу оруулчихмаар байна. Миний голын адуу байгаа юм гэж хэлсэн тэгэхээр нь би Алтангэрэлийн өөрийнх нь авч ирсэн 5 адуу хойшилж орно шүү гэж хэлтэл за тэгвэл больё 13 тооны адууны хүнийг өөрсдийг нь авч ирье гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаад би цагдаад дуудлага өгч мэдэгдсэн юм. Би үйлдвэрийн технологич болохоор бичиг баримтыг би үзэж нядалгаанд орох эсэхийг зөвшөөрөл өгч оруулдаг юм. Би ерөөсөө уулзаагүй. Намайг ажилд ирэхэд 13 адуу буусан гээд манай ажилтан буулгаж байсан. Тэр өдөр цагаан өнгийн портер машин малын хашааны хажууд ГАҮ гэсэн машин байсан. Би өөрөө Говь-Алтай аймгийн хүн болохоор их анзаарч харсан. Манай үйлдвэрт Говь-Алтайн машин ирж мал өгдөггүй юм. Би тэгээд тэр өдөр гайхаад өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /1ХХ76-77/,
Гэрч Ш.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : Би тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгаас бог мал зарахаар Улаанбаатар хот Эмээлт зах дээр очсон байсан. Тухайн үед өөрөө ачсан уу, өөр хүнээр бог малаа ачуулсан уу тэрийгээ сайн санахгүй байсан. Тэгээд Улаанбаатар хотод очсон өдрөө Баянаатай Эмээлт зах дээр уулзсан. Тэгээд Маргааш нь Баянаатай Эмээлт зах дээр дахин уулзсан. Тэгээд бог малаа борлуулах байсан юм. Тухайн үед Баянаа хямдхан шиг байдсан гүү олж авмаар байна гэж байсан бөгөөд Баянаа тухайн байдсан гүүг айлын хүүхдээр байшин бариулсан юм. тэгээд хөлсөнд нь адуу өгөх гэсэн юм гэж хэлж байсан. тэгээд бид хоёр Эмээлтийн малын зах гарсан. Тэгээд явж байтал Төмөрөөгийн бойн дээр байхаа нэрийг андуурсан байж магадгүй. Машинтай адуунууд ирчихсэн байж байсан. Тухайн адуунд буурал морь, халтар морь, хүрэн халзан морь, шарга морьд байсан. Тэгээд Баянаа тухай адуунуудыг Дооёо даргын адуунууд байна гэж таниад малын эмч дээр нь д энэ адуунуудыг бойнд оруулж болохгүй. Манай нутгийн адуунууд байна гэж д явсан. Тухайн үед Дооёо даргын 999933... дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд утас руу нь Адуунууд чинь Эмээлтийн зах дээр байна гэж мессеж бичсэн...” гэх мэдүүлэг /3ХХ146-148/,
Гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хүмүүс намайг Нахуу Баянаа гэж авгайлдаг...2018 оны 07-р сарын 29-ний өдөр хотод байсан бөгөөд Эмээлт зах дээр О гэдэг найзтайгаа явж байгаад тэр 14 адууг ачсан байсныг хараад Д.Мийн аавынх нь адуунууд гэдгийг таниад Друу утсаар залгаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул цуг явсан найз маань мессеж бичээд үлдээсэн...адуунууд нь хотод ачигдаад ирсэн талаар хэлсэн...Дорждагва нь манай бүл ах учраас би адуунуудыг нь таньдаг юм...” гэх мэдүүлэг/3ХХ-141/,
Гэрч Р.М-Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 22-ны өдөр миний таньдаг хуурай ах Түмэнтогтох 99198452 дугаарын утаснаас залгаад ахын дүү Говь-Алтай аймгаас хөлсөөр адуу ачих уу гэхээр би Т ахад тэгье гэж хэлээд 2018 оны 07-р сарын 23-ны Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу Галбаяр ахын хамт Говь-Алтай аймаг руу хөдлөөд явж байхад Түмэнтогтох ах надаа 98916666 дугаарын хүний адуу шүү гэж хэлээд надаа тухайн дугаарыг өгсөн юм. Тэгээд 2018 оны 07-р сарын 25-аас 26-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн үед Говь-Алтай аймаг ирээд Баяншанд багт байдаг аавындаа унтаж амраад байж байхад 98916666 дугаарын утаснаас залгаад та аймагт ирсэн юм уу гээд нэг залуу асуухад тиймээ гэж тэгээд нөгөө 98916666 дугаараас залгасан хүн утсаа салгасан юм.Тэгээд 2018 р сарын 26-ны өдөр нөгөө 98916666 дугаараас над руу залгаад та жолооны үнэмлэхийн дугаар, машины дугаар зэргийг явуулаадах би Улаанбаатар хот руу ачуулах адууны бичиг баримтыг бүрдүүлж байна гэж хэлэхээр нь би 981 дугаарын утас руу өөрийн жолооны үнэмлэхийн дугаар, машиныхаа улсын зэргийг мессежээр явуулсан юм.Тэгээд би адуугаа ачих уу эртхэн замдаа гармаар байна гээд нөгөө залуутай ярихад хөдөөнөөс 4 тооны адуу ирж байгаа тэрийг ачъя гээд утсаа тасалсан юм. Тэгээд 2018 оны 07-р сарын 26-ны 21 цагийн үед байхаа 98916666 дугаараас залгаад ахаа нөгөө хөдөөнөөс ирэх 4 тооны адуу ирчихлээ адуугаа ачъя гээд аймгийн төвийн хөрс колонк дээр уулзахаар болсон би хөрс колонк дээр ирчихлээ гээд нөгөө 98916666 дугаар луу залгахад нэг мотоцикл унасан залуу ирсэн юм. Тэгээд намайг дагуулаад Харзат багийн цаад талын даваад нэг хашаан дээр ирж зогсоод адуугаа ачсан юм...” гэх мэдүүлэг /1ХХ-79-84/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М-Өийн хамт ГАА-руу явсан. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим нөгөө адуу ачуулах залуу бид хоёрыг Хөрс ШТС дээр хүрээд ир адуу ачуулах газар луу явъя гэж дуудсан. Хуучин өвөлжөөн дээр дагуулж ирээд өвөлжөөний хашаан дотор адуу хашсан байсан...машинаа овоолсон шороон луу шахаж зогсоогоод нэг нэгээр нь ачсан...шөнөдөө аймгийн төвөөс гараад явсан...адуу ачуулсан залууг хэн гэдэг юм бэ гэхэд Шар Дагва гэдэг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1ХХ106, 110-112/,
Гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 13, 14-ны үед Дагва 98916666 гэсэн дугаараар над руу залгаад дүү нь хурим найр хийх гэсэн юм аа дүүд мөнгөний хэрэг байна би танд өгөх 3 адуун дээр чинь нэмээд 6 тооны адуу өгөөд явуулъя гэж над руу залгаад тэгээд надад 1 адууг нь 500.000 төгрөгөөр өгмөөр байна гэхээр нь би сайн мэдэхгүй байна эргээд ярьж байгаад больё хэлээд утсаа салгаад Энхболдтой утсаар ярьж адууны ханш асуухад 1кг мах 4500 төгрөгийн ханштай байна гэсэн эргээд Дагватай 98916666 гэсэн дугаараар залгаад чиний ачуулах гэж байгаа адуу хэдэн кг болох бол гэсэн чинь 200 орчим кг болно гэхээр би 6 адуу чинь 3.000.000 төгрөг болж байна харин би чамд 2.000.000 төгрөгийг нь эхлээд өгнө адуу ирэхээр нь 1.000.000 төгрөгийг өгнө гэж хэлээд тохиролцоод адуунаасаа ачуулах машин байна уу гэсэн чинь эндээс ачих машин байхгүй байна гэхээр нь би эндээс хүнээс асуугаад чамтай эргээд холбоо барья гээд утсаа салгасан. Тэгээд 7 дугаар сарын 15-ны Дагва над руу 98916666 гэсэн дугаараар залгаад ах та өнгөө өгчих дүү нь хурим найранд юм авах гэсэн юм аа гэхээр нь би тэг тэг яаж авах юм бэ гэсэн чинь Манай найз Бат очиж авна гэсэн тэгээд удалгүй байж байтал 95-тай мобикомын дугаараас Бат гэх залуу залгаад надаас Орбитын тойрог дээр ирээд би Дагватай' 98916666 гэсэн дугаараар залгаад энэ залууд мөнгө өгчих юм уу гэсэн чинь өгөөд явуулчих гээд би тэр залууд 2.000.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд би 208 онь 7 дугаар сарын сүүлээр хуурай дүү М.Ө-тэйутсаар яриад Говь-Алтай аймгаас 9 адуу авсан юм аа чи очоод ачаад ирэх үү гэсэн чинь нэг адууг нь тэндээс 90.000 төгрөгөөр ачна харин очих бензинийг нь та хийчих гэхээр 600.000 төгрөг М.Ө-ддансаар шилжүүлээд 98916666 дугаартай Дагва гэх хүн байгаа энэ хүнээс адуу ачиж ирэх талаар хэлээд явуулахаар болж би Дагватай 98916666 гэсэн утсаар яриад би эндээс нэг унаа олчихлоо адуу чинь бэлэн байгаа биз дээ гэсэн чинь өө за адуу бэлэн байгаа гэхээр М.Ө-г гар утсыг өгч байсан тэгээд 2018 оны 7 дугаар сарын 27,28-ний үед Мөнх-Өлзий надад би Говь-Алтай аймагт очсон талаараа над руу утсаар хэлэхэд би Дагватай утсаар яриад адуу ачих машин очсон байна гэж хэлээд тэр хоёр холбож өгсөн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өглөө М.Ө-тэйутсаар ярьж 13 тооны адуу ачуулсан шүү гэж надад хэлэхээр нь би юун адуу юм бэ уг нь 9 адуу ачуулах ёстой шүү дээ гэсэн чинь би мэдэхгүй байна ийм л адуу ачуулсан гэхээр нь би Дагватай 98916666 гэсэн дугаараар залгахад утас холбогдохгүй байж байгаад үдээс хойш утас нь холбогдож асуухад нэмээд 4 адуу ачуулсан та надад 4 адуугаа зараад дүүдээ мөнгийг өгчих гэхээр нь би зараад адууны мөнгийг өгөхөөр. болсон. Тэгээд Мөнх-Өлзий 2018 оны 7 дугаар сарын 29-нд би ирчихлээ гэхээр би Энхболд руу залгаад 13 торны адуу ирсэн байна чи нөгөө хужаадаа зараад өгөөч гэсэн чинь би Булган аймгийн Могод суманд байна маргааш өглөө очно гэсэн. М.Ө-тэйутсаар яриад Эмээлтийн бойны хашаанд буулгуулсан. Удалгүй байж байтал тухайн ачиж ирүүлсэн 13 тооны адуу хулгайн адуу байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ91-97/,
Гэрч Г.Нийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Цэргийн булаг ХХК-ыг 2001 онд үүсгэн байгуулж, малын эмч даргаар нь ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр нэрийг нь мэдэхгүй гэхдээ харуул сайн таньж мэддэг хүнд хийж өгсөн юм...Тиймээ миний бичиг мөн байна. Бас миний бичгийг дээрээс нь давхарлаж бичиж, он сар тээврийн хэрэгслийн дугаар зэрэг зүйлүүдийг өөрчилсөн байна. Манай цэргийн булаг ХХК-ын бичсэн маяг №01А мөн байна. Маягтын дээр улаан өнгийн тоогоор маягтыг дугаарласан байгаа. Байхгүй манай Цэргийн булаг ХХК-д надаас өөр ажилтан байхгүй...” гэх мэдүүлэг /1ХХ107/,
Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай “...хохирогч Д.Мягмарсанжийн өмчлөлийн нийт 14 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 12.200.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...” гэсэн эд зүйлийн үнэлгээ/3ХХ 153-162/,
99198452 Х.Тын эзэмшлийн 99198452 үүрэн холбооны дугаарын 2018 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны хооронд хийсэн яриа мессежний лавлагаа/1ХХ232-245/, гэрч Р.М.Ө-гөөр адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд/1хх44-46/, гэрч Б.Гр адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ47-49/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 19-27, 39-43/, мал амьтны эрүүл мэнд гарал үүслийн 00032764 дугаартай гэрчилгээ, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн 012121 дугаартай хуудас, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн маягт тэдгээрийн хураан авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн тэмдэглэл/1ХХ30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш шүүгдэгч Э.Дд холбогдох хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин иржээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг. Нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх болон өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсэгт “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2-оос 8 жил хорих ял шийтгэхээр нэгэн адил хуульчилсан боловч 2015 онд батлагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “олон тооны мал” гэж 24 бог 8 бодоос дээш малыг ойлгохоор хуульчилсан байжээ. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж 8 бог 2 бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбар хэсгийг өөрчилсөн зохицуулалтыг хууль тогтоогч оруулсан байна.
Иймээс шүүгдэгч Э.Дийн үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх шинж, үндэслэл байхгүй 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинж нь нэг удаагийн үйлдлээр төдийгүй хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг малыг хулгайлснаар хангагдах тул шүүгдэгч Э.Дийн 2 удаагийн үйлдлийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 07 дугаар сард 2 удаагийн үйлдлээр хохирогч Д.Мийн өмчлөлийн 14 тооны адуу, хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн 4 тооны адуу, хохирогч Д.Бы 1 тооны адууг хулгайлан бусдад хохирол учруулснаараа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамж, Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ний 111/112 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Түүнчлэн хохирогч Мийн өмчлөлийн 14 тооны адуунаас биет байдлаар буцаагдаагүй 1 адууны үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгч Э.Доос гаргуулж хохирогч Д.Мид, 900.000 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бнд, 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М нарт тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч нар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минутад хүртэл завсарлуулсан боловч шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй оргон зайлсан бөгөөд хохирогч нарт хохирол төлөгдөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Э.Дд 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ”, гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Э.Д нь урьд өмнө нь хорих ял шийтгүүлэн биеэр эдэлж байсан нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд бус түүнээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулсан тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамжаар хяналт тогтоосон 10 сар 18 хоногийн хорих ялыг эдлэх ял дээр нэмэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дийн цагдан хоригдсон, 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Дд холбогдох 18160001790111 дугаартай эрүүгийн хэргийн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Г овогт Эын Дийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дд оногдуулсан 3/гурав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дийн цагдан хоригдсон 22/хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6 Шүүгдэгч Э.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Э.Д-с 900.000/есөн зуун мянга/ мянган төгрөгийг гаргуулж хохирогч Мд, 900.000/есөн зуун мянга/ мянган төгрөгийг гаргуулж хохирогч Бд, 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М нарт тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА