Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Д.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд холбогдох Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Ч.Б, Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2000 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч төрийн албан хаагчийн тангараг өргөөд төрийн жинхэнэ албанд төрийн жинхэнэ албан хаагчаар орж ажилласан. 2014 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад өөр ажилд томилогдох гэдэг үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн. Тухайн үеийн төрийн байгууллагын удирдлагууд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, өөр ажилд томилох асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байгаад миний бие 2016 оны 12 дугаар сард А У ТӨХК-д амьдралын шаардлагаар ажилд орж 2 жил 8 сарын хугацаанд ажиллаад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг *******өөс хянаж баталгаажуулах үйл ажиллагаа явагдаад төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт батлагдсаны дагуу 12 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт буюу Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлагдаад би бүртгүүлж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт болж 01 дүгээр сарын 28-ны өдөр зохих журмын дагуу албан тушаалдаа дахин жинхлэн томилогдсон. Гэтэл *******өөс бичиг тоот, чиглэл ирсэн гэдэг үндэслэлээр аймгийн *******өөс өмнөх гаргасан тогтоол, сонгон шалгаруулалт зарласан тогтоолоо хүчингүй болгосон асуудал үүсгэсэн. Тийм учраас би *******ийн 2020 оны 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед энэ асуудалтай холбоотойгоор 2018 онд гаргаж байсан өргөдлийнхөө хариуг хуулийн хугацаанд аваагүй учраас энэ нь хууль зөрчсөн эс үйлдэхүй байна гэдгийг тогтоолгох, мөн иргэний шүүхэд энэ асуудлаар санал хүсэлтээ гаргасан. Иргэний шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн илэрхий нөхцөл байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудал нь миний төрийн жинхэнэ албанд ажил үүрэг гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжэл гаргасан. *******өөс ирсэн албан бичигтэй би танилцсан. Тухайн албан бичигт ийм шалтгаанаар нөөцөд байх боломжгүй байна. Тогтоол шийдвэрээ хүчингүй болгохыг зөвлөж байна гэсэн чиглэл ирсэн байгаа. Зөвлөж байна гэсэн болохоос шууд хүчингүй болго. Бүгдийг нь хүчингүй болгож шийдвэрлэх ёстой, үүрэг болгож байна гэсэн юм байхгүй. Би салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаагүй. Ямар арга хэмжээ авсан, юу хийсэн асуудлыг мэдэхгүй. Дараа нь хуралдаад ийм шийдвэр гарчихсан байсан. Би 03 дугаар тогтоол гарахыг мэдээгүй. Миний Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн факт, бичиг баримтуудад заагдсан хөдөлмөрлөх эрх, иргэн төрийн алба хаших эрхийн асуудлыг хөндөж яриад байгаа. 2014 онд орон нутгийн дахин сонгууль болоод янз бүрийн шахалт шаардлагаар ажлаас гарсан. 2014 оны 03 дугаар сард чамайг өөр ажилд томилно. Үйлчилгээний ажилд томилно гэсэн тушаал аваад ажлаас гарсан. Би энэ хүмүүст удаа дараа ажлын асуудал, санал ярьж байсан боловч тухайн үеийн удирдлагууд ажилд оруулж, томилохгүй 2 жил гаруй хугацаанд явсан.

Тамгын газрын дарга Ч.Б энэ гомдлыг өөрөө гаргасан. 2 удаа гомдол гаргасан. Тухайн үед 12 дугаар сард зарлагдаж байхад гомдол гаргасан. 12 дугаар сарын сүүлчээр болох ёстой сонгон шалгаруулалт чинь энэ хүний гомдлын дагуу хүлээгдэж байж байгаад 01 дүгээр сарын 10-ны үед болсон. Тэрнийг нь салбар зөвлөл холбогдох хүмүүс *******тэй холбогдож байгаад дээрээсээ чиглэлээ авсны дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Ингээд томилох асуудал шийдвэрлэгдээд явсан. Өмнөх сонгуультай холбоотой асуудлууд энэ хэрэгт ач холбогдолтой биш. Хариуцагчийн зүгээс 2014 онд ажлаас чөлөөлсөн акт нь хууль бус байсан. 2016 онд дэвшээд явсан асуудал нь хуулийн дагуу чөлөөлөгдсөн байсан гэх асуудлууд ярьж байна. Би энэ асуудлуудыг хөндөж ярьсан юм бол байхгүй. Миний зүгээс нэг зүйлийг онцолж хэлээд байгаа нь хэрвээ би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар сонгогдоод явчихсан бол асуудал нэг талдаа гараад явах байсан байх. Тийм ч учраас албан ёсоор 2018 онд салбар зөвлөлд өргөдөл, хүсэлт өгсөн. Тухайн үед миний өргөдөл дээр тодорхой хариу өгөөд та ийм байна. Тийм хариу байхгүй. Харин одоо өөрөө байна. Та нөөцөд байх үндэслэлтэй юм байна. Үүний дагуу бичиг тоотыг өгье. Тэр бичгийн цохолт дээр байгаа. Ичинхорлоод хариу бичиг, санал танилцуул гээд. Тэр асуудлаар надад өгсөн хариу байхгүй. Ийм хариу хэлж байсан хүн амаар болохгүй, бүтэхгүй гэсэн хариу өгсөн юм шиг тайлбар өгсөн байсан. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би 2014 онд өөрийн хүсэлтээр ажлаас гараагүй. Манай улсын улс төрийн хүнд нөхцөл байдал гэдэг юм уу? Шахалт шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед хуулийн боломжийн хувьд надад тийм л заалт байсан. Ингэж чөлөөлөгдсөн хүн нөөцөд тооцогдоно гэж заасан. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ бол тогтоох шаардлагагүй илэрхий нөхцөл байдал байна гэж заасан. Сонгон шалгаруулалт зарласан. Өргөдөл гомдол өгсөн. Дараа нь дахиад өргөдөл гомдол өгсөн. Хоёр ч удаа *******д өргөдөл гомдол өгсөн шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: *******ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэл шаардлагыг хангаж байна уу? Үгүй юу? гэдгийг тогтоолгохоор маргасан. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь уг тогтоол нь хууль ёсны байж чадаагүй. Хууль бус гарсан. Яагаад ингэж үзээд байгаа юм бэ? гэхээр тус тогтоолоор 3 заалт барьсан. Тогтоол хүчингүй болгох тухай гэчихээд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг барьсан. Энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, үйл ажиллагаанд хяналт тавих заалт байсан. Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол Зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна гэсэн заалтыг барьсан байгаа. Тийм учраас уг тогтоолыг хүчингүй болгоод байгаа эхний заалт нь зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах заалтыг бариад хүчингүй болгосон байгаа. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол гэж заасан. Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 нь хоорондоо уялдаатай заалт. Энэ үүрэг дугаар зүйлийн 30.2-т заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол гэж заасан. Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 нь хоорондоо уялдаатай заалт. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэхийг нэг албан тушаалтанд даалгаж өгөх байсан. Үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага нь хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлаад тогтоолыг хүчингүй болгох тухай гэсэн Төрийн албаны салбар зөвлөл нь энэ заалтаасаа эхлээд хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж хэлмээр байна. Мөн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан *******ийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.5.7 заалтад салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл гарна гэсэн байгаа. *******ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл хуралдаад 03 дугаар тогтоол гарсан юм бол тэмдэглэл нь хаана байна вэ? Ямар, ямар гишүүд нь ямар саналтай оролцсон юм бэ? Гишүүд нь олонхоороо Д.Оын сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ тогтоолуудаа хүчингүй болгоё гээд бүгд нийлээд олонхийн саналаар уг тогтоолыг гаргасан гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл уг тогтоолын тэмдэглэл хавтаст хэргийн материалд ирээгүй байна. Өмгөөлөгчийг зүгээс Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл нь үндэслэлгүйгээр хуралдахгүйгээр зүгээр тогтоол гаргачихсан. Хавтаст хэргийн материалаас ийм байдал харагдаад байгаа юм. Тэмдэглэл гараагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02/320 дугаартай албан бичгийг үндэслэж тогтоох нь гэсэн байгаа. Энэ албан бичгийг өмнө нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Гэхдээ энэ албан бичиг дээр Д.О гэдэг хүнийг ажлаас хал гэж дурдаагүй. Шинээр зохион байгуулахыг зөвлөж байна гэсэн албан бичиг байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү гэсэн үүднээс 03 дугаар тогтоол хууль зүйн шаардлага хангаагүй, үндэслэлгүй тогтоол гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үнэхээр хуралдсан бол 59 дүгээр журмаа баримталсан бол энэ журмынхаа 3 дугаар зүйлийн 3.4-ийг зөрчсөн байгаа. Яагаад гэвэл маргаан хянан шийдвэрлэх хүрээнд тус заалтад маргаан хянан шийдвэрлэх комиссын үүрэг даалгаврын дагуу асуудлыг шалгах, холбогдох баримт материалыг бүрдүүлэх, холбогдох этгээдээс тайлбар, тодорхойлолт авах гэж заасан байна. Д.Оын зүгээс надад мэдэгдээгүй. Би тайлбар, мэдүүлэг өгөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас уг журмаа зөрчсөн байна. Журмынхаа 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг зөрчөөд салбар зөвлөлийн хуралдаанаар гарсан тэмдэглэл байхгүйгээр ганцхан тогтоол нь хууль бус гарсан байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар энэ тогтоолыг хүчингүй болгох эрхтэй субъект нь Д.Б гэдэг хүн мөн үү? Биш үү? Үнэхээр үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага нь хүчингүй болгохоор тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан байна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг үндэслээд тогтоолуудыг шууд хүчингүй болгох хууль үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох 2018 онд өгсөн өргөдлийн хариу надад өгөөгүй. Энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Шүүх хуралдаанд талууд энэ талаар ярьсан. Би өргөдлийнхөө хариуг аваагүй. Өнөөдрийг хүртэл миний өргөдлийн хариуг өгөөгүй байгаа гээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Яагаад гэвэл өнөөдрийн шүүх хуралдаанд сууж байгаад ярьсан. Би өргөдлийнхөө хариуг аваагүй. Өнөөдрийг хүртэл миний өргөдлийн хариуг өгөөгүй гэж явж байгаа. Амаар өгсөн байж болно. Төрийн албанд олон зуун мянган өргөдөл ирдэг. Бид нар тэр хүмүүстээ өргөдлийнхөө хариуг амаар өгдөг гэж байна. Хуульд амаар болон харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэл хийнэ гэсэн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс юу шаардаад байгаа вэ? гэхээр төрийн чухал албанд ажиллаж байгаа хүмүүс өргөдөл гомдлынхоо хаалтыг хийгээд Д.От өргөдлийн хариу өгчихсөн байсан бол өнөөдөр шүүх дээр маргаан ирсэн тохиолдолд өөдөөс тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр энэ хүний өргөдлийг амаар өгсөн байна гэдэг баримтаа хавтаст хэргийн материалд хийчихээд бид нар амаар өгсөн гэдгээ хэлээд зогсож байх ёстой. Амаар өгсөн гэж байгаа боловч гомдлын шаардлагаа нэмэгдүүлж байгаа хүн маань амаар надад огт өөр зүйл ярьж байсан. Тэгсэн мөртлөө өнөөдрийн шүүх хуралдаанд өөр байна гээд энэ хоёр хүмүүсийн ярьсан асуудал эрс тэс өөр байна. Мөн Б.И тайлбартаа өргөдлийн хариуг амаар өгсөн гэдэг тайлбар өгсөн мөртлөө шүүх хуралдаанд орж ирээд би тухайн үед жирэмсний амралтаа авсан байсан гээд яриад байдаг. Түүнээс өмгөөлөгч үүнийг санаанаасаа зохиогоод та нар заавал бичгээр өгсөн бол тэрийгээ энэ хавтаст хэрэгт хий гэдэг зүйл яриагүй. Хуульд заачихсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан учраас үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2014 онд Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлаас өөр албан тушаалд томилогдож байгаа гэдэг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслээд чөлөөлөгдсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т төрийн үйлчилгээний юм уу? Эсхүл төрийн улс төрийн албан тушаалд шилжиж ажиллаж байгаа бол нөөцөд байна гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Энэ хуулийн заалтаараа чөлөөлөгдсөн байдаг. Тухайн үеийн удирдлагууд өөр ажилд томилох асуудлыг шийдвэрлэхгүй байсаар байгаад намайг хохироогоод А У ТӨХК-ийн даргаар томилогдсон гэж байна. Гэхдээ Төрийн албаны тухай хууль төрөөс гараад явсан ч гэсэн тэр хүнийг ажлаас чөлөөлж байгаа баримт бичиг нь хүчин төгөлдөр байх уу? Хүчин төгөлдөр бус байх уу? Хууль бус байх уу? гэдгийг тухайн үедээ илт мэдэгдэж байгаа асуудал. Яагаад гэвэл илт хууль бус акт гаргачихсан. Тэрийгээ нэхэмжлэгч сая тодотгоод хэлчихлээ. Шийдвэрлэгдээгүй байхад хүмүүс намайг ажилд томилоогүй гэдэг. Тухайн үед төрийн үйлчилгээ юм уу? Улс төрийн албан тушаал дээр энэ хүн томилогдож очоогүй байгаа юм. Нөгөө захиргааны акт илт хууль бус захиргааны акт болоод явчихаж байгаа. Энэ асуудлаараа нөөцөд байх асуудал автоматаар байхгүй болчихсон гэж ойлгож болно. Дараа нь 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшээд Монгол Ардын Намын харьяалал, гишүүнчлэлтэй болоод үнэмлэх, тэмдгийг нь авсан хүн яагаад дахиад нөөцөд байх ёстой юм бэ? Дараагийн асуудал нь дахин гарч ирж байгаа юм. Тухайн үеийн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагч ажил үйлчилгээгээ өгөөд намын харьяалалтай болоод өрсөлдөх ёстой. 2 үндсэн маш том факт байгаа юм. 3 дахь нь нийгмийн даатгалын дэвтэр байгаа. Үнэхээр энэ хүн төрийн үйлчилгээнд ажилласан юм уу? Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан юм уу? Зүгээр нийгмийн даатгалын дэвтрийг нь аваад шүүгээд үзэхэд маш том нотолгоо нь байж байгаа. Ийнхүү 3 маш том үндэслэл байгаад байхад яагаад төрийн албаны нөөцөд байхаар тогтоолгох гээд байгаа юм бэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Дараагийн асуудал нь тогтоолыг хүчингүй болгосноороо сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэх гээд байгаа юм. Тухайн үед сонгон шалгаруулалт зарлагдахад иргэнээс бүртгэлтэй холбоотой, сул ажлын байртай холбоотой гомдол гарсан байдаг. Энэ шалгаруулалт зарлагдахад үнэхээр сул ажлын байр гарсан юм уу? гэдгийг тогтоож өгнө үү гэж иргэн хандсан байдаг. Тухайн үед би өөрөө ажлаас хууль бусаар халагдсан байсан. Тэр гомдлыг гаргасан байдаг. Энд сул ажлын байр, орон тоо гарсан юм уу? гэдэг асуудлын хувьд сул ажлын байр гарсан гэж тооцуулахын тулд маш бүдүүлэг алдаануудыг захиргаа хийж эхэлсэн. Сул орон тоог үүсгэхийн тулд, хууль бус алдаануудаа залруулахын тулд нэг огноо, нэг дугаартай 3 өөр захиргааны шийдвэр гаргасан байдаг. Тэр 3 акт дээр нэгнийгээ хүчингүй болгосон ямар ч зүйл, заалт байхгүй. Засаг даргын Тамгын газрын үүрэг гүйцэтгэгчээс 3 өөр утгатай, 3 акт гарсан байдаг. Энэ бол маш ноцтой, төрийн албанд байж боломгүй алдаа гарсан. Үүнийг төрийн албаны завхрал гэж үзээд байгаа. Хавтаст хэргийн материалд Алтайбаатарыг сэлгэн ажиллуулна. Шилжүүлэн ажиллуулна гэх мэт 3 өөр тушаал гаргаад сул орон тоо гаргах гэж оролдсон. Иргэний гомдлын хариуг тухайн үед нь өгөөгүй. Сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт дур зоргын үндсэн дээр цаашаа үргэлжилж явсан. Сонгон шалгаруулалт явагдсан. Төрийн албаны төв зөвлөлд дахин гомдол гаргасан. Сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлалаа. Гомдлын хариуг өгөхгүйгээр зарласан. Дараагийн асуудал нь төрийн албаны нөөцөд байхгүй. Түрүүн миний яриад байсан үндэслэлгүй илт хууль бус акт гаргасан. 2016 оны сонгуульд ороод төрийн албаны нөөц нь байхгүй болчихсон. Ийм асуудлуудтай нөөцөд байхгүй хүнийг яагаад энэ сонгон шалгаруулалтад бүртгэв гэдэг асуудал гарч ирээд ******* дээр энэ асуудал хянагдаад сонгон шалгаруулалт явуулсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Үндсэндээ Төрийн албаны тухай хуулийг эрх бүхий албан тушаалтнууд илт гуйвуулж сонгууль болохоор дэвшээд явчихдаг, сонгууль өнгөрөхөд би нөөцөд баймаар байна гээд эсхүл төрийн жинхэнэ албан хаагч болмоор байна гэдэг дур зоргын юм яваад байна. Миний хувьд Говь-Алтай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргын хувьд болон хуульч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ 13 жил төрд ажиллаж байгаагийн хувьд ийм хууль бус зүйлийг анхан шатнаас эхэлж таслан зогсоох шаардлагатай юм байна гэдэг үүднээс нэхэмжлэгчтэй эвлэрэхгүйгээр энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхээр хандаад байгаа. Энэ асуудал шат шатандаа төрийн албаны завхрал, хуйвалдаан, хуулийг гууль болгодог асуудлууд явагдаад байгаа гэдгийг онцолж хэлэх байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Б.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******өөс 2020 оны 02/3220 дугаартай албан бичгээр иргэн Д.О нь төрийн албаны нөөцөд байхгүй. Иймээс Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулах талаар албан бичиг ирсэн. Тухайн үед факсаар ирсэн энэ албан бичгийг би Д.От танилцуулсан. Энэ албан бичгийн дагуу бид нар 03 дугаар тогтоолыг гаргасан. Үүнийг хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Д.О даргын тухайд 2020 оны орон нутгийн сонгуульд өргөдлөө өгөөд нэр дэвшсэн байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа шинэ Төрийн албаны тухай хуулиар Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нөөцөд байхгүйгээр хуульчлагдсан. Тийм учраас одоо нөөцөд байх ямар ч боломжгүй гэж үзэж байна гэв. ******* бие даасан, хараат бус, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид нар 03 дугаар тогтоолыг гаргахдаа *******өөс ирүүлсэн албан бичиг, чиглэлийн дагуу 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаад олонхиороо шийдвэрлэж уг тогтоолыг гаргасан. Мэдээж хурал бүрийн дараа хурлын тэмдэглэлийг баталгаажуулж хуралдаан даргалагч гарын үсэг зурдаг. Хуралдааны тэмдэглэл байгаа. Хуралдаан даргалагчийг хууль бус гэдэг зүйл ярьж байна. Тухайн үед салбар зөвлөл даргагүй байсан учраас хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тухайн үед Д.Быг хуралдаан даргалагчаар сонгоод хурлыг явуулсан. Хуралдаан даргалагчийг хууль бус гэдэг зүйл ярьж байна. Тухайн үед салбар зөвлөл даргагүй байсан учраас хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тухайн үед Д.Быг хуралдаан даргалагчаар сонгоод хурлыг явуулсан. Хуралдаан даргалагчийн хувьд хурлын тэмдэглэл болон тогтоол дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бид нар ******* рүү хүчингүй болсон тогтоолууд болон 03 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэлийг албан бичигт хавсаргаж явуулсан байгаа. Д.Оын хувьд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд одоо нөөцөд байхгүй. Бид төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд жилд 1-2 удаа зохион байгуулдаг. Шалгалт өгөх хүсэлтэй бүх иргэд өөрсдөө бүртгүүлээд шалгалт өгөх боломжтой учраас ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд нөөцөд орох боломж нь байгаа. Мөн тусгай шалгалтыг тасралтгүйгээр зохион байгуулж байна. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа хүн материалаа ирүүлсэн тохиолдолд хянаад бүх иргэдэд нээлттэйгээр шударгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явж байгаа учраас төрийн албанд эргэж орох эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр нөөцөд байгаа, байхгүй гэдэг асуудлыг тогтоосноор эрх зүйн хувьд ямар ч үр дагаваргүй гэдгийг дахин хэлмээр байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд холбогдох “Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”, “Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах комиссыг байгуулжээ.

Энэхүү комисс шалгалтыг зохион байгуулан нэхэмжлэгч Д.Оыг төрийн жинхэнэ албаны нөөцөөс бүртгэн тусгай шалгалтыг авч дүнг салбар зөвлөлд танилцуулсан байна.

Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөл 2020 оны 01 дүгээр сарын 14-ний 01 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Д.Оын нэрийг дэвшүүлэн томилох эрх бүхий этгээдэд хүргүүлжээ. Ийнхүү нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар томилон ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

Албан тушаалын сонгон шалгаруулалтад орсон иргэн Д.Оыг төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байх тул сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохыг зөвлөсөн *******ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02/320 тоот албан бичгийг үндэслэн Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөл 2019 оны 04, 2020 оны 01 дүгээр тогтоолуудаа 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.О төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байхад надад танилцуулж тайлбар, тодруулга авалгүй энэхүү тогтоолыг гаргасан гэж маргаж байх бөгөөд дараах байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б/16 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэг, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.2-т зааснаар энэ хуулийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн бол нөөцөд бүртгэхээр, энэхүү журмын 4.2-т нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдтол хязгаарлахгүй байхаар тус тус журамласан байна. Иймээс нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх бөгөөд нөөцөд байх хугацааны хязгаарлалт байгаагүй болно.

Хариуцагч *******өөс зөвлөсний дагуу тогтоолуудыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх боловч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хууль /2017/-ийн шинэчилсэн найруулгад төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийг шинэчлэн хийх, өмнөх хууль тогтоомжид зааснаар нөөцөд бүртгэлтэй байсан иргэнийг нөөцөөс хасах зохицуулалт тусгагдаагүй байна.

Түүнчлэн Төрийн албаны хууль /2017/-д хуулийг буцаан хэрэглэх нөхцөл, журам зохицуулагдаагүй байх бөгөөд иргэний эрх зүйн байдлыг дордуулан түүнийг төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгч Д.От танилцуулсан гэх баримт байхгүй байна.

Иймээс Төрийн албаны салбар зөвлөл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөхдөө түүнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй болох нь тогтоогдож байна.

Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон нөхцөлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх ёстой атал нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үндэслэн хожим гарсан эрх зүйн актын улмаас тийнхүү сэргээгдэхгүй нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.О захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бд хандаж “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчаас чөлөөлөгдөх хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэсэн өргөдөл гаргаснаар 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б/37 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгджээ.

Төрийн албаны хууль /2017/-ийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч…, ...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.” гэж тус тус заажээ. Ийнхүү нэхэмжлэгч Д.О төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй болсон байна.

Иймээс нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах эрх сэргэхгүй учир Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Тодруулбал, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн хүсэл зоригийн улмаас хэрэгжсэн байна.

*******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.О Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд өргөдөл гаргасан боловч захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд хариу аваагүй гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж тус тус заажээ. Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “эс үйлдэхүй” нь захирамжилсан үйл ажиллагаа болох тул захиргааны хэргийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил үйлчилнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.4, Төрийн албаны хууль /2017/-ийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, Говь-Алтай аймаг дахь *******ийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН