Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Д.Пүрэвжанцан, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

Шүүгдэгч, хохирогч Б.Ихбаяр, түүний өмгөөлөгч Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч, хохирогч Г.Гантөмөр, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламжав овогт Батболдын Ихбаяр, Тугч овогт Дамдинсүрэнгийн Пүрэвжанцан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очир овогт Ганбаатарын Гантөмөр нарт холбогдох эрүүгийн 201525012652 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид барилгачин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалантын 4-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ламжав овогт Батболдын Ихбаяр, /РД:ДЮ90071277/,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид барилгачин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13-р баг, Баянцагаан шинэ хороо 24 гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 14 байр 197 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Тугч овогт Дамдинсүрэнгийн Пүрэвжанцан, /РД:АВ92080818/,

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6-р баг, Орхон, 1-р хэсэг, 136 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монелийн 21-492 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Очир овогт Ганбаатарын Гантөмөр, /РД:ТВ81121113/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ихбаяр, Д.Пүрэвжанцан нар нь согтуугаар, бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Жуков худалдааны төвийн хойно Хил хамгаалах Ерөнхий газрын зүүн талд байрлах Цэргийн музейн хашаан дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.Гантөмөртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин ширүүн авирлан танхайрсан,

Шүүгдэгч Г.Гантөмөр нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Жуков худалдааны төвийн хойно Хил хамгаалах Ерөнхий газрын зүүн талд байрлах Цэргийн музейн хашаан дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Ихбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин ширүүн авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ихбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Пүрэвжанцаны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Жуковын музейн хашаанд найз нартайгаа явж байгаад гурван залуугийн хажуугаар гарахад надаас “архины гуя байна уу” гэж асуухаар нь “ахын дүү нар зүгээр байгаарай” гэж хэлэхэд араас гарч ирсэн. Тэгээд би нэг цэргийн хувцастай залууд нь “та гурав цэргийн ангид ажилладаг юм байна, маргаад байлгүй яв” гэж хэлэхэд хувцасан дээрх “ШТБ” гэсэн тэмдгээ үзүүлээд энэ чинь шалгах байгууллага гэж байгаа юм гэхээр нь “та нар байлдмаар байгаа бол Халх голдоо очиж Хятад, Солонгосуудтайгаа байлд” гэж хэлсэн. Гэтэл энэ үгнээс үндэслэж бид нарыг хужаа гэж хэллээ гээд явуулахгүй дахин, дахин зууралдаж, боосноос ийм хэрэг болсон. Би Ихбаяртай ноцолдож байхад надад гар хүрсэн зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Ихбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Пүрэвжанцан миний урд талд явж байтал миний хажуугаар өнгөрсөн залуучуудын нэг нь намайг “хөөе хужаа минь Монголд ирчихээд согтуу яваад байгаа юм уу, та нар барилгад ажиллаж байгаа юм уу” гэж хэлэхээр нь би “би хужаа биш” гэж хэлтэл Гантөмөр надаас хэрүүл өдөөд намайг заамдаад авахаар нь би заамдалцаж маргалдаад тэгээд зодоон болсон...” гэх мэдүүлэг. /1-р хх 75-81, 118, 133-136, 227-228 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Пүрэвжанцаны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ихбаяр Батсайхантай уулзаад үлдэхээр нь би тамхи авчихаад буцаад ирэхэд Ихбаяр танихгүй залуутай заамдалцаад зогсож байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл нэг залуу архи гаргаж ирээд “хужаа нар архи уух уу” гэж асуухаар нь бид хоёр юм яриагүй. Байж байгаад Ихбаяр заамдалцсан залуутайгаа намайг хужаа гэж хэллээ гээд дахин маргалдаад харилцан заамдалцсан ба Ихбаяр ухаан алдаад унасан. Би Ихбаярыг ухаан алдаад унахаар нь “манай найзыг яаж байна аа” гэж хэлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохитол нөгөө залуу доош тонгойсон, тэгээд л салцгаасан...” гэх мэдүүлэг. /1-р хх 68-74, 116-117, 137-138, 229-230 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хэрэг үйлдээгүй. Би өөрийгөө уг хэрэгт 100 хувь хохирогч гэж үзэж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 62-67, 132-134, 231-233 дугаар хуудас/,

Хохирогч Г.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч Б.Ихбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.Гантөмөрөөс нэхэмжилж байгаа болон гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...үл таних 3 залуу байсан ба нэг нь цэргийн хувцастай, 2 залуу нь ажлын хувцастай байсан. Бид нар тэдний хажуугаар зөрөөд өнгөрөх гэхэд тэдгээрийн нэг нь “ганц юм гуялаад уучихъя” гэж хэлэхээр нь би “зүгээр байгаараа дүү нар” гэж хэлээд зөрж өнгөрөөд нарийн гудмаар гарсан. Араас гурвуулаа гарч ирээд хэрүүл өдсөн. 3 залуугийн нүдний шилтэй, ажлын хувцастай залуу нь бид нарыг хужаа гэж хэллээ гээд албаар хэрүүл өдөөд миний цамцны захаас барихаар нь миний найз нар салгасан. Би Дорнодынх гэж өөрийгөө танилцуулсан залуу намайг дуудаад уулзъя гэхээр нь учраа олчий гэж бодоод тэр залуугийн урд нь гараад шатаар бууж явтал араас нүд рүү өшиглөхөөр нь би тонгойгоод яаж байнаа гөлөгөө гэж хэлээд өндийтөл хөлөөрөө хүзүү рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Ихбаяр, Пүрэвжанцан нар цамцны захаар боож байгаад гараараа шанаадаад байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 13-18, 115 дугаар хуудас/,

              Хохирогч Б.Ихбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өндөр нуруутай залуу намайг заамдаж байгаад гараараа миний нүд рүү цохиж байгаад намайг хөлөөрөө дэгээдэж унагаасан. Өндөр нуруутай залуугаас өөр залуу намайг зодож цохисон асуудал байхгүй. Гантөмөр бид хоёр харилцан нэг нэгнийгээ заамдсан ба тэр үед хүзүүнд зулгаралт учирсан. Гантөмөр намайг заамдаж байхдаа гараараа нүүр рүү цохичихоод дэгээдээд газар унагаасан...” гэх мэдүүлэг. /1-р хх 19-22 дугаар хуудас/,

               Гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр 3 залуугийн хажуугаар өнгөрөхөөр явж байтал нэг залуу нь “архины гуя байна уу” гэж асуухаар нь Г.Гантөмөр “ахын дүү нар зүгээр байгаараа” гэж хэлээд өнгөрөөд явж байтал араас цэргийн хувцастай нүдний шилгүй, ханцуйн дээрээ ШДБ гэсэн бичигтэй куртик өмссөн залуу “ШДБ гэх бичгийг мэдэх үү, энэ юу гэсэн үгийг мэдэх үү” гэж асуусан. Г.Гантөмөр тэр залууд хандаад “ахын дүү чи энэ 2 залууг бодвол арай бага согтолттой байна, та нар цэргийн хувцастай цэргүүд байна, ингэж болохгүй” гэж хэлээд тэр залуутай танилцсан. Тэгээд би Г.Гантөмөр ахыг салгаад цааш явж байтал араас нүдний шилтэй залуу ирээд Г.Гантөмөр ахын ар хүзүүнээс гараараа татаж газарт унагаасан. Би тэр хоёрын дэргэд очоод нүдний шилтэй залуугийн араас нь гараараа татаж салгасан. Тэгтэл тэр залуу “би үндэсхэрхэг үзэлтэй Монгол хүн” гэж хэлээд орилоод байсан. Тэгтэл энгийн улаан өнгийн хувцас өмссөн залуу манай найзыг хужаа гэж хэллээ гээд Г.Гантөмөр ахыг гараараа цамцнаас нь татаж унагааж, хашаа 4-5 удаа мөргүүлсэн. Тэр үед би нүдний шилтэй залууг татаж салгаад араас нь 2 гараараа тэвэрч зогсож байхад нөгөө залуу нь ахыг уулзъя гэж хэлж цааш яваад шатаар буусан. Тэгтэл удалгүй ах орилохоор би араас нь очтол ах шатан дээр суучихсан, нөгөө залуу шатан дээр зогсож байсан. Би ахыг харахад хамарнаас цус гарчихсан, зүүн нүд нь хавдсан байсан. Хужаа гэх үгнээс болоод маргалдсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 23-27 дугаар хуудас/,

Гэрч М.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ихбаяр маргалдахаар нь би тухай үед жагсаал хувцастай явсан болохоор тэр залуучуудыг айлгаж явуулах зорилгоор “шалгах төв байгууллага байна” гэж хэлээд жагсаал хувцасны ханцуйн дээрх ШТБ гэх үсгийг харуулсан. Тэгтэл тэр 4 залуугийн эрүүл залуу нь намайг шалгуулна гэж хэлэхээр нь би тэр залуутай цааш явж байрны дэргэд юм ярьж байтал тэр залуу намайг шалгуулна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 30-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гурван залуу өөр цэргийн хувцастай гурван залуутай маргалдаад байсан. Салаад явж байтал араас нөгөө залуу гүйж ирээд зууралдаад авсан. Тэд согтуу бас цэргийн хувцастай байсан. Бямбаа нэг залууг нь би чамайг шалгуулна гээд цааш дагуулаад явсан. Гантөмөр рүү цэргийн хувцастай залуу “чи намайг хужаа гэж хэллээ” гээд дайраад байсан. Тэд зууралдаад салахгүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 34-35 дугаар хуудас/,

Гэрч Т.Ариунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Монгол цэргийн музейн хашаанд хүмүүс маргалдаж байхаар нь хартал надтай цуг ажилладаг Ихбаяр, Пүрэвжанцан нар байсан. Ихбаяр өндөр нуруутай ахтай харилцан нэг нэгнийгээ заамдчихсан байдалтай байсан ба Пүрэвжанцан тэр хоёрыг залгах гээд гараараа татаж байсан. Пүрэвжанцан Ихбаярыг салгахаар нь би Ихбаярыг татаж холдуулаад юу болсон талаар асуутал намайг эдгээр залуучууд хужаа гэж доромжлохоор нь уур хүрээд маргалдсан гэж надад хэлсэн. Ихбаяр надад өмсөж байсан савхин куртик, нүдний шилээ өгчихөөд нөгөө өндөр нуруутай ахтай маргалдаж, заамдалцаж байгаад Ихбаярыг боогоод газар унагаасан. Тэгтэл Пүрэвжанцан бид тэднийг салгаж, Пүрэвжанцан нөгөө ахтай цуг цааш авч яваад хэсэг хугацааны дараа гараад ирсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 40-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹15733. Үүнд:

1. Гантөмөрийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /1-р хх 46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹15971. Үүнд:

              1. Ихбаярын биед зүүн дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 48 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…дээрх гэмтэл буюу зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл нь хөлөөрөө өшиглөх, хатуу зүйл мөргүүлэхэд үүсэх боломжтой буюу энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, ажил хөдөлмөр хийж чадна…” гэх мэдүүлэг. /1-р хх 53-54 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь газарт унахад үүсэх боломж муутай. Яагаад гэвэл биеийн өөр өөр хэсэгт үүссэн байна. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлээр цохиход үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг. /1-р хх 55 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Гантөмөрийн хохирлын баримт /1-р хх 11-12, 198-199, 202 дугаар хуудас/,

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх 130-131 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 91, 100, 104 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 87, 88, 105 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ихбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримт /1-р хх 193-196 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Пүрэвжанцангийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /1-р хх 197, 200-201 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гантөмөрт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон, мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Пүрэвжанцанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан Б.Ихбаярт холбогдох үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Д.Пүрэвжанцан нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Жуков худалдааны төвийн хойно Хил хамгаалах Ерөнхий газрын зүүн талд байрлах Цэргийн музейн хашаан дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.Гантөмөртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч Г.Гантөмөр нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Жуков худалдааны төвийн хойно Хил хамгаалах Ерөнхий газрын зүүн талд байрлах Цэргийн музейн хашаан дотор Б.Ихбаяр, Д.Пүрэвжанцан нарыг “архины гуя байна уу” гэх зэрэг зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Ихбаярын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан шүүгдэгч, хохирогч, гэрч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо.

Нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Б.Ихбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй, шүүгдэгч Д.Пүрэвжанцан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тус тус нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Пүрэвжанцанд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ихбаяр, Д.Пүрэвжанцан, Г.Гантөмөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.