Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0380

 

С.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориг, нэхэмжлэгч С.Батсүрэн, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчП.Отгонбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор,С.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батсүрэн миний бие нь газар эзэмших эрх цуцлах захирамж гаргахад буюу газрын төлбөрөө 2015 оны 02 дугаар сарын 26-нд бүрэн төлсөн. Уг 250 га газрыг эзэмшилдээ 2 жил болоогүй,1 жил 7 сар болж байгаа төдийгүй, 125 га газартаа хэдийн захирамж гарахаас өмнө тариалалт хийсэн, үлдэх 125 га газартаа уринш хийж байна.

Дээрх газруудыг эзэмшээд 2 жил болоогүй байгаа ба хугацааг тоолохдоо хуанлийн хугацаагаар тоолох ёстой. Баталгаажилт хийлгэх гэж миний бие нь 3 удаа Засаг дарга, газрын даамал нартай өөрийн биеэр уулзсан, баталгаажилт хийлгэх гэж мөн 2-3 удаа уулзсан . Уг 250 га газар нь миний өмчлөлийн бус эзэмшлийн газар бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд баталгаажилт хийлгүүлээгүй нь газар эзэмших эрхийг цуцлах нэг үндэслэл болох тухай зүйл, заалт байхгүй.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор мэдэгдэх хуудсыг өгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу сумын Засаг дарга газар эзэмших эрх цуцалсан тухай 2015 оны 05 дугаар сарын 25-ны А/76 тоот шийдвэрийг гаргасан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/76 дугаартай Газар эзэмших эрх дуусгавар болох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглалт явуулаагүй газар эзэмших эрхийг шилжүүлэн авсанаас хойш сум орон нутгийн ажил хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож байгаагүй тариалалтын болон уринш хийх бусад үйл ажиллагааны талаарх мэдээг гаргаж өгөөгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу С.Батсүрэн нь газар эзэмших эрхтэйн хувиар газрын төлбөрт нэг улиралд 35700 төгрөг, жилд нийт 150000 төгрөг төлөх үүргийг бидний хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн. Гэтэл С.Батсүрэн нь 2014 оны газрын төлбөр болох 150000 төгрөгийг төлөх хувиарын дагуу нэг ч хийгээгүй, он дамжуулан хугацааг 2 сараар хэтрүүлсэн буюу дараа оны 02 дугаар сарын 16-нд төлсөн.

Тариалалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу 2 хүртэл жил ашиглалт явуулах боломжгүй болсон тухайгаа сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй зэрэг үндэслэлээр газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул газар чөлөөлөх мэдэгдлийг утсаар 2015 оны 04 дүгээр сарын 22 нд өгч, ирж асуудлаа шийдвэрлэхийг мэдэгдсэний дагуу 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор мэдэгдэх хуудсыг өгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 заасны дагуу сумын Засаг дара газар эзэмших эрх цуцалсан тухай 2015 оны 05 дугаар сарын 25-ны А/76 тоот шийдвэрийг гаргасан.

Захиргааны эрх зүйд зөрчил бий болсон хууль зүйн үйл явдлыг үнэлж шийдвэр гаргадаг. Түүнээс биш зөрчил гаргаад түүнээ засчихвал зөрчил гаргаагүйд тооцох зохицуулалт байхгүй юм. Иймд С.Батсүрэнгийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн шийдвэр болно. Уг шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүй болгосон нь илэрхий хууль зөрчиж, гэрээгээ биелүүлэхгүй байхад хэт нэг талыг барьж гаргаж, иргэн хүн хууль зөрчиж болно, төрийн байгууллагатай хийсэн гэрээгээ зөрчиж болно гэсэн ойлголтыг төрүүлж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Батсүрэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 14ий өдөр А/125 дугаар захирамж гаргаж, иргэн Н.Булганчимэгийн хүсэлтээр газар эзэмших эрхийг С.Батсүрэнд 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Мөн захирамжийг үндэслэн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Чавганцын булагт 4 хэсэг 250 га газрыггэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 14ийөдөр тус сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулсан газар эзэмших гэрээний дагуу 2013оны 10 дугаар сарын 14ий өдрөөс 2028 оны 10 дугаар сарын 14ий өдөр хүртэл эзэмших эрх нэхэмжлэгч С.Батсүрэнд үүссэн байна.

Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/76 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэнүр тарианы зориулалтаар С.Батсүрэнгийн тус суманд эзэмшдэг 170900201 нэгж талбарын дугаартай 11 га, 170900202 нэгж талбарын дугаартай 83 га, 170900204 нэгж талбарын дугаартай 80 га, 170900207 нэгж талбарын дугаартай 76 га нийт 250 га газрын эзэмших эрхийг нь дуусгавар болгож, энэ захирамж гарсантай холбогдуулж 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/125 дугаар захирамж, 000460924-000460927 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчаас сумын Засаг даргатай байгуулсан газар эзэмших гэрээгээ биелүүлээгүй, газрын баталгаажилт хийлгээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж захирамжийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байх бөгөөд уг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд захиргааны байгууллага тухайн үндэслэлийг хянан шалгаж, тогтоосон байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь нийт эзэмшлийн талбайнхаа 120 га-д улаан буудай тариалсан талаар 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт мэдээлсэн, үлдсэн талбайдаа уринш хийж тариалалт хийхэд бэлтгэх зэргээр эзэмшил газраа ашиглаж байсан байхад газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй, харин хариуцагч нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жил болоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.3-д газрын төлбөрийн хэмжээг улиралд 48000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч С.Батсүрэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрт нийт 300000 төгрөг төлж, 2014, 2015 оны газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон нь буруу болжээ.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учир анхан шатны шүүхээс дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН