Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00696

 

Ч.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1118 дугаар магадлалтай,

Ч.Б-ы нэхэмжлэлтэй,

Ө” ХХК-д  холбогдох,

128 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б миний бие стратеги-команд штабын мэргэжилтэй бөгөөд 1979 оноос 1980 онд Ардын армийн 132 дугаар ангид салааны захирагч, 1980-аас 1982 онд 132 дугаар ангид ротын захирагч, 1982-оос 1986 онд ЦНДС-ийн курсийн захирагч, 1986-аас 1988 онд Ардын армийн 150 дугаар ангид сургуулийн батальоны штабын дарга, 1988-аас 1992 онд цэргийн академид, 1992-оос 1996 онд ЦИС-д тактикийн багш, 1996-аас 1999 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, 1999-өөс 2003 онд ЗХЖШ-ын ЦУСТГ-т мэргэжилтэн, 2003-оос 2007 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ангийн захирагч, 2007 оноос Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарсан юм.

“Ө” ХХК-иас миний олон жилийн дадлага, туршлага чадварыг үнэлэн 2013 оны 2 сарын 22-ны өдөр уулзан Харуул хамгаалалтын албаны даргаар ажиллах санал тавьсныг зөвшөөрсөн. Тухайн үед “Ө” ХХК-ийн барилгын ажил ид явагдаж байсан буюу Оргил стар тауны хоёр блок байшин, Худалдаа хөгжлийн банкны төв барилга, Хаппи таун хотхоны 4 блок 16 давхар байшин, Юу би эйч центр оффисын зориулалттай 15 давхар барилга, Юу би таун хотхоны 12 давхар 2 барилга, Улаанбаатар буян компанийн хажууд 16 давхар орон сууцны барилга, Зүүн аж ахуйн агуулахын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил явагдаж харуул хамгаалалтын үйл ажиллагаанд удирдлага зайлшгүй шаардлагатай болж ирсэн байдаг. Тухайн үед барилгын материал хулгайд алдагдах, барилгын талбайд дэг журам аюулгүй байдал алдагдах зэрэг ноцтой зөрчлүүд удаа дараа гарч байсан учир миний туршлагатай, хүнтэй ажиллаж байсан арга туршлагыг ашиглах зорилгоор энэ албан тушаалд ажиллуулсан. 2013 оны 2 сарын 22-ны өдөр уулзахдаа 5 жил тогтвортой ажиллаж объектуудад сахилга хариуцлага алдагдахгүй байх, өмч хөрөнгөнд хяналт, аюулгүй байдлыг чанд сахиж харуул хамгаалалтын албаны даргын ажил үүргийг ягштал биелүүлсэн тохиолдолд 2 өрөө байр өгөхөөр тохирч ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэг болох цалин, утасны мөнгө, шаардлагатай бензин шатахуун зэргийг сар тутам олгохоор шийдсэн.

Ийнхүү 2013 оны 3 сарын 18-ны өдөр би “Ө” ХХК-тай Тогтвортой ажиллах гэрээ /контракт/-г байгуулсан. Гэрээгээр миний бие харуул хамгаалалтын ажилчдыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажилчдыг удирдан зохион байгуулах, компанийн бүх объектуудын хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, компанийн зүгээс надад цалин хөлсийг мөнгөн хэлбэрээр бус барьж буй орон сууцнаас байр олгох байдлаар харилцан тохиролцож 5 жилийн хугацаатай контракт байгуулж уг байрандаа 2013 оны 03 сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний бие гэрээнд заагдсан “Ө” ХХК-ийн бүхий л барилга байшин, агуулах объектуудад харуул хамгаалалтын ажил үүргийг өөрийн бүхий л хүч чадлыг дайчлан, үнэнч шударгаар зөвхөн энэ компанийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллаж ирсэн бөгөөд 500 гаруй Монгол ажилчид, 100 гаруй Хятад ажилчид, 80 гаруй Солонгос ажилчдад хяналт тавьж аюулгүй байдал, дэг журмыг сахиулж, барьж буй барилгуудын эд хөрөнгөнд хяналт тавьж ажилладаг байсан. Компани харуул хамгаалалтын тусгай зөвшөөрлөө өөрийн охин компани дээрээ авсан тул дээрх бүх харуул хамгаалалтын ажилчдад хяналт тавих, “Ө” ХХК буюу үйлчлүүлэгч компанийн өмнөөс контрактын дагуу хяналтыг хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү таван жилийн хугацаанд алдаа, зөрчил гаргаагүй бөгөөд “Ө” ХХК-ийн удирдлагуудын шууд хяналт дор, тэдгээрийн заавар зөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн боловч гэрээний хугацаа дуусахад гэрээг дүгнэлгүй, гэрээнд заасан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Оргил Стар таун хотхоны С блок, 6-ийн 56-р байрны 74 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрлээ. Би гэрээний хугацаанд компанийг гэрээнд заасан үүргээ үнэнч, шударгаар биелүүлнэ хэмээн найдаж өдийг хүрсэн байтал гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Миний бие “Ө” ХХК-д хоёр удаа албан бичгээр гэрээг дүгнэхийг шаардсан боловч сүүлд буюу 2018 оны 5 сарын 29-ний өдөр утсаар ярьж, тухайн үед гэрээг байгуулсан Н.Төмөрхүү захиралтай энэ асуудлаа ярь хэмээн албан бичгээр хариуг өгөх боломжгүй талаар хэлсэн. “Ө” ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бөгөөд байхгүй талаар бичиг хийж өгөхийг хүсэхэд мөн боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчаас орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иар орон сууцыг үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээгээр 128 000 000 төгрөгөөр үнэлсэн болно. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Оргил Стар таун хотхоны С блок, С-ийн 56-р байрны 74 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхэд Улаанбаатар хотын банкнаас 2018 оны 9 сарын 17-ны өдрийн ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтуудаас үзвэл тус байр нь Улаанбаатар хотын банк болон “Ө” ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 24-ний өдөр байгуулагдсан ЗБГ9101/170224 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу тус банкинд барьцаалагдсан болохыг олж мэдлээ.

Иймд Оргил Стар таун хотхоны С блок, G-ийн 56-р байр нь бусдын эрхээр хязгаарлагдсан буюу үүрэг гүйцэтгүүлэгч Б.Ч.Б миний эрхийг хөндөж Зээлийн барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд өмчлөх эрхийг миний бие шилжүүлэн авснаас үл хамааран барьцааны эрх хадгалагдах нөхцөл байдал үүссэн тухай тайлбар ирүүлсэн. Шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Ө” ХХК-ийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний харилцааг хөндсөн, эрх зүйн үр дагавар бий болгосон мөн үүрэг гүйцэтгэгч “Ө” ХХК нь гэрээний үүргийг биет байдлаар биелүүлэх боломжгүй байгаа нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж орон сууцны үнэ болох 128 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байгууллагад Ч.Б нь нэг ч удаа ажиллаж байгаагүй бөгөөд 2018 онд л уг гэрээ байгуулагдсан гэдгийг мэдсэн. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ажилласан талаарх нэг ч удаагийн тайлан, мэдээ байхгүй, манай байгууллагад нэг ч минут ажиллаж үзээгүй хүнд 2 өрөө орон сууц өгнө гэж гэрээ хийжээ.

Уг гэрээг хийхдээ хувьцаа эзэмшигчдийн санал тогтоолыг тусгасан байх ёстой боловч тусгаагүй, хамаатан саднаараа нийлж, компанийн хөрөнгийг хувьдаа завших гэсэн увайгүй оролдлого байна. Нэхэмжлэгч Ч.Б нь манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Төмөрхүүгийн хамаатан юм. Уг гэрээ хийгдсэн байсан ч сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэж байна. Иймээс бид зохих журмын дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Оргил таун хотхоны 10-н давхрын 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийгөө манай компанийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан гэсэн боловч манай компани хамгаалалтын ажлаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулан хариуцан ажиллуулдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь өөрийгөө “Ө” ХХК-ийн ажилтан байсан мэтээр ажиллах гэрээ байгуулсан, үүний цалин хөлс нь үл хөдлөх орон сууц байсан мэтээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжилсэн 128 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайн үед манай компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Төмөрхүүгийн хамаатан Ч.Б бөгөөд өөрийн хамаатан садандаа компанийн өмчийг дур мэдэн өгөх гэсэн үйлдэл, уг хэлцэл нь сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байгааг анхаарна уу. Нэхэмжлэгч нь мөн гэрээг гэрээнд заасны дагуу дүгнүүлж байгаагүй нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас 128 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 6 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Ө” ХХК-аас 797 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1118 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 335 дугаар зүйлийн 355.1” гэснийг “420 дугаар зүйлийн 420.1, 219 дугаар зүйлийн 219.1, гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16- ны өдрийн 181/ШШ2019/00891 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 14-ны өдрийн 1118 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 /шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн/-т заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

Ч.Бы нэхэмжлэлтэй “Ө” ХХК-д холбогдох 128 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 16 өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэрлэснийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, зохих журмын дагуу давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ:

Магадлалын хянавал хэсэгт Ч.Б, “Ө” ХХК нарын хооронд 2013 оны 03 сарын 18-ны Тогтвортой ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ч.Б нь компанийн харуулын албаны даргын ажил үүргийг 2013 оны 03 сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлэх, “Ө” ХХК нь Ч.Бд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Оргил стар таун хотхоны С блок, 10 давхар, О-ийн 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг олгохоор тохиролцсоноос үзэхэд 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан үр дүн бий болсон буюу болзол биелэгдсэн тохиолдолд орон сууцыг шагналд олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж үзэхээр байна гэжээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 буюу шагнал олгохоор нийтэд амласан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэвч бид харуулын албаны даргаар 5 жилийн хугацаанд ажилласан хүнд орон сууц өгөх талаар нийтэд ямар нэг байдлаар зарлаагүй, амлаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт ч байхгүй.

Мөн ямар тодорхой үр дүнд хүрэх шаардлага тавигдсаныг хэрхэн биелүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд манай харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хуулийн этгээдийн харуулын албаны даргад манай байгууллага орон сууц өгөх амлалт өгсөн баримт алга. Өөрөөр хэлбэл уг агуулгаараа магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж бид үзэж байна.

Харин манай байгууллагад ажиллаж байгаагүйг нотолгоо нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, уг үүргээ хэрэгжүүлж ирсэн бол гэрээний 4.1 /Талууд гэрээний биелэлтийг хагас жил болон жилийн эцэст дүгнэнэ/-т зааснаар хэрхэн ажил үүрэг гүйцэтгэснээ тухай бүр нэг талаас тайлагнаж, нөгөө талаас ажил, үйлчилгээний үр дүнг хэлэлцэн гэрээг дүгнэх учиртай.

Гэрээг дүгнэснээр гэрээний үүргээ зөрчсөн эсэх буюу Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах боломж, нөхцөл бүрдэнэ. Гэтэл бидний тохиолдолд Ч.Б нь манай байгууллагад огт ажиллаж байгаагүй тул гэрээний зөрчил, дутагдал гаргасан, гэрээнээс татгалзсан тухай ойлголтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд нэг ч удаа дүгнэж байгаагүй, Ч.Б нь ажилласан гэх хугацаандаа нэг ч тайлан ирүүлж байгаагүй, үүнтэй талууд маргадаггүй. Харин тайлагнаж, гэрээг дүгнээгүй явдал нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн талаарх тайланг хүлээн авахаас татгалзсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний 3.4-т зааснаар Харуулын албаны даргын ажилтай Ч.Бы өмчлөлд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Оргил стар таун хотхоны С блок, 10 давхар, О-ийн 54.7 м.кв, 2 өрөө орон сууцыг олгож, гэрээний хугацаа дуусаж, үүргийн биелэлтийг дүгнэснээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан боловч гэрээний үүргийн биелэлтийг огт дүгнүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар үүнийг дүгнээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл гэрээг дүгнэснээр талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны хэрэгжилт хангагдсан эсэх, гэрээний хугацаанд зөрчил дутагдал гарсан эсэх, тухайн гэрээний зөрчил дутагдалд Ч.Б, эсхүл хариуцагчаас үүссэн эсэх гэрээнд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх зэргийг талууд шийдвэрлэх учиртай.

Ч.Б нь “Евролайн” ХХК, “Булнайн-Ар” ХХК-д ажиллаж байсан нь “Ө” ХХК-д ажиллаж байсан гэдгийг харуулахгүй бөгөөд тухайн компаниуд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж учир гагцхүү тэнд ажилласнаараа “Ө” ХХК-ийн үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шийдвэр магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Б “Ө” ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлс 128 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 205 дугаар зүйлийн 205.1., 225 дугаар зүйлийн 225.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар хариуцагчаас 128 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хуулийн зүйл заалтыг “Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1., 219 дүгээр зүйлийн 219.1.” болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..., үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Зохигч 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Тогтвортой ажиллах гэрээ /контракт/ байгуулсан, гэрээний үргэлжлэх хугацааг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 /тав/-н жилийн хугацаагаар тогтоож, гэрээний 2.2.-т ажилтан Ч.Б өөрийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг ашиглан компанийн харуулын албаны даргын ажил, үүргийг хэрэгжүүлнэ гэж, 3.3.-т ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсийг материаллаг хэлбэрээр буюу орон сууцаар олгоно, 3.4.-т ...Хан-Уул дүүрэгт байрлах Оргил стар таун хотхоны С блок 10 давхар, G-ийн 54.7 м.кв, 2 өрөө орон сууцыг олгож, гэрээний хугацаа дуусаж, үүргийн биелэлтийг дүгнэснээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тус тус тохиролцжээ.

Гэрээний хугацаанд ажилтан “Ө” ХХК-ийн объектын харуул хамгаалалтыг хариуцаж байсан “Булнайн-Ар” ХХК, “Евролайн” ХХК-иудад харуулын албаны даргаар ажилласан, энэ хугацаанд харуул хамгаалалттай холбоотой зөрчил, дутагдал, гомдол гарч байгаагүй гэжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөж өөрчилнө.

Хариуцагч “Ө” ХХК нь олон байршилд барилгын ажил гүйцэтгэж байгаа, барилгын талбайд дэг журам аюулгүй байдал алдагдах зэрэг ноцтой зөрчлүүд удаа дараа гарч байсантай холбогдуулан барилгын харуул хамгаалалтыг чангатгах, барьж байгаа барилга угсралт, их засварын объектын гадаад дотоод харуул хамгаалалт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн олон жил цэргийн байгууллагад салааны захирагчаас ротын захирагч, батальоны штабын дарга, Зэвсэгт хүчний ангийн захирагч зэрэг удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байсантай нь холбогдуулан түүний ур чадвар, туршлага, ажлын идэвхи санаачилгыг ашиглан Харуулын албаны даргаар ажиллуулахаар, ажилтанд цалин хөлс, урамшууллыг гэрээнд заасан нөхцөлөөр тооцож олгохыг тохиролцож Тогтвортой ажиллах гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан Тогтвортой ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Контрактын гэрээний агуулгатай, контрактын гэрээнд тавигдах шаардлагад нийцсэн байх тул зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан контрактын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээний дагуу ажилтан гэрээгээр тохирсон 5 жилийн хугацаанд Харуул хамгаалалтын даргын ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул ажил олгогчоос гэрээгээр тохирсон цалин хөлсийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

Ажил олгогчоос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг өөрийн компанид ажиллаж байгаагүй, гэрээг дүгнээгүй гэж тайлбарлах боловч гэрээний үүргийг дүгнээгүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй, тэрээр харуул хамгаалалтын “Булгайн-Ар” ХХК, “Евролайн” ХХК-д Харуулын албаны даргаар ажиллахдаа “Ө” ХХК-ийн объектын харуул хамгаалалтыг хариуцан, тогтвортой ажиллаж байсан нь нотлогдсон,  ажиллах хугацаандаа гэрээний үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

Талууд Тогтвортой ажиллах гэрээний заалтад хөдөлмөрийн хөлсийг материаллаг хэлбэрээр олгохоор тохиролцож, ажил олгогч гэрээний хугацаа дуусаж, үүргийн биелэлтийг дүгнэснээр Хан-Уул дүүрэгт байрлах Оргил стар таун хотхоны С блок 10 давхар, G-ийн 54.7 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүй шилжүүлэх  үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч ажлын хөлсөнд олгох орон сууц нь “Ө” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гэх үндэслэлээр орон сууцны үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгожээ.

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК орон сууцыг 128 000 000 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч үнэлгээний талаар маргаагүй байна.

Ажлын хөлсөнд тооцож олгох орон сууц зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсныг хариуцагч үгүйсгээгүй тул орон сууцны үнийг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг зөрчихгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1118 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00891 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 ... 355.1 дахь заалтыг баримтлан...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 47 дугаар зүйлийн 47.1.-д  зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД