| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/2043/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2053 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2053
2020.12.15 2020/ШЦТ/2053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Э.А
шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03870 2727 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Донгойд овогт Энхжаргалын Э.Б, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, боловсролын удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115-111 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЖБ92100813/,
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115-111 тоотод хамтран амьдрагч болох Ц.Зтай “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн бугалга хэсэгт нь баруун гараараа 5 удаа цохиж, хүзүүнээс нь 2 гараараа боож байгаад орны модон хөлийг толгойн ард дагз хэсгээр нь 3 удаа мөргүүлж, баруун гуя хэсэг рүү нь 7 удаа хөлөөрөө тус тус өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн бугалга, баруун гуяанд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна, өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Одоо цаашид эхнэртэйгээ гэр бүлээ батлуулан сайхан амьдарна гэж зорилго тавьсан. Ийм миний энэхүү байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115-111 тоотод гэртээ байхдаа хөл даараад байхаар нь нөхөр Э.Б дээр очоод хөлөө бие рүү наахад нөхөр чи яагаад байгаа юм бэ гэхээр нь би яадаг юм гээд дахиад хөлөө наасан чинь манай нөхөр босч ирээд зүүн бугалга хэсэгт 5-6 удаа баруун гараараа цохиод, миний хүзүүнээс 2 гараараа боож байгаад орны доод талын модон хөл рүү нь миний ард дагз хэсгээр 3-4 удаа мөргүүлээд, баруун гуя руу 7-8 удаа хөлөөрөө өшиглөөд, жижиг хуванцар материалтай сандал авч толгой хэсэг рүү шидсэн. Манай нөхөр Э.Б миний биед гэмтэл учруулсан. Бид хоёр 2015 оноос хамтран амьдарч байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Миний хувьд үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11266 тоот дүгнэлтэд:
1. Э.Бын биед цээж, зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн бугалганд нөсөө тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 30/, хохирогч Ц.Згаас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115-111 тоотод хамтран амьдрагч болох Ц.Зтай “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн бугалга хэсэгт нь баруун гараараа 5 удаа цохиж, хүзүүнээс нь 2 гараараа боож байгаад орны модон хөлийг толгойн ард дагз хэсгээр нь 3 удаа мөргүүлж, баруун гуя хэсэг рүү нь 7 удаа хөлөөрөө тус тус өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн бугалга, баруун гуяанд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Ц.Згийн: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115-111 тоотод гэртээ байхдаа хөл даараад байхаар нь нөхөр Э.Б дээр очоод хөлөө бие рүү наахад нөхөр чи яагаад байгаа юм бэ гэхээр нь би яадаг юм гээд дахиад хөлөө наасан чинь манай нөхөр босч ирээд зүүн бугалга хэсэгт 5-6 удаа баруун гараараа цохиод, миний хүзүүнээс 2 гараараа боож байгаад орны доод талын модон хөл рүү нь миний ард дагз хэсгээр 3-4 удаа мөргүүлээд, баруун гуя руу 7-8 удаа хөлөөрөө өшиглөөд, жижиг хуванцар материалтай сандал авч толгой хэсэг рүү шидсэн. Манай нөхөр Э.Б миний биед гэмтэл учруулсан. Бид хоёр 2015 оноос хамтран амьдарч байгаа. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Э.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас Э.Быг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР