| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/01020/и |
| Дугаар | 151/ШШ2017/01235 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2017/01235
| 2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/01235 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Тайнь 4-18 тоотод оршин суух Цэц овогт Түмэнжаргалын Дүүрэнжаргал /УЮ92053100/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг, Давст, булаг 4-5 тоотод оршин суух Билгүүн овогт Маналын Шатар /НЛ91081212/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал, хариуцагч М.Шатар, нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие Т.Дүүрэнжаргал нь 2009 онд М.Шатартай танилцаж улмаар гэр бүлийн харилцаатай болж бидний дундаас 2011 оны 10 сарын 22-ны өдөр хүү Ш.Сэргэлэн төрсөн. Бид өөрийн гэсэн гэр оронгүй байсан тул эцэг эхийндээ амьдран мөн тухайн үед хоёул суралцаж байсан учир сургуулиа төгсөхийг урьтал болгон гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Хүүгээ 1 нас хүрсний дараагаар биднийг эргэж тойрох нь багасаж эцгийн үүргээ үл ухамсарлаж байсан...Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү минь энэ жил буюу 2017 оны 9 сарын 1-нд 1 дүгээр ангид элсэн орсон учир М.Шатараас хүүхдийн тэтгэлэг нөхөн төлүүлэх, мөн цаашид гаргуулахыг хүсч байна. Хүү Ш.Сэргэлэнд эцэг М.Шатараа 1-6 нас хүртэлх хүүхдийн тэтгэлгийг нөхөн тогтоож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг минь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие 2009 онд М.Шатартай хамт Оточ маарамбын их сургуульд суралцаж байгаад 2011 оноос үерхэж байгаад 2012 онд хүүтэй болсон. Жирэмсэн байх үед салаад төрөх үед ирээд буцаж нийлээд хүүхэд төрсний дараа 3 сарын дараа ахиж салаад 3 сарын дараа бүр салсан. Би уг нь саяхныг хүртэл эргээд нийлэх боломжтой гэж бодож байсан. Хүүхдэдээ 1 удаа мөнгөний болон сэтгэл санааны туслалцаа үзүүлдэггүй. М.Шатар нь өөр найз охинтой болсон. Тиймээс хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч М.Шатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Т.Дүүрэнжаргалын ярьсан зүйл бүгд үнэн. Би аавтайгаа хамт амьдардаг. Аав минь өвчтэй хэсэг хугацаанд хүүхэддээ туслах боломжгүй байсан. Одоо амьдралын бололцоо дээрдэж байгаа учраас тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь “...Тиймээс хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэж,
Шүүхэд ирүүлсэн тайлбартаа хариуцагч М.Шатар нь “...Т.Дүүрэнжаргалын ярьсан зүйл бүгд үнэн. Одоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус тайлбарлажээ.
Зохигчдын өөрсдийнх нь тайлбараар болон №0000924687 дугаартай Ш.Сэргэлэнгийн төрсний гэрчилгээний хуулбараар 2011 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн хүү Ш.Сэргэлэнгийн эцэг нь М.Шатар мөн болох нь нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ш.Сэргэлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг М.Шатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүү Ш.Сэргэлэн нь төрсөн цагаасаа эх Т.Дүүрэнжаргалын асрамжид өсч бойжиж байгаа ба хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Шатараас 70.200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 28 483 төгрөг, нийт 98683 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү 2011 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн хүү Ш.Сэргэлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Шатараар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан М.Шатараас 70.200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 28 483 төгрөг, нийт 98683 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ