| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0364/э |
| Дугаар | 2019/ШЦТ/366 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Ц.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Чд холбогдох эрүүгийн 1925007030443 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Ц.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 04 сард нутаг дэвсгэрт Д.А-ийг “Э” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг нь 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ мөнгөө онлайн дэлгүүрээс бараагаа авахад зарцуулсан. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 04 сард манай найз Т найз Ч гэх хүний хамтаар Орхон аймагт ирсэн. ...Ч нь би Г-д 2 хүнийг оруулж өгсөн. Манай эгч Г-д танилтай гэж хэлсэн. Урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгөөд ажилд орсоны дараа 5.000.000 төгрөгийг өгнө. 07 дугаар сар гэхэд ажилд оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа Ч нь миний дугаар луу залгаад би эгчтэй ярьчихлаа, болох юм шиг байна. Эт бүтцийн өөрчлөлт орж байгаа, Хэрвээ чи яг ажилд орох чинь үнэн бол мөнгөө өгөөд баталгаажуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тухайн үед за гэж хэлээд Ч-ийн явуулсан 0000000000 тоот дансруу 2019 оны 04 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 05 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 05 сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 345.000 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ний өдөр 155.000 төгрөгийг тус тус явуулсан. Улмаар би 5.000.000 цувуулан явуулчихаад хүлээж байтал 2019 оны 07 сарын сүүлээр дахин 2.000.000 төгрөгийг нэмээд явуулах хэрэгтэй байна гэхээр нь мөнгө байхгүй гэдгээ хэлээд, яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд мөнгөө авах талаар хэлсэн чинь чи мөнгөө цувуулж өгсөнөөс болоод ажил хойшлогдсон. Мөнгөө өгөх дээрээ тулбал мөнгийг чинь цувуулан өгнө гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийг авахдаа надаас Ч нь нэхэж шаардаж авч байсан. Би ажил юу болж байна гэж дандаа асуудаг байсан. Ч нь өөрөө анх болно, бүтнэ гэдгийг хэлж надад итгэл төрүүлсэн. Чгаас бичиг хэрэгтэй юм уу гэхэд өөрийнхөө бичиг баримтыг хотруу канондоод явуулчих гэхээр нь бичиг баримт, дипломын хуулбар зэргийг явуулж байсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,
-Гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Д.А-, Ц.Ч нартай найз нөхдийн холбоотой. Би О аймагт 2019 оны 04 сарын дундуур Ц.Чтай очсон. Тэр үед манай найз Д.А ирээд улмаар хоёр найзаа танилцуулсан. Улаанбаатар хотод ирсэний дараа хооронд нь холбон өгсөн. Эт ажилд оруулах талаар Ч, А нар хоорондоо ярьцгаасан. Би яг хэзээ гэдгийг нь он сар өдрөөр нь мэдэхгүй байна. 5.000.000 төгрөгийг Ч нь Аээс цувуулан авсан гэдгийг Ч, А нараас мэдсэн. Би өөрөө уг мөнгөнөөс нь аваагүй. Чг 5.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/,
-Яллагдагч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ....Улмаар надаас ажил асуухаар нь би хүнээс судалж үзье гэдгээ хэлсэн. Түүнээс хойш Атэй утсаар холбогдох болсон. Би Аийг Эт ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Улмаар би ээжийнхээ хаан банкны 0000000000 тоот дансаар 5.000.000 төгрөгийг цувуулан авсан нь үнэн гэсэн гэсэн мэдүүлэг /хх 74-75 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/,
-Ц.Чгийн яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 73-75 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 04 сард ...............................нутаг дэвсгэрт Д.Аийг “Э” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг нь авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ мөнгөө онлайн дэлгүүрээс бараагаа авахад зарцуулсан. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Аийн “...Улмаар би 5.000.000 цувуулан явуулчаад хүлээж байтал 2019 оны 07 дугаар сарын сүүлээр дахин 2.000.000 төгрөгийг нэмээд явуулах хэрэгтэй байна гэхээр нь мөнгө байхгүй гэдгээ хэлээд, яагаад худлаа яриад байгаа юм бэ? гээд Мөнгөө авах талаар хэлсэн чинь Чи мөнгөө цувуулж өгсөнөөс болоод ажил хойшлогдсон. Мөнгөө өгөх дээрээ тулбал мөнгийг чинь цувуулан өгнө гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийг авахдаа надаас Ч нь нэхэж шаардаж авч байсан. Би ажил юу болж байна гэж дандаа асуудаг байсан. Ч нь өөрөө анх болно, бүтнэ гэдгийг хэлж надад итгэл төрүүлсэн. Чгаас бичиг хэрэгтэй юм уу гэхэд өөрийнхөө бичиг баримтыг хотруу канондоод явуулчих гэхээр нь бичиг баримт, дипломын хуулбар зэргийг явуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх 27 ху/, мөн гэрч Э.Т мэдүүлэг /хх 33-34 ху/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Чг Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн улмаас хохирогчид 5.000.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 140.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь торгох ялыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА