| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0235/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/240 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0235/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 171800001009 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....оны .... дугаар сарын ....-ны өдөр .......... аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............. мэргэжилтэй......... ХХК-д .... ажилтай, .... аймаг, ....., ....дугаар баг, ....... тоотод оршин суух хаягтай, Урьд:
1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хорих ял,
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сар баривчлах ял,
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ял,
2007 онд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.З /регистрийн дугаар ........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 7 дугаар сарын 17-нд ...... аймгийн .......... сумын...... дугаар баг .... дүгээр хэсэг ...... тоот өөрийн гэртээ Г.А маргалдаж нүүрэн тус газар нь заазуураар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 7 дугаар сарын 17-нд Г.А маргалдаж нүүрэн тус газар нь заазуураар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох:
Шүүгдэгч Ц.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 7 цагт ажлаасаа тараад Г.А хамт гэр рүүгээ алхсан. Г.А гэр манайхаас цаана байдаг юм. Тэгээд замдаа Г.А хамт ганц пиво ууя гэж хэлээд авсан. Авсан пивоо манай гэрт ирж уусан. Г.А нэмээд хоёр пиво уучихъя гээд авчирсан. Хоёр пиво ууж дуусгачихаад гэрээс гараад явсан. Эргэж ирэхдээ 2 найзыгаа дагуулаад ороод ирсэн. Ингээд пиво уумаар байна гэхээр нь би дэлгүүрээс 4 том пиво зээлж авч өгсөн. Г.А надаас эхнэр чинь хаана байгаа юм бэ? гэж асуусан. Би хүүхдийн бие өвдөөд Улаанбаатар хотод үзүүлж байгаа гэж хэлсэн. Харин Г.А тэгвэл өнөөдөр танайд янхан шааж хононо гэж хэлснээс болж бид хоёр маргалдсанаас Г.А нүүрэнд гэмтэл учруулсан. Хохирогчид 70000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 07-р сарын 16-ны өдөр орой 17 цаг болж байхад ажлаасаа З бид хоёрын гэр ойролцоо байдаг учраас хамт гэрийнхээ зүг явсан. Тэгээд замдаа явж байгаад З бид 2 гэр хорооллын дэлгүүр ороод З ах өөрөө мөнгөө гаргаад 2 ширхэг пиво аваад бид 2 нэг нэгээр нь замд барьж байгаад орхисон блокон хашаанд сууж байгаад уучихаад дахиад цаашаа явж байгаад дэлгүүр орж би мөнгөөрөө дахиад лаазтай пиво аваад З-ын гэрт очоод миний авсан 2 лаазтай пивыг нэг нэгээр нь уусан. Буцаж гараад манай гэрт очиж хоол идчихээд буцаж гарч яваад замаасаа дэлгүүрээс ах бид 2 мөнгөө нийлүүлээд дахиж 2,5 литрийн 2 савтой пиво аваад манай ажлын газрын Б гэдэг 2 залуу брак байшинд байрладаг юм тэр байранд очоод З ах, Б, Б бид 4 хувааж ууж жаахан сууж байсан. Бид байсан пивоо ууж дуусчихаад орой 21 цагийн үед Б, Б нарын байрнаас З ахын гэрт очсон. Бид 4 З ахын гэр лүү явж байхад дэлгүүрээс З ах мөн 2,5 литрийн хүрэн савтай 4 сав пиво авсан байсан юм. Тэрнээсээ З ахын гэрт очоод 2 савтай пивыг нь задалж уусан. Тухайн үед З-ын гэрт хүн байгаагүй бид 4 л байсан. З-ын гэрт авсан 4 савтай пивоноосоо 2 савтай пивыг хувааж ууж байгаад ажлын талаар ярьсан. З 2017 оны 06-р сарын эхээр ажлаасаа гарчихсан байсныг манай ажлын газрын хэдэн залуучууд захиралд хэлж байгаад З-ыг буцааж ажилд нь авсан юм. Тэгээд З-д чамайг ажилгүй болчихсон байхад чинь бид нар захиралтай ярьж байж ажил оруулсан шүү гээд хэлчихсэн чинь З уурлаад та нар хүнийг ажилд авдаг юу юм бэ гээд босч ирээд ширээн дээр байсан заазуур аваад миний хоолойг зүсэх гээд дайрахаар нь би хаагаад гарыг нь доороос нь цохиод бариад авсан чинь миний баруун талын шанааг зүсчихсэн. Ноцолдож байх хооронд бас баруун нүдний доод зовхи зүсэгдсэн байсан. Тэгээд З бид 2 барилцаад авсан чинь Б, Б 2 салгаад би З-ын гэрээс гараад гэртээ очоод би өөрөө эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэгт ирээд боолт, шанаан дээрээ 6 оёдол, доод зовхиндоо 1 оёдол тавиулсан. Тэгээд эмнэлэг дээр байхад цагдаа нар очиж надаас мэдүүлэг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би гар утас оролдоод сууж байхад З ах уурлаад босох шиг болсон нэг мэдсэн чинь А нүүр цус болчихсон З ахын гарт заазуур байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: ... Бид дөрөв сүүлд авсан пивоныхоо нэгийг нь ууж байтал А, З хоёр ажлын талаар маргасан. Би тухайн үед З-ыг хутга, заазуур авч байхыг хараагүй. Тэгж байтал З А ор руу бие биенийгээ түлхэлцэн унасан. Тэгэхэд З заазуур барьсан байсан. З А хоёрыг Б бид хоёр салгасан. Тэгээд А гараад явсан. Хөмсөгнөөс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 726 дугаартай: Г.А-ын биед баруун нүдний доод зовхи, баруун шанаан дахь шархнууд, баруун нүдний зовхины цус хуралтын гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хурч ир үзүүртэй багажийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ыг 550 нэгжтэй /таван зуун тавин нэгж/ тэнцэх хэмжээ буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР