Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0124/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Ч.Бб,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт С.О, Б овогт Б.Ц, М овогт Г.Б, С овогт Я.Э нарт холбогдох эрүүгийн 1918007670587 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Ц овогт С.О /РД: /, суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, байлдааны машины буудагч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, Б овогт Б.Ц /РД: /, суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...........”, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

3.Монгол Улсын иргэн, М овогт Г.Б /РД: /, суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, механик жолооч ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

4.Монгол Улсын иргэн, С овогт Я.Э /РД: /, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “............” эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны үйлчлэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Г, цагдаагийн ахлагч Ч.Бб, цагдаагийн дэд ахлагч Ч.Х, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Об нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй, харин хувцсыг нь урсан. О.Гд 250000 төгрөг, Ч.Ббт хантаазны мөнгө 50000 төгрөг, гар утасны 750000 төгрөг, автомашины гуферны 200000 төгрөгийг бид нар төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бид “Дубай” нэртэй пабад тус бүр нэг шил шар айраг уугаад 23:00 цагийн орчим “Queen” баар руу орсон. Удалгүй хамгаалагч нь ирж хаах цаг болсон талаар хэлж, бидний хооронд маргаан болоход эргүүлийн цагдаа нар орж ирээд биднийг гавлаад гарсан. Миний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч болсон явдлыг ойлгох ухаантай байсан. Тэгээд намайг цагдаагийн автомашинд суулгасны дараа хүмүүс бужигнаад байхаар нь би гарсан. Гэтэл намайг яагаад гарсан бэ гэх хооронд нэг зүйл тас хийтэл автомашины хойд гуфер хагарсан байсан. Эрүүлжүүлэх байранд очиход намайг автомашины гуфер хагалсан гэсэн тул маргааш өглөө нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цагдаагийн алба хаагчийн биед нь халдаагүй, харин хэл амаараа маргалдаж хэрэлдсэн.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Я.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд “Queen” баарнаас гарахад хүмүүс бужигнаад цагдаа нар ирчихсэн эрчүүдийг нь эрүүлжүүлэх байр луу авч явна гэхээр нь би нөхрөө явуулахгүй гээд нэг цагдаагийн хувцсыг нь урчихсан, мөн нэг цагдаагийн гарыг нь хазсан. Тухайн үед нөхрийг маань хувцасгүй шалан дээр хэвтүүлээд өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.Ббын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 00:10 цагт бааранд зодоон болж байгаа тухай “Queen” баарны хамгаалагчаас дуудлага ирсний дагуу очиход Г.Б нь нэг хамгаалагчийг заамдсан, Б.Ц өлгүүрийн ажилтантай маргалдаж байсан. Г.Бд хандаж “хамгаалагчийг тавь” гэхэд бидний өөдөөс “надаас хол бай, намайг хэн гэдгийг мэдэх үү?, надаар оролдвол дэмий юм болно шүү” гэж хэлэн бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. С.О, Я.Э нар нь сүүлд гарч ирсэн. Харин Б.Ц нь “та нарыг ажилгүй болгоно” гэж хэлсэн. С.О нь эхэндээ юу болсон талаар асууж хэвийн харьцаж байсан ч сүүлдээ “биднийг яагаад явуулахгүй байгаа юм” гээд миний куртикны бүчийг татсан. С.О нь машинд сууж байгаад “ерөөсөө та нартай үзнэ” гээд гарч ирээд О.Ггийн нүүр рүү цохисон. С.О нь “манай эхнэрийг явуулчих” гэхээр нь Я.Эыг “гэр лүүгээ явчих, С.О нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул авч явна” гэхэд Я.Э “би нөхөртэйгөө хамт явна” гээд миний өмсөж явсан хантаазнаас татаж урсан. Тэгээд хоолой боогдоод байхаар нь хантаазаа тайлсан чинь Я.Э цаана зогсоод ураад байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7/,

 

-...Хохирогч Ч.Ббын хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан хантаазны баруун суганы доод хэсгийг холбосон хэсэг нь оёдлоороо урагдсан, хантаазны урд хэсэгт байрлах цахилгаан нь эвдэрсэн, зүүн талын энгэрт байрлах хувийн дугаарыг оёж бэхэлсэн хэсэг нь урагдсан байдалтай байв. Мөн хохирогч Ч.Ббын өмсөж явсан цагдаагийн өвлийн куртикны баруун талын ханцуй нь дотор оёдол хэсгээрээ 12 сантиметр урагдсан, уг ханцуйнд байрлах бүч урагдаж тасарсан байдалтай байв... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-9/,

 

-...цагдаагийн албаны 76-09 ДАР улсын дугаартай Хьюндай гранд старекс маркийн автомашины ар талын гуферын баруун доод буланд 17х11.5 сантиметр хэмжээтэй хагарсан байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11/,

 

-Хохирогч О.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Queen баарны гадна очиход 74 дуудлагын станцтай дэслэгч Ч.Об, ахлагч Ч.Бб, дэд ахлагч Ч.Х нартай согтуу 2-3 залуучууд маргалдаж, шаардлагыг эсэргүүцэж байгаа байдалтай байсан. Тэдгээр 2-3 согтуу залуучуудыг цагдаагийн албаны машинд суух шаардлага тавихад суухгүй гээд өөрийгөө О гэх залуу нь миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь тэр залууг болиулах гээд газарт унагаагаад гарыг нь өчөөд хөдөлгөөнгүй болгоод байж байтал эхнэр нь гэх хүүхэн над дээр ирээд хувцаснаас татаж зулгаагаад байхаар нь Оыг тавиад нөгөө эмэгтэйг болиулах гээд нэг гараас нь барьж автал тэр эмэгтэй миний баруун гарын долоовор хуруунаас хазсан. Би гараа татаад автал шүдэнд нь миний гарын арьс зулгарсан. Тэр хооронд дэд ахлагч Ч.Х нэг залууг нь машинд суулгах гээд зууралдаж байхаар нь би тэр залуугийн гарыг гавлахад тэр залуу эргэж хараад Ч.Хыг өшиглөх гэхэд Ч.Х хойшоо холдоход тэр залуу эрчиндээ эргүүлийн Старекс маркийн машины хойд гуферыг өшиглөж хагалсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14/,

 

-Хохирогч Ч.Ббын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Queen баар руу яваад ороход 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан бөгөөд баарны хамгаалагч нар руу дайрч давшилсан байдалтай, махлаг залуу нь эмэгтэйн хамтаар хамгаалагчийг заамдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь тухайн эрэгтэй, эмэгтэй хоёрт хандаж “амрыг эрье, энд юу болоод байна?, та наад хүнээ заамдсан гараа тавьчих” гэхэд эрэгтэй нь “үгүй, цаашаа бай, хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу? Та нар намайг уурлуулбал юу болохыг мэдэж байна уу?” гэж согтуурхаад байсан. Тухайн хүнд дээрх шаардлагыг 2-3 удаа давтаж хэлсэн боловч шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлоод зогсоод байсан. Тэгж байхад эмэгтэй хүний саарал өнгийн куртик өмссөн залуу ирээд “чи холд” гэж хэлээд намайг түлхээд өвлийн куртикны баруун талын ханцуйгаас татаж урсан. Тэгэхээр нь “та яаж байна?” гэхэд хажуугаас эхнэр нь гэх эмэгтэй ирээд миний куртикнээс зуурч “та хуулиа мэдэх үү?” гээд дайраад байсан. Ингээд тухайн хүмүүс шаардлага биелүүлэхгүй байсан тул эргүүлийн машин дуудсан. Эргүүлийн машин ирэхээр нь тэдгээр хүмүүсийг хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын хамтаар авч гарах үед өөрийгөө Сувдаа гэх эмэгтэй миний нүүр рүү цохиж, хантаазнаас татаж урсан. Тэдгээр хүмүүсийг эрүүлжүүлэх шаардлагатай байсан учир эргүүлийн машинд О гэх залууг суулгахад “ер нь би яахаараа машинд суудаг юм бэ?, та нартай үзнэ” гээд буухдаа машины хажууд зогсож байсан дэд ахлагч Ггийн нүүр рүү 2-3 удаа цохисон. Иймд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн учир дэд ахлагч Ч.Хын хамтаар тухайн залууг гавлаад машинд суулгасан. Сувдаа нь “нөхөртэйгөө хамт эрүүлжүүлэхэд орно” гээд өөрөө машинд суусан. О, Баянмөнх нартай хамт явсан залуугийн нэг нь эргүүлийг машины цонхны шилийг хагалчих гээд байсан. Тэр залуу гадаа зогсож байхдаа эргүүлийн машины хойд талын гуферыг өшиглөж хагалсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-17/,

 

-Хохирогч Ч.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Queen баарны хамгаалагч гэх залуу “манай бааранд хамгаалагч нар руу дайраад зодох гээд байна” гэсний дагуу баар руу ороход нэг эрэгтэй хамгаалагчийг заамдчихсан өөрийгөө Баянмөнх гэж танилцуулсан залуу, нэрээ хэлэхгүй эмэгтэй хүн зогсож байхаар нь “амрыг эрье, та нар болиоч ээ” гэхэд “та нар яах гэж ирсэн юм? миний уурыг хүргэхээр яадгийг мэдэх үү?” гээд байсан. Тэгэхээр нь “та хүн заамдсан гараа тавьчихаач” гэхэд тавихгүй байсан. Тэгтэл цаанаас хамт явж байгаа бололтой бүдүүн махлагдуу биетэй хар бараан өнгийн футболкатай эмэгтэй, саарал өнгийн эмэгтэй хүний куртик өмссөн залуу хоёр гарч ирээд “та нар яваач ээ” гэхээр нь “та хоёр цаанаа байж бай” гэхэд дөхөж ирээд “явахгүй за” гэснээ шууд дүрэмт хувцасны гадуур өмссөн байсан шар өнгийн POLICE гэсэн бичигтэй хантаазнаас эмэгтэй нь зуурч авсан. Тэгтэл саарал өнгийн куртик өмссөн залуу нь эмэгтэйгээ “наадахаа тавь” гээд татсан чинь тэр эмэгтэй газарт унахдаа миний хантаазнаас зуурсан чигтээ унаад хантаазыг урчихсан. Тэгэхээр нь эргүүлийн машин дуудсан. Машин ирэхээр нь тэдгээр хүмүүсийг аваад гарахад тэнд байсан эмэгтэй нь миний бэлэг эрхтэн рүү өшиглөөд өвлийн куртикээс зууралдаж татаж чангаагаад хэл амаар доромжилж байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг түлхээд куртикнээсээ сугарч гарч салсан. Тэгээд куртикээ аваад халаасанд нь байсан эд зүйлсээ бүртгэхэд миний Айпоне 8 плас загварын цагаан өнгийн гар утас байхгүй байхаар нь хайхад баарны урд газарт унаад нүүр нь хагарч эвдэрсэн байсан. Тэр үед дэслэгч Об, ахлагч Бб нар тэдгээр 3 эрэгтэйг машинд суулгах гэхэд суухгүй гэж эсэргүүцэл үзүүлж шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгтэл эргүүлийн машинд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Г машинаас буугаад бид нарт туслаад тэдгээр хүмүүст машинд суух шаардлагатай байгааг тайлбарлаж байхад өөрийгөө О гэж танилцуулж байсан эмэгтэй хүний саарал өнгийн куртиктэй залуу нүүр рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн залууг гавлаад машинд суулгаж байхад Б гэх залуу нь машинаас бууж зугтсан. Тэгэхээр нь би араас нь хөөж хуучин хорооллын 21 дүгээр байрны 2 дугаар орцны урдаас барьж аваад эргүүлийн машин руу очсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-21/,

 

-Хохирогч Б.Бтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ганзориг нь жолоодож эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нь баруун хойд талын гуферыг согтуу хүн өшиглөж хагалсан болохыг надад 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан учраас албаны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шуурхай авто засварын газарт очиж уг албаны машинд учирсан эвдрэлийг 200000 төгрөгөөр засварлуулсан. Манай байгууллагад учирсан хохирлыг согтуудаа өшиглөсөн гэх залуу төлж барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25/,

 

-Хохирогч Ч.Обын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Queen баарны хамгаалагч залуу бид 3 дээр ирээд “баар хаах цаг нь болчихсон байхад 4-5 залуучууд гарахгүй хэрүүл маргаан хийгээд байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь эргүүлийн цагдаа Бб, Х нарын хамт Queen баар луу ороход үүдний хэсэгт нь 3-4 залуучууд, 1-2 эмэгтэйчүүд баарны ажилчидтай хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь “энд юу болоод байгаа юм бэ?” гэхэд согтуу залуучууд “та нарт ямар хамаатай юм бэ?” гэж хараалын үг хэлж, хэл амаар доромжилсон. Тэгээд Бб, Х нар “баар хаах цаг болсон байна, гарцгаая” гэхэд тэр залуучуудын нэг нь Бб, Х нарын хувцаснаас татаж зулгаасан. Тэгээд залуучуудыг эрүүлжүүлэхээр машин дуудаад суулгах гэхэд тэдгээр 3 залуучууд бүгд л шаардлага эсэргүүцээд машинд суухгүй гээд суусан нэг нь машинаас бууж зугтаагаад байсан. Мөн эргүүлийн машинд цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Гг саарал өнгийн эмэгтэй хүний куртик өмссөн залуу нүүр рүү нь цохиж, эмэгтэй хүн нь хурууг нь хазчихлаа гэж байсан. Хын хувцсыг бас урж, цохисон. Тэгээд бид нар нийлж тусгай мэх хэрэглэж гавлаж байж тэр залуучуудыг цагдаагийн машинд суулгасан. Бас нэг залуу нь машинд суухгүй байхаар нь гарыг нь гавлах гэж байхад хөлөө жийж унаад унахдаа эргүүлийн машины гуферыг өшиглөөд хагалчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 216-217/,

 

-Гэрч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 76-09 ДАХ гранд старекс автомашинд жолоочийн үүрэг гүйцэтгэж байхад 74 дуудлагатай эргүүлийн маршрутаас Дархан сумын 16 дугаар баг Queen баарны гадна хүмүүс зодолдож, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцээд байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу очиход дэслэгч Ч.Об, ахлагч Ч.Бб, дэд ахлагч Ч.Х нартай согтуу хүмүүс маргалдаж, шаардлагыг эсэргүүцэж, алба хаагч нарын бие рүү цохиж дайрч давшилж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30/,

 

-Гэрч Н.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баар хаах цаг болчихсон байхад 3-4 залуучууд 1-2 эмэгтэйчүүд манай ажилчидтай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд цагдаа нар ирээд “юу болоод байна?” гэхэд нөгөө залуучууд ямар ч байсан цагдаа нарын хувцсанд хүрээд түлхээд, станц, бороохой энэ тэрийг нь барьж авах гээд хэлсэн үгийг нь сөрөөд байсан. Тэгсэн цагдаа нар эрүүлжүүлэхэд хийнэ гээд авч гарсан. Баарны гадна гараад цагдаа нарыг цохиж, түлхээд машинд суухгүй гэж зугтаагаад эхэлж зөөгч нар луу дайрсан залуу цагдаагийн машин тэргийг өшиглөөд байсан. Бас нэг эмэгтэй нь газарт орилж хэвтээд өөрсдөө асуудлыг хүндрүүлээд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40/,

 

-Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнийн 00 цаг өнгөрч байхад 74 дуудлагын станцтай алба хаагч нар эргүүлийн машиныг станцаар “Дархан сумын 16 дугаар баг Queen баарны гаднаас хүн эрүүлжүүлэх гэсэн юм” гэж хоорондоо харьцаж байхыг би сонссон. Тэгээд би зөрүүлээд тодруулахад 74 дуудлагын станцтай алба хаагч “Дархан сумын 16 дугаар баг Queen баарны согтуу хүмүүс шаардлага эсэргүүцэж хувцас, хантааз урсан, эргүүлийн автомашины гуферыг өшиглөж хагалсан, дэд ахлагч О.Ггийн хурууг хазсан хүмүүсийг эрүүлжүүлэхэд хийж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, хурууг нь хазаж хувцсыг чинь урсан бол эргүүлээс буугаад Цагдаагийн газар дээр ирж өөрсдийн биеэр мэдүүлэг өгч шалгуулаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189-190/,

-Гэрч С.Одийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай баараар үйлчлүүлж байсан “Нүүдэлчин” эмнэлгийн эмч, төрийн байгууллагад ажилладаг гээд байсан 3-4 залуучууд, 1-2 эмэгтэйчүүд баар хаах цаг болоход хэрүүл маргаан хийж хамгаалагч Пүрэвжавыг заамдаад зодох гээд байсан. Тэгэхээр нь би Үйлчилгээний төв орчимд явж байсан эргүүлийн 3 цагдаа руу гүйж очоод “манай бааранд үйлчлүүлж байсан хэдэн хүмүүс хэрүүл маргаан хийгээд манай хамгаалагчийг зодох гээд байна” гэж хэлээд цагдаа нарыг дагуулаад бааранд орж ирсэн. Тэгээд манай хамгаалагчийг заамдаж байсан залууд “юу болоод байгаа юм бэ? наад хүнээ тавьчих” гэж цагдаа хэлсэн. Тэгтэл тэр залуу Пүрэвжавыг тавихгүй байсан. Цагдаа хүчээр тэр залууг салгасан чинь тэр залуутай хамт явсан хүмүүс бүгдээрээ бааранд орж ирсэн 3 цагдаа руу дайраад хэрэлдэж маргалдаад баарнаас гарахгүй байсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд тэр хүмүүсийг хүчээр авч гараад машинд суулгах гэхэд тэр согтуу залуучууд суухгүй гээд баарны гадаа нэлээн удаан маргалдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-192/,

 

-Гэрч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх зөрчилтэй 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Эргүүлийн цагдаа Ггийн хурууг Э гэх эмэгтэй хазсан, Ббын хувцсыг урсан гээд Э, Ц нарыг гавласан байсан. Э нь орилж хашхирсан, бухимдуу, биед нь үзлэг хийх гэхэд үзүүлэхгүй гээд өөртөө ойртуулахгүй байсан. Ц нь “зүгээр байхад эрүүлжүүлэхэд хийлээ” гээд орилж хашхираад байсан. О, Б нар нь чимээгүй олон юм ярихгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195/,

 

-Гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх зөрчилтэй 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Э нь “би эрүүлжүүлэхээс гарахгүй, танай цагдаа нар зүгээр байгаа хүнийг авчирсан, гомдолтой, маргааш учраа олно та нартай” гэх мэт зүйл яриад орилж хашхираад ажил хүндрүүлээд байсан. Ц нь байрлаж байгаа хаягаа хэлэхгүй “чамд миний хаана байх ямар хамаатай юм бэ? та нар зүгээр байгаа хүмүүсийг авчирлаа, гомдолтой” гэх мэтээр орилж хашхираад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197/,

 

-Гэрч Ш.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...74 дуудлагын станцтай алба хаагчид “эрүүлжүүлэх баривчлах байранд хүн хүргэх шаардлагатай байна” гэж станцаар дуудсаны дагуу эргүүлийн машинтай Queen баарны гадаа очиход цагдаа Бб, Х, Об нар 3-4 залуучуудын хамт баарнаас гараад ирчихсэн “эдгээр хүмүүс шаардлага эсэргүүцээд хэл ам хийгээд хувцас урсан. Эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэгээд тэдгээр залуучуудыг машинд суулгах гэхэд машинд суухгүй гээд хэрүүл маргаан хийгээд бужигнаад байсан. Махлаг, бор царайтай Б гэх залуу нь миний хажууд юм ярьж байгаад эргэж хараад хуучин хорооллын 21 дүгээр байр луу гүйж зугтаасан. Араас нь цагдаа Х очиж барьж авчраад машинд суулгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Шүүгдэгч Я.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Queen баарнаас гарах гэж байхад цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд нөхөр Оыг авч явна гэхээр нь би нөхрийгөө явуулахгүй гээд нэг цагдаагийн хувцаснаас татаж зулгааж, зууралдаж байгаад гадуураа өмссөн байсан хантаазыг нь урчихсан. Тэгээд бас намайг нөхрийгөө явуулахгүй гээд зууралдаж байхад нэг цагдаа нь намайг өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би тэр цагдаагийн хурууг нь хазсан байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115/,

-Шүүгдэгч Г.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг эсэргүүцэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлээгүй учраас надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цагдаагийн алба хаагчийг зодох, ноцолдох, хувцас хунарыг нь ураагүй бас гар утас, машин техник хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117/,

 

-Шүүгдэгч С.Оы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...эхнэр Э бид 2 босоод тооцоогоо хийгээд ариун цэврийн өрөө орчихоод өлгүүрээс хувцсаа аваад гарч иртэл баарны үүдэнд Ц, Б 2 баарны хамгаалагч нартай маргалдаад цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед нэлээн согтолттой байсан. Нэг мэдсэн чинь цагдаагийн машинд суучихсан байсан. Тэгтэл эхнэр Э бас цагдаагийн машинд орж ирэхээр нь би уурлаад “явахгүй” гээд машинаас буугаад цагдаа нар намайг машинд суу гээд маргалдаж зууралдаж ноцолдсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119/,

 

-Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...баарны үйлчлэгч бололтой нэг эмэгтэй “та нар авсан юмаа хурдан гудраад гарцгаа” гэж хэлээд хэрүүл маргаан эхэлсэн. Би уурлаад “чам шиг оюутан байхдаа зөөгч хийдэг л байсан. Хэнтэй яаж харьцахаа мэдэж бай” гэж хэрэлдсэн. Б бас хэрэлдсэн. Баарнаас гарах замдаа шат руу хэрэлдэж маргалдаж буугаад 1 давхарт очсон. Тэгтэл эргүүлийн цагдаа нар орж ирсэн. Тэр үед нь би өлгүүрээс хувцсаа авах гэж байхдаа бас маргалдаад хувцсаа аваад нөгөө хэдтэй бас цагдаа нартай маргалдаад байх шиг байсан. Тэгээд бид нарыг цагдаагийн машинд суулгана, авч явна гэсэн. Би эхлээд суучихсан байснаа нөгөө талын хаалгыг хөлөөрөө жийсээр байгаад машинаас буусан. Ямар ч байсан намайг ганцааранг нь өөр машинд суулгаад эрүүлжүүлэхэд хүргэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-121/,

 

-Хохирогч О.Ггийн баруун гарын долоовор хурууг хазаж гэмтээсэн байдлын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43/,

 

-“О.Ггийн зүүн чамархай хэсэгт бага зэрэг хавдсан, баруун гарын долоовор хуруу зулгарал үүссэн” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/,

 

-“О.Ггийн баруун гарын 2 дугаар хуруунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 906 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 46-47/,

 

-“Ч.Хын биед баруун гарын 2 дугаар хурууны хумсанд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 905 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/,

 

-“Я.Эын биед зүүн бугалга, шуу, баруун гуя, шагайнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 903 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-69/,

 

-“Өнө олуул” ХХК-ийн 200000 төгрөгийн зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 78/,

 

-76-09 ДАР улсын дугаартай Хьюндай старекс маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 80/,

 

-“Цагдаагийн газрын эзэмшлийн Гранд старекс маркийн 76-09 ДАР улсын дугаартай автомашины хойд гуфер 200000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-82/,

 

-Хохирогч Ч.Хын Айпоне 8 загварын гар утасны эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 94/,

 

-“цагдаагийн өвлийн куртикны урагдсан ханцуй оёулах, хантааз шинээр оёулах, хэрэглэж байсан Айпоне 8 плас загварын гар утас зэрэг нь нийт 650000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-96/,

 

-Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /1 дүгээр хавтаст хэргийн 164/,

 

-2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эргүүлийг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 166/,

 

-Эргүүлийн цагдаа нарт аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 164/,

 

-Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 170-173/,

 

-Хохирогч Ч.Х, Ч.Бб, О.Г нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-187/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь хууль сахиулагчийн биед халдаагүй, тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “шүүгдэгч нарын үйлдэлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинж байхгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3-т заасан хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон гэх шинжийг агуулж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тус тус мэтгэлцэж байна.

 

Хууль сахиулагч албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг цохих, түлхэх, хувцсыг нь урах, мөрдөсийг нь хуулах зэрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэнээр, мөн тэдгээрийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлснээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинж бүрдэнэ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11/, хохирогч О.Г, Ч.Бб, Ч.Х, Б.Бта, Ч.Об, гэрч Н.Ганзориг, Н.Уранцэцэг, С.Отгондорж нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Ггийн баруун гарын долоовор хурууг хазаж гэмтээсэн байдлын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 906 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 46-47/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 905 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/, Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /1 дүгээр хавтаст хэргийн 164/, Эргүүлийн цагдаа нарт аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 164/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-187/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Queen нэртэй бааранд үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус баарны ажилчидтай “архиа ууж дуусаагүй байхад хаах цаг боллоо гэж баарнаас гарахыг шаардсан” гэх шалтгаанаар маргалдаж, Г.Б нь хамгаалагч н.Пүрэвжавыг заамдсан, баарны ажилтан С.Отгондорж нь тухайн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, дэслэгч Ч.Об, ахлагч Ч.Бб, дэд ахлагч Ч.Х нарыг дуудсан, эргүүлийн цагдаа дэслэгч Ч.Об, ахлагч Ч.Бб, дэд ахлагч Ч.Х нар нь шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарыг хэрүүл маргаан хийхээ зогсоох шаардлага тавихад хууль сахиулагч нарыг эсэргүүцэж, зууралдаж, улмаар ахлагч Ч.Ббын өвлийн куртикны баруун ханцуйг дотор оёдол хэсгээр нь, ханцуйнд байрлах бүчийг, ногоон өнгийн хантаазны баруун суга болон зүүн талын энгэрт байрлах хувийн дугаарыг оёж бэхэлсэн хэсэг зэргийг урсан, дэд ахлагч Ч.Хтай зууралдах явцад ногоон өнгийн хантааз урагдаж, түүний Айпоне 8 плас загварын гар утас газарт унаж эвдэрсэн, эргүүлийн цагдаа дэслэгч Ч.Об, ахлагч Ч.Бб, дэд ахлагч Ч.Х нарын дуудлагаар цагдаагийн албаны 76-09 ДАР улсын дугаартай Хьюндай гранд старекс маркийн автомшинтай ирсэн дэд ахлагч О.Ггийн баруун гарын долоовор хурууг хазаж, нүүр рүү нь 2-3 удаа цохисон, 76-09 ДАР улсын дугаартай Хьюндай гранд старекс маркийн тээврийн хэрэгслийн хойд талын гуферыг хагалсан зэрэг хүч хэрэглэсэн гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бусаар авирлаж, улмаар тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Г, цагдаагийн ахлагч Ч.Бб, цагдаагийн дэд ахлагч Ч.Х, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Об нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Ч.Бб болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч О.Г, Ч.Х, Б.Бта, Ч.Об нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт С.О, Б овогт Б.Ц, М овогт Г.Б, С овогт Я.Э нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц овогт С.О, Б овогт Б.Ц, М овогт Г.Б, С овогт Я.Э нарт тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт оногдуулсан торгох ялын 2700000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд сард 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ