Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 154/2020/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

           Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

           Улсын яллагч Б.Оюунцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

           Шүүгдэгч Г.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Хасгууд овогт Галсангийн Баттөмөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000000067 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД:ПБ73050672, Хасгууд овогт Галсангийн Баттөмөр,

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Шүүгдэгч Г.Баттөмөр нь 2019 оны 06 сард Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших Ендэртийн “Чахарын салаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 2201543 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Баттөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролыг нөхөн төлнө” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Манайх одоо Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Индэрт гэдэг газарт зусаж байна. Манай гэрийн гадна байгаа модон амбаарыг би 2019 оны зун барьсан. Манай хуучин малын хашааны модноос сэлбэж амбаар барьсан. Амбаарт одоо хужир хийж хадгалж байна. Манай зуслан ой модтой. Ноднин 2019 онд амбаар барихад мод дутахад ойгоос 6 ширхэг шинэ хар мод бэлтгэж авсан. Гэхдээ унасан мод авч амбаар барихад хэрэглэсэн. Намайг бага байхад манай аавынх тугал хашдаг амбаартаа байсан юм. Тэр амбаарын мод байгаа юм. Шинэ амбаар барихад 6 ширхэг модыг шинээр уулнаас авч ирсэн. Би өөрөө ганцаараа амбаарынхаа модыг бэлтгэсэн. Амбаараа барихад төрсөн ахын хүү Булганбаатар гэдэг залуутай хамтарч барьсан. Манай хоёрынх Булган сумын Индэрт гэдэг газарт ойрхон ойролцоогоор хоорондоо 2 километр орчим зайд байгаа байх. Би ойгоос зөвшөөрөлгүй мод авсан. Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би 25-26 ширхэг хуучин модыг шинэ амбаартаа оруулсан. Би 6 ширхэг шинэ модоо дундуур нь 2 хувааж нийт 9 ширхэг модыг амбаар барихад хэрэглэсэн...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч У.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Бэ-Очироос Булган сумын Байтаг багийн нутаг Ендэртийн салааны ам гэх нэртэй газарт байгалын гамшигт үзэгдэл /шуурга/-д унасан гэх модон дээр дүгнэлт гаргуулахаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 хувь тогтоол ирсэнийг хүлээн аваад 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тухайн мод унасан гэх газарт очиж нүдээр үзэж үзлэг, хэмжилт хийгээд дараахь дүгнэлтийг гаргасан. Тухайн газарт очиход моднууд нь үндэсээрээ булгарч унасан байдалтай нутгийн иргэдийн яриагаар уг моднууд нь 2019 онд хүчтэй салхинд унасан гэж ярьж байсан ба тухайн унасан модыг ашиглаж амбаар барьсан гэх модны нийт эзэлхүүн нь 6.1234м3 хэмжээтэй Шинэс гэдэг нэртэй мод байсан. Уг дүгнэлтэнд Хэрэглээний мод гэдэг нь 2м 20 см-ээс дээш урттай модыг хэрэглээний мод гэж ойлгоно. Түлээний мод гэдэг нь 2м 20см-ээс богино модыг үзүүрийн хэсэг буюу түлээний гэж ойлгоно. Муж гэдэг нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 325 дугаартай тушаалаар батлагдсан Монгол Улсын ойн сангийн хамгаалалт, ашиглалтын бүсчилсэн ойлголтыг хэлнэ. Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан үнэлгээгээр бодогдоно. Иргэн Г.Баттөмөр өөрөө 6 ширхэг мод авч ашигласан гэж хэлж байсан ба Г.Баттөмөрийн авч ашигласан гэх модны эзэлхүүнийг бодоход 5.5478м3+0.5756м3 =6.123м3 мод ашигласан байна. Модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргахад шоо метрээр тооцож үнэлгээ гаргадаг юм. Үнэлгээг м3 /метр кубаар/ тооцож гаргадаг юм. Хэрэв нэг ширхэг зулзага /залуу/ мод унагасан тохиолдолд ширхэгээр тооцож үнэлгээг гаргадаг юм. 2м 20 см-ээс дээш урттай модыг хэрэглээний мод, 2м 20см-ээс богино модыг үзүүрийн хэсэг буюу түлээний мод гэж ангилан эзэлхүүн олж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Шинжээчийн дүгнэлтээр гарсан 2.037.152 төгрөгний хохиролыг хуульд заасан 3 дахин нэмэгдүүлж төлүүлэх хүсэлтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 -р зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу төлүүлдэг юм. Хохирол төлчихвөл надад санал хүсэлт гомдол алга байна...” гэх мэдүүлэг,

- Ховд аймгийн Сум дундын ойн инженер, шинжээч У.Цэцгээгийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэнд: Нийт 6 ширхэг мод буюу хэрэглээ 5,5478 м3 түлээ 0,5756 м3 мод нийтдээ 6,1234 м3 мод тайрагджээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1-р хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон болно.

Дээрх мододын нийт экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 2 037.152 +164 391 = 2 201 543 төгрөг болж байнагэх дүгнэлт,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- эд зүйлийн үнэлгээ

- хохиролын тооцоо

- гэрэл зургийн үзүүлэлтүүд

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн , хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Баттөмөр нь 2019 оны 06 сард Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших Ендэртийн “Чахарын салаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 2201543 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Мөнхбаатар, шинжээч У.Цэцгээ нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Сум дундын ойн инженер, шинжээч У.Цэцгээгийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Батөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан.

Ховд аймгийн Булган, Үенч сумын зарим хэсгийг хамруулан Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон 246081,88 га талбайг Монгол Улсын их хурлын 41 дүгээр тогтоолоор 2019 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Шүүгдэгч Г.Баттөмөрийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Баттөмөрийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Баттөмөрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Баттөмөрийг “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь хувийн хэрэгцээнд амбаар барих зорилгоор зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Баттөмөр нь Улсын тусгай хамгаалалттай газар болох Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших Ендэртийн “Чахарын салаа” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүй 6.1234 м3 мод бэлтгэж, ойн санд 2201543 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн бэлтгэсэн мод нь 6.1234 м3 хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 2201543 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн инженер У.Цэцгээгийн шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Г.Баттөмөрийн ойн санд учруулсан бодит хохирол 2201543 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун дөчин гурав/  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 6604629 /зургаан сая зургаан зуун дөрвөн мянга зургаан зуун хорин ес/ төгрөг болж байх ба Г.Баттөмөр нь гэмт хэргийн улмаас учируулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 6604629 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Баттөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Баттөмөр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Батөмөр нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Баттөмөр нь хууль бус үйлдэлдээ уналга буюу 5 настай хээр зүсний морь ашигласан болох нь Г.Баттөмөрийн “..Уг модыг өөрийн эзэмшлийн 5 настай хээр зүсний мориор чирч авч ирж амбаар барихдаа тайрч хэрэглэсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Баттөмөрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хасгууд овогт Галсангийн Баттөмөрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Баттөмөрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттөмөрт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Баттөмөрт мэдэгдсүгэй.  

            5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Баттөмөрөөс 6.604.629  төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Шүүгдэгч Г.Баттөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 350000 төгрөгний үнэлгээ бүхий 1 тооны адуу, 3000.000 төгрөгний үнэлгээ бүхий 5 тооны тугалтай үхэр битүүмжилсэ н 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу 350000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг шүүгдэгч Г.Баттөмөрөөс гаргуулж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Баттөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ