Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0317/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Л.Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч  Л.Г-т холбогдох эрүүгийн 1818004010355 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  Л.Г-, 1993 оны 12 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, яс үндэс баяд, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Л.Л.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас иргэн Р.Р.А-ын Samsung Galaxy J7 маркийн гар утсыг олж улмаар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 820 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Л.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас иргэн Р.Р.А-ын Samsung Galaxy J7 маркийн гар утсыг олж улмаар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 820 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Л.Г-ийн өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу барилгын ажил хийхээр явах гээд төмөр замын вокзал руу 20-21 цагийн орчим орж тасалбараа бичүүлж авчхаад буцаад харьж цүнхтэй хувцсаа авах гээд МСҮТ-ийн урд талын хашаан дотуур нь явж байхад сургуулийн урд талын явган хүний замын хажуу талын модон сандлын урд нэг гар утас байхаар нь авсан. Гэртээ хариад тухайн гар утсыг үзэхэд дэлгэц нь хамгаалалтын кодтой байхаар нь би таагаад 0000 гээд хийхэд онгойсон. Тэгээд би гар утсанд байсан сим картыг гаргаад өөрийнхөө сим картыг хийгээд дотор нь байсан юмнуудыг устгасан юм. Тэр орой нь утсыг аваад Улаанбаатар хотод очиж ажил хийж байгаад ирсэн. Би буруу зүйл хийснээ ойлгосон гэх мэдүүлэг,

    Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

    Хохирогч Р.Р.А-ын өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 19-21 цагийн хооронд хуучин Дарханы Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт зааланд ажлын газрынхаа хүмүүсийн хамт сагсан бөмбөг тоглосон. Тухайн үед спорт заалны эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд хамт ажилладаг Б-, Х-, Г-, О-, Батхуяг бид нар хувцсаа сольсон. Тэгээд би өөрийн Samsung J7 маркийн гар утсаа гар цүнхэндээ хийгээд өлгүүрт өлгөж орхисон байсан. Тэгээд тоглож дуусаад гэртээ очоод гар утсаа авах гэсэн чинь алга болчихсон байсан. Би буцаад МСҮТ-ийн спорт зааланд очиж шалгасан боловч олдоогүй. Тэгээд цагдаад хандсан. Би өөрийн алдсан гар утсаа олж авсан учраас надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 14-15, 16-17/

   Гэрч Ц.Батхуягийн өгсөн: 2018.5.04-ний орой 19 цагт манай байгууллагын 15 орчим хүн МСҮТ-ийн спорт зааланд тоглож байсан. Би 19 цагт очилгүй хоцроод 19:30 цагийн үед МСҮТ-ийн зааланд очсон. Тэнд манай байгууллагаас гадна МСҮТ-ийн багш ажилчид гээд 6-7 хүн байсан шиг санагдаж байна. Манай байгууллагын ажилчид 21 цаг өнгөрч байх үед тоглож дуусаад гарцгаасан. Би тэндээс гараад гэртээ ирээд амарч байтал манай ажлын газрын Г- надруу залгаад Р.А- эгч гар утсаа хаячихсан гэж байна та харсан уу гэхээр нь би хараагүй гэж хэлсэн. Тухайн үед спорт заалны хувцас солих өрөөнд манай ажлын газрын Б-, Х-, О-, Г- нар байсан юм. Бид нар тоглож дуусаад хувцсаа солиод эхлээд Р.А- эгч, Х- 2 гарсан. Араас нь Б-, Г-, О- нар гарсан. Би сүүлд нь хувцас солих өрөөнөөс гарсан. Намайг гарах үед зааланд хүмүүс тоглож байсан гэх мэдүүлэг /хх 19/,

 

     Гэрч Б.Г-гийн өгсөн: 2018.5.04-ний орой 19 цагт манай байгууллагын 15 орчим хүн МСҮТ-ийн спорт зааланд тэмцээндээ бэлдээд бэлтгэл хийж байсан юм. Би О-тэй хамт 19 цагт очилгүй хоцроод 19:30 цагийн үед МСҮТ-ийн зааланд очсон. Тэнд манай байгууллагаас гадна МСҮТ-ийн багш, ажилчид гээд 6-7 хүн тоглож байсан. Манай байгууллагын ажилчид 21 цаг өнгөрч байхад тоглож дуусаад гарсан. Би тэндээс О-тэй хамт гараад гэрлүүгээ явах замд үйлчилгээний төв дээр явж байтал Р.А- эгч танихгүй дугаараас над руу залгаад эгчийхэн гар утас алга болчихсон байна харсан уу. Батхуяг, Б- хоёроос асуугаад өгөөч, миний дугаар луу залгачих гэж хэлсэн. Тэгээд би хараагүй гэж хэлчхээд Р.А- эгчийн 9937**** дугаар луу залгахад эхлээд дуудаад авахгүй байснаа дараа нь салгаад байсан. Тэгээд холбогдох боломжгүй болсон. Батхуяг эгч рүү залгаад Р.А- эгчийн гар утас нь алга болсон байна, та харсан уу, Б-ээс асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэр оройноо Р.А- эгч МСҮТ-ийн жижүүрийн утсаар над руу камерыг нь шалгуулсан чинь харагдах боломжгүй юм байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч О.Х-ын өгсөн: 2018.5.04-ний орой 19 цагт манай байгууллагын 15 орчим хүн МСҮТ-ийн спорт зааланд тэмцээнд бэлдээд бэлтгэл хийж байсан юм. Би Р.А- эгчтэй хамт 19:10 цагийн үед МСҮТ-ийн зааланд очсон. Тэнд манай байгууллагаас гадна МСҮТ-ийн багш, ажилчид гээд 6-7 хүн тоглож байсан. Манай байгууллагын ажилчид 21 цаг өнгөрч байхад тоглож дуусаад гарцгаасан. Би тэндээс Р.А- эгчтэй хамт гараад гэр лүүгээ хүргүүлсэн. Маргааш нь манай ажлын фэйсбүүк группд Р.А- эгч миний гар утсыг нуучихсан юм уу, гаргаад өгчхөөрэй манайхаан гэсэн утгатай үг бичсэн байсан. Би тэгээд гар утсыг нь алга болсон талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх 22/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, эд зүйл  хураан авсан тэмдэглэл /хх10/, Samsung Galaxy J7 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 12/, “Капитал Зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Л.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна явж байхдаа иргэн Р.Р.А-ын Samsung Galaxy J7 маркийн гар утсыг олж улмаар сим картыг нь авч өөрийн сим картыг хийж тухайн гар утсыг өөртөө ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Р.Р.А-ын хавтаст хэргийн 17-р хуудсанд өгсөн "би өөрийн алдсан гар утсаа олж авсан учир гомдол санал байхгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгч Л.Л.Г-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.    

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Л.Л.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Л.Л.Г- нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 44-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Л.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх торгох ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулах бөгөөд шүүгдэгч Л.Л.Г- нь тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй, тогтмол орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байхаас гадна өөр бусад хөрөнгө орлоготой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "эхнэр ажил эрхэлдэггүй, би зах дээр гарч олдсон ажлыг хийдэг" гэх мэдүүлэг зэргээс улсын яллагчийн шүүгдэгч Л.Л.Г-т 450 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал оруулсныг хүлээн авах боломжгүй гэж үзэн,

шүүгдэгч Л.Л.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, бусдын эд хөрөнгийг эргүүлэн өгсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Л.Г-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Л.Г-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Л.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ