Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/367

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох эрүүгийн 1925007500473 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: А.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.М нь 2019 оны 10 сарын 12-ны өдөр О аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” баарны гадна талд Д.Б-тэйхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 10 сарын 12-ны орой Б утсаар залгасан. Би аваагүй. Удалгүй манай найз ирээд Б П 2 бааранд байна гэж ирсэн. Бид 2 бааранд очиход тэр 2 пиво уугаад сууж байсан. Тэнд хэсэг сууж байгаад явах болсон. Тооцоо хийхээс болоод Бтэй маргасан. Намайг гэдэс зардаг хүүхэн гэх мэтээр доромжилсон. Миний үснээс барьж авсан. Бид хоёрыг салгасан. Тэгтэл Б шүд уначихлаа гэсэн. Би тухайн үед уурандаа цохисноо мэдэхгүй байж болно. Энэ хэргийн хувьд маргахгүй. Хохиролд 150.000 төгрөг өгсөн. Одоо 330.000 төгрөгийг төлнө, бид хоёр тоирсон гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...намайг тооцоогоо хийгээд баарнаас гарахад М миний араас гарч ирээд намайг бариад авсан бөгөөд О, М хоёр Мыг надаас салгасан. Гэтэл М ахиад машинаас чарлаад бууж ирээд над руу орилоод байсан. Би Мыг зөндөө аргадсан. ...намайг хэл амаар доромжилсон. ...М миний нүдний шилийг авч шидээд, нүүр рүү 2 удаа цохисон, тэгээд миний үүдэн шүд унасан. Хиймэл 4 шүд, Мын унагаасан 1 шүд, нийт 5 шүд хийлгэсэн гэсэн мэдүүлэг /хх 6-8 ху/,

 

-Гэрч Э.НарМын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б, М хоёр баарны тооцооноос болж маргалдсан. Б нь Мыг үснээс нь зулгааж үсийг нь гараараа ороосон байсан. ...Б, М нарыг салгаад байж байтал Б миний шүд уначихлаа гээд гар дээрээ нэг шүд тавьсан миний шүд уначихлаа бас хиймэл шүд уначихлаа гээд хайгаад байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

 

-Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М нь Б нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих үед Б нүдний шил газар унахаар нь би авч өгөхөд амнаас нь цус гарсан байсан. Бд амнаас чинь цус гараад байна гэж хэлтэл найзынх нь хиймэл шүд унасан байна гэхээр нь хиймэл шүдийг нь хайж байтал жижиг цагаан юм харагдахаар нь автал Б өөрийнх нь шүд байсан. Б үүдэн 1 шүд унасан цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 679 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Мын биед хоёр гарын сарвууны ар хэсэгт зулгаралт үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 681 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Б биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Шинэ гэмтэл ба 2019 оны 10 сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 % нөлөөлнө гэсэн дүгнэлт /хх 25 ху/

 

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 30 ху/

-А.Мын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 58, 60-61 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 10 сарын 12-ны өдөр ..................................................................................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н/” баарны гадна талд Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тооцоо хийхээс болоод Бтэй маргасан. Намайг гэдэс зардаг хүүхэн гэх мэтээр доромжилсон. Миний үснээс байрьж авсан. Бид хоёрыг салгасан. Тэгтэл Б шүд уначихлаа гэсэн. Би тухайн үед уурандаа цохисноо мэдэхгүй байж болно. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Б “...намайг тооцоогоо хийгээд баарнаас гарахад М миний араас гарч ирээд намайг бариад авсан бөгөөд О, М хоёр Мыг надаас салгасан. ... М миний нүдний шилийг авч шидээд, нүүр рүү 2 удаа цохисон тэгээд миний үүдэн шүд унасан” гэсэн /хх 6-8 ху/ мэдүүлэг, гэрч Э.НарМ /хх 14-15 ху/, гэрч Б.П /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 681 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 679 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогчоос прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж “хохиролд 480.000 төгрөг нэхэмжилснээс 150.000 төгрөг авсан. Үлдэгдэл 330.000 төгрөгийг М нь 2 хувааж төлөхөөр тохирсон” гэж байх тул шүүгдэгчээс 330.000 төгрөгийг гаргуулж хохирочгид олгуулахаар шийдвэрлээ.

                       

            Шүүгдэгч А.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сард 83.400 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Маас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж О аймаг Б сум Дэнж баг Б хотхон 00-00 тоотод оршин суух Д.Бд /РД:0000000000/ олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА