| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0299/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/321 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Б.БАТСҮХ |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0299/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт Э.Ч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818005010324 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Ч төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Э.Ч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “ ******* дугаар анги”-д ******* албан тушаалтай, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс захирагч, дарга нарын зөвшөөрөлгүйгээр алба хааж буй байгууллага болох ******* дугаар ангийн байрыг дур мэдэн орхин явж, эмнэлгээс гарсны дараа эргэж ирэлгүй, цэргийн албанаас оргон зайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “ ******* дугаар анги”-д ******* албан тушаалтай, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс захирагч, дарга нарын зөвшөөрөлгүй алба хааж буй байгууллага болох ******* дугаар ангийн байрыг дур мэдэн орхин явж, эмнэлгээс гарсны дараа эргэж ирэлгүй, цэргийн албанаас зайлсхийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гараа гэмтээсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод эмчлүүлсэн. Гэхдээ эмнэлэгт бол хэвтэн эмчлүүлээгүй, гадуур эмчилгээ хийлгэж байсан юм. Би эмчилгээ дууссанаас хойш салааны даргад ажлаасаа гарна гэж утсаар хэлсэн. Биечлэн очиж уулзсан удаа байхгүй гэв.
...гэм буруутайгаа ойлгож байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
- ******* дугаар ангийн хууль ёсны төлөөлөгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дэд ахлагч Э.Ч нь гараа гэмтээгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл эмчийн магадалгаагаар эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхээр явснаасаа хойш ажилдаа ирэхээ байсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш албан ёсны чөлөө аваагүй тул тасалсан гэж бүртгэж эхэлсэн. Салааны захирагч нь “Э.Ч ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байна” гэж хэлсэн. Би Э.Ч араас сураглахад Хэнтий аймагт хамгаалалтын албанд ажилд орсон байсан. Гэр бүлийнхэнд нь уг байдлын талаар хэлэхэд сайн мэдэхгүй байсан. Тиймээс Э.Ч холбогдох боломжгүй болоод Цагдаагийн байгууллагад хандсан. Э.Ч үйлдлийн улмаас ангид учирсан эд хөрөнгийн хохирол байхгүй, харин ангийн бэлэн байдлыг алдагдуулсан эд хөрөнгийн бус хохирол учирсан боловч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
- ******* дугаар ангиас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан албан тоот, Э.Ч ажлын цаг ашиглалтын болон цалингийн хүснэгт /хэргийн 3-5/,
- ******* дугаар ангийн 3 дугаар ротын салааны захирагч, ахлах дэслэгч У.О гаргасан Э.Ч дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн тухай тайлбар /хэргийн 6/,
-Гэрч У.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* ангид салааны захирагч албан ташаалыг хашдаг юм. Манай салааны ******* албан тушаалтай, дэд ахлагч Э.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гарын бугалга ясаа гэмтээж, Цэргийн нэгдсэн госпиталын гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс 2018 оны 04 дүгээр сард гарсан юм. Ингээд гар хугархай учир үүрэг гүйцэтгэх боломжгүй гээд лист буюу акт авч явж байгаад листний хугацаа нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа орох ёстой байсан боловч ирээгүй. Ингээд Э.Ч ажилдаа ирэхгүй хаана байгаа нь тодорхойгүй байсан учир түүний дугаарын утас руу нь залгаж “ажилдаа яагаад ирэхгүй байгаа юм бэ? ажил тасалсан гэж явж байгаа шүү” гэдгийг нь хэлэхэд Э.Ч нь “би ажлаасаа гарах өргөдлөө өгдөг юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ажлаасаа гарах гэж байгаа бол өөрийн биеэр ирж өргөдөл гомдлыг хуулийн дагуу өгч, ажлаасаа албан ёсоор гар“ гэдгийг нь хэлсэн. Ингээд Э.Ч дахин огт холбогдож чадахгүй байсан учир түүний төрсөн эхийн дүү гэх О, ээжийнх нь ах Э нартай утсаар холбогдож “Ч ирэхгүй байгаа талаар хэлж, яаралтай ирж өргөдөл, гомдол гаргах бол гарга, тэгэхгүй бол цэргийн албанаас зайлсхийсэн гэж Цагдаагийн байгууллагад хандана шүү” гэдгийг нь хэлж мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдээд байхад Ч болон түүний ах, дүү нараас хүн ирж ангийн захирагч дарга нартай уулзаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/,
-“Сор секьюрити” аюулгүй байдал хамгаалалтын албаны “Э.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус хамгаалалтын албанд харуулын дарга тушаалтайгаар ажиллаж байгаа нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хэргийн 49/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 62-63/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “ ******* дугаар анги”-д ******* албан тушаалтай, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс захирагч, дарга нарын зөвшөөрөлгүй алба хааж буй байгууллага болох ******* дугаар ангийн байрыг дур мэдэн орхин явж, эмнэлгээс гарсны дараа эргэж ирэлгүй Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Э.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Э.Ч үйлдлийн улмаас ангид учирсан эд хөрөнгийн хохирол байхгүй, харин ангийн бэлэн байдлыг алдагдуулсан эд хөрөнгийн бус хохирол учирсан боловч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Э.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Ч дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Э.Ч үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ч анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чулуунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ