Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 44

 


  
       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Үрчигийн Батжаргал, Боржигон овгийн Үрчигийн Гантулга нарт холбогдох 129/2016/0040/Э индекстэй, эрүүгийн 201603000018 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэхэд 
            
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1976 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Бор толгойн 03-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Үрчигийн Батжаргал. /РД:АЭ76011571/ гэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг Хайлст гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Үрчигийн Гантулга. /РД: АЭ83022877/ гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Хар чулууны булаг гэх газраас хохирогч Б.Болдын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлан авч 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
                                  
ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Батжаргал мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Гантулга мэдүүлэг өгөхгүй гэв. 

        201603000018 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

        Хохирогч Б.Болдын өгсөн:
        
        Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг Хар чулууны булаг гэх газарт өвөлжиж байгаа. Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу ээжийгээ эмчлүүлэхээр явсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай эхнэр утсаар ярьж урьд шөнө манайх гаднаасаа нэг үнээгээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэр өдөр манай эхнэр мөрийг нь дагаж явсаар байгаад Ү.Гантулгын гэрийнх нь гадаа ирсэн байсан. Тэгээд та нар манай үнээг хулгай хийсэн байна гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ, ах дүүгээ хулгайд гүтгэж байгаа юм уу гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш нь манай эхнэр над руу утсаар ярьж манай үнээг Ү.Гантулга, Ү.Батжаргал нар хулгай хийгээд цагдаад баригдсан гэж хэлсэн. Би үнээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь манай үнээ бие томтой, сүү сайтай, нас залуу үнээ байсан юм. Манай үнээ улаан зүсмийн биеэр том, хоёр чих нь хөлдөөд хулгар болсон байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан үхрийнхээ махыг нь манай эхнэр аваад зарсан байсан. Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь манай ээжийн дүүгийнх нь хүүхдүүд байгаа юм. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд суухгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар тал/

        Гэрч Ж.Наранцацралын өгсөн:

        2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө манай гадаа нохой хуцаад байсан. Тэгээд өглөө нь босч үхэр малаа харсан чинь манай улаан зүсмийн сувай үнээ алга болсон байсан. Тэгэхээр нь ойр орчмоор нь харсан чинь манай гэрээс баруун тийшээ нэг үхрийн мөр, хоёр хүний мөр цасан дээр гарсан байсан. Тэгэхээр нь тэр мөрийг дагаж явж байтал 400 метр орчим яваад машины мөр орж ирсэн. Тэр машин дээр үхэр ачсан бололтой байсан.  Би гэртээ буцаж ирээд сумын цагдаатай утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд тэр өдөр би Ү.Гантулгыг сэжиглээд цагдаа дагуулж Ү.Гантулгын гэрт очсон. Тэгсэн Ү.Гантулгай би хулгай хийгээгүй, манай гэрийг нэгж гээд байсан.  Яагаад Ү.Гантулгыг сэжиглэх болсон бэ гэхээр тэр үхэр алдах шөнө Ү.Гантулгын ах Ү.Батжаргал “Портер” маркийн машинтай ирээд явсан байсан. Би Ү.Гантулгаас Ү.Батжаргалыг асуусан чинь Сэлэнгэ аймаг руу явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Булган аймгийн Дашинчилэн сумын цагдаад мэдэгдсэн. Тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Ү.Батжаргал манайг үнээг нядалж машинтай ачиж аваад Дашинчилэн сумын цагдаад баригдсан байсан. Манай үнээ улаан зүсмийн, им тамга байхгүй, хоёр чих нь хөлдөөд унасан, биеэр том тарган үнээ байсан. Манай үнээ их сүүтэй, энэ жил тугалах үнээ байсан. Тэгээд Архангай аймгийн төвд Ү.Батжаргал, Ү.Гантулга нар баригдаад ирсэн байхад нь манай хүү Б.Ууганбаяр үнээнийхээ махыг нь авч зарсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/


    Гэрч Н.Мөнхсоёлын өгсөн:
    
    Би Ү.Гантулга, Ү.Батжаргал нарын холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ү.Батжаргал манайд ирээд миний 25-91 АРХ улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг авна гээд манай гаднаас унаад явсан. Би машинаа уг нь зарна гэж байсан. Ү.Батжаргал унаж үзээд сэтгэлд нь таарах юм бол би авна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ү.Батжаргал утсаар ярьж ах нь хулгайн үхэртэй явж байгаад цагдаад баригдчихлаа, чамайг дуудаж уулзах байх гэж хэлсэн. Би Ү.Батжаргалыг хаанаас ямар үхэр хулгай хийж авч ирснийг нь мэдэхгүй. Би машинаа 2012 онд шинээр нь Улаанбаатар хотоос 7.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Би эзэмшигч нь байгаа юм. Ү.Батжаргал надаас зарах юм бол унаж үзье гэж хэлээд авч явсан. Өөр зүйл надад яриагүй. Миний машины дотор өнгө үзэмж нь маш их муудсан болохоор би 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/

        Шүүгдэгч Ү.Батжаргалын сэжигтнээр өгсөн:

        Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажил хийдэг юм. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт гэртээ эхнэр хүүхэд дээрээ ирсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед төрөл болох Н.Мөнхсоёлын 25-91 АРХ улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг гуйж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг Хайлст гэх газар өөрийн дүү Ү.Гантулгынд 11 цагт очсон. Тэгээд тэндээ байж байгаад шөнө 01 цагийн үед Ү.Гантулга бид хоёр машинтайгаа Ү.Гантулгын гэрээс урагшаа Хар чулууны булаг гэх газарт очин нэг эзэнгүй айлын хаваржаан дээр машинаа орхиод Б.Болд гэх айлын үхэр дээр очиж үхрийг нь гэрээс нь холдуулж туугаад машин дээрээ ачиж Өгийнуур сумын Дойт багийн нутаг Мухар цагаан гэх газрын урд руу хээр очиж нөгөө үнээгээ алж гэдэс дотор, толгой шийртэй нь орхиод махыг нь шийртэй нь машиндаа ачаад тэр шөнөдөө үүрээр 05 цагт Ү.Гантулгын гэрт ирсэн. Тэгээд тэндээ унтаж байгаад 09 цаг өнгөрөөгөөд Сэлэнгэ аймаг руу явж байгаад Булган сумын Дашинчилэн сумын цагдаагийн постон дээр цагдаа нарт баригдаад буцаж Архангай аймгт ирсэн. Ү.Гантулга надад би банкны  мөнгө тушаах болоод байна, мөнгө байдаггүй, хоёулаа нэг үхэр хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд хамт явж хулгай хийсэн юм. Би тэр үхрийг нь Сэлэнгэ аймаг руу очиж борлуулж өгөх байсан юм. Намайг дүү Ү.Гантулга гуйгаад байхаар нь хулгай хийсэн. Өөр ямар нэгэн зорилго байхгүй. Би хулгай хийхдээ манай аавын эгчийнх нь хүүхэд болох Нэргүйн Мөнхсоёлын 25-91 АРХ улсын дугаартай “Портер” маркийн машинтай явсан юм. Миний хулгай хийсэн үхэр улаан зүсмийн Монголын сувай үнээ байсан. Тэр үнээг Ү.Гантулгын гэрээс сүх хутга авч явж алж төхөөрсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/

        Шүүгдэгч Ү.Гантулгын сэжигтнээр өгсөн:

        2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай ах Ү.Батжаргал Архангай аймгаас Сэлэнгэ аймаг руу явах гэж байгаа гэхээр нь би дуудаж манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өглөө нь Ү.Батжаргал ах манайд ирсэн. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг Хайлст гэх газар өвөлжиж байсан юм. Тэгээд тэр өдөр ах манайд байж байгаад шөнө 00 цагийн үед би ах Ү.Батжаргалыг дүүд нь банкны мөнгө тушаах хэрэг гараад байгаа, шөнө яваад нэг үхэр хулгай хийгээд ирье гэж хэлсэн. Тэгсэн ах дургүйцээд байсан. Тэгсэн сүүлдээ зөвшөөрч бид хоёр ахын унаж ирсэн 25-91 АРХ улсын дугаартай хөх өнгийн ”Портер” маркийн авто машинтай манай гэрээс урд зүгт явж Хар чулууны булаг гэх газарт очиж машинаа зам дээр орхиод Б.Болд гэх айл руу явган очиж гадаа нь байсан үхрийг нь тууж гэрээс нь холдуулж байгаад нэг Монголын улаан зүсмийн сувиа үнээг барьж авч машин дээрээ авч ирж амьдаар нь ачиж зүүн тийшээ Мухар цагаан гэх газрын урд руу хээр очоод өнгөө үнээгээ алж төхөөрч гэдэс, толгойг нь тэнд нь орхиж мах ширийг нь машиндаа ачаад гэртээ ирсэн. Бид хоёрыг гэртээ ирэхэд бараг үүр цайх гэж байсан. Тэгээд ах Ү.Батжаргал өглөө гэгээ оруулаад машинтайгаа Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд тэр өдөр нь намайг гэртээ байж байтал нөгөө хулгай хийсэн үхрийн эзэн Б.Болдын эхнэр Нараа сумын цагдаатай хамт манайд ирж шалгасан. Тэгээд шөнө гэртээ унтаж байхад сумын цагдаа ирээд намайг барьж явсан. Би Хаан банкинд малчны зээлтэй. Зээл төлөх болоод мөнгө олдохгүй болохоор нь ахыг дуудаж хулгай хийсэн юм. Өөр зорилго байгаагүй. Манай ах Ү.Батжаргал Н.Мөнхсоёл гэх хүний 25-91 АРХ улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг худалдаж авах гэж байсан. Тэр машинтайгаа манайд ирсэн. Түүгээр нь бид хоёр хулгай хийсэн юм. Миний хулгай хийсэн үхэр улаан зүсмийн Монголын сувай үнээ байсан. Биеэр дундын, их тарган ч биш туранхай ч биш үнээ байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 дүгээр тал/

    Шүүгдэгч Ү.Батжаргалын яллагдагчаар дахин өгсөн:
    
    Тухайн үед Б.Болдын нэг тооны үнээг хулгай хийгээд махных нь доор дэвссэн байсан гялгар цаас, үхэр уясан мяндас, гэрэлтүүлсэн асаагуур, хутга, сүх зэрэг эд зүйлийг Ү.Гантулгын гадаад очоод машин дээрээс буулгасан. Тэгээд би маргааш нь явсан. Тэдгээр зүйлийг Ү.Гантулга л мэдэж байгаа. Миний бодлоор гэрт нь байгаа болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 81 дүгээр тал/

        Шүүгдэгч Ү.Гантулгын яллагдагчаар дахин өгсөн:
        
        Тухайн үед Б.Болдын нэг тооны үнээг хулгай хийгээд махных нь доор дэвссэн байсан гялгар цаас, үхэр уясан мяндас, гэрэлтүүлсэн асаагуур зэрэг эд зүйлийг нь хог дээр авч очоод шатаасан. Харин үхэр цохисон сүх, төхөөрсөн 2 ширхэг хутга зэрэг эд зүйлүүдийг нь гэртээ хэрэглэж байгаа. Энэ бүхэн манай гэрт байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 82 дугаар тал/

        166 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23 дугаар тал/,
        Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал, 74 дүгээр тал/,
        Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /хх-ийн 73 дугаар тал/,
        Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 дугаар тал/,
        Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,
        Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хх-ийн 15 дугаар тал/,
        Сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 32 дугаар тал/,
        Сургуулийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр тал/,
        Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 тоот тодорхойлолт /хх-ийн 45-46 дугаар тал/,
        Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/07 тоот албан бичиг /хх-ийн 47 дугаар тал/,
        Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №58, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №47 тоот тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар тал/,
        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-58 дугаар тал/,
        Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/,
        Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар тал/
        Шүүхэд дуудсан тухай утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-ийн 120 дугаар тал/
        Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 139 тоот тодорхойлолт,
        Хөрөнгийн үнэлгээний тайлан,
        Батжаргалын Баярцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар,
        Батжаргалын Батцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар,
        Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар,
        Батжаргалын Өсөхбаярын төрсний бүртгэлийн лавлагаа,
        Эд мөрийн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

     Шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Хар чулууны булаг гэх газраас хохирогч Б.Болдын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлан авч 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Болд, гэрч Ж.Наранцацрал, Н.Мөнхсоёл нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймээс шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нарыг автомашин хэрэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /хх-ийн 59-63 хуу/ ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг байдлуудыг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн шүүгдэгч Ү.Гантулгын хувьд ногдох мал болох 15 эм хонь, 15 эм ямааг шүүгдэгч Ү.Гантулгад, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн Н.Мөнхсоёлын эзэмшлийн  25-91 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Н.Мөнхсоёлд тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нарын хуваарьт хөрөнгөнөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн автомашины үнийн дүнтэй тэнцэх буюу нийт 3.000.000 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэг, хутга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

       Шүүгдэгч Ү.Батжаргал, шүүгдэгч Ү.Гантулга нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул дээрх нөхцөлүүдийг шийтгэх тогтоолд тус тус дурдав.
    
             Шүүгдэгч Д Ү.Батжаргал, Ү.Гантулга нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Үрчигийн Батжаргал, Боржигон овогт Үрчигийн Гантулга нарыг автомашин хэрэглэн урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    
    2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Батжаргал, Ү.Гантулга нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ү.Батжаргал, Ү.Гантулга нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн автомашины үнийн дүнтэй тэнцэх буюу нийт 3.000.000 төгрөгийг Ү.Батжаргал, Ү.Гантулга нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулсугай.

    7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ү.Гантулгын эзэмшлийн 15 хонь, 15 ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” Н.Мөнхсоёлын эзэмшлийн 25-91 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

    8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ү.Гантулга, Ү.Батжаргал нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тус 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож тэдгээрт хяналт тавих үүргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

    9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    10. Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
      

 


     ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Э.ОДХҮҮ