Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Эы нэхэмжлэлтэй,  тус аймгийн *******д холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/455 дугаар захирамжийн 24 дэх хэсэг буюу С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.        

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/303 дугаартай Засаг даргын захирамжаар одоогийн Түмэн баг Найрамдал 5-5 тоот хуучнаар Жаргалант багийн 6-1б тоотод 820,9м2  газрын гэр бүлийн хэрэгцээгээр газрыг өмчлөн гэрчилгээ  авч байсан. Гэтээл ******* С.Г манай өмчлөлийн газар дээр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамж давхцуулан гаргаж С.Бэд давхар газар эзэмшүүлсэн захирамж гаргасныг иргэний шүүх дээр 2020 оны 06 дугаар сарын 08-нд нэхэмжлэлтэй танилцаж мэдлээ.

        2010 онд уг газрыг Г.О гэдэг хүнээс авч байсан. Хашаагаа жаахан томруулаад хүүтэйгээ хоёулаа байж байгаад 2013 онд хүүгээ гэрлүүлсэн. Эхний худалдаж авсан газраа бэрдээ бэлэглэж өгсөн. Өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч байна. 10 жил амьдрах хугацаандаа 2013 онд С.Б гэдэг айлыг үүдэндээ буулгасан. Ах, дүү шиг сайхан амьдарч байсан. Улаанбаатар хот руу яваад зан нь өөрчлөгдөөд газрын гэрчилгээ авсан. Сүүлдээ газар нь хуулийн дагуу олгогдоогүй байна гэж ярьж байгаа юм байна лээ. Миний газрыг ч мөн адил тэгж ярьж байгаа юм байна лээ. Би сунгасан газраа хуулийн дагуу аваагүй байж болох юм. Би анх тэр хамар дээр ганцаараа байдаг байсан юм.

         Би шүүхээс С.Б-н захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ш.Э нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдал хорооны 5-5 тоот 820,9 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч болсон байна. Тухайн үед С.Б гуйгаад би танай хажууд буучихъя гэж хэлсэн байна. Ш.Э хүн чанар гаргаад буулгахад тодорхой хугацааны дараа хашаа хатгасан байна. Гэр нь хулгайд алдагдахаас сэргийлээд Ш.Э нь хашаа хатгахад дургүйцээгүй юм байна. Хашаа хатгасныхаа дараа орох, гарах гарцын талаар маргаан үүсээгүй байхдаа манай хашаагаар гараад явъя гэдэг байдлаар хоорондоо тохиролцсон байна. Гэтэл С.Б нь Засаг даргын 2017 оны А/445 дугаартай захирамжаар гэрчилгээ авсныг нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийн шүүх дээр мэдсэн байдаг. Маргаан гарснаас хойш газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Хаагуур орж гарах юм бэ? гэдэг байдлаар маргаан үүссэн.

         Ш.Э мэдсэнийхээ дараа газрын албанд хандсан. Хавтаст хэргийн материалын 7 дугаар хуудсанд шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэхээр хандахад газрын албанаас уг маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Эрх ашгаа хамгаалуулж захиргааны хэргийн шүүхэд хандахдаа манай зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулъя. Хөндлөнгийн байгууллагаар хариуцагчийн хэмжээд байгаа газар, давхцал байгаа эсэх талаар дүгнэлт гаргаачээ гэсэн хүсэлт тавьсан. Шинжээчийн дүгнэлт гарахад 105,1 метр квадрат талбай буюу Ш.Эы газар С.Б-н газартай давхцаж байна гэсэн дүгнэлт гарсан.

         Тухайн газарт орц, гарцыг төлөвлөөгүй. Өөрөөр хэлбэл газар өмчлөх, эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хуульд нийцээгүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн. Газрын давхцлыг арилгачих юм бол Ш.Эы орох, гарах хаалганых нь үүд нээгдэж, эрх ашиг нь хууль ёсны дагуу болох юм. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараас сонсоод байхад анхнаасаа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрсдөө  хууль дүрмийг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ асуудалд С.Б ч буруугүй, Ш.Эы буруу ч биш. Хатуу хэлэх юм бол эрх бүхий акт гаргадаг байгууллага нь хуулиа мэддэггүй.  Иргэдэд хариуцуулаад ямар нэгэн газрын төлөвлөгөө, хэмжилт, байршлыг мэдэхгүй. Тэдний хүссэн өргөдөл дээр захирамж гаргаад улмаар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогддог. Төрийн захиргааны байгууллагын ажилчдын мэдлэг чадваргүй, сул дорой байдлаас ард иргэдийн эрх ашиг хохирч байна гэж үзэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйл бүхэлдээ зөрчигдсөн байна.

        Газар өмчлүүлэх тухай газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа хийх заалт огт хэрэгждэггүй байдлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж, миний үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Хариуцагчийн зүгээс өөрсдөө өргөдөл бариад ирэхэд нь бид нар газар олгосон гэж байна. Мэдээллийн сан, шинжээчийн дүгнэлт хоёр зөрж байгаа. Хэрвээ шинжээчийн дүгнэлттэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байсан бол бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Тийм учраас шинжээчийн дүгнэлт нь эцсийн дахцлын талаар буюу 105,1 метр квадрат газар давхцсан гэж дүгнэсэн байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17  дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан зохицуулалтууд зөрчигдсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцсэн асуудал, энэ хүмүүсийн яриад байгаа давхцал, эрх ашиг хөндөөд байгаа асуудал болох хаагуураа орох юм бэ? гэдэг асуудлууд байна.

        Хад асга чулуутай газрын төлөв байдал, газрын гадаргын төрх байдал нь тухайн газрын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах боломжгүй газар дээр захирамж гарч миний үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дотоод итгэлээрээ хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. А/445 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм уу? Үүнийг хянаж захирамжийг хүчингүй болгож, 24-т нь С.Бэд гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. Захирамж гарсны улмаас 2 хүний эрх ашиг зөрчигдөж, хохирол амсаж байна. Иймд захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш.Эы нэхэмжлэлд аймгийн Засаг даргын шийдвэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байна. Би энэ хэрэгт байгууллага төлөөлж оролцож байгаа. Аймгийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар захирамжаар Г-гийн О-д тухайн маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байдаг. 2013 оны бэлэглэлийн гэрээгээр уг нэгж талбарыг Ш.Э өөрийн бэр Д-д шилжүүлж илүү сунгаж хатгасан газраа аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 303 дугаар захирамжаар өмчилсөн байна. Ш.Эы өөрийн өргөдөл хүсэлтийн дагуу шийдвэрлэгдсэн.

        Иргэн С.Б-д 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар тухайн нэгж талбарын газрыг өмчлүүлсэн. С.Б ялгаагүй өргөдөл, хүсэлтээ Есөнбулаг сумын газрын даамалд гаргаж, газрын даамал холбогдох баримт, материалуудыг бүрдүүлж аймгийн Засаг даргын шийдвэрийг гаргуулсан. Ш.Э 2010 онд Г.О-аас тухайн нэгж талбарын газрыг авсан. 2013 онд аймгийн Засаг даргын шийдвэрээр сунгасан хашааныхаа газрыг өөрийн нэр дээр өмчилж авсан. С.Б газрынхаа кадастрын зургаа 2012 онд тусгай зөвшөөрөлтэй газраар гүйцэтгүүлж, 2017 онд шийдвэрээ авсан.

         2013 оноос хойш ямар нэгэн маргаан үүсээгүй байж байгаад хоорондын зөрчлөөрөө аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгааг манай зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.Э, С.Б нар ялгаагүй газар өмчлөх эрхтэй. Тухайн нэгж талбар нь одоогоор Ш.Э болон Д-гийн  газартай хамаарал байхгүй. Бид бүхэн газрын үзлэг хийсэн. Тухайн үед орц, гарцын асуудал хөндөгдөөгүй байж хоорондын зөрчил, маргааны асуудал үүсэж, өргөдөл, хүсэлтэд тулгуурлаж гарсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

          2006 онд Г.О гэдэг хүний өмчилсөн газрыг Ш.Э бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Өөрийн нэр дээр шилжүүлж авсан газраа 2013 онд бэлэглэлийн гэрээгээр өөрийн бэр Д-д шилжүүлсэн. Ш.Эд 2013 оны захирамжаар олгосон газар байгаа. Нэг нь бэрийнх нь өмчлөлтэй 2 нэгж талбар байгаа. Гэхдээ газар дээрээ нэг нэгж талбараар явдаг. Хамар байхгүй. Ертөнцийн зүгээр зүүн талд байгаа газрыг манай зүгээс Д-д шилжүүлээгүй.  Нэхэмжлэгч өөрийн хүсэл зорилгоор бэрдээ шилжүүлсэн. Манай зүгээс энэ хүний орц, гарцыг хааж бусад иргэнд өмчлөл олгосон зүйл байхгүй. Хавтаст хэргээс Д.Д өөрийн өмчлөлийн газраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь харагдаж байгаа.

         Мөн Ш.Э нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Есөнбулаг сумын газрын даамалд тухайн нэгж талбар газраа өмчлөх хүсэлтээ гаргаж аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар өмчлүүлэх шийдвэр гарч энэ хүний өмчлөх эрх баталгаажиж явсан байна. С.Б-н тухайд 2017 онд газар өмчлөх шийдвэр гарсан. Энэ айлыг буухаас эхлээд шийдвэр гарах хүртэл процессд Ш.Эаас газар өмчлөлтэй холбоотой маргаан буюу энэ айл миний эрхийг зөрчиж байна гэсэн маргаан өргөдөл, хүсэлтийг манай байгууллага болон Есөнбулаг сумын захиргаанд гаргаж байгаагүй. Тийм учраас иргэдийн өргөдөл, хүсэлтэд тулгуурлаж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна гэв.

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдааанд хэлсэн тайлбартаа: С.Б 2012 онд кадастраа хийлгэж, газраа хэмжүүлж авсан.  Энэ газраа 2012 оноос хойш эзэмшиж байгаад 2017 оны А/445 дугаартай захирамжаар өмчилж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед тэр толгой дээр манайх ганцаараа байсан. Тэгэхэд С.Б гэдэг айл манай хаалга, гарцыг таглаж буусан гэж ярьж байна. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үед С.Б-нх буух газар, хашаа авмаар байна гэж Ш.Этай уулзаж байсан. Үүнийг үгүйсгэх зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн байгаа газрын тэнд очиж буугаад газраа хэмжүүлж, кадастраа хийлгэж авсан гэдэг. Газраа хэмжүүлж авахад энэ айлуудын эргэн тойронд нь ямар ч айл буугаагүй байсан. С.Б нэхэмжлэгчийн газрын ард талд нь газар авах гээд газрын албаныхан ирүүлж хэмжилт хийлгэхэд Ш.Э өөрөө манайх хүсэлтээ өгөөд хашаагаа хойш нь татна. Тийм учраас танайх энд хэмжилт хэмжүүлэхгүй гэж хэлсэн.

         С.Б баруун талд нь кадастрын зургаа хийлгэж, газраа хэмжүүлж аваад үүнийгээ эзэмшиж байгаад 2017 оны өмчилж авсан. Энэ нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу газар авсан. Тухайн газар нь газрын кадастрт ороод өмчилж болно гэсэн учраас өмчилсөн. Тухайн үед ямар нэгэн байдлаар энэ газрыг Ш.Э гэдэг айл анхнаасаа эзэмшиж байгаагүй. Энэ айлыг эзэмшээд явж байсныг нь Ш.Э мэдэж байсан. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг үүднээс хүлээн зөвшөөрөхгүй оролцож байгаа. Энэ хүн газрын албанд өргөдөл өгсөн юм уу? Өгөөгүй юм уу? гэдэг талаар нотлох баримт хавтаст хэргийн материалд ирсэн зүйл байхгүй. Тухайн үед хашаагаа тэлж хатгасан. Хүүхэддээ талыг нь өгсөн гэж байна.

          Тэгэхээр энэ айл С.Б-н хашаагаар дамжиж гарах биш. Хойд талдаа,  урд талдаа,  доод талдаа гарцаа гаргах бүрэн боломж байсан. Анхнаасаа өөрөө гарцаа тооцоолохгүйгээр хүүхэддээ өөрийнхөө тал хашааг бэлэглэлийн журмаар шилжүүлсэн. Газрын албанаас С.Бэд айлын эзэмшиж байсан газар дээр давхардуулж газар олгоогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэргийн материалд цуглуулсан бичгийн нотлох баримтаас харахад Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Иргэн Ш.Эаас Говь-Алтай аймгийн *******д холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Э Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  Түмэн /хуучнаар Жаргалант баг/ багт нэгж талбарын 060703065 дугаар бүхий 820.9 м2 газар, гуравдагч этгээд С.Б Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  Түмэн багт нэгж талбарын 8208004488 дугаар бүхий 983 м2 газар тус тус өмчилж байна.

Нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээд С.Б нарын өмчлөлийн газар хил залгаа хөрш газрууд байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар 4 талдаа эзэмшил бүхий, шууд гарц, орц байхгүй болох нь шүүхийн үзлэгийн явцад тодорхойлогдсон болно.

 Гуравдагч этгээд С.Б Ш.Эд холбогдуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Өмчлөлийн газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай” нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хувийг гардаж авсаны дараа гуравдагч этгээд түүний орц, гарцыг хааж газар өмчилсөн болохыг мэдсэн гэж тайлбар гаргаж байх ба түүнийг үгүйсгэх үндэслэл байхгүй юм. Учир нь шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас гуравдагч этгээд С.Б-н өмчлөлийн газрын талаар нэхэмжлэгч Ш.Эд мэдэгдэх үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг мэдэх боломжгүй байна.

      Иймээс гуравдагч этгээд С.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ш.Эыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байх боловч дээр дурдсанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

         Нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээд С.Б нарын өмчлөлийн газарт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхээс үзлэг, хэмжилт хийхэд өмчлөлийн газрууд давхцалгүй гэж, мөн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэг хэмжилтээр өмчлөлийн газрууд 96.8 м2 давхцалтай гэж, шинжээчийн дүгнэлтээр 105.1 м2 давхцалтай гэж тус тус тодорхойлогдсон байна. Энэхүү 3 удаагийн хэмжилтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын хэмжилт хариуцсан мэргэжилтэн нэг багажаар нэгж талбаруудын кадастрын зурагт байгаа координатаар хийж зураг үйлдэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пийн хамт газрын үсэг зурсан байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын одоо ашиглаж байгаа “Land manager” мэдээллийн санд эдгээр нэгж талбарууд давхцалгүй гэж тайлбар гаргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

        Нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээд С.Б нарын өмчлөлийн газрын нэгж талбарын хувийн хэргийг хариуцагчаас гаргуулан авсан боловч түүнд нэгж талбаруудын орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн талаар нотлох баримт байхгүй байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нэхэмжлэгч Ш.Э, Д.Д нарын газар нэг нэгж талбартай, зүүн тийш гарцтай гэж маргаж байх боловч Ш.Э аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн А/303 дугаар захирамжаар 9 эргэлтийн цэг бүхий 820.9 м2 газар өмчилж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

         Ийнхүү 2013 онд 2 нэгж талбар болгон хувааж, аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн кадастрын зураг үйлдэгдсэн байхад 2017 онд гуравдагч этгээд газар өмчлүүлэхдээ захиргааны байгууллагын зүгээс Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4, 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчин хээрийн болон суурин судалгаа хийлгээгүйн улмаас иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн захиргааны акт гаргасан байна.

        Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д кадастрын зураглалын хяналт, магадлан хэмжилтийг аймгийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч эрх бүхий этгээдийн шийдвэрээр гүйцэтгэхээр заасан бөгөөд ийнхүү шинжээчийн дүгнэлт гаргуулан хэмжүүлэхэд өмчлөлийн газрууд 105.1 м2 хэмжээтэй давхцаж байна гэж дүгнэжээ.

        Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэгж талбарууд топологи алдаатай байх нөхцөлтэй байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

         Нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээд С.Б нарын өмчлөлийн газар давхцаж байгаа эсэх, нэгж талбарууд топологи алдаатай эсэх, нэгж талбаруудын орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн талаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

        Хариуцагч 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болох болно.

         Ийнхүү маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар гуравдагч этгээд С.Б-н гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх хэвээр байх нөхцөл үүсч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус   баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх С.Б-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шинэ акт гаргахгүй бол Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх С.Б-д холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Ч.ОЮУНСҮРЭН