Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2338

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02338

 

Б.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 дугаар шийдвэртэй, Б.Эы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Од холбогдох, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.278.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Огаас 14 200 000 төгрөг авч “Бид” ББСБ-д өгч зээлээ чөлөөлсөн. Тухайн өдрийн орой Б.Эы ах болох н.Эыг Б.О нь гэрээний талаар асууж тодруулах зүйл байна, уулзаж ярилцъя гэж гэрээс нь аваад, Б.Эыг дуудуулаад зээлийн гэрээ байгуулсан байдаг. Цагдаагийн байцаагч цагдана, хорино гэж дарамталсан учир Д.М гэрээсээ ордероо авчирч өгсөн байдаг. Тэгээд Б.О бичлэг хийхийг зөвшөөрдөг. 2 хоногийн дараа дахиж утасдаад зээлийн гэрээгээ баталгаажуулна гээд зээлийн гэрээг нотариатаар байгуулсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Э, Б.О нар зээлийн гэрээний 2.1-т 15 800 000 төгрөг байна, 2.2-т 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хүүгүй зээлсэн. Зээлдүүлэгч маань өдрийн 240 000 төгрөгөөр бодож хүү гаргадаг, гэрээнд тодорхой хугацаанд хүүгүй гэсэн байдаг. Ямар учраас хүүгүй зээлсэн нь ойлгомжгүй байгаа. Миний хувьд 1 600 000 төгрөг авсан өгсөн гэж гарын үсэг зурсан байгаа нь хүү байсан юм болов уу гэж харж байгаа.

Зээлдэгч мөнгөө дансанд шилжүүлсэн гэж зээлдүүлэгч хэлсний үндсэн дээр гэрээг баталгаажуулсан байна. Тэгээд төлөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсэн байдаг. Б.Э зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед гэрээний хувийг өгөөгүй, 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээг авсан гэж тайлбартаа хэлдэг. Хариуцагч зөвхөн 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд тайлбар хийгээд байна. Нэгэнт гэрээ байгуулаад 15 800 000 төгрөг дансанд нь хийсэн гэж гэрээгээ баталгаажуулсан мөртлөө дахин 1 600 000 төгрөг авсан гэж Б.Эаар гарын үсэг зуруулсан байна. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаас харахад зээлийн гэрээ байгуулагдсан мэт харагдаж байгаа боловч 15 800 000 төгрөг бодитой шилжээгүй. 14 200 000 төгрөгт бол маргадаггүй.

Нөгөө талаас ордерийг хүч хэрэглэж авсан гэдэг нь диск дээрх бичлэгээс харагдахаар байна. Цагдаа дээр очоогүй байсан бол ордерийг өгөхгүй байсан ба гэрээтэй учраас иргэний журмаар шийдвэрлүүлэх боломж хариуцагчид байсан. Шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Б.О 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Нотариатч зээлийн гэрээг 4 хувь үйлдсэн байдаг. 2 хувь гэрээг Б.О авсан ба 1 хувийг цагдаад гаргасан гэж тайлбарладаг. Цагдаад өгсөн зээлийн гэрээгээ хуулбарлуулсан байдаг. Үүнийг нотариатч н.Мөнхтуяа гэдэг хүнээр 03 дугаар сарын 22-ны өдөр 1 600 000 төгрөг авсан гэх бичиг байхгүй гэрээг баталгаажуулаад цагдаад өгсөн. Үүнээс харахад Б.Э гэдэг хүний гарын үсэг хялбархан ямар нэгэн байдлаар зурагдах боломжтой байсан. Эхнээсээ 1 600 000 төгрөг нуугаад авсан бол цагдаад өгөх гэрээн дээр байх л ёстой. Цагдаад өгсөн гэрээнд 1 600 000 төгрөг авсан гэх бичиг байхгүй байгаа шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэлтэй юм. Б.Огийн депозит дэлгэрэнгүй хуулгаар 14 200 000 төгрөгийг 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэнд маргахгүй.

Зээлийн гэрээ байгуулсан 02 дугаар сарын 24-ний өдөр 4 цаг 01 минутын үед Б.Огийн данснаас 1 600 000 төгрөг гарсан байдаг. Үүнийг Б.Эд өгсөн гээд байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу гэрээний 2-т заасны дагуу зээлдүүлэгчид шилжүүлсэн гэж хэлчихээд, дараа нь гараар тодорхойлолт бичсэн. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн хэлцэл гэж үзэж байна. Танил цагдаад очиж, гомдол гаргаагүй байж айлган сүрдүүлж, ордерийг авсан ба зээлдэгчийн хуулийн мэдлэг дутууг ашиглаж 15 800 000 төгрөг авсан гэж бичүүлж, нөгөө тал 14 200 000 төгрөг авсан гэсэн гэрээн дээр гарын үсэг зурж байна гэх итгэлцлийн үндсэн дээр гэрээг шалгахгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед гэрээ аваагүй ба 10 хоногийн дараа авахад 15 800 000 төгрөг авсан гэж бичсэн байхаар нь шүүхэд хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дарамталсан хүч хэрэглэсэн зүйл байхгүй. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Э, Д.М, түүний нөхөр н.Э нар надтай уулзаад, “Бид” ББСБ-д зээлтэй байгаа, тэр зээлээ хаах юм бол орой 5 цаг гэхэд зээл гарна, итгэхгүй бол манай эдийн засагч н.Баярсайхан гэдэг хүнтэй очиж уулз гэсэн. Би очоод уулзсан чинь н.Баярсайхан эд нар маш найдвартай зээлдэгч нар байгаа, манайхаас олон удаа зээл авч байсан. Зээлээ хаачих юм бол өнөө орой 5 цагт зээл нь гарна, би одоо гэрээг нь бэлдэж байна, орой ирээд мөнгөө авчихгүй юу гэсэн. Би итгээд Б.Эы данс руу 14 200 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой 5 цагийн үед мөнгөө ирж авах юм байна гэж ойлгоод явсан. Орой 5 цагийн үед ирэхэд ББСБ нь цоожтой, н.Баярсайхан утас нь холбогдохгүй, нэхэмжлэгч нар луу залгахад утсаа авахгүй, Б.Этай холбогдоод мөнгө яасан бэ гэхэд, би хүүгээ цэцэрлэгээс аваад, Тэнгисийн энд явж байна гэхээр нь хүлээж байгаарай гээд яваад очтол утсаа салгаад алга болсон байсан.

Ингээд Д.Мын нөхөр н.Эыг олоод, мөнгө яасан бэ гэхэд зээл бүтэхгүй болсон гэсэн учир ордероо өг гэхэд байхгүй хүнд байгаа, хэнд байгааг мэдэхгүй, манай эхнэр мэднэ гэхээр нь та нар намайг залилсан юм байна, мөнгийг маань өгөхгүй, дээрээс нь барьцаа хөрөнгө байхгүй, ядаж ордерийг чинь авъя гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр орой 9 цагийн үед очсон. Цагдаа нар тараад явчихсан байсан. Тухайн үед эд нарын н.Жавхланбаяр гээд байгаа хүн гарч байсан юм байна. Түүнд болсон зүйлээ яриад, ядаж гэрчилгээгээ өгөөч гэхээр өгөхгүй байна гээд, эд нартай уулзахад Д.М би мөнгө өгөхгүй, гэрчилгээ бас өгөхгүй гэсэн. Тэгээд та өргөдлөө гаргаад  шалгуулчихгүй юу гэж цагдааг хэлэхээр нь өргөдөлөө гаргаж өгөх гэж байтал, за би ордероо өгье гээд гэр лүүгээ дагуулж яваад надад ордероо өгсөн. Ордероо өгөхөөр аваад алга болчихно гэсэн. Гомдол гаргахад яагаад ч юм тэр н.Жавхланбаяр гэдэг хүнд хуваарилагдсан. Эд нар анх мөнгө зээлэхдээ хуурамч банкны тодорхойлолт, дансны хуулга, түрээсийн гэрээ авчихсан явж байсан. Тэрийг нь би утсаар зургийг нь аваад баталгаажуулсан. Хуурамч баримт үзүүлж надаас мөнгө авсан байсан.

Би нотлох баримтаар дискэн дээр буулгаад өгье гээд н.Жавхланбаяртай уулзах гэж очоод хажуу өрөөнийх нь хүнээс асуухад 1 сар сургалтанд явсан, өөрөө мэдэж байгаа байх гээд байж байтал прокуророос холбогдоод хэрэгсэхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд н.Жавхланбаяртай уулзаад нотлох баримт байсан, одоо авахгүй гэж байна, нотлох баримт байхад яагаад ингэж байгаа юм бэ гэхэд би өөр хүнд хэргээ өгсөн гэсэн. Надад хэлэхгүй яасан юм бэ гээд тэгээд өнгөрсөн. Намайг яриад байгаа болохоор эд нар н.Жавхланбаярыг таньдаг, тэгээд дарамтлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй, би энэ хүнийг танихгүй.

Нотариатын тухай ч ярьж байна, тэр нотариатыг би танихгүй. 13 дугаар хороололд байдаг нотариат байгаа. Б.Эы гэрийнх нь хажууд гэсэн үг, 2 дугаар сарын 22-ны өдөр би ордерийг нь авчихаад, 23-ны өдөр эд нартай зээл хөөцөлдөөд хамт явсан. Зээл бүтнэ гэсэн, машин тэргээрээ үйлчилсэн, зээл нь ерөөсөө бүтээгүй. Тэгээд 24-ний өдөр мөн хамт явсан боловч зээл бүтээгээгүй. Нотариатч 15 800 000 төгрөг авч байгаа юм байна. Сайн уншиж танилцаарай, ямар нэгэн маргаан байхгүй биз, гарын үсгээ сайн зуруулаарай гээд зуруулсан. 1 хувийг сүүлд нь өгсөн гэж байна. 1 хувиа аваад явсан. Б.Э гарын үсэг зураагүй гэж байна. Энэ үед Д.М өөрөө байгаагүй. Д.М, Б.Э хоёр бие биенээсээ юмаа их нуудаг. 1 600 000 төгрөг авснаа эхнэр Д.Мд мэдэгдмээргүй байна гэсэн хэрнээ одоо энэ хүн аваагүй гэж хэлээд байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Эд 14 200 000 төгрөг зээлүүлсэн, 02 дугаар сарын 24-ний өдөр 1 600 000 төгрөг нэмж, нийт 15 800 000 төгрөг болсон. Тэгээд 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаа хэтрэх юм бол 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. 03 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 82 хоног болсон. 15 800 000 төгрөгийн 0,5 хувиар тооцохоор хоногийн 79 000 төгрөгийн хүү болсон, 82 хоногт бодохоор 6 471 000 төгрөг, нийт 22 271 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 66 тоот, 18 мкв, Ү2204012636 дугаартай хөрөнгөөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:14.200.000 төгрөг болон 240.000 төгрөгийг төлөх боломжтой. Харин 22.271.000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Од холбогдох 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас 16 456 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 822 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Б.Э шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 340 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Эаас 240 230 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Од олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх барьцааны гэрээ байгуулагдсан нөхцөл, бусад зүйлийг анхаарч үзээгүй. Учир нь уг байрыг худалдан авч дүү Б.Эы нэр дээр хадгалуулсан, байрны жинхэнэ эзэн болох н.Э, Д.М нар орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэн нэгэн этгээдэд барьцаалуулахгүй гээд гэртээ хадгалсан байдаг. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Б.Э Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хоригдох гэж байна гэсэн. Иймд орон сууцны гэрчилгээг авч ирэх шаардлагатай болсон гэсний дагуу гэрчилгээг авч очиход дэслэгч н.Жавхланбаяр гэрчилгээг хураан авч Б.Од өгч “зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуул, тэгэхгүй бол дүүг чинь цагдан хорино” гэж айлгасан талаарх зарим бичлэг байдаг. Ингээд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар нөхөн хийгдсэн гэрээ нь хүч хэрэглэсэн байж болохоор байна.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талтай нэг байрь суурьтай буюу хариуцагчид үйлчилсэн. Учир нь шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Маас байрны гэрчилгээг хураан авч Б.Од өгч, цагдан хорино, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж ойлгож байсан цагдаагийн дэслэгч н.Жавхланбаярыг Авлигатай тэнцэх газарт өгч гомдол гаргасан. Гэтэл өмгөөлөгч Ц.Мөнхтуяа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар “та нар н.Жавхланбаярыг энд тэнд өглөө гээд юу ч хожихгүй, давж заалдах шатанд та нар байраа л алдана, цагдаад өгсөн өргөдлөө тат, давж заалдах хуралд би оролцохгүй” гэж хэлсэн. Сүүлд сонсоход өмгөөлөгч хариуцагч нартай танилын холбоотой байсан байдаг.

3. Шүүх хуралдаанд шүүгч “та нар цагдаа н.Жавхланбаярыг хуулийн байгууллагаар шалгуулсан баримтгүй байна. Иймд нотлох баримт байхгүй учир барьцаалбарыг чөлөөлөх боломжгүй байна” гэж хэлсэн. Энэ нь бичлэгт байгаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Од холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар “хүч хэрэглэн” үйлдэгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч уг зээлийн гэрээний үүрэгт нийт 22 278 000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 66 тоот 18 м.кв 1 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Огаас 15 800 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл /хүүгүй/ зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцож, гэрээний баруун доод хэсэгт “2017 оны 02 дугаар сарын 22-нд 14 200 000 төгрөгийг Хаан банкны 5009364190 тоот дансанд шилжүүлэн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-нд 1 600 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно Энхтайван” гэх бичвэрийг зээлдүүлэгч Б.О үйлдэж, зээлдэгч Б.Э гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4003 тоот дүгнэлтээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 27, 57-68/

 

Түүнчлэн хариуцагч Б.О нь Хаан банк дахь өөрийн нэрийн дансаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 200 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1 600 000 төгрөгийн зарлага гаргасан нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх28/

 

Нэхэмжлэгч Б.Э “1 600 000 төгрөгийг аваагүй” учир төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргах боловч уг тайлбар нь дээрх баримтаар үгүйсгэгдэж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэхүү зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч мөнгийг бодиттойгоор хариуцагчаас авсны үндсэн дээр бичгээр гэрээ хийсэн тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд зээлдүүлэгч Б.О дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг зээлдэгч Б.Эаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбар хийсэн болно.

 

Анхан шатны шүүх гэрээг нөхөж байгуулсан үйл баримтаас өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дансаар шилжүүлсэн 14 200 000 төгрөгт алданги тооцоогүй нь хууль хэрэглээний хувьд буруу биш. Харин 1 600 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 24-нд буюу гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч Б.Эд бэлнээр хүлээлгэн өгсөн байх тул уг гэрээний 2.5-д зааснаар талууд алданги тохиролцсон гэж дүгнэж, 1 600 000 төгрөгт 0.5 хувиар тооцож, хугацаа хэтрүүлсэн нийт 82 хоног 656 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 822 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр талуудын байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтад хамаарах нотлох баримтыг харьцуулан үнэлж дүгнээгүй байна.

 

Иргэний  хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Барьцааны гэрээний талуудад гэрээний эрх чөлөөний дээрх зарчим мөн адил хамаарах бөгөөд уг зарчмыг зөрчин хүч хэрэглэсэн гэдгийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгч этгээдэд эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлэх гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тайлбартаа “Б.Оюунтуяа нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн таньдаг цагдаагаар айлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн утсаар хийсэн бичлэгт 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр талуудыг болон хөндлөнгийн гэрчийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар үзлэг хийж, тэмдэглэлээр баримтжуулсан байна. Уг “СD” бичлэг /1/-т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Б.О, хариуцагчийн нөхөр Б.Батбаяр нарын яриа бичигдсэн ба уг бичлэг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гадаа хийгдсэн, бичлэг /2/-т хариуцагч Б.О “энэ ордерийг би авч явлаа, гэхдээ ямар ч барьцааны гэрээ энэ дээр хийгээгүй шүү. Энэ хүнд 14 200 000 төгрөг өгсөн байгаа, Маргааш өглөө 9.00 цагт ирээд зээлээ гаргаж өгнө ш дээ, маргааш олдохгүй алга болчихгүй биз дээ” гэсэн яриа бичигдсэн байна. /хх 86/

 

Дээрх бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар болон тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн баримтууд, зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл зээлдүүлэгч Б.Огийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргах замаар нэхэмжлэгчийг барьцааны гэрээ байгуулахгүй бол эрүүгийн гэмт хэрэгт холбогдоно гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах түүний хүсэл зоригийн дагуу бус, харин хариуцагч Б.Огийн цагдаагийн байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах замаар үзүүлсэн нөлөөллөөр барьцааны гэрээ хийгдсэн гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч Б.Эы тайлбар үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр гэрээг байгуулахад цагдаагийн байгууллага оролцож, нөлөөлөөгүй байх боловч тухайн барьцааны гэрээг байгуулах болсон нөхцөл байдал, цаг хугацааны хувьд хариуцагч Б.О нэхэмжлэгч Б.Эыг ах Б.Э, түүний эхнэр Д.М нарын хамт тус байгууллагад машинаар авч очиж, хүлээлгийн танхимд нь уулзаж, үүний нөлөөгөөр нэхэмжлэгч тал орон сууцныхаа бичиг баримтыг авчирч өгснөөр гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт хамаарах юм.

 

Эдгээрийг дүгнэвэл тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хэлцэл хийгч тал шаардах эрхтэй бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нийцнэ. Ингэснээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн 4 дэх заалтад хуулийн нэр буруу бичигдсэн байгааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн гэсний дараа “тухай” гэж, “...үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.Огаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож” гэж, 5 дахь заалтыг 4 болгон өөрчилж уг заалтын агуулгыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА