Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0231/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг ,

Улсын яллагч М.Очбадрах,

Орчуулагч, хэлмэрч Ли Депенг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

Шүүгдэгч Т. Ю нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ю-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000010016 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..............  Ард Улсын иргэн, ...........ний өдөр ..........-ын ........... гэх газар төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй......  ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ...... ..... хамт Улаанбаатар хот, .......... дүүрэг, 4...........оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Ю, /паспортын дугаар: ...................../  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ю нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим ......... аймаг, ..... гол сум......... баг ...... гэх газар байрлах ..........ХХК-ийн үйлдвэрийн талбай дээр иргэн Н.Х-ын толгойн тус газар хийн гагнуурын хошуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Т.Ю нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим .......аймаг, ....... гол сумын ......... баг ....гэх газар байрлах .......... ХХК-ийн үйлдвэрийн талбай дээр иргэн Н.Х-ын толгойн тус газар хийн гагнуурын хошуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Ю-ийн өгсөн: Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Т.Ю-ийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой амралтын байрандаа байж байтал станцаар талбайн инженер Ф.З жолооч намайг зодож байна гэж хэлэхээр нь гараад талбай дээр очсон. Амралтын байрнаас талбай хүртэл ойролцоогоор 800 орчим метр газар бөгөөд би гүйгээд 5 орчим минут болоод очсон. Очиход бол маргаад салчихсан байсан бөгөөд Х, Ф.З, Төрмөнх нар байсан. ...Жолооч нар бол миний хариуцсан хүмүүс учир би Х-т уурлаж талбайн инженертэй маргалдаад гэж загнахад Х амандаа юм үглээд, хараагаад байх шиг санагдаад уур хүрээд хажууд байсан Портер машины тэвшин дээрээс хийн гагнуурын хошууг аваад Х-ын толгой руу нэг л удаа цохисон юм. ...Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Хохирогч Н.Х-ын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим уурхайн амнаас шороо Хово маркийн машинд ачаад отвол буюу овоолго шороо руу буулгах ажил хийж байгаад бороо орсон учир ачиж ирсэн шороо буухгүй, хамаагүй чиргүүл өргөхөөр газар чийгтэй учир цөмрөх гээд байсан учир талбай хариуцсан ээлжийн дарга болох Ф.З гэх хятад иргэнд дохиогоор чиргүүл дээрх шороог эксковаторын шанагаар татаад буулгаад өгөөч гэж хэлэхэд тэр хятад миний дохиогоор хэлсэн үйлдлийг ойлгоод “эрхий хуруугаа гозолзуулж” үзүүлээд яваад өгсөн. Энэ үйлдлийг нь би өөрийнхөө хэлсэн зүйлийг ойлгосон гэж бодсон. Тэгээд тэр хятад станцаараа машиндаа суугаад хятад хэлээр яриад байсан. Ингээд би хүлээгээд байтал ирэхгүй 10 орчим минут болохоор нь яасан бэ гээд асуугаад яваад очтол Ф.З над руу яасан нь мэдэгдэхгүй машин дотроосоо чанга чанга орилоод байсан. Би гараараа цохих гэж байгаа дүр үзүүлээд далайж зангахад Ф.З машинаасаа орилоод буугаад ирсэн. Тэгээд газраас чулуу авч миний нуруу руу 2 удаа цохихоор нь би тэврээд авсан юм. Тэр үед цаана шороо буулгаж байсан жолооч Т ирээд бид хоёрыг болиулсан. Гэтэл орчуулагч М /Өвөр монгол/, засварчин Т.Ю нар ирсэн. Орчуулагч надаас юу болсон талаар асуухад нь би болсон асуудлыг тайлбарлан хэлж байтал гэнэт Т.Ю хажууд байсан Портер машины тэвшин дээр байсан гагнуурын хошуу аваад миний духны зүүн дээд хэсэгт 1 удаа цохичихсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Г.Т-ийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цаг 40 минутын орчим уурхайгаас ухсан шороо машиндаа ачуулж овоолго шороо руу зөөж буулгаад эргээд явахад Х талбай хариуцсан хятад иргэн Ф.З-ий араас нь тэвэрсэн зогсч байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад очиж тэр хоёрыг боль гэхэд өөрсдөө салчихсан. Тэгээд бид 3 зогсч байтал орчуулагч М, засварчин Т.Ю нар ирсэн. Тэгээд орчуулагч юу болсон талаар асуухад нь Х тайлбарлах гэж байтал хамт ирсэн засварчин Т.Ю хажуудаа байсан Портер машины тэвшин дээрээс хийн гагнуурын хошуу аваад шууд Х-ын толгойн духны зүүн хэсэгт 1 удаа цохиод авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаартай:  Н.Х-ын биед духны шарх тогтоогдлоо.

Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

Уг шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18/, хийн гагнуурын хошууг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, тогтоолууд зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ю-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Т.Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Юудонг нь хохиролд 1.500.000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Ю-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Торгох ялын зорилгыг хангахын тулд шүүгдэгч Т.Ю-д түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлж дуусах хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол хэл мэдэхгүй шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг түүний эх хэлээр, эсхүл мэдэх хэлээр орчуулсан хувийг монгол хэлээрх эх хувьтай нь хамт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гардуулан өгнө” гэж заасан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шийтгэх тогтоолыг орчуулахад гарах зардлыг холбогдох баримтыг үндэслэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Ю-оос гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ногоон өнгийн бариул бүхий хийн гагнуурын хошууг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ю-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Ю нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ю-ийг 1000 нэгжтэй /мянган нэгж/ тэнцэх хэмжээ буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Т.Ю-д оногдуулсан торгуулийн ял биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Юг-оос шийтгэх тогтоолыг орчуулахад гарах зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариул бүхий хийн гануурын хошууг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ю-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР