| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00464/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 552
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг 8-39 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Бүргэдэй 1 дүгээр баг, булгийн ******* тоотод оршин суух оршин суух, ******* овогт ******* ******* //-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Н.******* миний бие нь 2004 онд Б.*******той танилцаж улмаар 2007 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 0048760 тоот баталгаагаар гэр бүл болсоноо батлуулсан болно.
Бид 2004 оноос 2015 он хүртэл 11 жил хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд эхний 3 жил Улаанбаатар хотод Б.******* оюутан миний бие сургуулиа төгсөж хувийн компанид тасралтгүй 3 жил ажилласан ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг. Б.******* сурч байгаа нэртэй архи дарс ууж, гадуур тэнэн амьдралдаа идэвхгүй янз бүрийн асуудал үүсгэж хэрүүл гаргадаг байсан.
2007 онд миний бие жирэмсэн болж Сэлэнгэ аймгийн суманд амьдардаг аавындаа очиж 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү төрүүлсэн.
Хүү маань одоогоор эрүүл өсөн бойжиж байгаа. Энэ хугацаанд Б.******* сургуулиа төгсөөд ******* сумын Засаг даргын тамгын газарт ажилд орж 2 талд амьдраад 4 жил болсон. Хүүгээ төрснөөс хойш сардаа 1 удаа ирж уулздаг байсан.
Зарим үед ирэхдээ архи үнэртүүлж зодоон хийсэн байдалтай ирнэ. Хамгийн сүүлд 2010 оны 06 дугаар сард сураггүй алга болсон. Утсаа авахгүй зугтаад байдаг болсон. *******т амьдардаг найз нөхөд, ойр орчмын хүмүүсээс асуухад залуучууд хүүхнүүдтэй нийлж архи дарс ууж наргиж зугаалсан хүн явдаг гэсэн сурагтай байдаг байсан.
2012 онд Сэлэнгэд ажилд орохоор ирэхээр уулзаж дахиж архи ууж дэмий тэнэхгүй асуудал гаргахгүй гэж хамт амьдрахаар болсон. Тэгээд энд тэнд байр түрээсэлж хүү 2014 онд 2 дугаар сургуульд 1 дүгээр ангид орж ар гэрийн асуудал архи хүүхний хэрүүл тасраагүй.
Гэрт халуун дулаан уур амьсгал хайр халамж гэж байхгүй. Үр хүүхдийн асуудалд санаа тавихгүй, согтуу ирж хүүхэд айлгаж элдвийн хэлэх хэлэхгүй үг хэлж хашигчиж хүүхдийн сэтгэцэд нөлөөлөх хэмжээний авир гаргадаг уухаараа нилээн агсам тавьж, амьдрах нөхцөл байдаггүй, айдастай энэ хүнээс болж хүүтэйгээ гадуур айлаар олон удаа хонож явдаг байсан.
Ажил дээр ирж муухай аашилж эвгүй байдалд оруулдаг байсан. Эцэг эхийг нь хүүхдээ өсгүүлчээд баярлалаа гээд хэлэх сэтгэл байхгүй агсам тавьж өвчтэй эцгийг нь согтуу цохиж унагааж байсан.
Б.******* нь үг хэл нь их хурц, хэрүүлч агсам тавьдаг байдал нь хүү бид хоёрт маш хүнд байдаг байсан. Хүү маань одоо болтол согтуу хүнээс айдаг цочдог болсон.
Хэзээ ч хүний сэтгэл ойлгож гэр бүлтэйгээ эвтэй хэрүүлгүй амьдрах сэтгэл байхгүй. Энэ мэтчилэн зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 04 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс хүү эх Н.******* миний асрамжинд амьдарч байгаа. Одоо би өөр хүнтэй хамтын амьдралтай болсон учраас бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү миний асрамжинд үлдээж эцэг Б.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Бид өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд амьдралын болон цаг үеийн шаардлагаар тусдаа амьдрахаас илүүтэй хамтдаа амьдарч зүтгэж ирсэн нь олон байсан. Оюундарийн нэхэмжлэлээс харахад өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ амьдарч байгаагүй мэт нэхэмжлэлээ өөрөө бусад хэн нэгэн хүнээр зааварчлуулж бичүүлсэн нь харагдаж байна. Би үүгээр юу хэлэх гэж байна гэхээр хүний үгээр амьдарч, ханилж явсан ханиа муулж доромжилсноороо сайн зүйлд хүрэхгүй гэдгийг үгийн эхэнд нь хэлье гэж бодлоо. Энэ хүний нэхэмжлэлд дурдсанаар ******* гэдэг хүн амьдралын төлөө зүтгээгүй мэтээр бусдад ойлгуулахыг хичээсэн байна.
Бид анх оюутан ахуй цагтаа танилцаж нөхөрлөөд ханилаад явж байсан цагаасаа буруу, зөв ч алдаатай оноотой ч амьдралынхаа төлөө чинхүү сэтгэлээр зүтгэж ирсэн. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ.
Тухайлбал: сургууль төгсөөд ажилгүй байхад нь найзынхаа компанид ажилд оруулж байлаа. Миний хамаатны ах надад унах унаа өгч түүгээр нь таксинд яваад тухайн үедээ бид өөрсдийгөө болгоод л байсан гэж боддог.
Мөн хүүхэд хараад гэрт сууж байх хугацаанд нь би *******т амьдралын шаардлагаар бусдын адил бараа зөөж хойшоо гарч амьдалаа залгуулдаг байлаа.
Тэр үед найз нөхөдтэйгээ нийлэх үе байсан ч тэрийг маань хэзээ ч зөвөөр ойлгохыг хичээж байгаагүй. Тэгээд удалгүй төрийн албаны шалгалт өгч ******* сумын Засаг даргын тамгын газарт Төрийн захиргаа, хууль эрх зүйн мэргэжилтнээр ажилд орсон. Тэр үед аав, ээж 2 маань чадлынхаа хэрээр байшин барьж өгч тусд нь гаргаж өгсөн. Тэгэхдээ тэнд халуун ам бүлээрээ ойлголцоод хамтдаа байх хугацаа удаагүй. Оюундарийн хий хоосон хар санаанаас болж төрсөн гэрээрээ ч орохоо байсан. Яагаад гэхээр “ чи замаараа гэрээрээ орж ээжтэйгээ намайг муулаад байна!” гэж байнга хэрүүл хийж, саллаа гээд суманд байдаг гэртээ амьдрахаар явсан. Угаасаа ч манайд миний эцэг, эх ирэхээ ч байсан. Уг нь би 4 хүүхэдтэй айлын том хүү.
Ингээд бид тусдаа амьдарч байхдаа амьдралаа хүүхдээ бодоод эвлэрэе гэж тохиролцоод ах дүү нараасаа хол Сүхбаатар суманд амьдрахаар болсон. Би хэдийгээр ******* суманд ажиллаж байсан ч гэсэн амьдралаа ирээдүйгээ бодож Сүхбаатар суманд байр түрээсэлж амьдрахаар шийдэж эхнэр хүүхэд хоёроо сумаас авч ирж байсан. Оюундарийн хувьд төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгэлтэй байсан болохоор удаа ч үгүй ажилд орж хоёулаа ажилтай болж амьдрал арай гайгүй болж би ч наашаа шилжин ирж Хөдөлмөрийн хэлтэст ажиллахаар болсон байдаг юм. Тэгээд би жил гаруй хугацаанд ажиллаад аймгийн ИТХ-ын ажлын албанд ажилд орсон юм. Бидний муудалцдаг гол шалтгаан Оюундарийн бусдын хар муу хэл үгэнд хэт итгэж уурлаад байгааг гэж салах хүртлээ бодож ирсэн. Харин цаг хугацааны эрхээр тийм биш байсан гэдэг нь нотлогдож байгаа. Өмнө нь намайг ч яадагаа алдсан архичин, гэр бүлээ зодож дээрэлхдэг мэтээр ойр дотныхон ах дүү нарт маань ойлгуулдаг байсан.
Гэвч бидний харилцаа эртнээс хөндийрсөн байсныг би мэдээгүй. Зүгээр л ******* гэж хүнийг ямар нэг аргаар тогтоон барьж байсан мэт одоо санагддаг. Энэ хүн болоод амьдралынхаа төлөө боломжгүй айлын бор хүү яаж хэмжээнээс том юм ярьж бодож зүтгэж ирснийг найз нөхөд, ах дүү нар маань сайн мэддэг. Миний хувьд хүүгээ өнчрүүлсэндээ харамсдаг л юм тэгэхдээ бидний амьдрал одоо бол өөр өөр замаар явж байгаа болохоор цаашид хүүг минь хүссэн үед минь уулзуулчихаж байгаарай л гэж хүсэж байна даа.
Нэгэнт бидний амьдрал ийм болсон хойно хүүгээр нь аавыг нь үзэн ядуулахгүй, миний нэр хүндэд халдахгүй тайван байлгаж ажлыг минь хийлгээсэй л гэж хүсч байна.
Би ямар хүнтэй байсан, одоо түүнтэйгээ хаана яаж амьдардагийг мэдэхгүй. Би хүний сонгосон амьдралын замд гай болохгүй, тэгсээр ч ирсэн. Эр хүний хувьд хүүгээ бодож шаналж явдаг, цаашид ч тэгэх байх.
Ер нь бидний амьдрал 2015 оны 06 дугаар сараас хойш намайг цалингийн зээлээ нэмж 15.800.000 төгрөг болгож авсан тэр өдрөөс дууссан гэж боддог. Би амьдралд зүтгээгүй биш зүтгэснээ л хэлэх гэсэн юм.
Ийм зүйлийг туулсан эр хүн хатуу болдогийг ухаарсан. *******д хандаж хэлэхэд ханилж байсан цаг хугацаанд чи бидэнд хоёуланд нь асуудал байсан гэдгийг өнөөдөр ойлгож байгаа байх, мөн эцэг эх амьралд орох асуудал ч байсан.
Эцэст нь хэлэхэд би Оюундарийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зээлтэй ч хүүгийнхээ тэтгэмжийг төлнө. Бидний дунд хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Зохигчид нь 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас хүү төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2016 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо нэхэмжлэгч гэр бүлээс гадуур хамтран амьдрагчтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Иймд зохигчдын дундаас төрсөн хүүхдийн амьдрах болон өсөж хүмүүжих орчин нөхцөл, насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгтзааснаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү эх Н.Оюундарийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг эх болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хүү хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Б.******* болон эх Н.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү эх Н.Оюундарийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Б.*******оос 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
10. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ