Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 21

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан

1.2019 оны 12 дугаар сарын 05,

2.2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Хариуцагч: “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан

3.“Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах  эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0014/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.Т, Д.Т, гуравдагч этгээд буюу гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Sh” компани нь “Э” ТӨХК-ийн зарласан “Ил уурхай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тухай 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ИБХ-ИУ-2018-001 тоот, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЭҮХХК/201904081 тоот тендерүүдэд амжилттай оролцож, захиалагчийн тавьсан шаардлагыг хамгийн сайн хангаж, удаа дараа гүйцэтгэгчээр сонгон шалгарсан. Гэтэл тендерт оролцогч компанийн үндэслэлгүй гомдлын дагуу буюу татвар төлөлт дутуу /илүү татвар төлөлттэй байсан/, Тендерийн баталгааг хамтарч гаргаагүй /бүрэн хангасан байсан/ тендерийн үр дүнг удаа дараа хүчингүй болгосон.     

Тендер шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон тул Э” ТӨҮГ-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах аргыг сонгож, төслийн танилцуулга хийх өдрийн товыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ТБ-129-12/1745 дугаартай албан тоотоор мэдэгдсэн. Манай компанийн мэргэжилтэн болон удирдлагын багийнхан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих төсөл, компанийн туршлага, хүний нөөц, санхүүгийн чадавхи, техник, технологийн боломж, давуу талын талаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцуулга хийсэн бөгөөд уг өдөр манайхтай нийлээд нэр бүхий компаниудын танилцуулга хийгдсэн. Харин “M” компани болон түүнтэй хамтарч буй Sh нь тус өдөр огт танилцуулга хийгээгүй бөгөөд өмнө нь тендер шалгаруулалтанд ч оролцоогүй болно. Танилцуулгыг хийгдсэнээс хойш “Э” ТӨҮГ-аас албан ёсоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан эсэх, гэрээ байгуулах эсэх талаар мэдээллийг бидэнд огт ирүүлээгүй бөгөөд энэ талаар ажлын хэсэг, удирдлагад 2 ч удаа шалгаруулалтын дүнг тодруулахаар хандсан боловч бидэнд огт хариу ирүүлээгүй.

Иймээс сонгон шалгаруулалтыг явуулахгүй, дүнг танилцуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор Сангийн яаманд хандсан боловч 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3676 тоотоор Э” ТӨҮГ-аас “M” компанийг гүйцэтгэгчээр сонгож, шууд гэрээ байгуулсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу гомдлыг хянан үзэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай .... этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах ...” гэж заасан ба манай компани өмнө нь хоёр ч удаа уг тендерт шалгарч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл буюу ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавх, техникийн чадавхи болон ажлын туршлага, боловсон хүчний талаар захиалагчаас тавьсан шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа компани гэж дүгнэгдсэн. Гэтэл танилцуулга огт хийгдээгүй, тендерийн сонгон шалгаруулалтанд оролцоогүй компанийг сонгож гэрээ байгуулсан, энэ талаараа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад зохих ёсоор мэдэгдээгүй, шалгаруулалтанд оролцсон хуулийн этгээдүүдэд шалгаруулалтын дүнг танилцуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасныг тус тус зөрчсөн, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангаагүй байна.

Угтаа Sh гэх компани нь тендерийн ажлыг гүйцэтгэх чадваргүй буюу эмульсын тэсрэх бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн технологи эзэмшдэггүй, БНХАУ-д уг төрлийн гэрээний асуудлаар шүүхийн шатанд маргаантай байгаа, татвараа хугацаанд нь төлдөггүй бөгөөд тус компанитай түншилж байгаа “M” компани нь Тендерийн техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг огт хангахгүй юм. Иймд Э ТӨХК-иас “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажиллагаанд хууль зөрчиж, шаардлага хангаагүй түншлэл болох  “M” компани, Sh Co.,Ltd компаниудыг сонгож, шууд гэрээ байгуулсныг хүчингүй болгож, ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Sh” компанитай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү“ гэжээ. 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.Д нар нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд өөрчилж гаргахдаа: “... Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр тус үйлдвэрийн “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа БНХАУ-ын Sh, H компани, “M” компаниудын “Түншлэл”-д хууль бусаар давуу байдал олгож, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Sh” компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж өгнө үү[1]...” гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГ-с зарласан “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хоёр удаа оролцсон байдаг. Оролцогчдоос гаргасан гомдлын үндсэн дээр хүчингүй болгож, шууд гэрээг байгуулахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Тендер шалгаруулалтад оролцогчидод өгөх зөвөлгөөний 4.4.в хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Зөвхөн барилгын тусгай зөвшөөрөлтэй этгээдийг томилсон байгаа. Тендерт оролцогчидод өгөх зөвөлгөөний 6.2.д хэсэгт зааснаар “сүүлийн 5 жил буюу  /2013-2017/ оны нийлбэрээр 3 тэрбум төгрөгөөс багагүй дүнтэй ижил төстэй ажлын гэрээнд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэсэн шаардлагыг зааж өгсөн байгаа. Гэтэл “М” ХХК  энэ шаардлагыг хангаагүй байхад төлөөлөх эрхтэй этгээдээр гэрээ байгуулж түншлэлд оролцсон байгаа. Шууд гэрээ байгуулах нь захиалагч талын шууд эрх байдаг. Гэхдээ энэ нь тендерийн нөхцлийг хамгийн сайн хангаж байгаа компанитай хэлэлцээ хийсний үндсэн дээр тухайн хэлэлцээний үр дүнг тусгаж гэрээг байгуулах ёстой байдаг. 6 компаниас танилцуулга авчихаад 1 компанитай хэлэлцээр хийсэн нь давуу байдал олгосон гэж үзэхээр байгаа. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцууга хийгээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сонгогдсон компанид тендерийн баримт бичиг бүрдүүлэх хугацаа олгоод өөр бусад оролцсон этгээдүүдэд ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй. Түншлэлийг төлөөлж байгаа этгээд хамгийн багадаа 40 хувиас дээш зүйлийг хангасан байх ёстой. “М” ХХК нь сүүлийн 5 жилийн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн хувьд энэ нөхцөл байдлыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Энэ талаараа мөн давуу байдал олгосон гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талыг тендерт оролцогч биш гэж тодорхойлоод байдаг. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6 компаниас үнийн саналыг нь аваад танилцуулга хийгээд үнэлж дүгнээд хурлын тэмдэглэл гарсан. Энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас зарласан тендерийн нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа гэж үзэж байгаа. Мөн гуравдагч этгээдэд эрх олгосон шийдвэр нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй этгээдэд олгож байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргах эрхтэй асуудлаар мэтгэлцээн их явагдлаа. Тендерийн ажиллагаанд нэхэмжлэгч компани оролцсон. Онцгой журмаар явуулж байгаа худалдах, худалдан авах ажиллагааны хэлбэр. Нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд маргаан байхгүй. Захиргааны акт биш гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах шаардлага гаргаад байна. Захиргааны акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан байгууллага мөн. Гадагш чиглээгүй гэсэн асуудлыг ярьж байсан. Ажлын хэсгийн шийдвэрээр компанид эрх олгосон шийдвэр байгаа. Гадагш чиглэсэн асуудал мөн. Үр дагаваргүй гэж яриад байна. Эрх зүйн үр дагавар нь хэрэгт гэрээ болоод гараад ирсэн. Захиргааны акт биш гэж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-д заасныг зөрчсөн, зөрчөөгүй, тус хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан талаар талууд мэтгэлцэж байна. “М” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй. Сүүлийн 5 жил ижил төстэй ажил хийсэн эсэх талаар шаардлага хангахгүй асуудал яригдаж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ярьж байгаа субъектив эрхийн зөрчлийн хувьд онцгой журмаар шалгагдаж байгаа процесс боловч нэхэмжлэгч компанийн оролцох саналаа хүргүүлээд, танилцуулга хийсэн талаар баримтууд хэрэгт авагдсан. Үүнтэй маргадаггүй. Танилцуулга хийсэн бүх этгээдүүд зарлагдсан ажлыг авах эрх боломж нь байгаа. Захиалагч байгууллагын шийдвэрээр явна. Шийдвэрээс хамаараад гуравдагч этгээдэд хууль бус давуу байдал бий болгосон.

Нэхэмжлэгч компаний эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эзэмших, захиран зарцуулах эрх зөрчигдсөн гэх байдлаар хандсан. Хууль бус давуу байдал олгосны улмаас гэрээ байгуулах боломжгүй болж нэхэмжлэгч  компаний эрх зөрчигдөж байгаа. Хэрэгт авагдсан баримт, мэтгэлцээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлттэй байна” гэв.

Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНХАУ-ын “Sh” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.Д нарын нэхэмжлэлтэй, “Э” ТӨҮГ-т холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

НЭГ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны тухай:

“Э” ТӨҮГ-ын “Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих” ажил нь 2018, 2019 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2 удаа тендер сонгон шалгаруулалт явуулахад мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Сангийн яамнаас “Гомдол хянасан тухай” 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/5313 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/5189 дугаар албан бичгүүдээр тус тус хүчингүй болж байсан.  Иймд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 11 өдрийн А/919 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдийн шаардлагыг хангасан, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхтай, хамгийн сайн үнэлэгдсэн хуулийн этгээдтэй “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барьж байгуулах хэлэлцээ хийж, шууд гэрээ байгуулах санал гаргах” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн удирдамж”-ийг баталж, өмнө тендерт оролцсон болон албан бичгээр танилцуулга хийх хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн танилцуулгыг сонсохоор болсон. Нийт 6 аж ахуй нэгжийн танилцуулгуудыг сонсож танилцсанаар ажлын хэсгийн 2019 оны 12 сарын 05 өдрийн хуралдаанаар, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн ТЭЗҮ-ийн дагуу боловсруулагдсан техникийн даалгаварт хамгийн сайн нийцсэн, техникийн чадавх, туршлагатай компаниар “Sh Co.,Ltd”, “H Co.,Ltd”, “М” ХХК-уудын консерциумыг гишүүдийн олонхийн саналаар сонгон “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих”  ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн болно. Тендерт оролцогч “Sh Co.,Ltd”, “H Co.,Ltd”, “М” ХХК-уудын консерциум нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхтай, захиалагчаас тогтоосон техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг сайн хангасан учир ажлын хэсгээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус компаниудын консерциумтай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн. Ингээд захиалагч “Э” ТӨҮГ болон  “М” ХХК, “Sh Co.,Ltd”, “H Co.,Ltd” нарын түншлэлийг төлөөлөн “М” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 7/006-20 тоот “Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулсан. Иймд Э ТӨҮГ-ын “Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил”-д гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу явагдсан ба аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

ХОЁР. Нэхэмжлэлийн шаардлагын тухай.

1.Танилцуулга огт хийгээгүй, тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй, компанийг сонгож гэрээ байгуулсан, энэ талаараа Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад зохих ёсоор мэдэгдээгүй, шалгаруулалтад оролцсон хуулийн этгээдүүдэд шалгаруулалтын дүнг танилцуулаагүй гэх гомдлын тухайд:  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж зохицуулсан.  “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь сонирхогч компаниудын танилцуулгыг үзэж танилцсан. Нэхэмжлэгч компанийн хувьд ТБОНӨХБАҮХАтХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага хангасан материалыг ирүүлээгүй, захиалагчтай хэлэлцээр хийгээгүй болно.  “Sh Co.,Ltd”, “H Co.,Ltd”, “М” ХХК-уудын консерциум нь ажлын хэсгийн танилцуулга сонсох ажиллагаанд оролцсон 6 компанийн №4-т багтан танилцуулга хийсэн бөгөөд ажлын хэсгээс өмнө нь тендер сонгон шалгаруулалтад оролцсон байх шаардлагыг тавиагүй болно.

 2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, сонгон шалгаруулалтын үр дүнг танилцуулаагүй нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангаагүй гэх гомдлын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “...гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” талаар зохицуулсан хэдий ч ямар хугацааны дотор хүргэхийг нарийвчлан зохицуулаагүй. “Э” ТӨҮГ нь өөрийн худалдан авах ажиллагааг хариуцан ажилладаг тусгай нэгжтэй ба “Э” ТӨҮГ-т жилдээ 1100 гаран тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа явагддаг. Бид гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн байгуулсан гэрээ болон тус аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нэгтгэсэн байдлаар тайлагнадаг болно. Дээрх үйл ажиллагаа нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн үндэслэл болохгүй.

3. Нэхэмжлэлд дурдагдсан гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж гэрээ байгуулсан компанийн түншлэлийн компанийг тендерийн ажлыг гүйцэтгэх чадваргүй буюу эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн технологи эзэмшдэггүй, БНХАУ-д гэрээний асуудлаар шүүхийн шатанд маргаантай байгаа гэх гомдлын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “тендерт оролцогч нь энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүй талаараа бичгээр мэдээлнэ” гэж, мөн хуулийн 14.3 дахь хэсэгт тендерт оролцогчийн Монгол улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын ямар баримтаар нотлох талаар тус тус зохицуулсан хуулийн заалтын дагуу “Э” ТӨҮГ-ын хувьд хуулийн шаардлагыг хангасан хэлбэрээр нотлох баримтыг хүлээн авсан ба холбогдох баримтын үнэн зөвийг тендерт оролцогч, холбогдох тодорхойлолт гаргасан байгууллагууд хариуцах хуулийн зохицуулалттай. “Э” ТӨҮГ нь хуулийн шаардлага хангасан холбогдох баримтуудыг баталгаат орчуулгын хамт хүлээн авсан ба Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газраас тус компаниудтай холбоотойгоор санал авч ажилласан болно.  Иймд нэхэмжлэгчийн дурьдсан дээрх үндэслэлүүдээр гэрээ байгуулсаныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй ба үйлдвэрийн газар нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан болно.

ГУРАВ. “Sh” компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухай:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар дараах 3 тохиолдолд шүүхэд гомдол гаргах талаар зохицуулсан. Үүнд:

1. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь тендерт оролцогчоос захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэсэн зөвлөгөө авсан, болон тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гаргасан, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон гомдолтой холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлээгүй,

2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй,

3. Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж тус тус зохицуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд дангаараа тендер ирүүлсэн этгээд, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж заасан. Харин “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд “Э” ТӨҮГ-ын “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих гүйцэтгэгчийг сонгох” тендер сонгон шалгаруулалтын онцгой журмын дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ажиллагаанд нэхэмжлэгч “Sh” компани нь тендер шалгаруулах ажиллагаанд оролцоогүй, захиалагчид тендерийн материал, тендерийн баталгаа ирүүлээгүй учир тендерт оролцогч биш бөгөөд ТБОНӨХБАҮХАтХ-д зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна.

Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-аас хуулийн 34 дүгээр зүйлд заасан тендер шалгаруулах ажиллагаа явуулахдаа хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, нэг аж ахуй нэгжээс тендерийн материалыг хүлээн авч, хэлэлцээ хийн гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч “Sh” компаниас тендерийн материал ирүүлээгүй бөгөөд “Э” ТӨҮГ-аас тендерийн материалыг аваагүй юм. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд тендерт оролцогч гомдол гаргахаар зохицуулсан тул “Sh” компани нь тендерт оролцогч биш үндэслэлээр гомдол гаргах эрхгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

            Хариуцагчийн “Э” ТӨҮГ болон Ажлын хэсэг /Үнэлгээний хороо/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.Т нарын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг хэлэхээр зохицуулсан. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийг захиргааны байгууллага гэж үзэхгүй ба тухайн ажлын хэсгээс гарсан аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй тул захиргааны акт биш юм. Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй   “Sh” компанитай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-т: “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэхийн тулд захиалагчаас хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч байхыг хуулиар зохицуулсан. Гэтэл “Э” ТӨҮГ-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тендер шалгаруулах ажиллагаа явуулахдаа хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, нэг аж ахуйн нэгжээс тендерийн материалыг хүлээн авч, хэлэлцээ хийн гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч “Sh” компаниас тендерийн материал ирүүлээгүй бөгөөд “Э” ТӨҮГ-аас тендерийн материалыг аваагүй. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “тендерт оролцогч” биш тул гэрээ байгуулах эрх олгох боломжгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй юм. Мөн шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт тус тус  зааснаар үнэлгээний хороо болон захиалагчийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцон хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохыг даалгах боломжгүй юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2018, 2019 онд зарласан тендерт нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй. Дахин давтан энэ талаар ярих хэрэггүй байх. Энэ үйл ажиллагаанаас хамаараад шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалтын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтын дагуу шууд гэрээ байгуулсан. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны А/919 гэх тушаалын дагуу ажилласан. Энэ тушаалын дагуу ажлын хэсэг нь хуралдаад удирдамж гаргаад удирдамжийн дагуу зохицуулалт хийх талаар шийдсэн. Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажил нь их маргаантай байсан учраас шууд гэрээ байгуулах талаар ярилцсан. Мөн тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс хүсэлтийг нь авах шийдэл гаргасан. Танилцуулга хийх хүсэлт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу танилцуулга хийсэн нь тендерт оролцогч гэж үзэх үндэслэл биш юм. Танилцуулга хийснээр давуу байдал бий болохгүй гэдгийг мэдэгдэх хуудсанд дурьдсан. Аль ч компаниас тендерийн баталгаа аваагүй.

Манай үндсэн шалгуур нь хэн, аль компани бага үнийн санал бий болгож байгаа эсэх, хэн нь илүү үндэслэл бүхий тайлбар гаргаж байгаа эсэхийг харгалзан үзсэн. 6 компаниас “М” ХХК болон түншлэлээр орж ирсэн 2 компаний танилцуулга үндэслэл бүхий байна гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан баримт материал ирүүл гэсэн албан бичгийг ажлын хэсгээс явуулсан байгаа.

Тэгээд гэрээгээ байгуулсан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, энэ тендерт оролцсон юм уу? шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авсан эсэхийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч яг юу нэхэмжлээд байгаа, өөрийнх эрх ашиг юугаар хохирсон юм, захиргааны хэрэгт зохицуулах боломжгүй харилцаагаар нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүд байна гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэмж хэлэхэд Монгол улсад тэсэлгээний мэргэжлийн зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөр 4 төрлийн зөвшөөрөл гардаг. Тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний үйл ажиллагаа явуулах, тэсрэх бодисыг импортлох, экспортлох гэсэн 4 төрлийн зөвшөөрөл өгдөг. Манай улсад эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих гэдэг тусгай зөвшөөрөл олгодоггүй, буюу байдаггүй. Энэ тендер сонгон шалгаруулалт 2018, 2019 онд 2 удаа явагдаад Сангийн яамнаас хүчингүй болгосон. Барилгын тусгай зөвшөөрөл гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой байсан. Компаниуд барилгын тусгай зөвшөөрөл ирүүлээгүй. Энэ асуудлыг дурьдаагүй. “М” ХХК барилгын тусгай зөвшөөрөлтэй, түншлэгч компаниуд нь “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих зөвшөөрөлтэй байсан. Нэхэмжлэгч компани зөвхөн ганцаараа орж ирээгүй. Олон компани орж ирсэн. Тусгай зөвшөөрлийн эрхтэй, эрхгүйг яривал барилгын тусгай зөвшөөрөл, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл тус тус яригдана. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалт  Монгол улсад байдаггүй”  гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э” ТӨҮГ нь “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг явуулж, БНХАУ-ын “Sh Co.,Ltd”-ийг 2 удаа шалгаруулсан боловч хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас тендерийн үр дүнг хүчингүй болгосон. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байхаас гадна хуульд заасан шаардлага хангасан талаар эрх бүхий байгууллагад хандаагүй байна. Улмаар нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас тендер 2 удаа амжилтгүй болсон тул захиалагч шууд гэрээ байгуулах шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, төслийн танилцуулга хийхийг мэдэгдсэн. Хэдийгээр өмнөх 2 удаагийн сонгон шалгаруулалтаар нэхэмжлэгч шалгарч байсан нь шууд гэрээ байгуулахад ч шалгарах ёстой гэсэн үг биш юм. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар  гишүүдийн олонхийн саналаар консерциумыг сонгож, ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх баримтаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу холбогдох баримтыг гарган өгсөн. Улмаар Ажлын хэсгээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээдийн оролцсон консерциумтай  гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг  захиалагчид хүргүүлсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7/006-20 тоот “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисн үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ танилцуулга огт хийгээгүй, тендерийн сонгон шалгаруулалтад оролцоогүй компанийг сонгож гэрээ байгуулсан гэсэн нь гуравдагч этгээдийн 2019 оны 11 дүгээр сарын 07-нд хийсэн танилцуулгыг үгүйсгэхгүйгээс гадна тендерийн сонгон сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Sh Co.,Ltd компани нь тендерийн ажлыг гүйцэтгэх чадваргүй буюу эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн технологи эзэмшдэггүй, БНХАУ-д уг төрлийн гэрээний асуудлаар шүүхийн шатанд маргаантай байгаа, татвараа хугацаандаа төлдөггүй, “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани нь техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг огт хангахгүй гэсэн нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна “ гэжээ.

Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд “Sh ХХК, “H” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д: “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд, гуравдагч этгээд болон хариуцагч “Э” ТӨҮГ-тай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7/006-20 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч дээрх шаардлагыг хангаагүй байхаас гадна шаардлага ойлгомжгүй хэвээр байна. “Э” ТӨҮГ нь “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 05 дугаар сарын 21-нд тус тус явуулж, БНХАУ-ын “Sh Co.,Ltd”-ийг 2 удаа шалгаруулсан боловч хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас тендерийн үр дүнг Сангийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 15, 2019 оны 07 дугаар сарын 26-ны албан бичгээр хүчингүй болгосон. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 “ил тод өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг  зөрчсөн гэсэн шаардлагыг үгүйсгэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 “... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно” гэснээс үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах гэж буй “захиалагч” нөхцөл, шаардлага тогтоох эрхтэй байхаас гадна шаардлага хангасан хэнтэй ч шууд  гэрээ байгуулахаа сонгох эрхтэй байна. Нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангааагүйн улмаас тендер удаа дараа амжилтгүй болсон тул захиалагч шууд гэрээ байгуулах шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, төслийн танилцуулга хийхийг  мэдэгдсэн. Хэдийгээр өмнөх 2 удаагийн сонгон шалгаруулалтаар нэхэмжлэгч шалгарч байсан нь шууд гэрээ байгуулахад ч мөн шалгарах ёстой гэсэн үг биш юм.

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар гуравдагч консерциумыг сонгож, ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх баримтаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу  холбогдох баримтыг гарган өгсөн байх тул ажлын хэсэг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлгээ хийж, санал хураан олонхийн саналаар гуравдагч этгээдийг сонгосон байна. Улмаар ажлын хэсгээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээдийн оролцсон консерциумтай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захилагчид хүргүүлсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7/006-20 тоот “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ танилцуулга огт хийгээгүй, тендерийн сонгон шалгаруулалтад оролцоогүй компанийг сонгож гэрээ байгуулсан гэсэн нь гуравдагч этгээдийн 2019 оны 11 дүгээр сарын 07-нд хийсэн танилцуулгыг үгүйсгэхгүйгээс гадна тендерийн сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  Мөн Sh Co.,Ltd компани нь тендерийн ажлыг гүйцэтгэх чадваргүй буюу эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн технологи эзэмшдэггүй, БНХАУ-д уг төрлийн гэрээний асуудлаар шүүхийн шатанд маргаантай байгаа, татвараа хугацаандаа төлдөггүй, “М” компани нь техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг огт хангахгүй гэсэн нь хэрэгт  авагдсан нотлох баримтыг үгүйсгэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэл гаргах эрхийг нь үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д зааснаар ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгааг өөрөө нотлох ёстой. Шүүхээр шийдвэрлэгдэхээр тэр эрх яаж сэргэх талаар үндэслэл, шаардлагаа өөрсдөө нотолно гэж хуульд заасан. Нэхэмжлэлийг гаргахдаа ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа,  яаж хохирсон талаар нэхэмжлэлд байхгүй байна. Захиргааны гэрээтэй холбоотой үндсэн маргаан яваад байна. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 52.5.1-д заасан шаардлагын аль үндэслэлээр гаргаж байгаагаа тодорхой үндэслэлтэй бичиж ирүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь ямар үндэслэл, шаардлагаар гарч байгаа нь тодорхойгүй байна. Гомдлын агуулгыг аваад үзэхээр танилцуулга огт хийгээгүй компанитай шууд гэрээ байгуулсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “М” ХХК  танилцуулга хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын хэсэг бусад компанитай харьцуулж шууд гэрээ байгуулсан нөхцөл байдал байдаг. “М” ХХК нь гадны улсад үйлдвэр барьсан, өртгийн хувьд, хугацааны хувьд нэхэмжлэгч компаний хувьд хамаагүй илүү байгаа. 2 удаа тендерээс татгалзсан. Өмнөх 2 удаагийн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд “хамгийн сайн” шаардлага хангасан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тал Сангийн яамны шийдвэрт гомдол гаргаагүй. Нээлттэй тендер шалгаруулалтанд 2 удаа өмнө нь шалгарч байсан, бид нар л шалгарах ёстой гээд байдаг. Сонгон шалгаруулалтын ажиллагаа яаж явагддаг гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12-д заасан журмын дагуу явагддаг. Танилцуулга хийсэн учраас тендерийн оролцогч мөн гэж хэлээд байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13.3.1-т зааснаар урьдчилсан сонголт хийнэ. Харьцуулж байгаад нэг компанийг шалгаруулж 4:3 харьцаатайгаар сонгоод шууд гэрээ байгуулах эрх олгосон. Хууль зөрчсөн асуудал байхгүй байна.

Үнэлгээний хорооны гишүүн нэхэмжлэгчийн маргаад байгаа шаардлага хангахгүй компани орсон гэдэгт яаж үнэлсэн талаараа хэлсэн. Нэг л тендер ирсэн учраас шаардлага хангаж байвал гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн байсан. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, тусгай зөвшөөрөлгүй, өөр газар маргаантай байвал хуульд зааснаар холбогдох газар нь шийдвэрлэнэ. Гэрээ байгуулахад ямар нэгэн байдлаар харшлах шалтгаан байна уу? гэдгийг Тагнуулын ерөнхий газраас лавлагаа авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан шаардлагын дагуу материалаа бүрдүүлээд ажлын хэсэг үнэлж шууд гэрээг байгуулсан. Шууд онцгой журмаар явагдаж байгаа. Гэрээ байгуулагдсаны дараа Сангийн яаманд хүргүүлэхийг хуулинд зохицуулсан. Хэн шаардлага хангаж байна, түүнийг захиалагч сонгох эрх нь байгаа. Тендерийг үнэлэхдээ хамгийн бага үнийн дүнтэй, хамгийн их ажил хийсэн, хамгийн боломжтой компанийг сонгосон гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хариуцагч юуг хариуцах гээд байгаа нь тодорхойгүй байна. Тендер сонгон шалгаруулалт буруу болсон, хууль бус болсон гэх үндэслэлүүд нь тодорхойгүй байгааг анхаарч үзнэ үү” гэв.

 Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч: “Ш” ХХК нь

            Хариуцагч: “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд давуу байдал олгож, ерөнхий шаардлага хангаагүй “М” ХХК-ийг сонгон шууд гэрээ байгуулсныг хүчингүй болгуулах, ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн[2] болно.

Нэхэмжлэгч: “Ш” ХХК нь:

Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан

1. “Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 12 дугаар сарын 05,

2. мөн Ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг тус тус хүчингүй болгуулах”

Хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан

3. “Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” гэж өөрчилсөн, шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжсэн тул энэ хүрээнд нь хэргийг шийдвэрлэв.

Хэргийн харьяаллын талаар: Хариуцагчаас “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “захиргааны байгууллага биш” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

“Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” гэдэгт хамаарах бөгөөд захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /Энэ хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулах/-т зааснаар Үнэлгээний хороог байгуулах эрхийг хэрэгжүүлдэг.

Захиалагч “Э” ТӨҮГ нь “Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барьж байгуулах чадавхтай шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгох” Ажлын хэсэг /Үнэлгээний хороо/-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/919 тоот тушаалаар[3] байгуулсан бөгөөд  уг ажлын хэсэг нь Үнэлгээний хорооны чиг үүрэг /үнэлгээний дүгнэлт гарган/-ийг хэрэгжүүлсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий актуудаар нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар 47.7 /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт”/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/, Үнэлгээний хорооны тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарахаар зохицуулсан.

Захиалагч “Э” ТӨҮГ, түүний эрх бүхий албан тушаалтан /захирал/ нь худалдан авах ажиллагааны талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй, түүний шийдвэр нь зөвхөн Үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ээр дамжин гардаг тул захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлоо тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл/, 112 дугаар зүйлийн 112.4.2 /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан/-т тус тус зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн.      

Иймд “Э” ТӨҮГ болон түүний Ажлын хэсэг /Үнэлгээний хороо/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “...үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...гаргана” гэж тус тус зааснаар “Ш” ХХК нь маргаан бүхий тендерийн талаар Сангийн яаманд гомдлоо гаргаж хянуулсан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч болон гуравдагч этгээд талаас “Ш” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тухайд: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барьж байгуулах, чадавхтай, шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгох” Үнэлгээний хороо /ажлын хэсэг/-г байгуулж, өмнө нь энэ талаар тендерт оролцож байсан болон сонирхогч этгээдүүдэд мэдэгдэн[4], 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт үйлдвэрийн газрын захиргааны 2 дугаар байранд өөрийн компаний санхүүгийн болон техник, технологийн боломж, мөн өмнө эмульсийн үйлдвэр барьж байсан туршлагын талаар өөрийн мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн ирж, танилцуулга хийхийг санал болгосон байна.

Энэ дагуу нэхэмжлэгч компани 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр захиалагч байгууллагын захиргааны байранд хүрэлцэн очиж, танилцуулга хийсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч талын бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, танилцуулга хийсэн компаниудын чадавхийг дүгнэсэн харьцуулалт[5] зэргээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т: гэрээ шууд байгуулах заасан тендер шалгаруулалтын онцгой журмын хүрээнд урьдчилан сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэхэд танилцуулга бэлтгэн оролцсон оролцогч тул шүүхэд зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж дүгнэв.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино“, 3 дугаар зүйлийн 3.1.3-т  “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол/-т тус тус зааснаар дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Захиалагч нь танилцуулга хийсэн компаниудаас “М” ХХК–ийг  “хамгийн сайн” гэж үзэж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7/006-20 тоот “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 /Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана/-т заасан зохицуулалтын хүрээнд хамаарна.  

Хариуцагч “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо болон “Э” ТӨҮГ нь уг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа бөгөөд эдгээр хариуцагч нар нь нэгдмэл ашиг сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилгүй учраас “Э” ТӨҮГ-ын захирлын итгэмжлэлээр Б.Н, П.Т, Д.Т нар нь хариуцагч нарыг төлөөлөн оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзлээ.

Хэргийн шийдвэрлэлтийн талаар:

Нэхэмжлэгч  “Ш” ХХК нь:

Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан

1. “Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 12 дугаар сарын 05,

2. мөн Ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг тус тус хүчингүй болгуулах”

Хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан

3. “Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж дэмжсэн тул шүүх уг  шаардлагуудыг  дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Э” ТӨҮГ-аас “Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих” тендер сонгон шалгаруулалтыг 2018, 2019 онд 2 удаа явуулсан ба Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай”  №6-1/5313[6],  2019 оны 07 сарын 26-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” №6-1/5189[7] тоот  албан бичгүүдээр тус тус хүчингүй болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан /шууд гэрээ байгуулах/-аар “Э” ТӨҮГ-аас маргаан бүхий “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих” чадавхтай хуулийн этгээдийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэхээр болж, өмнө уг тендерт оролцож байсан болон сонирхогч компаниудад ил тод, тэгш өрсөлдөх боломж олгож мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл[8], маргаан бүхий ажлын хэсгийн шийдвэрүүд[9], Ажлын хэсгээс танилцуулга хийсэн компаниудын чадавхид харьцуулалт хийсэн дүгнэлт[10], зэргээр нотлогдож байна.

“Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь 6 компаний танилцуулгыг хүлээн авч, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барихад нэн шаардлагатай 15 үзүүлэлтээр харьцуулалт[11] хийн, үүнээс  үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлтэй эсэх, динамик болон статик холигч хэрэглэдэг эсэх, ажил гүйцэтгэх хугацаа , үнийн санал, урьд нь Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барьсан туршлага зэрэгт дүгнэлт хийж, 2019 оны 12 дугаар сарын 05, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зааснаар “М” ХХК, түншлэгч БНХАУ-ын “Sh” болон “H” компаниудын консерциумын саналыг хүлээн авах, мөн гэрээ байгуулах эрх олгох талаар мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, “Э” ТӨҮГ-аас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Тэсрэх бодисын үйлдвэрийг барихаар шалгарсан компаний тухай” ХБ-102-12/738[12] тоотоор гуравдагч этгээд болох шалгарсан компаниудаар “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр”-ийг бариулахад харшлах зүйл байгаа эсэхийг нягтлахаар Тагнуулын Ерөнхий Газарт хандсан, хариуг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн №333[13] тоот албан бичгээр “... татгалзах зүйлгүй...” мэдэгдсэн байна.

Үүний дагуу захиалагч “Э” ТӨҮГ /Ерөнхий захирал/-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т  /гэрээ шууд байгуулах/ ,  мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж,  34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар “М” ХХК, түншлэгч БНХАУ-ын “Sh Co.,Ltd” болон “H Co.,Ltd” компаниудын консерциумын саналыг хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй №7/006-20 тоот гэрээ[14]”-г хэлэлцээ хийн, шууд гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн талаас шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...гуравдагч этгээдээр оролцож байгаа  “М” ХХК нь Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих тусгай зөвшөөрөлгүй... “ гэж маргаж байгаа боловч энэ талаарх зөвшөөрөлтэй болох нь  “М” ХХК-тай түншлэгч БНХАУ-ын “Sh” болон “H” компаниудын консерциумын санал болон захиалагч талтай шууд гэрээ байгуулахад ирүүлсэн баримтуудаар[15] тогтоогдож байна.

Үүнээс дүгнэвэл, “Э” ТӨҮГ-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана“ заасныг хэрэгжүүлж, шууд гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй тул Ажлын хэсгийн дотоод итгэлд тулгуурлан олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэрт шүүх хөндлөнгөөс дүгнэлт өгч буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан

Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан

1. “Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 12 дугаар сарын 05,

2. мөн Ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг тус тус хүчингүй болгуулах”

Хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан

3. “Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүх, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”,  52.5.1 /захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн/ дэх хэсэгт заасан шаардлагуудын алинд хамааралтай болох нь тодорхойгүй ба энэ талаар нэхэмжлэгч тал хангалттай тайлбарлаагүй, мөн “М” ХХК, түншлэгч БНХАУ-ын “Sh” болон “H” компаниудын консерциумын саналыг хүлээн авч, захиалагчаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй №7/006-20 тоот гэрээ хүчинтэй байхад  нэхэмжлэгчээс “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах”-ыг хариуцагч “Э” ТӨҮГ-т даалгахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй болохыг шийдвэр гаргахад анхаарч үзсэн болно.

Хэргийн оролцогчид “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг энэ өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа 2020 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж, дэмжсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн, өөр хүсэлт хэргийн оролцогч нараас гаргаагүй гаргаагүй болохыг дурьдвал зохино.

Мөн нэхэмжлэгч нь БНХАУ-ын хуулийн этгээд ба албан ёсны орчуулагчаар тус хуулийн этгээдийн нэршлийг Монгол хэл дээр орчуулснаар[16] шүүхийн шийдвэрт  тэмдэглэснийг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 106.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/919 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 05,  2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”,

“Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Ерөнхий нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангаж буй “Ш” ХХК-тай “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах  эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.САРАНГЭРЭЛ

 

 


[1] 2 хавтас, 1-3 хуудас

[2] 2  дахь хавтас,  хх  1-3  дугаар хуудас

[3] I хавтас, хх-56 хуудас.

[4] 1 хавтас, 23, 56  хуудас

[5] 1 хавтас, 60-62 хуудас

[6] 1 хавтас, 112 хуудас

[7] 1 хавтас, 110, 11 хуудас

[8] 1 хавтас, 23 хуудас

[9] 1 хавтас, 63-67, 71-73,

[10] 1 хавтас, 60-62 хуудас

[11] 1 хавтас, 60-62 хуудас

[12] 1 хавтас, 68, 69 хуудас

[13] 1 хавтас, 70 хуудас

[14] 1 хавтас, 74-86 хуудас

[15] “Монголиан Инвестмент Корпорэйшн” ХХК, түншлэгч БНХАУ-ын “Shanxi Baihe Qinghua Chemical Co.,Ltd” болон “Hunan Kenon Science and Technology Co.,Ltd” компаниудын  “Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгыг шинээр барих  ажил” эх баримт  / 1, 2, 3 хавтас/

[16] 1 хавтас, 11 хуудас