Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2016/0096/Э |
Дугаар | 97 |
Огноо | 2016-09-21 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дамба,
Шүүгдэгч Э.Зулбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,
Шинжээч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Эрдэнэсугарын Зулбаярт холбогдох эрүүгийн 201624000501 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үйлчилгээний менежмент мэргэжилтэй, “ Шүр ” гоо сайхны салонд гоо засалч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-249А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, / РД: УК 88100826 / Харчин овогт Эрдэнэсугарын Зулбаяр нь:
2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 буудлын замд 58-81 УНЗ улсын дугаартай “ Nissan March “ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “ Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө ”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5.2-т заасан “ Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мөнхбатыг мөргөн биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-8 /
Хохирогч Д.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 00:00 цагийн үед манай дүүгийн эхнэр над руу залгаад “ Хүүхдийн чихээр нь хатгуулж өвдөөд байна. Эмнэлэгт үзүүлмээр байна ” гэхээр нь би “ Яваад очьё ” гээд гэрээсээ гараад явж байтал гудамжинд зүс таних залуу тааралдаад “ Ганц юм байна. Хуваагаад уучья “ гэхээр нь тэр архинаас нь нэг татчихаад доошоо гүйгээд автозам дээр иртэл 5 буудлын автобусны хойд талын явган хүний гарцын ногоон гэрэл асчихсан хойноос урагш чиглэлтэй явж байсан автомашинууд зогсчихсон байхаар нь тэр чигээрээ гүйгээд замын голд орж явтал явган зорчигчийн ногоон гэрэл унтрах гээд анивчиж байсан. Ингээд автозамын голд байрлуулсан босоо төмөр хашлага дөнгөж өнгөрөх гэтэл гэнэт хажуугаас буюу миний баруун талаас хөл орчим мөргөөд, шидэгдээд газар унасан. Тэгээд би босох гээд гараараа тултал биеэ дийлэхгүй байхаар нь арай гэж хоёр гараараа тулж байгаад хөл дээрээ бостол хөл ямарч мэдрэлгүй шууд газар дугуйраад унасан. Тэгээд хөлөө хартал миний баруун хөлний баруун хэсгээр хугараад дундаас нь яс цухийчихсан байсан. Нэг эмэгтэй ирээд “ Би хүн дайрчихлаа. Та босож чадах нь уу ” гэж асууж байсан. Удалгүй цагдаа нар ирээд түргэн тусламж иртэл намайг босож болохгүй шүү гэсэн. Түргэн тусламж ирж намайг гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн.
…Тухайн үед манай гудамжинд байдаг Дүгэрсүрэнтэй тааралдаад 2 хундага архи уусан байсан. Би биеэ хянах чадвартай байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний биеийн байдал тааруухан байна. Мэс засалд орсон. Хагалгаа бол амжилттай болсон гэж эмч хэлсэн гэжээ. / хх 42-45 /
Гэрч Г.Батчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын баруун талын автобусны буудлын хойд талын “ Цахир Ам “ хүнсний дэлгүүр орж талх, тамхиа аваад “ Өнө Бар “ зочид буудлын урд талд манай нийтийн байрны 3 дугаар давхрын 28 тоотод амьдардаг Мөөгий гэх хүүтэй гүйж явахад нь тааралдсан. Би “ Хүүе хүү минь энэ орой болсон хойно хаа хүрэх нь вэ? “ гэж асуухад “ Дүү рүүгээ очих гэж явна. Өвөө” гэж хэлээд намайг өнгөрөөд гүйсэн. Би ч гэсэн гудамж өгсөөд явах гэтэл ард “пид” гээд маш хүчтэй чимээ гарахаар нь эргээд хартал манай байрны Мөөгийгийн өмсөж явсан куртиктэй адил ханцуй дээрээ цагаан өнгийн судалтай, канттай, нимгэн бараан өнгийн куртиктэй хүн автозамын зүүн талын зорчих хэсэгт машинд мөргүүлээд унаж байгаа харагдсан. Түүнийг саарал өнгийн жижиг автомашин мөргөөд осол болсон газраас хойшоо 15-20 метр яваад автобусны буудал руу ороод зогсчихсон.
Би Мөөгийг зам хөндлөн гарч байгааг хараагүй. Автомашинд мөргүүлээд унаж байхыг харсан. Автомашин ямар хурдтай ирж байсныг нь хараагүй. Харин автомашинд мөргүүлсний дараа араас нь гүйж очиход явган хүний гарцаар гарахад явган явахаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл анивчиж байсан гэжээ. / хх 50 /
Гэрч Ч.Гантөмөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 00:00 цаг өнгөрч байхад би өөрийн 74-29 УНН улсын дугаартай Hyundai Sonata маркийн автомашинтайгаа Хайлаастын уулзвар өнгөрөөд урдаас хойшоо чиглэлтэй буюу зорчих хэсгийн зүүн талаар 7 буудал руу өгсөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Ингээд миний урд талд явж байсан автомашин явган хүний гарц руу 1-2 метр зайд ойртон очиход гэрэл дохио өөрчлөгдөн автомашин хөдөлгөөн үргэлжлүүлэх ногоон гэрэл ассан. Миний урд явж байсан автомашин ногоон гэрлээр орсон боловч түүний баруун талаас буюу хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс эрэгтэй хүн гүйж гарч ирээд уг автомашины зүүн урд талаар мөргүүлээд газар унасан. Дээрх автомашин уг нь явган зорчигчийг харсан бололтой баруун тийшээ тойрох хөдөлгөөн хийсэн ба явган зорчигч бас нэг алхам хойшоо болоод дахиад урагшаа гүйхдээ уг автомашины зүүн урд талаар мөргүүлсэн. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн ба явган зорчигч мөргөсөн автомашин хүн мөргөсөн газраа зогсолгүй цааш яваад зам чөлөөлөөд автобусны буудал руу орж зогссон. Би уг автомашины урд талд орж зогсоод цагдаа ирэхийг хүлээж байгаад ирэхээр нь ослын талаар өөрийн харсан зүйлээ хэлж тэмдэглүүлээд явсан. Миний урд явж байсан автомашин урдаас хойшоо чиглэлтэй явж байхдаа гэрлэн дохиогоор орсон. Түүнээс гэрэл дохион дээр зогсоогүй. Замын голоор тусгаарлах шугаман дээр байрлуулсан өндөр цагаан төмөр хашлаганы цаад талд явж байгаа хүн хараагүй. Харин хашлаганаас наашаа гүйж гарч ирж байгааг бол харсан. Миний хувьд үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай, гэрэлтүүлэгтэй, зорчих хэсгийн хөдөлгөөн сийрэг байсан гэжээ. / хх 52 /
Иргэний нэхэмжлэгч Б.Батчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Э.Зулбаяр нь миний эхнэр байгаа юм. Эхнэр бид хоёр тус тусдаа автомашинтай бөгөөд 58-81 УНЗ автомашин миний нэр дээр байдаг боловч эхнэр Э.Зулбаяр унадаг. Надаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Би эхнэр Э.Зулбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна. Надад татгалзах зүйлгүй гэжээ. / хх 47, 49 /
“Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний СБД-53/1507 дугаартай тайлан / хх 57-58 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7493 тоот дүгнэлтэнд:
1. Мөнхбатын биед тархи доргилт, баруун дунд чөмөгт ясны ил хугарал, хугарлын харалдаа ил шарх, дух, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун гуя, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, эрүү баруун гарын сарвуу, хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдоно.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 60 /
Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 97 /
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №16/28908 дугаар дүгнэлт / хх 66-67 /
Техникийн шинжээчийн 335 тоот дүгнэлтэнд:
1. 58-81 УНЗ улсын дугаартай Nissan March маркийн автомашины жолооч Эрдэнэсугар овотой Зулбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “ Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа ( аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа ) явган зорчигчид зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Дашдэлэг овогтой Мөнхбат нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэжээ. / хх 71 /
Техникийн шинжээчийн 423 тоот дүгнэлтэнд:
1. 58-81 УНЗ дугаартай Nissan March маркийн автомашин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5.2-т заасан “ Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. / хх 73 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 144 /
Шүүгдэгч Э.Зулбаярыг 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 81-82 /, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 83-84 /
Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 85 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зулбаяр нь мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой үйлчлүүлэгчийнхээ гэрээр очиж үйлчилгээ хийгээд замаараа ажилдаа дээрээ очиж багаж хэрэгслэлээ тавьчихаад гэртээ харихаар 17-гийн уулзвар нэвтрээд хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүн талаар 5-н буудлын гэрлэн дохио дөхөж иртэл ногоон гэрэл асаж байсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлтэл замын голын хайс миний зүүн гар талд байсан ба гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би баруун гар тал руугаа дараад тоормос гишгэсэн боловч нөгөө хүнийг машины зүүн урд талаараа мөргөсөн. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 5.800.000 төгрөг бэлнээр, мөн 2 га газраа 2.000.000 төгрөгт бодож өгсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Өөрийн санамсаргүй болгоомжгүйгээс ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдийг минь бодож, оногдох ялыг тэнсэж өгнө үү гэв.
Шинжээч Д.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осол болох үед жолоочийн унаж явсан машины ойрын гэрэл ажиллахгүй байсан байна. Дүгнэлтийн 3 дугаар талд автомашины гэрлийн хүч нь ажиллахгүй байгаа нь ослын өмнө ашиглалтын үед үүссэн байна. Харин зүүн урд гэрлийн суурь хөдөлгөөнтэй байсан нь ослын үед үүссэн гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Э.Зулбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 буудлын замд 58-81 УНЗ улсын дугаартай Nissan March маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5. гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мөнхбатыг мөргөн биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-6 /, … 5 буудлын автобусны хойд талын явган хүний гарцын ногоон гэрэл асчихсан хойноос урагш чиглэлтэй явж байсан автомашинууд зогсчихсон байхаар нь тэр чигээрээ гүйгээд замын голд орж явтал явган зорчигчийн ногоон гэрэл унтрах гээд анивчиж байсан. Ингээд автозамын голд байрлуулсан байдаг босоо төмөр хашлага дөнгөж өнгөрөх гэтэл гэнэт хажуугаас буюу миний баруун талаас хөл орчим мөргөөд, шидэгдээд газар унасан. Тэгээд би босох гээд гараараа тултал биеэ дийлэхгүй байхаар нь арай гэж хоёр гараараа тулж байгаад хөл дээрээ бостол хөл ямарч мэдрэлгүй шууд газар дугуйраад унасан. Тэгээд хөлөө хартал миний баруун хөлний баруун хэсгээр хугараад дундаас нь яс цухийчихсан байсан гэх мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Мөнхбатын мэдүүлэг / хх 42-45 /, … Гудамж өгсөөд явах гэтэл ард “пид” гээд маш хүчтэй чимээ гарахаар нь эргээд хартал манай байрны Мөөгий замын зүүн талын зорчих хэсэгт машинд мөргүүлээд унаж байгаа харагдсан ба түүнийг саарал өнгийн жижиг автомашин мөргөөд 15-20 метр яваад автобусны буудал руу ороод зогсчихсон. Автомашинд мөргүүлсний дараа араас нь гүйж явган хүний гарцаар гарахад явган явахаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл анивчиж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Батчимэгийн мэдүүлэг / хх 50 /, …Хайлаастын уулзвар өнгөрөөд урдаас хойшоо чиглэлтэй буюу зорчих хэсгийн зүүн талаар 7 буудал руу өгсөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Ингээд миний урд талд явж байсан автомашин явган хүний гарц руу 1-2 метр зайд ойртон очиход гэрэл дохио өөрчлөгдөн автомашин хөдөлгөөн үргэлжлүүлэх ногоог гэрэл ассан. Миний урд явж байсан автомашин ногоон гэрлээр орсон боловч түүний баруун талаас буюу хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс эрэгтэй хүн гүйж гарч ирээд уг автомашины зүүн урд талаар мөргүүлээд газар унасан. Дээрх автомашин уг нь явган зорчигчийг харсан бололтой баруун тийшээ тойрох хөдөлгөөн хийсэн ба явган зорчигч бас нэг алхам хойшоо болоод дахиад урагшаа гүйхдээ уг автомашины зүүн урд талаар мөргүүлсэн…гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ч.Гантөмөрийн мэдүүлэг / хх 52 /, хохирогч Д.Мөнхбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7493 тоот дүгнэлт / хх 60 /, …Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 16/28908 дугаар дүгнэлт / хх 64-67 /, 58-81 УНЗ улсын дугаартай Nissan March маркийн автомашины жолооч Э.Зулбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2, 5.2-т заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 335, 423 тоот дүгнэлтүүд / хх 71, 73 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Зулбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч Э.Зулбаярын Худалдаа хөгжлийн банкны 475019949 тоот данс, Хаан банкны 5016115714, 5027534594, 5173039320 тоот дансуудыг битүүмжилсэн бөгөөд Э.Зулбаяр нь хохирлыг нөхөн төлсөн тул дээрх дансуудыг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрдэнэсугарын Зулбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Зулбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Зулбаяр нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Э.Зулбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
5. Э.Зулбаярын 1006066 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 01111054 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э.Зулбаярт буцаан олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн Э.Зулбаярын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 475019949 тоот, Хаан банкны 5016115714, 5027534594, 5173039320 тоот дансуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Э.Зулбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ