Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2358

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дүгээр шийдвэртэй, Л.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч МҮОНРТид холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би МҮОНРТ-д 1996 оноос эхлэн ажилласан бөгөөд тус байгууллагын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/218 тоот тушаалаар ажлаас халагдсан, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 317 тоот тушаалаар батлагдсан МҮОНРТ-ээр зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2.1-т заасны дагуу салбарын захирал, БТМХ-ийн дарга нараар гэрээ байгуулах зөвшөөрлийн гарын үсэг зуруулж хуулийн мэргэжилтэнд өгсөн. Мэргэжилтэн Х.Мөнхжаргал энэ маягтын дагуу хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулан харилцагч талд явуулсан, Капитрон банкнаас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрээ зурагдан, манай зүгээс гэрээнд Үндэсний телевизийн захирлыг тушаалаар орлож байсан ерөнхий продюсер Г.Ханхүү, ММ сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, хэлтсийн дарга Г.Гэрэл нар зурсан бөгөөд хамгийн сүүлд дараалал ёсоор ерөнхий захирал Л.Нинжжамцад гарын үсэг зуруулахаар өгсөн байсан.

Энэхүү гэрээний дагуу Капитрон банкнаас шторк явуулах захиалга ирүүлснийг бусад захиалгатай нэгтгэн сошиал мэдээллийн Программын бүлэгт ил тодоор тавьж программын албанд илгээсэн. Захиалгад группын гишүүн ерөнхий захирал, бүх салбарын захирлууд болон ПНХ-ийн дарга М.Эрдэнэбат, БТМХ-ийн дарга Г.Гэрэл нар өдөр бүр 24 цагийн турш хяналт тавих бүрэн боломжтой байдаг. Тухайн үед тус рекламын захиалгын талаар Ерөнхий захирал тодруулан асууж байсан боловч зогсоох шаардлага тавиагүй тул үргэлжлүүлэн явуулсан. Иймд тухайн шторкыг зөвшөөрөлгүй явуулсан хэмээн ажлаас халах тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

МҮОНТ-ийн ойд зориулан Магсархурц болон түүний хүү Магсархурцын Дугаржавын тухай 2 анги баримтат кино хийхээр 2016 оны 10 дугаар сард зөвшөөрөл авч төсвөө батлуулж тодорхой ажлууд хийгдсэн байсан. Энэ 2 ангит баримтат киноны санхүүжилтийг босгох даалгавар авсны дагуу би Капитрон банктай 20 000 000 төгрөгийн гэрээ хийхээр тохирч 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2 талын холбогдох бүх албан тушаалтнаар гарын үсэг зуруулж Ерөнхий захиралд өгсөн боловч “банкнаас бага мөнгө авах гэлээ, 50 сая болгож ир” хэмээн ойлгомжгүй шаардлага тавьж гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Ерөнхий захирал зарим нэг удирдах албан тушаалтнуудтай хуйвалдан бодит байдлыг санаатайгаар гуйвуулан ажлаас халсан тул намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ээлжийн амралтын мөнгө гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн менежер Л.Э нь МҮОНРТ, Капитрон банктай зохих ёсны гэрээ байгуулаагүй, төлбөр төлөгдөөгүй байхад 210 секунд буюу 1 470 000 төгрөгийн үнэ бүхий сурталчилгааны реклам штрокийг эфирээр цацсан. Энэ нь МҮОНРТ-ийн хөдөлмөрийн журам болон эфирт сурталчилгаа цацах дотоод журам зөрчсөн тул өрөнхий захирал эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Капитрон банктай гэрээ байгуулсан гэж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  эфирээр 10 минут цацсан шторк нь бүх шат дараалалтайгаар гарын үсэг зурагдаж, төлбөр төлсөний үндсэн дээр гаргах зохицуулалттай боловч төлбөр төлөөгүй байхад Л.Э цацсан.

МҮОНРТ-ийн нэвтрүүлэх зар сурталчилгааг ивээн тэтгэх журамд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 679 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ журмын 2.1-т заасны дагуу дотоод үйл ажиллагаа явагддаг, 4.2, 4.3-т заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно гэсэн нь Капитрон банкны зар сурталчилгааны шторкод хамааралтай заалт. Мөн журмын 7 дугаар зүйлд зааснаар энэ журмыг зөрчсөн бол салбарын захирал болон ерөнхий захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, байгууллагад учирсан хохирлыг тухайн ажилтнаар төлүүлнэ гэж заасан байгаа.

Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 болон 53.3.1-т зааснаар төлбөр төлөөгүй зарыг эфирт цацсан гэсэн заалтын дагуу Л.Эг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий менежерийн гэрээ байгуулсан тушаалд нь өөрчлөлт орж уг албан тушаалаас чөлөөлж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 тоот тушаалаар маркетингийн хэлтсийн маркетингийн менежерээр томилох тушаал гарсан. Үүний хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээнд ерөнхий захирал Л.Нинжжамц, Л.Э нар гарын үсэг зурсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.26-д заасан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан Б/22118 тоот тушаал гарсан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу гарсан тушаал үндэслэлтэй.

Л.Эгийн нэхэмжлэлд тусгасан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Капитрон банктай байгуулсан гэрээ баталгаажаагүй, тус банкны төлөөлж орлогч захирал гэх хүн гарын үсэг зурсан байдаг. Харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гарын үсэг зураагүй тул энэ гэрээ мөрдөгдөх боломжгүй, гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Капитрон банктай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т төлбөрийг тогтсон журмаар төлөх ёстой гэж заасан. Ямар нэгэн хөнгөлөлт эдлэх талаар ярилцаагүй байдаг. Л.Э 1 470 000 төгрөгийн төлбөртэй зарын төлбөрийг аваагүй байж эфирт цацсан нь нотлогдож байгаа, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогчийн гаргаж өгсөн Капитрон банк гэсэн гүйцэтгэл байгаа. Мөн ажил үйлчилгээний гүйцэтгэлүүд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хуудаснууд дээр хариуцагч этгээд нь маркетингийн менежер Л.Э гээд Капитрон банкны 3 ширхэг шторк байгаа. Яг энэ шторктой адил 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх гэрээ хийх гэсэн шторкууд 17, 18, 19 гэх хуудаснуудад гэрээ хийгээгүй төлбөр төлөгдөөгүй гээд байдаг. Мөн программч Тайванжаргалын гаргаж өгсөн албан бичгүүд эх хувиар нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймээс Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Л.Эгийн МҮОНРТийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар МҮОНРТээс 825 700 /найман зуун хорин аван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан Л.Эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-т зааснаар Л.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан. Гэтэл тушаалд ноцтой зөрчлийн талаарх хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг огт дурдаагүй нь дээрх зохицуулалтыг зөрчсөн. Шийдвэрт “Л.Э нь Капитрон банкнаас төлбөр хийгдээгүй зар сурталчилгааг эфирээр цацсан нь түүний нэхэмжлэлдээ бичсэн “рекламын захиалгын талаар ерөнхий захирал тодруулсан боловч зогсоох шаардлага тавиагүй тул үргэлжлүүлэн явуулсан” гэх тайлбар болон ... баримтаар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.14-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт “шторкийг эфирт гаргах” үйл ажиллагаа тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, шторкийг эфирт гаргах эрх бүхий албан тушаалтан биш байхад шүүх Л.Эг зар сурталчилгааг эфирт цацсан гэж алдаатай дүгнэсэн.

Шүүх тушаалын хууль зүйн үндэслэл нь маргааны үйл баримттай хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тушаалын үндэслэл болсон МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэтврүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2.1-д захиалагч болон зуучлагчийн хүсэлтийг маягт №1-т зааснаар бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга хүлээн авч, захиалгыг холбогдох салбарын нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, програмын нэгдсэн хэлтэст шилжүүлнэ гэсэн заалт нь нэхэмжлэгчийн албан тушаалтай холбоотой заалт биш. Мөн журмын 2.3-т бизнесийн байгууллагын хувьд шаардлага хангасан нэг удаагийн 5 000 000 төгрөг хүртэлх ажил үйлчилгээг бүтээх, түгээхэд тухайн салбарын захирлын зөвшөөрлийг үндэслэн тарифын дагуу төлбөр тооцоо бүрэн хийгдсэний дараа гэрээ байгуулахгүйгээр үйлчилгээг үзүүлж болно гэсэн заалт нь ноцтой зөрчил гэж үзсэн үйл баримт болох Капитрон банкны шторктой ямар ч хамааралгүй. Энэхүү шторк нь нэг удаагийнх бус хэд хэдэн удаагийх болох нь нягтлан бодогч Ч.Тамирын гаргасан баримтаар нотлогдож байгаа.

Мөн хамтран ажиллах гэрээний 2.4-т зааснаас үзвэл ажил үйлчилгээний үнэ 5 000 000 төгрөг хүртэл бус түүнээс 4 дахин өндөр байна. Мөн журмын 7.1-д зааснаар ерөнхий захирал тушаалыг гаргахдаа салбарын захирлын санал, ДАА-ны шалгалтын тайланг үндэслээгүй байна. Дээрх байдлаар ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр цуцлахдаа хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй, баримталсан гэх журмын заалт нь ажилтны албан тушаалд хамааралгүй, өөр бүтээгдэхүүний зохицуулалтыг иш татсан байх бөгөөд холбогдох албан тушаалтны санал, шалгалтын тайланд үндэслээгүй нь тухайн журмыг зөрчсөн байна.

Ажил олгогч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “з”, 7.1-ийн “в”-д заасныг ажлаас халах заалтыг тус тус удирдлага болгосон. Журмын 5.3.1-ийн “з” заалтын захиалгат нэвтрүүлэг нь бүтээгдэхүүний төрөл, хэлбэр, агуулга, үнэ, эфирт гарах цаг, давтамжийн хувьд шторк-оос ялгаатай, өөр ойлголт бөгөөд тэдгээрийг ижил мэтээр буруу тайлбарлаж хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй тохиолдол болох шторк эфирт гарсан байдлыг ноцтой зөрчил гэж тайлбарласан нь ажилтны эрхийг зөрчихөд хүргэжээ. Дээрх заалтын зөвшөөрөлгүй гэсэн нь чухам ямар албан тушаалтнаас, ямар хэлбэрээр зөвшөөрөл аваагүй тохиолдлыг ойлгох талаар тодорхой дурдаагүй нь түүнийг ажил олгогчоос өөрийн дур зоргоор тайлбарлан ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа юм.

Уг шторк-ийг эфирт гаргасныг ерөнхий захирал Л.Нинжжамц 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн нь нотлогдож байна. Гэтэл сахилгын шийтгэлийг ажилтанд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу зөрчлийг илрүүлснээс хойш 2 сар 8 хоногийн дараа ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Ажил олгогч ажлаас халах сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа түүнийг хариуцсан салбар, нэгжийн захирлын саналыг үндэслээгүй, ажлаас халах асуудлыг салбар, нэгжийн захирал дарга захирлуудын зөвлөлд оруулан танилцуулаагүй нь мөн журмын 7.2, 7.3-д заасныг ноцтой зөрчсөн.

Хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлуудаас үзвэл ажилтны гэм буруутай гэх үйлдэл нь зохих журмын дагуу шалгагдаж тогтоогдоогүй, түүний үйлдэл нь журамд заасан зөрчлийн шинж чанарт хамааралгүй, шийтгэл нь үр дагавартай тохироогүй байна. Дээрхээс дүгнэхэд шүүх хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Э нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын олговор гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан МҮОНРТийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 дугаартай тушаалаар Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежер Л.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, “МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 5.3.1-ийн “з”, 7.1-ийн “в” хэсгийг тус тус үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 6/

 

Хариуцагч тал нэхэмжлэгч Л.Эг Капитрон банкнаас МҮОНРТтэй 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг тус телевизийн ерөнхий захирал батлаагүй, гэрээний төлбөр хийгдээгүй байхад зар сурталчилгааг эфирт гаргасан нь ноцтой зөрчилд хамаарна гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э тушаалд заасан дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, Капитрон банкнаас явуулж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, нийгмийн чанартай шторк, нэвтрүүлгийг МҮОНРТээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилго бүхий Хамтран ажиллах гэрээг талуудын төлөөлөл байгуулсан байх боловч уг гэрээний зүүн дээд талын “батлав” хэсэгт телевизийн захирал Л.Нинжамцын гарын үсэг зурагдаагүй байна. /хх 7-12/

 

Түүнчлэн дээрх ажил үйлчилгээг нэхэмжлэгч Л.Э хариуцан гүйцэтгэсэн нь түүний гарын үсэг бүхий “Ажил үйлчилгээний гүйцэтгэл” гэх баримтаар, тухайн захиалгат ажлын төлбөр төлөгдөөгүй байсан нь хариуцагч байгууллагын “Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1” санхүүгийн баримтаар тогтоогджээ. /хх 42-44, 54/

 

МҮОНРТээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2 дугаар зүйлийн 2.9-д гэрээг батлагдсан стандартын дагуу хийгээгүй тохиолдолд ерөнхий захирал батлахгүй байх, 2.10-т гэрээ батлагдсаны дараа захиалагч гэрээний төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлснөөр ажил үйлчилгээг үзүүлэхээр заажээ. /хх37-41/

 

Гэтэл дээрх нөхцөл бүрдээгүй байхад Капитрон банкнаас төлбөр нь төлөгдөөгүй  зар сурталчилгааг нийт 210 секундын хугацаанд, давтамжтайгаар эфирт гаргасан нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.26-д зааснаар тухайн гэрээг цуцлах үндэслэлд хамаарна. /хх 33-ын ар талд/

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2 сар 8 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн гэх боловч хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл “зөрчил гарснаас хойш 6 сарын дотор” буюу хуульд заасан хугацааны дотор тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч Л.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин нэхэмжлэгч тухайн хугацаанд тооцогдох ээлжийн амралт эдлээгүй тул олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч дээрх ажил үйлчилгээний төлбөрт ээлжийн амралтын олговор олгох 825 700 төгрөгийг суутган авсан талаар тайлбарлаж холбогдох баримтыг ирүүлсэн байна. Шүүх хариуцагчийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүйг дүгнэж, уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хуульд заасан үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА