Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Н.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор  Д.Баянмөнх

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Г.Лхам, Х.Отгонжаргал, Д.Цоодол

Шүүгдэгч: Н.О, Б.А, Ц.С, Ж.Д, С.Г, Л.Ц

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.О нарт холбогдох эрүүгийн 1722000530034 тоот хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, гэх газар нутаглах, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, /РД:ЗМ/ Ч овогт СГ
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан  /РД:ЗМ/ Х овогт Н О
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, /РД:ЗГ/ З овогт ЦС      
  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:НФ/ Б овогт Б А
  5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оршин суух, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:ЗМ/ М овогт ЖД
  6. Шүүгдэгч Монгол улсын иргэн, гэх газар нутаглах Д овогт Л Ц 

Шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан-толгой" гэх газарт 2017 оны 9 сарын 2-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Ж.Д, С.Г, Н.О, Л.Ц нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг "Цагаан-толгой" гэх газарт 2017 оны 9 сарын 2-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын 63-01 улсын дугаартай автомашины цонх, зүүн хойд гэрэл, борооны хаалт, багажны бариул, хойд буфер зэрэг эд зүйлийг чулуугаар цохиж хагалсаны улмаас нийт 445000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор:

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Л.Ц нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  хөнгөрүүлэн өөрчилж,

   Шүүгдэгч Ч овогт Сын Г, Харнууд овогт Нын О, Зуут овогт Цэенготовын С, Боржигон овогт Байгальмаагийн А, Магнаг овогт Жанцанхоролын Д нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бүлэглэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч овогт Сын Г, Х овогт Нын О, З овогт Цын С, Б овогт Бийн А, М овогт Жын Д нарт тус бүр 2700 нэгжээр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулан  шийтгэж, 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Оийн цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурван/ хоногийг энэхүү шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаас 1845 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1845000 /нэг сая найман зуун дөчин таван мянган/ төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцож эдлэх ялаас хасч, 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасныг баримтлан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд энэхүү шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар хасаж тооцсон 855 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 855000 / найман зуун тавин таван/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял, 1 /нэг/ жил 3 /гурван/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Оөд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Г, Ж.Д, Б.А, Ц.С, Л.Ц нар нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Ж төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын машинд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийтгэх тогтоол гаргахаас өмнөх шатанд биелүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нарт оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Оөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолохыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс зогсоож, шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн тоолж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга авч,   шүүгдэгч Б.А, Ц.С, Ж.Д, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 сарын 2-ны өглөө Г, Д 2 манайд ирсэн. Дэлгэрийн чулуунд хамт явсан. Эргүүлийн ямар нэгэн хүнтэй таараагүй. Гэтэл 2 хүнтэй таарснаас эхлээд цагдаа нар байгааг мэдэж байсан гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой байна. Цагаан овоон дээр гараад зогсож байтал овооны хормой доор машин ирсэн. Г, Д 2 цонхыг нь хагална гээд явсан. Би боль гэж хэлсэн. Гэтэл миний үгэнд ороогүй. Миний хэлснийг С, А, Ц нар нотолно. Энэ 2 хүний хийсэн үйлдлээр намайг хамруулан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлээр ял оногдуулж байгаад гомдолтой байна. Би 2010 онд авто осолд орсны улмаас  баруун хөл хадаас төмөртэй. 2017 оны 5 сард дахин аваарт орж хөлөө 2 хугалсан. Ял аваад хоригдож байх хугацаанд нуруу, бөөр, хөл өвдөж маш хэцүү байна. Намайг дахин дахин шийтгэж хохироож байгаад гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт анхан шатны шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдсэн. Эрүүгийн хуулийн 23.1-д заасан гэмт хэргийн заавал байх шинж нь “хууль сахиулагч байх, хууль сахиулагч нь албан үүргээ хэрэгжүүлсэн байх, хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлснийг эсэргүүцсэн байх” шинжүүдийг заавал хангасан байхыг шаардана. Гэтэл энэ шаардлагаас хууль сахиулагч Ж байсан уу гэвэл байсан, харин албан үүргээ хэрэгжүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй, мөн шүүгдэгч нар нь хууль сахиулагч байсныг мэдээгүй, албан үүрэгтэй нь холбогдуулж эсэргүүцээгүй. Хууль сахиулагч Ж нь өөрийн хэрэглэж байсан авто машиндаа хууль сахиулагч гэсэн тусгай тэмдэг, тэмдэглэгээ огт хэрэглээгүй байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 22.5-д заасан үүргээ огт биелүүлээгүй байхад хохирсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Оөд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Н.Оийн хувьд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол” гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 2017.09.25-нд 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн ба харин хэлэлцэгдсэн хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу  2017.09.02-нд үйлдэгдсэн байхад уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй. Өмнө нь энэ үндэслэлээр Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг мөн зөрчсөн.

  Эрүүгийн хуулийн 6.8.2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан. Энэ талаар анхан шатны шүүх дээр улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс санал гаргасан боловч ямар ч үндэслэлгүйгээр саналыг хүлээн авалгүйгээр шийдвэрлэж миний үйлчлүүлэгч Н.Оийн эрх зүйн байдлыг дордуулсан.

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож Н.Оийг цагаатгаж өгнө үү гэв.

 

  Прокурор Д.Баянмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналаа дэмжиж байна. Шүүгдэгч Н.Оөд оногдуулсан торгох ялыг түүнд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.9.25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан   хорих ялаас  тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

          Өмгөөлөгч Д.Цоодол: Шүүгдэгч Г, Ц, А нар нь цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдээгүй. Шүүгдэгч Д нь цагдаагийн машиныг чулуугаар цохисон гэдгээ хүлээн мэдүүлдэг. А Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Өмгөөлөгч Г.Лхам: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр баталж өгнө үү гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.С, С.Г, Н.О, Ж.Д, Б.А нар нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22-23 цагийн үед  Дундговь аймгийн Дэлгэрцогт  сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бүлэглэн, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ж, гэрч Б.Дашдорж, Х.Ганзориг, Б.Нямтуяа, З.Нармандах нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дахь Цагаан толгойн цахиур чулуун ил тогтоц бүхий газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт байгалийн үнэт болон өнгөт чулуу түүж байгаа байдлыг таслан зогсоох пост байгуулан ажиллаж байсан, сумын цагдаагийн хэсгийн приус 20 маркийн 63-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагууд, хохирлын үнэлгээ, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Н.О нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзсан байсан бөгөөд энэхүү шийтгэх тогтоол гарахын өмнө холбогдох гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2 шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.  Анхан шатны шүүхээс Н.Оийг өмнө нь болгоомжгүй гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд санаатай гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-ыг 6.8 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн  шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн  байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Дэлгэрцогт сумын хууль сахиулагч Ж нь тус сумын тусгай хамгаалалттай газар болох Цахиурт багийн нутаг “Цагаан толгой”  гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь Ц.С, С.Г, Н.О, Ж.Д, Б.А нар машиныг нь чулуугаар цохиж эсэргүүцсэн  болох нь  нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Оийн  өмгөөлөгч Х.Отгонжаргалын “хууль сахиулагч нь албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь эргэлзээтэй” гэсэн гомдол  үндэслэлгүй байна.

 

Харин Н.О нь энэ гэмт хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн байх тул “...шүүхээс 2 тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн шийдвэрлэсэн нь буруу”  гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргалын гомдлыг хүлээн авч,  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг тусад нь эдлүүлэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас  шийдвэрлэв.    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Н.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  46 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн  бөгөөд энэ хугацаанд  127 хоног цагдан хоригдсон байна. Мөн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор 65 хоног, нийт 192 хоног цагдан хоригджээ.       

Н.Од  анхан шатны шүүхээс оногдуулсан 2700 нэгжээр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 192 хоногийг хасч тооцоход /192 хоногийг 15 нэгжээр тооцоход 2.880.000/ болж байх тул түүнийг ял эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.

      

           Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4, 39.9 дүгээр зүйлийн 2, 39.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг “Шүүгдэгч Н.Оийн цагдан хоригдсон 192 хоногийг түүнд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, оногдуулсан торгох ялыг эдэлж дууссанд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын 5, 6, 7, 11 дүгээр заалтуудыг хүчингүй болгосугай.

3.Тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Н.Оийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                 Ш.ТӨМӨРБААТАР

 

      ШҮҮГЧИД                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                     Т.БЯМБАЖАВ