| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0368/э |
| Дугаар | 2019/ШЦТ/380 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/380
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Ч.Ц
Улсын яллагч Л.О
Хохирогч Ж.З
Шүүгдэгч Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аод холбогдох эрүүгийн 1925006810384 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр О аймгийн Б сум Эийн 0000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Зыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 09 сарын 26-нд Г, Э бид 3 хадлангаас ирж Г очиж 1 шил архи уусан. Дахин архи уухаар болж Зтой таарч, дахин архи авч Г хамтдаа ирж архиа ууцгаасан. Г, З 2 маргалдаж зодолдсон. Бид тэр хоёрыг салгаж би Зын нуруу руу нь 1-2 удаа цохисон. Би согтуу байсан болохоор нилээн манарсан. З гараад явсан. Араас нь Г гараад удалгүй орж ирээд “би хутгалчихлаа, чи аргалаарай” гэж хэлсэн. Би аргалаад яваад байсан. Анхандаа гайгүй байх гэж бодсон. Гэтэл хүнд гэмт хэрэгт холбогдчихлоо. Урьд нь Г хутга шөвөгтэй холбоотой асуудал үүсгээд намайг аргалчих гэдэг байсан. Энэ хэргийг Г үйлдсэн. Г Зыг хутгалсан. Намайг алчихна шүү гэж хэлдэг. Би айдаг. Би урьд хутгалсан гэж худал мэдүүлж байсан. Би тийм ч их согтуу байгаагүй. Би гүтгээгүй. Үнэнээ хэлж байна. Би энэ хэргийг хийсэн гэдгийг итгүүлэх гээд тэгж хэлсэн юм. Тэгээд гэрч нар тэгж хэлсэн байх. Уг нь Гыг хамт барьж авч явах байх гэж бодсон. Хохирогч З намайг Гтай андуураад байна. Хохирогч бид хоёрын хувьд маргасан юм байхгүй. Би хутгалах ямарч шаардлага байхгүй. Г надад энэ хэргийг аргалаад өгөөч гэж хэлсэн юм. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр А таарч А дэлгүүрээс 1 шил архи авч, бид хамтдаа айлд очъё гэхээр нь хамт явсан. Замд Э, Г хоёртой таарч цааш нь Гантулгынх руу хамт явсан. Г нь замд надтай маргаад явсан. Г очоод архиа ууцгаасан. Эхлээд Гтай маргаж барьцалдаж авсан Г нь намайг “ах дүүгээрээ хулгайч, та нар одоо барахгүй” гэж хэлээд байсан. ...Би Гыг цохиж унагаад, эргээд Аыг цохичихоод гарч явсан. А миний ар талаас барьчихсан цохиж байсан юм. Намайг гараад явахад А араас гарч ирсэн. Угаасаа бид 2 зодолдохоор болоод гарсан. Гэтэл А буцаад гэрт орчихсон. Тэгэхээр нь би явья гэж бодоод байж байтал А гарч ирсэн. Харанхуй байсан болохоор Аын гарт хутга байхыг хараагүй. Миний араас цохих шиг л болсон. Хутгалж байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Хашаанаас гараад ухаан алдаж унасан байсан. Би уг нь гэрт хутгалсан юм байх гэж бодсон. Гэтэл байцаагч гэрт ямар ч цус байгаагүй гэж хэлж байсан. Гэрээс угаасаа А л гарч ирсэн. Одоо гомдол гээд байх юм алга. Эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эм тарианы зардал 1.700.000 гаруй төгрөгний баримтыг өгсөн. Сая хотод эмчлүүлсэн зардлын баримтаа авч ирэхээ мартсан байна. Одоо биеийн байдал гайгүй. Нуруу хавьд дахин хагалгаанд орно гэсэн. 2 хагалгаанд орсоны дараа мөрдөгч нараас мэдүүлэг авахад хэнд хутгалуулснаа мэдэхгүй наркоз бүрэн гараагүй байсан. Тэгтэл мөрдөгч М “чамайг А хутгалсан. Гарын хээ нь хутган дээрээ гарч ирсэн. Энэ марггаангүй” гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийгдээд цагийн аясаар бие гайгүй болж үйл явдлыг бодоход А хутгалсаныг санаж байна. Ер нь бол 2 удаа хагалгаанд орсон болохоор мартаж барьдаг юм билээ. Одоо бол гайгүй болсон. А намайг хутгалсан. Би найзыгаа гүтгэх шаардлагагүй. Харин ч би гомдолгүй гэж байгаа. Зөвхөн хохирол нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би гэртээ унтаж байтал Г ах манай гэрт орж ирээд гар утсаа өгөөч цагдаа түргэн дуудъя А хүн хутгалчихаж гэсэн. Араас нь А орж ирээд би хүн хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,
-Гэрч Ш.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...А, Б бид гурав Булган аймгийн “Дундат” гэдэг газар хадлан хадаж байгаад 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 14 цагийн орчим манай гэрт ирсэн. Манайд бид 3 нэг шил 0,75 граммын Стандар нэртэй архи, Врат гэсэн нэртэй пиво уусан. Тэгээд орой 18 цагийн үед А Б хоёр ахиад нэг шил архи ууя гээд архи авахаар дэлгүүр явсан. Орж ирэхдээ Г, З хоёрыг дагуулж орж ирсэн. Тэгээд бид 5 нэг шил Стандарт хувааж уугаад тэгээд би за одоо унтацгаая гээд би хойморийн орон дээрээ А, Бтай унт гээд ор засаж өгсөн. Тэгээд баруун талын орон дээр Г, З хоёрт ор засаж өгсөн. Би өөрөө зүүн талынхаа орон дээр унтсан. Энэ 4 юм яриад сууж байсан. Гэтэл удалгүй хүмүүс гадаа манай гэрийн үүдэнд орилоод байхаар нь би сэртэл А би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би манай хашаанд манай хажуу гэрт манай хүргэн болох Мгийнх байдаг юм. Мд А хүн хутгалчихлаа гэж байна гэсэн чинь цагдаа түргэн дуудсан. Юунаас болсон талаар би мэдэхгүй байна. А, Б бид гурав 2 шил архи уусан байсан. З, Г хоёр дараа нь орж ирсэн. Би бол согтсон байсан. Манай гэрийн хоол хүнсэндээ хэрэглэдэг хар өнгийн иштэй хутга гал тогооны тавилганы шургуулганд байсан. Б, Г нар хамт байсан байх би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Би Зыг тэвэрч авсан яаж байна юу болж байна гээд би арагшаа шургаад уначихсан. Хаана нь ямар шарх байсныг хараагүй. Аод Орхон аймагт хамаатан садан гэж байдаггүй. Ээж нь Улаанбаатарт байдаг гэсэн. Энд манай дүүгийнх Эийн 000000 тоотод байдаг тэднийх, манай хоёрынхоор л байдаг гэсэн мэдүүлэг /хх 32-34 ху/,
-Гэрч Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 09 сарын 26-ны өдөр Г ах, А бид гурав хадлан хадаж байгаад ирээд Г ахын гэрт З, Г, А, Г нарын хамт бид нар 2 шил Монгол стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд унтаж байтал М гээд жинхэнэ нэрийг нь мэдэхгүй тэр хүн намайг сэрээгээд гадаа чинь юу болоод байгаа юм бэ гэсэн. Би гараад харсан чинь З хашааны гадна талд эвхэрсэн хэвтэж байхаар нь очоод юу болсон юм бэ гэж асуутал намайг хэн хатгачихваа гээд байсан, би өмсөж явсан цамцаа тайлаад цусыг нь боох гэтэл түргэн ирээд аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 26-30 ху/,
-Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г ах бид нарт ор засаж өгөөд баруун талын орон дээр Зтой намайг унтаарай ор засаж өгсөн. Би харих гэснээ нэлээн согтоод байхаар нь Г ахын засаж өгсөн орон дээр нь унтахаар болоод сууж байсан. З агсан тавих гээд А маргаад байх шиг байсан. ...Сүүлдээ З надаас хэрүүл өдөөд байх шиг байсан. Тэгээд Зг ирэхээр нь би өөдөөс нь босоод ирэхэд З миний хамар луу цохиод авах шиг болсон, би Зтой барьцалдаж авахад А бас босоод ирсэн. Зын араас нь цохиод байх шиг байсан. Тэгсэн З гэрээс гараад явсан бөгөөд би архиндаа согтоод шууд орон дээр хэвтээд өгсөн. А бас гэрээс гараад явсан. А гаднаас би Зыг хутгалчихлаа цагдаа эмнэлэг дуудаарай гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 35-37 ху/,
-Яллагдагч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Г ах, Б ах бид 3 хадлангаас Г ахын гэрт ирээд Монол стандарт нэртэй архи, Врат нэртэй пиво уусан. Хоол хийж идэх гээд дэлгүүр орж миний таньдаг хүн байвал юм зээлье гэж очсон чинь миний таньдаг хүн байгаагүй, тэгээд дэлгүүрээс гараад явж байтал З Г хоёртой таараад хамт Г ахынд очсон. З Г хоёр нэг шил стандарт архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар архиа уучихаад унтах гэж байтал З бид хоёр маргалдсан. ...З хувцас хунараа тайлаад намайг бууны нохой мохой гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгээд би уур бухимдлаа барьж дийлэхгүй шургуулганаас хутга аваад гарсан. Тэр хутгаараа хэд хэдэн удаа хутгалсан байсан. Би айлгах санаатай хутга авч гарсан. ...Гэрт маргалдаад гэрээс гараад гадаа маргалдаад би гүйж гэр рүү ороод хоолны тавиур дээрээс хутга аваад гарангуутаа Зын биед халдсан. Би зарим юмаа санаад заримыг нь санахгүй байна. Гэм буруугаа хүлээн завшаарч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх154-158 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 121 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Аын биенээс авсан цусанд этилийн спирт 2.9 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 47 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 648 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ж.Зын биед бүсэлхий болон хэвлийн баруун хажууд хэвлийн гялтангийн араар зайгаар хэвлийн хөндийд нэвтэрч дэлүү, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, хэвлийн булчингуудыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 7 тооны шарх, баруун нүдний доод зовхи баруун бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 7 удаагийн, зөөлөн эдийн цус хуралт нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12, 3.1.13-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт гэмтлийн улмаас дэлүү авагдсан 30 % байна гэсэн дүгнэлт /хх 43 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 187 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн таггүй “Монгол стандарт” нэртэй шилний хүзүү, их бие хэсгээс тус бүр 1 ширхэг, тагтай “Монгол стандарт” нэртэй шилний хүзүү хэсгээс 2 ширхэг гарын мөр илэрнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна. Таггүй “Монгол стандарт” нэртэй шилний хүзүүгээс илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн таггүй “Монгол стандарт” нэртэй шилний хүзүү хэсгээс илэрсэн гарын мөр MN003010013536 дугаараар санд бүртгэгдсэн Огийн Эын зүүн гарын эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна гэсэн дүгнэлт /хх 52-53 ху/,
-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 6 ху/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12, 17-19, 54-56, 210-211 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 13 ху/
-Эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14 ху/\
-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15 ху/
-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16 ху/
-Хохирогчийн өвчний түүх /хх 62-113 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 134 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 135-136 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 137-139 ху/
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 140-144 ху/
-Б.Аыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг /хх 153-158 ху/
-Хохирлын баримт /хх 172-202 ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 208-209 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр О аймгийн Б сум Эийн 00-00 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Зыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ж.Зын “Аыг цохичихоод гарч явсан. А миний ар талаас барьчихсан цохиж байсан. Намайг гараад явахад А араас гарч ирсэн. Угаасаа бид 2 зодолдохоор болоод гарсан. Гэтэл А буцаад гэрт орчихсон. Тэгэхээр нь би явья гэж бодоод байж байтал А гарч ирсэн. Миний араас цохих шиг л болсон. Хутгалж байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Хашаанаас гараад ухаан алдаж унасан байсан. ...Гэрээс угаасаа А л гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.М /хх 24-25 ху/, гэрч Ш.Г /хх 32-34 ху/, гэрч Э /хх 26-30 ху/, гэрч Н.Г /хх 35-37 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед бүсэлхий болон хэвлийн баруун хажууд хэвлийн гялтангийн араар зайгаар хэвлийн хөндийд нэвтэрч дэлүү, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, хэвлийн булчингуудыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 7 тооны шарх, баруун нүдний доод зовхи баруун бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 648 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 121, 187 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...З гараад явсан. Араас нь Г гараад удалгүй орж ирээд “би хутгалчихлаа, чи аргалаарай” гэж хэлсэн. Би аргалаад яваад байсан. Анхандаа гайгүй байх гэж бодсон. Гэтэл хүнд гэмт хэрэгт холбогдчихлоо. Урьд нь Г хутга шөвөгтэй холбоотой асуудал үүсгээд намайг аргалчих гэдэг байсан. Энэ хэргийг Г үйлдсэн. Г Зыг хутгалсан. Намайг алчихна шүү гэж хэлдэг. Би айдаг. Би урьд хутгалсан гэж худал мэдүүлж байсан. Би гүтгээгүй. Үнэнээ хэлж байна. Хохирогч З намайг Гтай андуураад байна. Хохирогч бид хоёрын хувьд маргасан юм байхгүй. Би хутгалах ямарч шаардлага байхгүй. Г надад энэ хэргийг аргалаад өгөөч гэж хэлсэн юм” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, гэм буруугаа нотлох үүрэггүй.
Гэвч түүний дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн “...Г очоод архиа ууцгаасан. Эхлээд Гтай маргаж барьцалдаж авсан Г нь намайг “ах дүүгээрээ хулгайч, та нар одоо барахгүй” гэж хэлээд байсан. ...Би Гыг цохиж унагаад, эргээд Аыг цохичихоод гарч явсан. А миний ар талаас барьчихсан цохиж байсан юм. Намайг гараад явахад А араас гарч ирсэн. Угаасаа бид 2 зодолдохоор болоод гарсан. Гэтэл А буцаад гэрт орчихсон. Тэгэхээр нь би явья гэж бодоод байж байтал А гарч ирсэн. Харанхуй байсан болохоор Аын гарт хутга байхыг хараагүй. Миний араас цохих шиг л болсон. Хутгалж байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Хашаанаас гараад ухаан алдаж унасан байсан. ...А намайг хутгалсан. Би найзыгаа гүтгэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Мгийн “...Би гэртээ унтаж байтал Г ах манай гэрт орж ирээд гар утсаа өгөөч цагдаа түргэн дуудъя А хүн хутгалчихаж гэсэн. Араас нь А орж ирээд би хүн хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн гэсэн” /хх 24-25 ху/, гэрч Ш.Гантулгын “...Би өөрөө зүүн талынхаа орон дээр унтсан. Энэ 4 юм яриад сууж байсан. Гэтэл удалгүй хүмүүс гадаа манай гэрийн үүдэнд орилоод байхаар нь би сэртэл А би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би манай хашаанд манай хажуу гэрт манай хүргэн болох Мгийнх байдаг юм. Мд А хүн хутгалчихлаа гэж байна гэсэн чинь цагдаа түргэн дуудсан” гэсэн /хх 32-34 ху/, гэрч Эын “...Г ахын гэрт З, Г, А, Г нарын хамт бид нар 2 шил Монгол стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд унтаж байтал М гээд жинхэнэ нэрийг нь мэдэхгүй тэр хүн намайг сэрээгээд гадаа чинь юу болоод байгаа юм бэ гэсэн. Би гараад харсан чинь З хашааны гадна талд эвхэрсэн хэвтэж байхаар нь очоод юу болсон юм бэ гэж асуутал намайг хэн хатгачихваа гээд байсан, би өмсөж явсан цамцаа тайлаад цусыг нь боох гэтэл түргэн ирээд аваад явсан” гэсэн /хх 26-30 ху/, гэрч Н.Гын “...З агсан тавих гээд А маргаад байх шиг байсан. ...Сүүлдээ З надаас хэрүүл өдөөд байх шиг байсан. Тэгээд Зг ирэхээр нь би өөдөөс нь босоод ирэхэд З миний хамар луу цохиод авах шиг болсон, би Зтой барьцалдаж авахад А бас босоод ирсэн. Зын араас нь цохиод байх шиг байсан. Тэгсэн З гэрээс гараад явсан бөгөөд би архиндаа согтоод шууд орон дээр хэвтээд өгсөн. А бас гэрээс гараад явсан. А гаднаас би Зыг хутгалчихлаа цагдаа эмнэлэг дуудаарай гээд байсан” гэсэн /хх 35-37 ху/ мэдүүлгүүд, мөн Б.Аын яллагдагчаар өгсөн “...Г ах, Б ах бид 3 хадлангаас Г ахын гэрт ирээд Монол стандарт нэртэй архи, Врат нэртэй пиво уусан. Хоол хийж идэх гээд дэлгүүр орж миний таньдаг хүн байвал юм зээлье гэж очсон чинь миний таньдаг хүн байгаагүй, тэгээд дэлгүүрээс гараад явж байтал З Г хоёртой таараад хамт Г ахынд очсон. З Г хоёр нэг шил стандарт архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар архиа уучихаад унтах гэж байтал З бид хоёр маргалдсан. ...З хувцас хунараа тайлаад намайг бууны нохой мохой гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгээд би уур бухимдлаа барьж дийлэхгүй шургуулганаас хутга аваад гарсан. Тэр хутгаараа хэд хэдэн удаа хутгалсан байсан. Би айлгах санаатай хутга авч гарсан. ...Гэрт маргалдаад гэрээс гараад гадаа маргалдаад би гүйж гэр рүү ороод хоолны тавиур дээрээс хутга аваад гарангуутаа Зын биед халдсан. Би зарим юмаа санаад заримыг нь санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн /хх 154-158 ху/ мэдүүлгүүд, Б.Аын биенээс авсан цусанд этилийн спирт 2.9 промиль процент илэрч, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдах болохыг тогтоосон шинжээчийн 121 дугаартай дүгнэлт /хх 47 ху/ зэргээр няцаагдаж байна.
Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 2.000.000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар эмчилгээ, шинжилгээ, эм тарианы зардалын 1.701.710 төгрөгний баримтыг гаргаж өгсөн байна. Шүүх дээрхи хохирлын баримтыг судлаж шаардлага хангасан гэж үзээд 1.701.710 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлээс 298.290 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч нь “...саяхан хот явж эмчлүүлсэн баримтаа орхисон байна. Цаашид хагалгаанд дахин орно” гэж мэдүүлж байх тул хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нь 83 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын эдлэх 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Аоос 1.701.710 төгрөгийг гаргуулж хохирогч О аймаг Б сум Э 00-00 тоотод оршин суух /РД:0000000/-тай Ж.Зод олгож, нэхэмжлэлээс үлдэх 298.290 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ш, архины шил 2 ш шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
С.ЦЭРЭНХАНД