| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00384/И |
| Дугаар | 622 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 622
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С** аймгийн С******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг * дүгээр байранд түр оршин сууж байгаа гэх, Ш******* овогт Г******* О******* /******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С** аймгийн С******* сумын * дүгээр баг, * дүгээр хэсэг 1** тоотод оршин суух, Т******* овогт О******* М******* /*******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие Г.О******* нь 2008 онд О.М*******тай танилцаж, 2009 онд О.М*******тай гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Э төрсөн.
Бидний амьдралд хадам тал гэр бүлээрээ дургүйцэж, манай гэр хадам ээжийн ахын хашаанд байсан. Нөхөр байнга хөдөө аав, ээж дээрээ очиж ажилд нь туслахаар явдаг, хашааны эзэн байнга хөөж туудаг, дарамттай байсан. О.М*******ын 2 дүү манайд хичээлд сурдаг байсан дүү нарыгаа өмгөөлж байнга хэрүүл гардаг.
Гэр бүлд болсон амьдралаа ээж, аавдаа очиж хэлдэг, хүүхэддээ халуун уур амьсгал гэр бүлийн дулаан энергигүй хүйтэн хөндий хахир яхир зантай, их ууртай таарсан юмаа чулууддаг, эв эрүүл уурлахдаа надад гар хүрдэг, хоолой боож, толгой тархи луу минь цохидог, 1 удаа цагдаад мэдэгдэж цагдаагийн газарт өгч байсан.
О.М******* нь хүү Эын үс үргээх үйл ажиллагаан дээр аав, ээж ах дүүстэйгээ нийлэн над руу болон ээж, аав ах дүүс рүү хэл амаар доромжилж зүй бус үйлдэл гаргасан мартахааргүй. Ингээд 2014 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа.
Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй болсон тул 2009 онд бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж, О.Эын төрсөн эцэг нь О.М******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна! гэжээ.
Хариуцагч О.М******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие нь О*******тай 2009 онд гэрлэж бидний дундаас хүү Э минь төрсөн.
Бидний амьдралд үг зөрөх, үзэл бодол зөрөлдөх үе нэг биш удаа гарч байсан. О******* хэт нэг талыг харж туйлшран миний хувь хүний зан аашнаас өөр хэн нэгний тухай ярьж байгаа мэт санагдаж байгаа нь харамсалтай байна.
О******* нь бүр анхнаасаа л би чамд сэтгэлгүй болчихлоо юм л бол сална гэхчлэн элдвээр хэлж элдэв шалтаг х******* хэрүүл үүсгэж тэр бүү хэл хүүг минь хүртэл эцгээр нь овоглоогүй. Би хүүгээ эмээ өвөөтэй нь хүртэл уулзуулж чадахгүй байгаа.
Миний бие хүүхдийн тэтгэмж өгөхөд татгалзахгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Эд хөрөнгийн тал дээр бид тохиролцсон.
Иймд хуулийн дагуу асуудлаа шийдүүлж, хүү Этай минь уулзуулдаг, хамт заримдаа байдаг, өвөө, эмээ дээр нь очуулдаг, өөрийн нэрээр овоглуулах боломжоор хангуулах хүсэлттэй байна! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О******* нь хариуцагч О.М*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд:
Гэрлэгчид нь 2008 онд танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хүү Эын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2014 оны 2 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь бусадтай хамтран амьдарч байгаа болон гэрлэлтээ цуцлуулахыг аль аль нь хүлээн зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч О.М*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, хүүхдээ тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах зэргийг бие даан харилцан тохиролцож болох бөгөөд зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг /Шүдэнзний ар/ 183 тоотод байрлах мансарттай хувийн сууц 19.286.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд уг хөрөнгөнөөс 6.700.000 төгрөгийг Г.О*******т өгөхөөр тохиролцсон болох нь шүүх хуралдаанд өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд харшлахгүй байх тул хариуцагч 6.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон болохыг дурьдаж, О.М*******аас 6.700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч О.М******* нь ... хүүгээ өөрийн нэрээр овоглуулах хүсэлттэй байгаа талаар тайлбартаа хэдийгээр дурьдсан ч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М*******аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О*******т олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих (166.200х12=1.994.400:2 төгрөг) улсын тэмдэгтийн хураамж тооцож 28.483 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1621 тоот шүүгчийн захирамжаар Г.О******* нь эд хөрөнгөд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш******* овогт Г******* О*******, Т******* овогт О******* М******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн О.Энхамьдралыг эх Г.О*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү О.Энхамьдралыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.М*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан О.М*******аас 6.700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.О*******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хүү Эыг эцэг О.М*******тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.О*******т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд оногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 6.700.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 122.150 төгрөгийг нэхэмжлэгч Г.О*******аас нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 122.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар О.М*******аас 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
9. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1661 дугаартай “шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
12. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ